Friday, June 23, 2017

Гадаад хэл бол харилцааны соёл мөн.

Хэдэн жилийн өмнө өөртөө болон англи хэл сурах хорхой, хэрэгцээ хоёр нь асч яваа залууст зориулан бичиж байсан хувийн тэмдэглэл маягын бичвэрээ хэрэг болох хүн байж магад гээд дахиад шууд байршуулчихлаа. Алдаа, эндэлийг нь уучлаарай.

Бид хэзээ, хаана, яах гэж, юу ярьдаг билээ гэдэг нь өөрөө сонин асуулт л даа.Үүний тулд ганц нэг салангад үг хэллэг цээжлэж, тогтоох биш, тухайн хүмүүс эх хэл дээрээ хэрхэн харилцдагийг мэдэх нь туйлаас чухал. Энэ нь нийгмийн хэм хэмжээг тохируулж, зохицуулж байдаг гол хөшүүрэг болох иргэдийнх нь харилцаа, биеэ авч явах хэм хэмжээ, зан үйлийн илрэл л хэлээр дамжиж, мэдээлэл солилцох (илгээх, хүлээн авах) үйл ажиллагаа болж байдаг. Энэ л хэм хэмжээ аливаа орны нийгмийн толь байж, иргэдийнхээ сэтгэл зүй, оюун ухаан, зан суртахуунд нөлөөлж, уламжлал, зан заншил, хэм хэмжээ, хэрэглээ, хүсэл, таашаалын илрэл болж байдаг. Англи хэл сурч байгаа хүн бол англиар ярьдаг орны оршин суугчид өөрийн уугуул голомт (privacy,personal)-ийн ойлголт, түүгээр бахархах, бусдаас илүүд тооцох сэтгэл зүйн тэр давуу чанарыг ойлгохгүйгээр тэр орны соёл, харилцаанд дүйсэн хэл яриа өрнүүлэх бараг боломжгүй. Байлаа ч үр дүн багатай, харилцагч талууд харилцаанаас сэтгэл, оюуны таашаал авч үлддэггүй. Эндээс л америкийн нийгмийн болон хэлний зан үйлийн гол зарчим ялгарч харагдана. Өөрөөр хэлбэл америкчуудын мэндлэх, танилцах, салж явах, магтах, харамсал, эмгэнэл илэрхийлэх, урих, баярлаж талархаснаа илэрхийлэх, уучлалт, өршөөл эрэх, алдаа эндэгдэлээ тайлбарлах зэрэг нь хэл талаасаа хэрэглээний нэгжүүдтэй, соёл талаасаа дагаж сахих хэм хэмжээтэй гэсэн үг. Америкчууд хэт эгэл, энгийн, дээр, дооргүй жигд харилцдаг, гадаадынхныг тэвчээртэй сонсдог гэх мэтийн тэнүүл яриа бас ч тийм биш харагдана. Тэд тухайн газар орондоо мөрддөг зан үйлийн хэм хэмжээг ярих, хийх, харилцах үйлийн аль ч хэсэгт ягштал барихыг хичээнэ. Та яаж харилцаж, хэрхэн тэндэхийн ёс жаягыг мөрдөж байна, тантай тэгж л харилцана. Тогтсон уугуул зан үйл, харлцаанаасаа гажаад таныг гадаад хүн гээд адилхан хэл ярианы ч болов зөрчил гаргаад байхгүй нь лавтай.


            Америк харилцаанд тулгарах эхний учрал бол мэдээж бие биедээ хэрхэн хандах, юу гэж авгайлах явдал байна. Америк харилцааг ажиж байхад (албан) харилцааны явцад манайх шиг хатуу эрэмблэл, зэрэглэл бага байдаг. Ганц, хоёр харилцаад бие биенээ нэрээр нь дуудаж, хэлцдэг ардчлал сайтай. Mанайхархуу Дарга аа, Багш аа, Эмч ээ гэж цоллох нь бага. Сайндаа л Mr.,Miss., Mrs гэж ханддаг. Харин энэ хандах үгийг зөвхөн овгийнх нь өмнө хэрэглэдэг. Өнөөгийн америкийн харилцаанд эдгээрийг барагтай бол хэрэглэхгүй дээ. Зарим тохиолдолд ёж утгатай болчих нь ч бий. Үйлчилгээ, харилцааны явцад танихгүй эрэгтэй хүнд хандах хэрэг гарвал харин Mister биш Sir гэж ханддаг. Sir гэж хандахдаа тухайн хүнийхээ нэр усыг (танихгүй болохоор) хэлдэггүй. Зүгээр л Sir, could you tell me how I can catch bus to Bloomington гэхэд болно. Харин Mister гэвэл энэ үгийн ард тухайн хүнийхээ овгийг (Mr. John) заавал хэлдгийг мартаж болохгүй. Танихгүй эмэгтэйд хандахаар бол Miss гэдэг үгийг хэрэглэнэ. Ахимаг насны эмэгтэйд залуучууд Madam ховорхондуу тохиолдолд Ma'am гэж хандах нь бий. Дээр хэлсэн Mister гэдэг үгийг хэрэглэдэгтэй адилаар Mrs гэдэг үгийн ард уг хүнийхээ овгийг (энэ эмэгтэй гэрэлсэн байдаг болохоор) заавал хэрэглэнэ. Та нэгэнт нас биед хүрсэн бол guys,girls, kids зэрэг балчир, энгийн, хээгүй байдлыг илэрхийлэх үгнээс аль болох зайлсийх нь зөв. Манайхан англи хэл сайн мэддэгээ харуулж байна гээд “guys” гэж хандах нь ялангуяа ахимаг насны хүнд сонсголонтой бус, бүдүүлэг төрхийг санагдуулдаг. Ер нь бол guys гэдэг нь дан залуус ,хөвгүүд ч биш, охид, хөвгүүд холимог байвал бас тэгж хандаж байгаа харагддаг. Олон нийтэд, хүйсийн хувьд холимог бүлэгт Ladies and Gentlemen гэж ханддаг. Харин boy, girl,woman гэж хандаж болохгүй. Эмэгтэй хүнийг Lady гэж дуудах нь бүдүүлэг хийгээд, ёж утга агуулж болдог. Хүүхдийг бол dear, honey, sweetie гэж дуудаж, харьцаж болдог. Америк ахуйд хүнд хандаж асуух, хариулт авахдаа эхний үгээ хэр зөв томьёолж илэрхийлсэнээс цаашдын харилцаа үргэлжлэх эсэх шалтгаална.
            Англиар асуулт зөв тавих тухайд америкчууд ихэвчлэн How are you? гэсэн асуултыг хариултыг нь баримжаалахгүйгээр автоматаар тавьдаг гэж хэлж болно. Гадаад хүмүүс энэ асуултанд бүр нэг чин санаанаасаа бодитой хариулах гэж оролддог нь монголчуудыг ч тойрдоггүй. Өөрөөр хэлбэл Таниар сонин юу байна? гэхлээр өөрт тохиолдсон бэрхшээл, золгүй явдал гэр орон, үр хүүхдийнхээ сурлага, амжилтыг нарийвчлан тоочино гэсэн хэрэг биш. Энэ асуулт бол ярианы эхлэл. Хэрэв америкчууд Hello/Hi, How are you? гэж асуухад бид Fine,and you? OK; pretty well; great; super; fantastic; I'm not complaning мэтээр хариулж болдог. Харин сүүлийн үед хар ярианд нэлээд газар аваад байгаа I'm good гэх хариулт бол утгын хувьд ч оновчтой биш, дүрмийн хувьд ч буруу юм. I'm fine. Fine; I'm good хоёрыг харьцуулж үзвэл fine нь нөхцөл байдлыг зааж байхад good нь тэмдэг нэр юм. I'm good гэдэг хэлцийг би сайн хүн ш үү гэж ойлгож болохоор. Монгол хэлний зүгээр, хэвийн зэрэг үгнүүдийг англи хэл дээр хэрэглэхдээ normal гэсэн үг хэрэглээд хэрэггүй, түүний оронд OK, I guess, not bad, Fine гэх үгс хэрэглэхэд л хангалттай. Англи хэлний How are you? гэх хэлцийн оронд How are you doing?; How are things? хэрэглэж болох ч сүүлийн How are things? гэсэн асуулт хүний хувийн хэрэгт дурласан, сонирхсон байдал харуулж болох тул бараг хэрэглэх шаардлагагүй дээ. Англи ярианд бас What's up / How is life(treating you) / How are you doing / What's new зэрэг эелдэг асуултууд хэрэглэж болдог. Эдгээр асуултанд америк хүн бүр амьдралд нь бэрхшээл гарсан, ажилгүй болсон, зовлон гуниг тээж яваа ч гэсэн ялгаагүй Fine гэж хариулах бий. Америкчууд амьдралд тохиосон бэрхшээл, ядуу, зүдүү байдлаа хүн бүртэй тэр бүр хуваалцаад байдаггүй, хамгийн ойр дотнын хүндээ Well, I've been having some problems lately, Not so great / hot Pretty bad/lousy гэх мэтээр проблемээ илэрхийлж харагддаг. Америкчуудын тэр бүр хөндөөд байдаггүй сэдэв бол эрүүл мэндийн байдал. Бие нь тааруухан байвал I'm not feeling well / I'm feeling a bit low гэх буюу санаа сэтгэл нэлээд доогуур байвал I'm feeling rotten, I'm in the dumps, I'm feeling a bit out of sorts гэх зэргээр хариулах нь бий. Заримдаа шууд I'm sick гэж байдаг.Ер нь америкчууд эрүүл чийрэг, бие, санаа түвшин байгаагаа яриандаа харуулахыг хичээдэг, харилцан ярилцагчаа ч сэтгэл санаа, эрүүл мэндийг нь дэмжиж Keep smiling (сэтгэлээ барь), take care (биеэ гамнаарай ) гэж зоригжуулж байдаг. Хэрэв америк хүн эрүүл мэндийн ноцтой асуудалтай бол тэр талаар нийтэд, ялангуяа үл таних хүнд зарлаад байдаггүй. I've been having some medical problems гэдгээр хязгаарладаг.

            Хэрэв америк хүн танд итгээд өвчин зовлонгоо яривал, та гэрийн болон эмнэлэгийн олон жор, ургамал, эм тариа тоочохын хэрэггүй. Тэгж сэтгэлийг нь туйлдуулаад яахав. Америкчууд итгэсэн хүндээ эрүүл мэндийнхээ нарийн ширийнийг нуудаггүй. Хавдар (cancer) , хортой хавдар (maliignant) байгааг The doctor thinks I have a malignant tumor/ cancer of the colon гэхчлэн шууд хэлдэг нь ерөөсөө эмч өвчтөнийхөө эцсийн оношийг гэр орноос нь ч асуухгүйгээр шууд хэлэхгүй бол эргээд хэрэгт орох магадлалтай холбоотой. Манайханы эрүүл мэндийн сэдэвт голлодог даралт, зүрх гэдэг ойлголт энд төдийлэн сонирхол татахгүй агаад ялангуяа даралтын талаар ярихдаа чухамхүү blood pressure гэж тодотгох (цаг агаарын даралт гэдэг ойлголт америкад бий) хэрэг гардаг.Зүрхний өөрчлөлтийн талаар ч америкчууд дурдаад байдаггүй. I'm having heart / cardiac problem гэс хийгээд өнгөрнө. Харин нэлээд ноцтой хэмжээний өөрчлөлтийг I am recovering from a heart attack гэх , эсвэл чимээгүй л өнгөрнө. Эмчилгээ хийлгээд эдгэрээд тэнхэрч байгаа хүнд You're looking great/wonderful гэж манжлахад л хангалттай. Тарга хүч нэмсэн, зузаарсан, цонхийсэн гэхчлэн тодотгол тэдэнд огт падлийгүй.

            Америкчуудын асуух дуртай нэг асуулт бол зочныхоо америкийн талаарх сэтгэгдэлийг сонсох явдал буюу How do you like America? гэж заавал асуудаг. Уламжлалт гэх үү өнгөц манж хариулт бол мэдээж It's great / wonderful / I like it very muth байна. I don't really know the country well yet; There are some thiongs I like and I don't гэхчлэн үнэлэмж оруулан хариулахад тэд төдийлэн дуртай биш байх бөгөөд таны талаар сөрөг сэтгэгдэл ч төрж магадгүй. Ер ньбол америкчууд мэдэхгүй зүйлээ I don't know/ I can't answer that I'd prefer not to talk about that гэхчлэн шулуухан хэлчих нь бий.
            Дахин учрахуй. Америкчууд хуучин танилтайгаа дахин учирч нүүр тулах тохиолдолд I haven't seen you in /for ages!;Long time no see; I am so plased / glad / happy to see you гэж уулга алдах нь ердийн How are you? гэх хэлцээс арай илүү сэтгэл хөдлөлийн агууламжтай байж болно. glad (баяртай байна), delighted (гайхамшигтай), (туйлаас баяртай байна) гэх нь бидэнд нэг л ойлгомж хомс мэт санагдаж болно. Гэхдээ энэ тийм нэг тансаг, албан хэрэглээний илрэл гэмээр. I'llbe happy to come to your party; I'm very happy with this suggestion; What a happy coincidence гэж таны урилганд хариулж байвал түүний сэтгэл нь хөдөлсөнөөсөө илүүтэй урилгад заавал ирэхэээ илэрхийлж байгаа хэрэг. Хэн нэгэнтэй албан болон хувийн яриа өрнүүлж байхад гуравдагч хүн дөхөж ирвэл нэн даруй түүнийг John (та Johnтой ярилцаж байжээ.) , this is my friend /colleadue Harold Jones гэж танилцуулах нь боловсон ёсонд нийцнэ.Энэ ээлж мэдээж тандтохиовол Nice / Pleased to meet you гэж хариулах бөгөөд тэр хүнтэй өмнө нь уулзаж байсан бол We've met, Nice to see you again гэж хариулах бөгөөд meet гэдэг үгний оронд see гэж хэрэглэх нь өмнө нь уулзаж байснаа сануулж байгаа хэрэг. Mэдээж салж явахдаа Plased to /meet / have met you гэж хэлэн толгой дохих буюу гар барина.

            Утсаар ярихсоёл болон хэрэглээ. Хэн нэгэн рүү утсаар ярих хэрэг гарахад утасыг өөр хүн авч байвал Hello, may I speak to Mr. ...; Could I please speak to Mr.... гэж асуухад болно. Хэрэв жижүүр, нарийн бичгийн дарга утас авбал Good morning; Good afternoon гээд байгууллагынхаа нэрийг хэлээд юугаар тус болохоо асуух вий , энэ нь товчловол ердөө Hello гэж байгаа нь тэр. Таныг хэрэгтэй хүнээ асуухад He'll be with you in a few minutes гэвэл тэр хүн тун удахгүй хоёр, гурван мөчийн дотор ярина гэж байгаа нь тэр. Ярих гэсэн хүн чинь холбогдоод та өөр ажил давхцаад байвал Please, just give me a few minutes; I'll with you in a few minutes гэж хэлж болох бөгөөд бидний өдөр дутам хэрэглэдэг just a minute/moment нь нэлээд бүдүүлэгт тооцогддог байна. Right away нь тун одоохон яг одоо гэсэн ойрын хугацааг заана. Утасаа түр барьж байхыг Could you hold for /a minute /a few minutes, please гэж хүсэмжлэвэл мэдээж yes, sure/of course гэж хариулах бөгөөд үнэнхүү хүлээж чадахааргүй бол I'm really pressed for time-do you think it /he will be long ? гэж асууж болох юм.

            Америкад сэтгэл ханамжтай байгаагаа, харилцаа үр дүнтэй болсонд талархах хэрэг гарвал ердөө л Thank you гэхэд болно. Яаруу, давчуу болон албан бус үед амны үзүүрээр Many thanks гэхэд болоод явчихна. Xарин манайханы хэлэх дуртай “Маш их баярлалаа” гэхээр бол Thanks so much/ Тhanks a lot / Тhanks a million / I am so grateful to you / I really appreciate that / your help / the advice / I won't forget this гэж хэлж болдог. Xарин I won't forget this гэж хэлэхдээ цаад хүн чинь танд ямар нэг тус үзүүлэх, эсвэл урамшуулахаар болсон ч гэхээр харилцааны үед хэлэгдэж харагддаг. Thank you гэх талархалын утгатай үг тухайн яриа өрнөж байгаа нөхцөл байдлаас болж Yes, No гэх үгсээр тодотгогдож болдог. Хэрэв танд дахиад цай уухыг санал болголоо гэхэд та татгалзмааргүй байвал Yes, please/ Thank you, I'd love some гэх юм уу, дахиж уумааргүй байвал No, thank you гэж болно. Харин манайхан хааяа хэрэглээд байдаг I don't mind гэсэн хариулт буруу гэнэ шүү. Тэгэхлээр хэрэв та талархахдаа зөвхөн Thank you гэж хариулбал ихэвчлэн эерэг санааг агуулах нь ээ. Thank you гэдэг үгийг дэлгүүр, хоршоо, цай умданы газар, ажил дээрээ, банкнаас мөнгө авахдаа гээд болох л газар нь хэлж яваарай. Ямар гарзтай юм биш. Харин ч яриаг үр дүнтэй болгож дуусгах, дараагийн ярианы угтал болох сайн талтай байдаг. Америкад даргадаа загнуулаад зогсож байхдаа ч Thank you, Sorry хоёроо хэлээд зогсож байхад учиртай шүү.

            Баярлалаа ( Thank you ) гэсэн талархалын хариуд голцуу You're welcome гэж хариулахаас гадна албан харилцаанд Don't mention it / my plesure гэж хариулна. Харин хар ярианд болон залуу хүмүүс хоорондоо No problem/ No sweat гэж харилцаж харагддаг.

            Америкийн орчинд талархал илэрхийлэхгүй байх, талархалд хариу өгөхгүй байх хийгээд хуурамчаар эелдэг, боловсон мэт авир гаргаж , хэт бөхөлзөхийн аль аль нь төдий л тааламжтай харагддаггүй. Юманд учир, хэмжээ гэж байдаг хойно.

            Англи хэлэнд хүсэх, хандах харилцааг илэрхийлэх гол хэрэглэгдэхүүн бол please болон thanh you гэх хоёр “шидэт” үг. Энэ хоёр үг гэр орон, төрөл төрөгсөд, дарга цэрэг, үйлчилгээний газар гээд хаа сайгүй хэрэглэгдэнэ. Манай монголчуудыг хараад байхад please гэх үгнээс цэрвээд байгаа харагддаг. Энэ нь америкчууд биднийг бүдүүлэг, соёл багатай гэх сэтгэгдэлтэй болгодог ч байж магад. Хоёр соёл, хоёр хэл бие биедээ шилжин харилцааны хэрэгслэлийн үүрэг гүйцэтгэхдээ санааг илэрхийлэх арга хэрэгслэлээсээ хамааран бодит байдалд сөрөг гэх сэтгэгдэлийг ч үлдээж болдог.

            Америкад хэн нэгэнд хандан хүсэх, гуйхаар бол please гэдэг үгийг заавал хэрэглэнэ. Please give me that pen; Could you please answer this letter?; May I please speak to Mrs. Goodman?; Please take off your coat; I'd like the check, please гэх мэт. Заримдаа энэ үгийг зарлал, анхааруулгад ч хэрэглэх нь бий. Please keep off the grass; Please don't feed the animal.
Англи хэлний please гэх үгийг will, could бүтэцтэй хамтатган хэрэглэнэ. Гэхдээ энэ хоёр бүтцийг хэрэглэхэд мэдрэгдэх бага зэргийн ялгаа бий.Will you (please) bring me some coffee?; Will you (please)get the bread from the kitchen and put it on the table гэх зэргээрwill -тэй хэрэглэвэл таны хүсэлт арай эрс, шууд, огцом байдалтай сонсогдоно. Нарийн мэдрэмжтэй хүний эгдүүцлийг ч төрүүлж мэдэх. Харин Could you bring me some coffee?; Could you get the bread from the kitchen and put it on the table гэж хандвал арай элэгсэг, дотно, найрсаг байна. Энэ тохиолдолд please гэдгийг бараг хэрэглэдэггүй. Зарим нөхцөлд хүсэлтээ I'd like, I think зэрэг өгүүлбэрээр хүсэх санаагаа бүтэцжүүлж: I'd like to have the vegetable soup, I think I'll have the vegetable soup гэж аялгаа зөв хуваарьлан хэлж болно. Үүнийг хэн ч шаардаж байна гэж ойлгохгүй. Харин will гэх үгийг хэрэглэн хүсэх санааг илэрхийлэхдээ please-ийг заавал хэрэглэдэг.

            Монгол хэлний хэлж өгнө үү гэх зэргээр хүнд хандаж санаагаа илэрхийлэхдээ үгчлэн буулгаж Tell me please гэж хандвал нэгд, бүдүүлэг, хоёрт инээдэмтэй дуулдана. Түүний оронд өмнө хэлсэн Could you-гаа хэрэглээд байхад хүссэн хариултаа авахгүй ч гэсэн харилцаа сөрөг мэдрэмжгүйгээр хэвийн байж болдог. Тэгэхлээр Could you tell me...;Excuse me,could you tell me... гээд санаагаа залгаж хандвал нааштай хариу авах боломжтой. Бидний гадаад хэлээр ярихдаа хэрэглэдэг, бусдад ойлгогдож буудаггүй нэг бүтэц бол ...хэлж өгөхгүй юу гэхчлэн сөрөг утгат үг хэрэглэх явдал.Эндээс зоопарк яаж орохыг хэлж өгөхгүй юу гэхийг үгчлэн Could you not tell me how to get to the zoo from here гэвэл илэрхийлэл нь харилцагчид бараг л буухгүй болов уу, харин Could you please t tell me how to get to the zoo from here; Excuseme, could you tell me how to get to the zoo from here; Could you tell me how to get to the zoo from here гэвэл зөв бөгөөд сонсголонтой илэрхийлэл болно доо. Анзаарч байхад бидний монголоор байнга хэрэглэдэг Танд үзэг байна уу? гэх хүсэлтийн үгчилсэн орчуулга гадаад хэлээр ярихад өргөн хэрэглэгдэж, харилцаанд үл ойлголцлын хөрсийг бий болгох нь бий. Америк хүнд хандан Do you have a pen? гэвэл ойлгох нь ойлголоо ч нэг л эелдэг, найрсаг биш дуулдана. Харин Excuse me, would you have a pen/ might you have a pen? гэвэл илүү ойлгомжтой байх болно.

            Англи хэлний хүсэлт, санааг илэрхийлэх бүтцийг мэдэхгүй, мэдлээ ч зөв хэрэглэж сурахгүй бол гадаадын эзэнтэй байгууллагад ажил хийж байхад цөөнгүй бэрхшээл, буруу ойлголцол гардаг.
Салж явах цаг тулахад бид товчхоноор Баяртай, 3а би явья даа гэхчлэн товчдуу санаагаа илэрхийлдэг бол америкчууд яриагаа дуусгахдаа нэлээд нуршуу өгүүлбэр хэрэглэж харагдана. тухайлбал It was nice talking to you. I really should be (going) running along /I 'll be seeing you / I won't keep you / Hope to see you soon / I'll be in touch / Stay well, Good-bye гэх хэлцүүдийн нэгийг тухайн байдалдаа дүйцүүлэн сонгон хэрэглэх жишээтэй. Хэрэв хэн нэгэнтэй өглөө таараад, тэр өдөртөө дахин уулзахаар болзсон бол See you later гэж хэлж болно. Ер нь бол яриа өндөрлөж салж явах үед түгэээмэл хэрэглэх хэлц нь Good-bye , Bye , бас See you soon, Take care гэж ч хэлдэг. Хэрэв өдөр дунд хоёр тийшээ болж байвал Have a good afternoon , орой 5-6 цагийн багцаанд бол have a good evening гэж болно. Мэдээж энэ талархалын хариу нь you too байна. Гадаадад байгаа монголчуудын дунд энэ хэллэгтэй холбоотой нэг явган шог явдаг. Нэгэнтээ нутгаас ирсэн нэгнийг цайны газар ажилд оруулж өгөөд дээрх талархал хэлсэн хүнд you too гэж хариулдагыг найз нь сайн ч ойлгуулж. Тэр үед хоёр хүнд энэ үгийг хэлэх таарч... Дараа нь шинээр ирсэн залуу ганцаараа бие даагаад ажиллаж байтал нэг үйлчлүүлэгчийн баярласнаа илэрхийлсэн талархалын хариуд мань хүн англи хэлний Too (бас) гэхийг хоёр гэж ойлгоод хүнийх нь тоогоор (Two) хариу хэлдэг юм байна гэж цээжилсэн болохоор You one гэж хэлж хөглөсөн гэдэг. Бас have a good night гэх зэрэг талархалын хариуд We too гэж хариулж явсан хүний нэг нь миний бие байсан бөгөөд одоо эргүүлээд бодохлоор харилцагч маань юу гэж бодож ойлгож байсан бол гэхээс сонин санагддаг. Ер нь бол ийм оновчгүй, инээдэмтэй хариултууд ихэвчлэн ганц нэг үг, үгүүлбэрийг салангад цээжилснээс, бодит харилцааны үед санаанд буудаггүй болохоор хэлэн дээр эргэлдсэнийг шүршиж байгаа нь тэр. Яахав дуугүй байснаас дээр. Аяндаа сурна даа.


            Уулзалт, ярианы төгсгөлд хамтран ярилцагчдаа амжилт, сайн сайханыг хүсэхээр бол All the best, Good luck гэхэд болно. I wish you success гэх нь хэтэрхий ёсорхуу, албаны хуурай хэллэг байж болох талтай, бас монгол хэлний Tанд амжилт хүсье гэдгийн шууд орчуулга ч баймаар. Уулзалт ярианы төгсгөлийн үеийн нэг хэсэг бол хэн нэгэнд мэнд дамжуулах хүсэл байвал тэр үед My (best) regards to.../ please give my (best) regards to...гэх буюу товчлосхийгээд My best to..../hello to.../Say hello to... from me , найз, нөхөд, садан төрлийн хүнд бол give my love to... гэхчлэн санаагаа илэрхийлж болно.
(Үргэлжлүүлэх бодол бий.)

No comments:

Post a Comment