Friday, June 23, 2017

Гадаад хэл бол харилцааны соёл мөн.

Хэдэн жилийн өмнө өөртөө болон англи хэл сурах хорхой, хэрэгцээ хоёр нь асч яваа залууст зориулан бичиж байсан хувийн тэмдэглэл маягын бичвэрээ хэрэг болох хүн байж магад гээд дахиад шууд байршуулчихлаа. Алдаа, эндэлийг нь уучлаарай.

Бид хэзээ, хаана, яах гэж, юу ярьдаг билээ гэдэг нь өөрөө сонин асуулт л даа.Үүний тулд ганц нэг салангад үг хэллэг цээжлэж, тогтоох биш, тухайн хүмүүс эх хэл дээрээ хэрхэн харилцдагийг мэдэх нь туйлаас чухал. Энэ нь нийгмийн хэм хэмжээг тохируулж, зохицуулж байдаг гол хөшүүрэг болох иргэдийнх нь харилцаа, биеэ авч явах хэм хэмжээ, зан үйлийн илрэл л хэлээр дамжиж, мэдээлэл солилцох (илгээх, хүлээн авах) үйл ажиллагаа болж байдаг. Энэ л хэм хэмжээ аливаа орны нийгмийн толь байж, иргэдийнхээ сэтгэл зүй, оюун ухаан, зан суртахуунд нөлөөлж, уламжлал, зан заншил, хэм хэмжээ, хэрэглээ, хүсэл, таашаалын илрэл болж байдаг. Англи хэл сурч байгаа хүн бол англиар ярьдаг орны оршин суугчид өөрийн уугуул голомт (privacy,personal)-ийн ойлголт, түүгээр бахархах, бусдаас илүүд тооцох сэтгэл зүйн тэр давуу чанарыг ойлгохгүйгээр тэр орны соёл, харилцаанд дүйсэн хэл яриа өрнүүлэх бараг боломжгүй. Байлаа ч үр дүн багатай, харилцагч талууд харилцаанаас сэтгэл, оюуны таашаал авч үлддэггүй. Эндээс л америкийн нийгмийн болон хэлний зан үйлийн гол зарчим ялгарч харагдана. Өөрөөр хэлбэл америкчуудын мэндлэх, танилцах, салж явах, магтах, харамсал, эмгэнэл илэрхийлэх, урих, баярлаж талархаснаа илэрхийлэх, уучлалт, өршөөл эрэх, алдаа эндэгдэлээ тайлбарлах зэрэг нь хэл талаасаа хэрэглээний нэгжүүдтэй, соёл талаасаа дагаж сахих хэм хэмжээтэй гэсэн үг. Америкчууд хэт эгэл, энгийн, дээр, дооргүй жигд харилцдаг, гадаадынхныг тэвчээртэй сонсдог гэх мэтийн тэнүүл яриа бас ч тийм биш харагдана. Тэд тухайн газар орондоо мөрддөг зан үйлийн хэм хэмжээг ярих, хийх, харилцах үйлийн аль ч хэсэгт ягштал барихыг хичээнэ. Та яаж харилцаж, хэрхэн тэндэхийн ёс жаягыг мөрдөж байна, тантай тэгж л харилцана. Тогтсон уугуул зан үйл, харлцаанаасаа гажаад таныг гадаад хүн гээд адилхан хэл ярианы ч болов зөрчил гаргаад байхгүй нь лавтай.