Saturday, January 8, 2011

Гадаад хэлээр ярих нь харилцааны соёл мөн.

Англи хэлний хүсэх,хандах харилцаа
Англи хэлэнд хүсэх, хандах харилцааг илэрхийлэх гол   хэрэглэгдэхүүн бол  please болон  thanh you  гэх  хоёр  “шидэт” үг. Энэ хоёр үг гэр орон, төрөл төрөгсөд, дарга цэрэг, үйлчилгээний газар гээд хаа сайгүй хэрэглэгдэнэ. Манай монголчуудыг хараад байхад please  гэх үгнээс цэрвээд байгаа харагддаг. Энэ нь америкчууд биднийг бүдүүлэг, соёл багатай гэх сэтгэгдэлтэй болгодог ч байж магад. Хоёр соёл, хоёр хэл бие биедээ шилжин харилцааны хэрэгслэлийн үүрэг гүйцэтгэхдээ санааг илэрхийлэх арга хэрэгслэлээсээ хамааран бодит байдалд сөрөг гэх сэтгэгдэлийг ч үлдээж болдог.
Америкад хэн нэгэнд хандан хүсэх, гуйх хэрэг гарвал мэдээж хамгийн эхлээд
please  гэдэг үгийг заавал хэрэглэнэ .Please give me that pen; Could you please answer this letter?; May I please speak to Mrs. Goodman?; Please take off your coat; I'd like the check, please гэх мэт.  Заримдаа энэ үгийг зарлал, анхааруулгад ч хэрэглэх нь бий. Please keep off the grass; Please don't feed the animal.
Англи хэлний please гэх үгийг  will, could бүтэцтэй хамтатган хэрэглэнэ. Гэхдээ энэ хоёр бүтцийг хэрэглэхэд мэдрэгдэх бага зэргийн ялгаа бий.Will you (please) bring me some coffee?; Will you (please)get the bread from the kitchen and put it on the table гэх зэргээр will -тэй хэрэглэвэл таны хүсэлт арай эрс, шууд, огцом байдалтай сонсогдоно. Нарийн мэдрэмжтэй хүний эгдүүцлийг ч төрүүлж мэдэх. Харин Could  you  bring me some coffee?; Could  you get the bread from the kitchen and put it on the table  гэж хандвал арай элэгсэг, дотно, найрсаг байна. Энэ тохиолдолд please  гэдгийг бараг хэрэглэдэггүй. Зарим нөхцөлд хүсэлтээ  I'd like, I think  зэрэг өгүүлбэрээр хүсэх санаагаа бүтэцжүүлж: I'd like to have the vegetable soup, I think I'll have the vegetable soup гэж аялгаа зөв хуваарьлан хэлж болно. Үүнийг хэн ч шаардаж байна гэж ойлгохгүй. Харин will гэх үгийг хэрэглэн хүсэх санааг илэрхийлэхдээ please-ийг заавал хэрэглэдэг.
Монгол хэлний хэлж өгнө үү гэх зэргээр хүнд хандаж санаагаа илэрхийлэхдээ үгчлэн буулгаж Tell me please  гэж хандвал нэгд бүдүүлэг, хоёрт инээдэмтэй дуулдана. Түүний оронд өмнө хэлсэн  Could  you-гаа хэрэглээд байхад хүссэн хариултаа авахгүй ч гэсэн харилцаа сөрөг мэдрэмжгүйгээр  хэвийн байж болдог. Тэгэхлээр  Could you tell me...;Excuse me,could you tell me... гээд санаагаа залгаж хандвал нааштай хариу авах боломжтой. Бидний гадаад хэлээр ярихдаа хэрэглэдэг, бусдад ойлгогдож буудаггүй нэг бүтэц бол ...хэлж өгөхгүй юу гэхчлэн сөрөг утгат үг хэрэглэх явдал.Эндээс зоопарк яаж орохыг хэлж өгөхгүй юу гэхийг  үгчлэн Could you not tell me how to get  to the zoo from here гэвэл илэрхийлэл нь харилцагчид бараг л буухгүй болов уу, харин Could you please t tell me how to get  to the zoo from here; Excuseme, could you   tell me how to get  to the zoo from here; Could you  tell me how to get  to the zoo from here  гэвэл зөв бөгөөд сонсголонтой илэрхийлэл болно доо. Анзаарч байхад бидний монголоор байнга хэрэглэдэг (танд үзэг)байна уу? гэх хүсэлтийн үгчилсэн орчуулга  гадаад хэлээр ярихад өргөн хэрэглэгдэж, харилцаанд үл ойлголцлын хөрсийг бий болгох нь бий. Америк хүнд хандан  Do you have a pen? гэвэл ойлгох нь ойлголооч нэг л эелдэг, найрсаг биш дуулдана. Харин  Excuse me, would you have a pen/ might you have a pen?  гэвэл илүү ойлгомжтой байх болно.
Англи хэлний хүсэлт, санааг илэрхийлэх бүтцийг мэдэхгүй, мэдлээ ч зөв хэрэглэж сурахгүй бол гадаадын эзэнтэй байгууллагад ажил хийж байхад цөөнгүй бэрхшээл, буруу ойлголцол гардаг.
Профессор Пүрэвийн Увш

No comments:

Post a Comment