Monday, December 19, 2011

Бүх нийтээрээ энэ сарын 29-нд амарна


Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан энэ сарын 29-ний бүх нийтээр амрах баярын өдөр болгохоор Монгол Улсын Засгийн газраас дэмжлээ.
УИХ-ын гишүүн Н.Батбаяр, Ч.Сайханбилэг, Ө.Энхтүвшин, Д.Загджав нар энэхүү түүхэн өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгохоор хуулийн төсөл санаачилсан юм.
Тэдний санаачилсан уг хуулийн төслийг төсөл хэлбэрээр дэмжих боломжгүй харин нэг удаагийн арга хэмжээ болгон, бүх нийтийн амралтын өдөр болгох нь зүйтэй хэмээн үзсэн ажээ.

Sunday, December 11, 2011

ИЖИЙГЭЭ БИ ТЭЭР ҮЗЛҮҮ ЯАЛАА?


/Бүх шоучиддаа зориулав/ 

Хорь гарчихсан байж хойморт нь өдөржин хонхойж
Хоол нэхэж, хормойд нь чирэгдэж явна би, ээжийнхээ
    Хийж өгсөн хоолыг нь голон байж хороочихоод
    Хээтэй гангар шаазанг нь шидэн байж хялайчихаад
    Угааж өгсөн хувцасыг нь хуучин гэж шидлээд
    Унтаж боссон хэвтрээ хэвээр орхиод гарсан би…
Сүүгээр угжсан үнэр нь сүрчигний аагинд алдарч
Сүлжиж өгсөн гэзэг нь бүжгийн талбайд задарч
Сүвлэж хадсан товч нь эрийн энгэрт тасрахад
Сүсэглэж залбирах ижийнхээ санаа алдахыг нь мэдэрлээ...
    Үүр шөнийн заагаар үүрэндээ халамцуу ирэхэд минь
    Үс нь буурал эмгэн үүд тосон угтахад, би гайхав
    Санаа зовнин үрээ хүлээсэн ээжийн минь
    Санчиганд нь хяруу унасан нь тэр байжээ...
Өчигдрийн дарсанд шартаж хөмсөг зангидан сэрэхэд
Өглөөний цай оронд барьж сэвлэг илсэн ээжийнхээ
Тэнэмэл үрээ гамнаж зэмлэсэн хэдэн үгэнд нь
Тэнэг би ойворгон загнаж, ижийгээ тээр үзлүү яалаа?
    Ааваа нэхэн агсам тавихад минь шөнөжин уйлж
    Ачлал умартан тунирхахад минь өдөржин аргадаж
    Гээсэн нойроо нөхөх гэж орондоо хөглөрөх үрээ
    Гэртээ өнжлөө гэж баярлахдаа өвчнөө мартдаг ижий
Утасны хонхонд хөл алдаж ухасхийн гүйхэд минь
Урдах цайгаа хөртөл бодолд дарагдсан, ээж минь
Үрээ ухааруулах гэсэндээ үхлээрээ айлгах ижийнхээ
Үнэн сэтгэлийг нь анзааралгүй үүдээ саваад гарлаа би…
    Харанхуй гудамжинд ганцаар явахдаа би ээжээ бодлоо
    Халамцуу хүмүүс хажуугаар зөрөхөд би ижийгээ саналаа
    Золбин нохой замд боргоход би "ЭЭЖЭЭ" дуудан цочлоо
    Зовхио чилтэл хүлээсэн ижийгээ хараад, би уужирлаа...
Уургийг нь гувшиж хүн болчихоод
Усыг нь цутгуулж амьд гарчихаад
Ухаажсан билүү би, ижийхээ амьдад
    Унтах нойрыг нь төрсөн цагаас хугасалчихаад
    Урсах нулимсийг нь өссөн цагаас барчихаад
    Уучлаарай гэж хэлсэн билүү би, ижийдээ
Бурханг царайчилж үрээ даатгадагт тань
Бурууг минь өршөөж бусдаас өмөөрдөгт тань
Өвдөхөд өмнөөс минь уйлдагт тань
Үрдээ хорогдохдоо үхэж чаддаггүйд тань
    Ээж тандаа охин нь баярлалаа гэж хэлье
    Энэрэл харам хорвоод ижийгээ дуудаж залбиръя
    Үр тань таныгаа үүрээд явъя, нуруундаа биш ч сэтгэлдээ тээе
    Үлдсэн амьдралаа хамтдаа туулъя, үүрд биш ч үхтэл хамт байя
Дааж баршгүй ачийг тань марталгүй заавал хариулъя
Дараагийн амьдралдаа та харин охин минь болж төрөөрэй!

Bagheera

Зүдэрч амьдрахгүйн тулд тэд харь эцэг, эхийн хүүхэд болж байна

Өнгөрсөн 12 жилийн хугацаанд 220 монгол хүүхэд гадаадын иргэдэд үрчлэгдэж, хүний нутгийн иргэд болжээ. 1999 оноос эхлэн Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Гадаадын иргэн харъяатын асуудал эрхлэх газар хамтран Монгол Улсын харъяат хүүхдийг гадаадын иргэнд үрчлүүлэх асуудлыг

Saturday, December 10, 2011

Халимагууд Монгол руу ирж явна


2 дугаар хэсэг. Нүүдлийн эхлэл: Нарт дэлхийд Монголоос илүү нь үгүй  
“Хүйтэн булгийн усандаа л Хирээ нь угаагаад суугаа даа Хирээ нь угаагаад суугаав чигээ Хайртай ээжийгээ санана даа…” “Алтангадас” одонгоор энгэрээ мялаасан дуучин, хөөмийч Цагаанзам Монгол Улсын иргэн болох хүсэлтээ гаргасан байна.

Sunday, November 27, 2011

Монголчууд жолооны шалгалтаа монгол хэлээр өгнө

БНСУ-д сурч, ажиллаж амьдарч буй монгол иргэд жолооны шалгалт өгөхдөө монгол хэлээрээ өгч боломжтой болох гэж байна.
Тус улсад ажиллаж амьдардаг гадаадын иргэдэд зориулан жолооны дүрмийн шалгалтаа эх хэл дээрээ өгч болох журам өнгөрсөн 2000 онд гарчээ.  Англи болон хятад хэл дээр  өгч  болдог байсан  жолооны дүрмийн шалгалт нь Солонгос хэл сайн мэдэхгүй ч ажил , амины шаардлагаар машин жолоодох эрх авах гадаадынханд  зориулагдсан байна.
Одоогоор Вьетнам,Индонези, Тайланд хэл нэмэгдэж , Франц болон Герман хэл хасагдаад байна. Ирэх жилийн 9 сараас эхлэн Монгол болон Орос хэл нэмэгдэхээр болсон бөгөөд тус улсын жолооны  үнэмлэх нь дэлхийн 120 оронд хүчинтэй байдаг байна.
Мөн тус улсын жолооны  дамжааны төлбөрийн хэмжээ зарим улсынхаас , тухайлбал 4 сая 500 мянга  орчим байдаг Япон улсаас хамаагүй бага байдаг тул   Солонгос улсад ажиллаж амьдарч байх хугацаандаа  жолоочийн дамжаанд сурах гадаадынхны тоо ихэсчээ.
Мөн гадаадын иргэдэд ийм боломж нээж өгснөөр жолооны үнэмлэхгүйгээр  автомашин  жолоодож хууль зөрчигч гадаадынхны тоо эрс багассан байна.

Thursday, November 24, 2011

Ерөнхийлөгч эрдэмтдэд илгээлт явуулав


Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны байгууллага үүсч хөгжсөний 90 жил, Шинжлэх Ухааны Академи байгуулагдсаны 50 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын шинжлэх ухааны салбарын нийт ажиллагсад, эрдэм шинжилгээний ажилтан, эрдэмтдэд илгээлт илгээжээ. Үүнийг бүрэн эхээр нь хүргэе. 


Эрхэм хүндэт эрдэмтэн судлаачид, шинжлэх ухааны зүтгэлтнүүд,

Хатагтай, ноёд оо,


Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны байгууллага үүсч хөгжсөний 90 жил, Шинжлэх Ухааны Академи байгуулагдсаны 50 жилийн ойг тохиолдуулан эх орны маань хөгжил, дэвшлийн оюун ухаан, хурдасгуур болсон эрдэмтэн, судлаач, шинжлэх ухааны байгууллагын ажилтан, албан хаагч Та бүхэндээ баярын мэндчилгээ дэвшүүлж, амжилт бүтээл, аз хийморь, сайн сайхан бүхниийг хүсэн ерөөе.

Одоогоос 90 жилийн тэртээх энэ өдрүүдэд хэсэг сэхээтэн санаа зорилгоо нэгтгэж, улс орныхоо хоцрогдолыг арилгах, ард түмнээ соён гэгээрүүлэх, бүх нийтээр бичиг үсэг, боловсрол соёлтой болохын тулд шинжлэх ухааны зүйл бүрийн салбарыг үүсгэн хөгжүүлэх зорилго бүхий Судар бичгийн хүрээлэнг байгуулжээ. Ийнхүү Хубилай цэцэн хааны үеэс уламжлалтай монголын шинжлэх ухааны орчин цагийн түүх нь Судар бичгийн хүрээлэнгээр эхэлж, өнгөрсөн хугацаанд эх орныхоо газар зүй, уур амьсгал, амьтан ургамал, түүх шаштир, хэл, ёс заншлаас эхлээд эрдэс баялагийн нөөц, техник, технологийн судалгаа шинжилгээ хийдэг олон арван эрдэм шинжилгээний байгууллага, эрдмийн хамт олон, шинжлэх ухааны тогтолцоо бүрэлдэн бий болж, эх орныхоо хөгжил дэвшилд их хувь нэмэр оруулж, дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгдсөн эрдмийн томоохон бүтээл туурвиж байгааг бахархан тэмдэглэхэд таатай байна.

1961 онд Шинжлэх Ухааны Академи байгуулагдсанаар орчин үеийн шинжлэх ухааны хөгжлийн нэгэн шинэ эрин эхэлж, тэр цагаас хойших хагас зуун жилд манай орны шинжлэх ухааны салбар бүхий л талаар өргөжин хөгжиж, үндэсний судалгаа шинжилгээний томоохон чадавхитай боллоо. ШУА-ийн эрдэмтэн судлаачид өөрийн орны түүх, соёл, эх хэлний судалгааг өргөн хүрээнд амжилттай явуулсан нь үндэсний тусгаар тогтнолыг батжуулах, нийгмийн сэтгэлгээний болон соёлын түвшинг дээшлүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн билээ.

Манай эрдэмтэд эрдэс баялгийн шинэ ордууудыг нээх, хөдөө аж ахуй, анагаахын шинжлэх ухааны салбарт малын шинэ үүлдрүүд бий болгох, хүн малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах олон төрлийн эм бэлдмэл бий болгох, эх орны баялгийг оюун ухаан шингэсэн үнэтэй бараа, бүтээгдэхүүн болгон боловсруулах техник, технологийг бий болгох,  сансар судлал зэрэг ажлыг амжилттай хийж эдийн засгийн салбарт нэвтрүүлсэн байна.

Дэлхий дахинд шинжлэх ухааны шинэ ололтууд хурдацтай түгэн дэлгэрч буй энэ цаг дор улс үндэстнийхээ шинжлэх ухаан, нийгмийн хэрэгцээг хангахад чиглэсэн судалгаа шинжилгээний ажлыг санаачлан, олон улсын эрдэм шинжилгээний хамтарсан судалгааны орчилд идэвхтэй байр суурь эзэлж, судалгаа, шинжилгээний шилдэг арга ухаан, технологиос байнга суралцах, нэвтрүүлэх, нутагшуулах талаар нягт хамтран ажиллаж, шинжлэх ухааны салбарын ажлын чанар, үр өгөөжийг дээшлүүлнэ гэдэгт Монгол Улсын Төрийн тэргүүн би бүрэн итгэлтэй байна.

Мөн үндэсний түүх, бичиг соёлын гайхамшгийг улам бүр нээн илрүүлж, дэлхий нийтэд таниулж байх нь эрдэмтэн мэргэд Та бүхний эрхэм үүрэг байх ёстой.

Монгол Улсад ардчилал, зах зээлийн харилцаа гүнзгийрэхийн хэрээр мэдээлэл, мэдлэгт тулгуурласан үндэсний эдийн засаг, инновацийн үр ашигтай тогтолцоог бий болгох шаардлага чухлаар тавигдах боллоо. Эрдэмтэд, судлаачдынхаа боловсруулсан эдийн засгийн үр ашигтай, өрсөлдөх чадвартай техник, технологийг хүлээн авч бойжуулах, инновацийн бизнесийг хөгжүүлэх, шинэ бүтээгдэхүүн, технологийн төслийг худалдан авч үйлдвэрлэлд нэвтрүүлэх талаар төр, шинжлэх ухаан, бизнесийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах шаардлагатай байна. Гадаадын шинэ технологийг өөрийн оронд үр дүнтэй нутагшуулах тухайд ч идэвх санаачлагатай ажиллах хэрэгтэй байгааг онцлон дурдая. Энд байгаль орчныг хамгаалах асуудал байнга анхаарлын төвд байх учиртай.

Төр засгаас шинжлэх ухааны салбарын санхүүжилтийн бүтцийг оновчтой болгож, зарцуулах хөрөнгийн хэмжээг мэдэгдэхүйц нэмэгдүүлэх шаардлагатай байгааг ч хэлье.

Энэхүү түүхэн ойгоор та бүхэн өнгөрсөн хугацааны ажил үйлсээ нухацтай дүгнэж, цаашид хийх ажлынхаа чиглэлийг чамбайруулан тодорхойлсон арга хэмжээнүүдийг авч байгааг сайшаан тэмдэглэхийн сацуу эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдын чадавхийг сайжруулах, дэлхийн шилдэг техник, технологи, инновацийг үйл ажиллагаандаа үр өгөөжтэй нэвтрүүлэн ажиллахыг хүсье.

Монголын Улсын шинжлэх ухааны салбар үргэлжид өсөн дэвшиж, үр өгөөж нь үлэмж их байх болтугай.


 МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ