Tuesday, March 11, 2014

Б. Алтангэрэл: Монгол судлалын гадаад дахь төв бол Индианагийн их сургууль мөн

Монгол улсаас АНУ-д суугаа элчин сайд Б.Алтангэрэл Индианагийн их сургуульд ажил хэргийн айлчлал хийж, Индианагийн их сургуулийн ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, тэнхмийн эрхлэгчидтэй уулзаж, энэ сургуулийн уламжлал, туршлага, материаллаг бааз дээр суурилсан монгол судлалыг цаашид хөгжүүлэх талаар санал солилцож, зарим ажил,үйл ажиллагааг хэрэгжүүлэх хугацаа, арга хэлбэрийн талаар урьдчилан тохиролцсон байна.
Мөн элчин сайд  Блүүмингтон хотод ажиллаж, амьдарч байгаа монголчууд, Индианагийн их сургуулийн монгол судлаачидтай уулзан ярилцаж, “Монгол улсын нийгэм-эдийн засгийн хөгжил: өнгөрсөн ба одоо” сэдвээр лекц уншиж, оролцогчдын сонирхсон асуултанд хариулсан юм.

Индианагийн их сургуулийн монгол судлалын хөгжлийн бас нэгэн илрэл

Энэ оны 3 сарын 8-нд Индианагийн их сургуулийн Төв, Евро-Ази судлалын оюутны холбооны эрдэм шинжилгээний 21 дүгээр бага хурал болж өнгөрлөө.
Уг бага хуралд монгол судлалтай холбоотой хоёр салбар хуралдаан боллоо.
“Орчин цагийн Монголын дурсгал, өв, соёл” (Memory and Heritage in Modern Mongolia ) сэдэвт хуралдаанд Индианагийн их сургуулийн магистрийн оюутан Kenneth Linden “ БНМАУ-ын 1929-1960 оны нэгдэлжих хөдөлгөөний дурсамж, төлөөлөл”
(Representations and Memory of the Collectivization in People's Republic of Mongolia), Висконсоны их сургуулийн докторын оюутан Kip Hutchins “Улс төр эдийн засгийн өөрчлөлтийн үеүдийн монгол хөгжмийн урлаг” (The Shifting Role and Practice of Music in Mongolia in Response to Transitional Political and Economic Forces"), Индианагийн их сургуулийн докторын оюутан Teresa Nikols ”Монголын өв, соёлыг тодорхойлох, хадгалах, хамгаалах нь” сэдвээр илтгэл хэлэлцүүлж, оролцогчдын асуултанд хариулж, санал солилцлоо.