Sunday, October 31, 2010

манай улсын боловсролын хөгжил дэлхийн жишгийн хаахна явж байна?

Академик сургалт гэдэг талаасаа манайх тийм муу биш, боловсролын салбарын хувьд олж авсан мэдлэгийг хэрэглээ болгох талаасаа дутагдалтай байна.Миний хоёр ч хүүхэд энд ахлах сургууль төгслөөл дөө. Хараад байхад ахлах сургууль төгсөж байгаа эндхийн хүүхэд хэрэв зээ коллежид орж чадахгүй бол ахлах сургуульд эзэмшсэн мэдлэгээрээ амьдралаа зохицуулаад явах хэмжээний практик үйл ажиллагааны мэдлэгийн багцийг эзэмшээд төгсчихөж байна. Тэгтэл манай сургалт эргээд хэрэгцээ хангаж чадаж байна уу гэдэг дээр асуудалтай байгаа юм. Миний бодол бол боловсролын салбарын өөрчлөлтийг аажмаар хийхээс өөр аргагүй  байх гэж боддог. Бусад салбарт өөрчлөлтийг хурдацтай хийж болно. Боловсролын салбар нь өөрөө цаашаа хаана хүрэх вэ гэдгээ мэдэхгүй байж  хэлбэрийг нь өөрчлөхөөр тэр хэлбэрээ дагаж агуулгын маань  хурд нь гүйцэж өгдөггүй. Хэлбэр агуулга  хоёрыг хослуулсан бодлого боловсролын салбарт дутагдаад байна.

Бид буруутай юу, тийм ээ, буруутай.

Товчхон хэлэхэд төр, иргэдийн хооронд эргэх холбоо алга.  Зөвхөн удирдлагын академийн сургалтаар төрийн төгс албан хаагчийг бэлдэнэ гэдэг бол боломжгүй зүйл. Бид төрийн албан хаагчийг бэлтгэхдээ тэгж хий, ингэж хий гэж заадаггүй. Төрийн албан хаагчид тухайн үйл ажиллагааг гүйцэтгэхэд ямар хэмжээний мэдлэг, үйлдлийн багц хэрэгтэй вэ гэдгийг хүргэдэг. Харин суралцагсад тэр багцийг өөр өөрийн ажил хэрэг дээрээ хэрхэн яаж хэрэгжүүлэх нь нэг талаас олж авсан мэдлэгтээ хэрхэн хандаж байгаа, нөгөө талаас  төрийн албан хаагч нөхцөл байдлыг хэрхэн зөв баримжаалж, дүгнэлт хийж, тэр дүгнэлтдээ тулгуурлан үйл ажиллагаагаа төлөвлөж, өөрийгөө болон  багаа зөв зохион байгуулж, бүрдүүлж чадаж байна вэ гэдэг дээр л тэдний чадавхи харагдаж байгаа юм     Өнөөдөр нийгмийн өмнө тулгарч байгаа бэрхшээлтэй асуудлыг шийдэхэд төрийн албан хаагчдад дутагдаж байгаа зүйл бол сэтгэлийн хат, болц, өөрөөр хэлбэл давтагдсан байдал дахин хэлэхэд эргэх холбоо дутагдаад байна. Байгууллага гэдэг яг л хүн шиг организм,  зан үйл /behavior/тэй. Энэ зан үйлийг хэрхэн чиглүүлэх, төлөвшүүлэх нь удирдлагын асуудал юм.

Балмагдал уу, айдас уу?

. Би Америкт ирэхдээ өөрийгөө гадаадад мэр сэр явж байсан туршлагатай, хэлний зохих мэдлэгтэй гэж бодож байлаа шүү дээ. Гэтэл ирээд байдаггүй. Англиар ойлгодгүй ээ, хүмүүсийн хэлснийг барьж авч чаддаггүй. Миний өмнө нь явж байсан орнуудад англи хэл хоёрдогч хэл байсан учраас хүмүүс нь ярихдаа удаан, ойлгомжтой, энгийн үгээр ярьдаг байж. Өөрийн энэ үзэж туулсан туршлага дээрээсээ уламжлаад л “Соёлын шок” нийтлэлийг хэдэн жилийн өмнө бичсэн юм

Saturday, October 30, 2010

Нэр томьёог нэг мөр болгоё.

Саяхандуу  Шинжлэх ухаан технологийн их сургуулиас эрхлэн “Монголчуудын миграцийн асуудал ” сэдэвт олон улсын эрдэмтэн,  судлаачдын 6-р хурал зохион байгуулсан билээ. Энэ уламжлалт хуралын өнгөрсөн жилийнхэд нь оролцож, гадаадад байгаа монгол гэр бүлийн талаар илтгэл хэлэлцүүлж байлаа.  Энэ хуралын нэрэнд   migration ( миграци) ( оршин суугаа газраа өөрчлөх, шилжих ) гэдэг гадаад  үг орсон болохоор гадаад хэлэнд энэ агуулгын дор байх, төстэй хийгээд бие даасан  санааг илэрхийлэх immigration( иммиграци), Emigration (емиграци)  Diaspora (диаспора”), irredenta (ирредента), repatriate (“репатриаци) зэрэг гадаад нэр томьёоны хэрэглээг нэг мөр болгож зааглах нь зөв мэтээ. Бидний ойлгож байгаагаар бол эдгээр үгс доорх санааг илэрхийлнэ.
®          Emigration, Immigration, Migration  гуравыг нэг хам сэдэвт ижил утгаар хэрэглээд байж харагддаг. Гэхдээ миний бодлoор баг зэргийн ялгаа бий.
®          Immigration гэхлээр гаднын нутаг дэвсгэрт очиж амьдрах,  гэхдээ тэр ирж байгаа хүмүүс  тухайн улс оронд  байнга оршин суух зорилготой явж байгаа гэж уздэг.
®          Migration гэхлээр дээрхтэй адилхан гаднын улсад очиж амьдрах гэсэн үтга бий. Гэхдээ  түр хугацаагаар очин амьдрахийг ингэж хэлдэг. Immigration, Migration-ы аль, аль нь дотогшоо хандсан хөдөлгөөн байна.
®          Emigration  болохоор өөрийн нутаг дэвсгэрээсээ гадагшаа хандсан, өөрийн нутагаа орхин гарч байгаа үйлдэл. (His  family immigrated to USA and emigrated out of Mongolia)
®          Diaspora (диаспора) -  тухайн оронд   цагаачлан аж төрж , төрлөх оронтойгоо эдийн  засаг, улс төр , соёлын байнгын холбоотой байдаг  (нэг) үндэстний бүлэг ,гэр бүл, хүн.
®          Irredenta (ирредента) - "Улс төрийн хувьд тодорхой нэгэн улсад хамрагддаг боловч, соёл,  түүх,  яс үндэсний хувьд өөр улстай холбоотой газар нутагт,  ихэвчлэн хил залгаа оронд амьдарч байгаа (нэг) үндэстний бүлэг ,гэр бүл, хүн.
®          Repatriate (репатриаци) -  Цагаачид уугуул нутагтаа байнга оршин суухаар эргэж ирэх үйл явц ; 2. Гадаад суугаа хүмүүс гэртээ мөнгө,  эд зүйлс  илгээх үйл явц.
Бид гадаадад байгаа гэр бүлийн талаар өгүүлэхдээ  Diaspora ( Диаспора)  гэсэн нэр томьёoг хэрэглэх нь зохимжтой гэж бодож байна.  Мэргэжлийн судлаачид эдгээр нэр томьёог нягтлан, утгыг оноож, хэрэглэж хэвшүүлэх талаар  нэгийг бодох байх гэж найдна.

Thursday, October 28, 2010

Англи хэлийг орчинд нь сурах бас нэгэн арга

Нэг ийм онигоо байдаг. Хоёр монгол хүн англи хэл сурахын бэрхийг гайхан хоорондоо ярилцаж гэнэ. Нэг нь “-Энэ хэлийг сурахад үнэхээр хүнд юм байна” гэжээ. Яагаад гэсэн асуултанд тэрээр “-Сугар гэж бичээд шуугер гэж дуудаад саахар гээд ойлгохоор яаж сурах вэ” хэмээн хариулсан гэдэг. Америкчуудын дунд амьдарч эхлээд 3-4 жилийн нүүр үзэж байхад иймэрхүү тохиолдол гардаг байлаа. Манай компани Фостер Cити хотоос Сан Францискогийн даунтоуны Фанианшл Дийстрикт дүүрэгт нүүж ирээд удаагүй байлаа. Наадмын дараа өдрийн үдээс хойш үүдний хүлээн авахын бүсгүй утасдаж “-Ширийфийн газраас ярьж байна. Би одоо холболоо. Жаахан хүлээгээрэй” гэв. Ширийф гэдгийг тухайн үед мэдэxгүй байлаа. Хожим утгыг олохноо “шоронгийн хуяг” гэсэн үг байж билээ. Нэг намуухан дуутай бүсгүй цээлхэн хоолойгоор “-Мартинос хотын Коронер оффисоос ярьж байна” гээд хоолойгоо засан хэлэх үгээ жаахан завсарлах хооронд “-Би буруу сонсвоо доо. Корнер гэж хэлсэн юм болов уу. Юун булангийн байгууллага байдаг билээ” гэсэн бодол тархинд эргэлдэв. Цааш яриаг нь сонсоoд асуудал өөрөөр эргэв ээ. “-Гурван монгол хүн халуунд архи ууж бассейнд орж байгаад нэг нь усанд сэлж чадалгүй эндсэн тул өчигдөр орой манай Коронер оффист цогцсийг авч ирээд хадгалсан байгаа. Монгол улсын паспорттой тул ойр хавьдаа монгол хүнийг хайн сурвалжлаaд таныг оллоо. Талийгаачийн гэр бүлийнхэнтэй холбоо тогтоож цаашдын арга хэмжээг авах хэрэгтэй байна. Бид 72 цаг үнэгүй хадгалдаг журамтай. Та тусалж чадна уу?” хэмээн пал хийтэл хэлээд авав. Тэр хүний овог нэр, паспортын дугаар, төрсөн он сарыг тэмдэглэж аваад элчин сайд Чойнхор гуайн гар утaс руу залгахад сайд хуралд орохоор Нью-Йоркийн зүг замд гарсан байв. Чойнхор сайд хэдийд ч гар утсаа авдаг хүн байсан юм. За ингээд коронер гэдэг нь моорг хэмээн мэдэж авлаа. Бас нэг удаа “-Хюман Траффикинг оффисер ярьж байна. Монгол хэлний орчуулагч хэрэгтэй болоод таныг оллоо” гэхэд “-Mанайхны хэн нэг маань замын осолд орсон юм болов уу” гэж бодоод орчуулга хийх цагаа товлосон юм. Гэтэл хохирогч маань Нэгдсэн улсад буруу хүмүүсийн гар дамжин зарагдаж орж ирсэн монгол бүсгүй байсансан. Тэгэхэд Хюман Траффикинг гэдэг үг нь хүний наймаа болохыг мэдэж билээ. Харин нэг удаа таньдаг хүний дүүг шоронгоос гаргах болоход “-Бэйлбонд газарт очиж баталгаа гаруул” гэсэн хариу Цагдаагийн газраас аваад энэ хоёр үгийн салангад утгыг мэдэж байсан ч нийлээд “баталгаат барьцааны газар” болохыг хорихыг тойроод мөөг шиг олноор ургасан газрын хамгийн захынхаар нь ороод мэдсэн юм. Энэ мэтээр яриад байвал дуусахгүй биз ээ. Алс хүний нутагт зовж яваа монголчууддаа сэтгэл нээн туслaя гэсэн нэгэн үзүүрт сэтгэлээр хандсан болохоор дээрх үгсийг бодит орчинд нь хэрэглээнээс үүдэн сурсан байх аа. Хэлийг ийнхүү зайлшгүй шаардлагаар сурч бас болдог юм билээ.
Ш.Баатарын (shbaatar.blogspot.com) блогоос зээлэв.

Гадаад хэлээр ярих нь харилцааны соёл мөн.

Гадаадад  түр зочилж, албан хэргээр хамтран ажиллаж, урт богино хугацаагаар оршин сууж  байхуйд тухайн орныхоо харилцаа, соёлын онцлогт дүйсэн уг, хэллэг, санааг хэрхэн хэрэглэж харилцан яриаг үр дүнтэй болгох  нь төдийлэн хялбар биш байдаг.Иймд америкийн орчинд англи хэлийг харилцааны тухайн тухайн нөхцөл байдалд хэрхэн хэрэглэх талаар өөрийн туулсан бэрхшээл, ажиглалт, нутаг нэгтнийхээ хүүрнэл,хошин яриа зэргээс санаа сэдэж, америк харилцаа гэх үү, соёл гэх үү, ямартаа ч харилцааны шинэ орчинд гадаад хэлний хэрэглэгдэхүүнийг яаж оновчтой, үр дүнтэй хэрэглэх талаар цуврал тэмдэглэл бэлтгэж,  толилуулж байна.
Профессор Пүрэвийн Увш
Харилцааны зан үйл,  хэлний хэрэглэгдэхүүнийг сонгох нь
Бид хэзээ, хаана, яах гэж, юу ярьдаг билээ гэдэг нь өөрөө сонин асуулт л даа.Үүний тулд ганц нэг салангад үг хэллэг цээжлэж, тогтоох биш, тухайн хүмүүс  эх хэл дээрээ хэрхэн харилцдагыг мэдэх нь туйлаас чухал.Энэ нь нийгмийн хэм хэмжээг тохируулж, зохицуулж байдаг гол хөшүүрэг болох иргэдийнх нь харилцаа, биеэ авч явах хэм хэмжээ, зан үйлийн илрэл л хэлээр дамжиж, мэдээлэл солилцох (илгээх, хүлээн авах) үйл ажиллагаа болж байдаг. Энэ л хэм хэмжээ аливаа орны нийгмийн толь байж, иргэдийнхээ сэтгэл зүй, оюун ухаан, зан суртахуунд нөлөөлж, уламжлал, зан заншил, хэм хэмжээ,хэрэглээ, хүсэл, таашаалын илрэл болж байдаг. Англи хэл сурч байгаа хүн бол англиар ярьдаг орны оршин суугчид өөрийн уугуул голомт (privacy,personal)-ийн ойлголт, түүгээр бахархах, бусдаас илүүд тооцох сэтгэл зүйн тэр  давуу чанарыг ойлгохгүйгээр тэр орны соёл, харилцаанд дүйсэн хэл яриа өрнүүлэх бараг боломжгүй. Байлаа ч үр дүн багатай, харилцагч талууд харилцаанаас сэтгэл, оюуны таашаал авч үлддэггүй. Эндээс л америкийн нийгмийн болон хэлний зан үйлийн гол зарчим ялгарч харагдана. Өөрөөр хэлбэл америкчуудын мэндлэх, танилцах, салж явах,магтах, харамсал, эмгэнэл илэрхийлэх, урих, баярлаж талархаснаа илэрхийлэх, уучлалт, өршөөл эрэх, алдаа эндэгдэлээ тайлбарлах зэрэг нь хэл талаасаа хэрэглээний нэгжүүдтэй, соёл талаасаа дагаж сахих хэм хэмжээтэй гэсэн үг. Америкчууд хэт эгэл, энгийн, дээр, дооргүй жигд харилцдаг, гадаадынхныг тэвчээртэй сонсдог гэх мэтийн тэнүүл яриа бас ч тийм биш харагдана. Тэд тухайн газар орондоо мөрддөг зан үйлийн хэм хэмжээг ярих, хийх, харилцах үйлийн аль ч хэсэгт ягштал барихыг хичээнэ. Та яаж харилцаж, хэрхэн тэндэхийн ёс жаягыг мөрдөж байна, тантай тэгж л харилцана. Тогтсон уугуул зан үйл, харлцаанаасаа гажаад таныг гадаад хүн гээд адилхан хэл ярианы ч болов зөрчил гаргаад байхгүй нь лавтай.
Америк харилцаанд тулгарах эхний учрал бол мэдээж бие биедээ хэрхэн хандах, юу гэж авгайлах явдал байна.Америк харилцааг ажиж байхад (албан)  харилцааны явцад манайх шиг хатуу эрэмблэл, зэрэглэл бага байдаг. Ганц,  хоёр харилцаад бие биенээ нэрээр нь дуудаж, хэлцдэг ардчлал сайтай. Mанайхархуу Дарга аа, Багш аа, Эмч ээ гэж цоллох нь бага. Сайндаа л  Mr.,Miss,Mrs гэж ханддаг. Харин энэ  хандах үгийг зөвхөн овгийнх нь өмнө хэрэглэдэг. Өнөөгийн америкийн харилцаанд эдгээрийг барагтай бол хэрэглэхгүй дээ. Зарим тохиолдолд ёж утгатай болчих нь ч бий. Үйлчилгээ, харилцааны явцад танихгүй эрэгтэй хүнд хандах хэрэг гарвал харин Mister биш Sir гэж ханддаг. Sir гэж хандахдаа тухайн хүнийхээ нэр усыг (танихгүй болохоор) хэлдэггүй. Зүгээр л  Sir, could you tell me how I can catch bus to Bloomington гэхэд болно. Харин Mister гэвэл энэ үгийн ард тухайн хүнийхээ овгийг (Mr. John)заавал хэлдгийг мартаж болохгүй. Танихгүй эмэгтэйд хандахаар бол Miss гэдэг үгийг хэрэглэнэ. Ахимаг насны эмэгтэйд залуучууд  Madam ховорхондуу тохиолдолд  Ma'am  гэж хандах нь бий. Дээр хэлсэн Mister гэдэг үгийг хэрэглэдэгтэй адилаар Mrs гэдэг үгийн ард уг хүнийхээ овгийг (энэ эмэгтэй гэрэлсэн байдаг болохоор) заавал хэрэглэнэ. Та нэгэнт нас биед хүрсэн бол  guys,girls, kids зэрэг балчир, энгийн, хээгүй байдлыг илэрхийлэх үгнээс аль болох зайлсийх нь зөв. Манайхан англи хэл сайн мэддэгээ харуулж байна гээд “guys”  гэж хандах нь ялангуяа ахимаг насны хүнд сонсголонтой бус, бүдүүлэг төрхийг санагдуулдаг. Ер нь бол guys гэдэг нь дан залуус ,хөвгүүд ч биш, охид, хөвгүүд холимог байвал бас тэгж хандаж байгаа харагддаг. Олон нийтэд, хүйсийн хувьд холимог бүлэгт Ladies and Gentlemen гэж ханддаг. Харин  boy, girl,woman гэж хандаж болохгүй. Эмэгтэй хүнийг Lady гэж дуудах нь бүдүүлэг хийгээд, ёж утга агуулж болдог. Хүүхдийг бол  dear, honey, sweetie гэж дуудаж, харьцаж болдог. Америк ахуйд хүнд хандаж асуух, хариулт авахдаа эхний үгээ хэр зөв томьёолж илэрхийлсэнээс цаашдын харилцаа үргэлжлэх эсэх шалтгаална.
Англиар асуулт зөв тавих тухайд  америкчууд ихэвчлэн How are you? гэсэн асуултыг хариултыг нь баримжаалахгүйгээр автоматаар тавьдаг гэж хэлж болно. Гадаад хүмүүс энэ асуултанд бүр нэг чинь санаасаа бодитой хариулах гэж оролддог нь монголчуудыг ч тойрдоггүй.Өөрөөр хэлбэл таниар сонин юу байна гэхлээр өөрт тохиолдсон бэрхшээл, золгүй явдал гэр орон, үр хүүхдийнхээ сурлага, амжилтыг нарийвчлан тоочно гэсэн хэрэг биш. Энэ асуулт бол ярианы эхлэл. Хэрэв америкчууд Hello/Hi, How are you? гэж асуухад бид  Fine,and you? OK; pretty well; great; super; fantastic; I'm not complaning мэтээр хариулж болдог. Харин сүүлийн үед хар ярианд нэлээд газар аваад байгаа  I'm good  гэх хариулт бол утгынхувьд ч оновчтой биш, дүрмийн хувьд ч буруу юм.  I'm fine. Fine;  I'm good  хоёрыг харьцуулж үзвэл fine нь нөхцөл байдлыг зааж байхад  good нь тэмдэг нэр юм. I'm good  гэдэг хэлцийг би сайн хүн ш үү гэж ойлгож болохоор. Монгол хэлний зүгээр, хэвийн зэрэг үгнүүдийг англи хэл дээр хэрэглэхдээ  normal гэсэн үг хэрэглээд хэрэггүй, түүний оронд OK, I guess, not bad, Fine гэх үгс хэрэглэхэд л хангалттай.  Англи хэлний  How are you? гэж хэлцийн оронд How are you doing? How are things?  хэрэглэж болох ч сүүлийн How are things?  гэсэн асуулт хүний хувийн хэрэгт дурласан, сонирхсон байдал харуулах болох тул бараг хэрэглэх шаардлагагүй дээ.  Англи ярианд бас What's up/How is life(treating you)/How are you doing/What's new зэрэг эелдэг асуултууд хэрэглэж болдог. Эдгээр асуултанд америк хүн бүр   амьдралд нь бэрхшээл гарсан, ажилгүй болсон, зовлон гуниг тээж яваа ч гэсэн ялгаагүй Fine гэж хариулах бий. Америкчууд амьдралд тохиосон бэрхшээл, ядуу, зүдүү байдлаа хүн бүртэй тэр бүр хуваалцаад байдаггүй, хамгийн ойр дотнын хүндээ Well, I've been having some problems lately, Not so great/hot Pretty bad/lousy гэх мэтээр проблемээ илэрхийлж харагддаг. Америкчуудын тэр бүр хөндөөд байдаггүй сэдэв бол эрүүл мэндийн байдал. Бие нь тааруухан байвал I'm not feeling well/I'm feeling a bit low  гэх буюу санаа сэтгэл нэлээд доогуур байвал I'm feeling rotten I'm in the dumps I'm feeling a bit out of sorts гэх зэргээр хариулах нь бий. Заримдаа шууд I'm sick гэж байдаг.Ер нь америкчууд эрүүл чийрэг, бие, санаа түвшин байгаагаа яриандаа харуулахыг хичээдэг, харилцан ярилцагчаа ч сэтгэл санаа, эрүүл мэндийг нь дэмжиж Keep smiling (сэтгэлээ барь),take care  биеэ гамнаарай ) гэж зоригжуулж байдаг. Хэрэв америк хүн эрүүл мэндийн ноцтой асуудалтай бол тэр талаар нийтэд, ялангуяа  үл таних хүнд зарлаад байдаггүй. I've been having some medical problems гэдгээр хязгаарладаг.
            Хэрэв америк хүн танд итгээд өвчин зовлонгоо ярьвал, та гэрийн болон эмнэлэгийн олон жор,ургамал, эм тариа тоочохын хэрэггүй. Тэгж сэтгэлийг нь туйлдуулаад яахав. Америкчууд итгэсэн хүндээ эрүүл мэндийнхээ нарийн ширийнийг нуудаггүй. Хавдар (cancer) , хортой хавдар (maliignant)байгааг  The doctor thinks I have a malignant tumor/ cancer of the colon гэхчлэн шууд хэлдэг нь ерөөсөө эмч өвчтөнийхөө эцсийн оношийг гэр орноос нь ч асуухгүйгээр шууд хэлэхгүй бол эргээд хэрэгт орох магадлалтай холбоотой. Манайханы эрүүл мэндийн сэдэвт голлодог даралт, зүрх гэдэг ойлголт энд төдийлэн сонирхол татахгүй агаад ялангуяа даралтын талаар ярихдаа чухамхүү blood pressure гэж тодотгох (цаг агаарын даралт гэдэг ойлголт америкад бий) хэрэг гардаг.Зүрхий өөрчлөлтийн талаар ч америкчууд дурдаад байдаггүй. I'm having heart/cardiac problem гэс хийгээд өнгөрнө. Харин нэлээд ноцтой хэмжээний өөрчлөлтийг Iam recovering from a heart attack гэх , эсвэл чимээгүй л өнгөрнө. Эмчилгээ хийлгээд эдгэрээд тэнхэрч байгаа  хүнд  You're looking great/wonderful гэж манжлахад л хангалттай. Тарга хүч нэмсэн, зузаарсан, цонхийсэн гэхчлэн тодотгол тэдэнд огт падлийгүй.
Америкчуудын асуух дуртай нэг асуулт бол зочныхоо америкийн талаарх сэтгэгдэлийг сонсох явдал буюу How do you like America? гэж заавал асуудаг. Уламжлалт гэх үү өнгөц манж хариулт бол мэдээж  It's great/ wonderful/ I like it very muth байна.  I don't really know the country well yet;  There are some thiongs I like and I don't  гэхчлэн үнэлэмж оруулан хариулахад тэд төдийлэн дуртай биш байх бөгөөд таны талаар сөрөг сэтгэгдэл ч төрж магадгүй. Ер ньбол америкчууд мэдэхгүй зүйлээ I don't know/ I can't answer that I'd prefer not to talk about that гэхчлэн шулуухан хэлчих нь бий.
            Дахин учрахуй.  Америкчууд хуучин  танилтайгаа дахин учирч н
үүр тулах тохиолдолд   I haven't seen you in/for ages!;Long time no see; I am so plased/ glad/ happy to see you гэж уулга алдах нь ердийн  How are you? гэх хэлцээс арай илүү сэтгэл хөдлөлийн агууламжтай байж болно.  glad (баяртай байна),  delighted (гайхамшигтай), happy (туйлаас баяртай байна)  гэх нь бидэнд нэг л ойлгомж хомс мэт санагдаж болно. Гэхдээ энэ тийм нэг тансаг, албан хэрэглээний илрэл гэмээр. I'llbe happy to come to your party; I'm very happy with this suggestion; What a happy coincidence гэж таны урилганд хариулж байвал түүний сэтгэл нь хөдөлсөнөөсөө илүүтэйүрилгад заавал ирэхэээ илэрхийлж байгаа хэрэг. Хэн нэгэнтэй албан болон хувийн яриа өрнүүлж байхад гуравдагч хүн дөхөж ирвэл нэн даруй түүнийг John (та Johnтой ярилцаж байжээ.) , this is my friend/colleadue Harold Jones гэж танилцуулах нь боловсон ёсонд нийцнэ.Энэ ээлж мэдээж танд тохиовол  Nice/ Pleased to meet you гэж хариулах бөгөөд  тэр хүнтэй өмнө нь уулзаж байсан бол  We've met, Nice to see you again гэж нхариулах бөгөөд  meet гэдэг үгний оронд see гэж хэрэглэх нь өмнө нь уулзаж байснаа сануулж байгаа хэрэг. Mэдээж салж явахдаа  Plased to /meet/ have met you гэж хэлэн толгой дохих буюу гар барина.
                        Утсаар ярихсоёл болон хэрэглээ. Хэн нэгэн р
үү утасаар ярих хэрэг гарахад утасыг өөр хүн авч байвал  Hello, may I speak to Mr. ...; Could I please speak to Mr.... гэж асуухад болно. Хэрэв жижүүр, нарийн бичгийн дарга утас авбал  Good morning; Good afternoon гээд байгууллагынхаа нэрийг хэлээд юугаар тус болохоо асуух вий , энэ нь товчловол ердөө  Hello гэж байгаа нь тэр. Таныг хэрэгтэй хүнээ асуухад  He'll be with you in a few minutes гэвэл тэр хүн тун удахгүй хоёр, гурван мөчийн дотор ярина гэж байгаа нь тэр. Ярих гэсэн хүн чинь холбогдоод та өөр ажил давхцаад байвал Please, just give me a few minutes; I'll with you in a few minutes гэж хэлж болох бөгөөд бидний өдөр дутам хэрэглэдэг  just a minute/moment нь нэлээд бүдүүлэгт тооцогддог байна.  Right away нь тун одоохон яг одоо гэсэн ойрын хугацааг заана. Утасаа түр барьж байхыг   Could you hold for/a minute/a few minutes, please гэж хүсэмжлэвэл мэдээж  yes, sure/of course гэж хариулах бөгөөд үнэнхүү хүлээж чадахааргүй бол I'm really pressed for time-do you think it/he will be long ? гэж асууж болох юм.
Үргэлжлэл бий.