Тусгаар тогтнол, үндэсний эрх чөлөө гэдэг бол нийт монгол зонд хамаарах, бүр цаашилбал өмчлөх эрхтэй ойлголтыг хэсэг бүлэг хүнд хамаатуулан хүмүүсийн тархинд шингээн үлдээх зорилтот бодлогыг шинэ МАН хуучнаар МАХН “туйлбартай” хэрэгжүүлж ирлээ. Үүний тод илрэл нь маргааш нээлтээ хийх МАН-ын төв байрыг Тусгаар тогтнолын ордон хэмээн нэрийдэж байгаа явдал юм.
Нийгмийн дэвшил, ололт, амжилт бүхнийг өөрсдийн гавъяа гэж ярьдаг ч бүрэн улсын тусгаар тогтнолыг өмчлөх эрхийг тэдэнд хэн олгочихсон юм бэ. Тусгаар тогтнолыг ингэж хэлмэгдүүлж болно гэж үү.
Энэ үгийг эд хөрөнгө шиг ингээд өмчлүүлмээргүй байна. Монгол хүн болгоны зүрх, сэтгэлд уятай нандин зүйлээ хэн хүний хүссэн зоргоор барилгын нэр болгомооргүй санагдана. Монголын тусгаар тогтнолын төлөө юм бол МАН-ыг дэмж гэсэн ч юм шиг. Эсвэл Монголын тусгаар МАН гэсэн утга уу. Тэр ордон чинь Монголынх бус МАН-ын өмч.
Улс дотор өөрсдийн улс байгуулах гээд байгаа бол Үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна гэх бүрэн үндэстэй. Яагаад 100 мянга хүрэх үү, үгүй юу хүн Монгол Улсын бүрэн эрхийг өөрсдийн болгох гээд буйг ойлгохгүй байна.
Бүхнээс илүү нандин зүйлээ нэг намын байраар, тэр дундаа МАН-аар төсөөлж огтхон ч чадахгүй нь. Хэлмэгдүүлэлтийн эзэд нь энэ нам болохоос тусгаар тогтнолыг өмчлөгч нь биш.
Хуучин МАХН-ы өмчлөх шунал үүгээр дуусахгүй. Уг нь маш гүн гүнзгий утга агуулга бүхий Эрх чөлөөний талбай гэж одоогийн “Тэнгис” кино театрын зүүн талд байсан. Далан жил хойд хөршөөсөө шууд хамааралтай байсан монголчууд эрх чөлөөгөө дахин олж, өөрийн хэргээ дотооддоо шийдэхээр тэр л талбайд дүн өвлийн хүйтэнд цугларч байлаа. Зорилгоо ч биелүүлсэн. Тиймээс тэрхүү талбай Монголоо гэсэн хүн бүрийн сэтгэлд ямагт дулаахан, эрх чөлөөний үнэ цэнийг мэдрүүлэх шиг санагддаг. Гэтэл үүнийг МАН-ын гишүүдээс бүрдсэн НИТХ-ын олонхи Тусгаар тогтнолын талбай нэртэй болгосон. Тэр үед харин юу ч хэлээгүйдээ одоо харамсдаг олон хүнтэй дайралдаж явлаа. Яагаад гэвэл энэ эрхэм зүйлийг өдөр болгон сануулах талбай байх ёстой болохоор, МАН өмчлөөгүй, тийм эрх ч байхгүй гэж итгэсэн болохоор тэд дуугүй өнгөрсөн биз. Энэ талбайн ард хуучнаар Лениний музей буюу өнөөгийн нийслэлийн МАН бий. Тэр утгаараа энэ талбайг өөрсдийнхөө эзэмшил гэж ойлгодог болсон бололтой.
90 жилийн түүхэндээ нийгмийн тархийг дандаа л иймэрхүү үзэл суртлаар угааж, өөрсдийн байр суурийг бэхжүүлэхийг оролдож ирсэн нь түүхэн үнэн. 90 жилийн түүхийнхээ эхний 70 жил нийгэмд дангаар ноёрхсон хуучин МАХН-тай Монголын түүхийн өнгөрсөн зууны бүхий l хар толбо хамаатай. Эдгээр хар толбоос хамгийн эмгэнэлтэй нь 1937 оны хэлмэгдүүлэлт. Цусан гол урсгасандаа тэд нэг удаа уучлалт гуйсан бил үү. Монголоо гэсэн үе үеийн сэхээтнүүдийг толгой дараалан хэлмэгдүүлж, цөлж, амьдаар нь булшилж, ард иргэдээ зовлонгийн туйлд хүргэж байсныгаа харин тусгаар тогтнолын төлөө хийсэн гэж хэлэх нь.
Та нар бүхнийг өмчилж болох ч тусгаар тогтнолыг бол үгүй шүү. Энэ Монгол Улсынх.
No comments:
Post a Comment