Showing posts with label Үлгэр. Show all posts
Showing posts with label Үлгэр. Show all posts

Sunday, July 8, 2012

Орос ардын үлгэр : Оюун ухаан төгөлдөр отгон хүү Иван



Орос ардын үлгэр : Оюун ухаан төгөлдөр отгон хүү Иван
Эмгэн өвгөн хоёр амьдран суудаг байжээ. Өвгөн ан амьтан жигүүртэн шувуу агнаж түүгээрээ хоёул амьдарна. Он жилийг элээн олон насыг насалсан авч эд хөрөнгө гэх юм байсангүй.
Эмгэн харамсан зовж:
- Амттанг идэж уусангүй, аятай хувцсыг өмсөж зүүсэнгүй энэ насыг галын хажууд эргэлдсээр өнгөрөөлөө! Өтлөх насанд харж баясах үр хүүхэд ч алга! гэхэд өвгөн нь:
- Эмгээн, бүү зов! Гар минь нугарч, хөл минь хөдөлж байгаа цагт өлсөхгүй байх. Юу юуны туханд хүрэлгүй гонсойгоод яах вэ!
Ингэж хэлээд өвгөн анд явжээ.
Өглөөнөөс орой болтол яваад нэг ч шувуу, нэг ч амьтан намнасангүй. Ганзага хоосон буцмааргүй байж, тэгээд яах билээ? Нар гудайчихаж харилгүй болохгүй.
Ингээд аргагүйн эрхэнд харихаар явж байтал хажүуханд нь далавчны дэвэх сонсдон бутны цаанаас тун үзэсгэлэнт гоё нэг том шувуу нисэн хөөрөв гэнээ.
Өвгөн буугаа шагайх хооронд шувуу нисэн одов.
«Миний хувь биш байжээ!» гэж өвгөн бодоод шувуу нисэн гарсан бутыг шагайж үзвэл тэнд гучин гурван өндөг байна гэнэ.
«Ядахдаа энэ олзыг чинь аваад харъя!» гэж сэтгээд бүсээ чангалан гучин гурван өндгийг өвөртлөв.
Явсаар байтал замдаа бүс нь суларч өндөг нь цувран унасаар байжээ. Өндөг газар унамагцаа сайхан залуу эр болж хувираад байж гэнэ.