Monday, November 8, 2010

Бага хаадын үхэл хийгээд бардам түшмэдүүдийн зовлонгийн тухай

Мандуул хаан ор суумагц Монголын дотоод хямрал тэмцлийг намжааж, төр улсаа төвхнүүлэхийн төлөө “цэрэг морио тэгшлэн” юуны түрүүнд хаан ахын хөвгүүн Махкурсыг алсан ялыг асуун Долоон түмэд /7 отог/ -ийн Доголон тайжийг довтлон цохиж эрхэндээ оруулав. Улс орны амгаланг бодолцож Уйгудын Бэгэрсэнд Борогчин гүнжийг, Цэгүд аймгийн хошой тавнанд Эгшиг гүнжийг өгч төрийн ураг барилдахуй ёсоор эв найрыг эрхэмлэн Бэгэрсэнд улсын тайш өргөмжлөв.
Энэ үед Урианхайн хутагт Шүүстэй баатар Ойрадын голын мянганы Өгөөдэй тайбу, Харчны Булай, Сартуулын Баянтөр мэргэн, Баяндай ахлах зэрэг Ойрадын дөрвөн баатарын хамтаар Хархуцаг мэргэн тайжийн хүү Агваржин жононгийн ач Баянмөнхийг өөрийн охин Шихэрийн хамт хүргэж ирсэнд Мандуул ихэд талархан “Боржгоны үрс үл тасрах болтугай” гэж түүнд “болох жонон” цол шагнаж, Ойрадын дөрвөн баатарт “Дархан” цол соёрхож Урианхайн хутагт Шүүсийнхнийг үрийн үрд “хуримын бэлэг” шагнахаар тогтож “зайсан” ноён болгожээ.
Мандуул хаан, Болох жонон, Ойрадын дөрвөн баатартай хүч хамсран “Молон хааны учир хариу нэхье” хэмээн тохирч, Оннигуудын Муулихай ванг дайлахаар шийдвэрлэсэнд хорчны баатар Шүүстэйн хүү Өнөболд ван /ноён Болд ч гэж гардаг/ Мандуул хаанд золгож Есүхэйбаатар эцэг маань бүлгээ. Өэлүн эхээс Хасар, Хачун, Отчигин бид нэгэн хэвлийтэй бөлгөө. Манай эцэг Хасарыг эзэн Богд дагуулан Сочил эхээс төрсөн Бэгтэрийг хороож, Бэлгүдэйг дагуулав. Түүний өшөөгөөр эдүгээ Молон хаан хорлогдов. Түүний ялыг би асууя гэж цэрэглэн мордож Муулихай ванг дайлж, Молон хааны үед алдсан “Алт суулгасан болд дуулга” –ыг авч ирэв. Ийнхүү “Хавт Хасарын хойчис /үр/, хааны үрд /төрд/ бас нэг тус хүргэсэн нь энэ” гэж түүхэнд тэмдэглэгдэн үлджээ.
“Болох Жонон” Баянмөнх Мандуул хаанд хүч хавсран, эрх мэдэж “Зүг зүг туг хийсгэн” бутарч сарнисан Зүүн Монголын ноёдыг хураамжлан зургаан түмнийг төвшитгөж, хаан, жонон хоёр эв эеэ нэгтгэж дотоодын самууныг дарж, ард олныг амар жимэр болгожээ. Гэтэл Уйгудын Исмайл, Даян өндөрийн харуулын захирагч Дэргэн хан хоёр хамсан Бэгэрсэнг хороож улмаар Мандуул хаан, “болох жонон” Баянмөнх хоёрын эсрэг томоохон эвсэл байгуулан тэмцэж эхлэв.
Мандуул хаан, “болох жонон” хоёрын хооронд зөрчил үүсэн, эвдрэлцсэн учрыг түүх сударт нарийн тодорхойлж тэмдэглэн үлдээжээ.
Мандуул хааны хүчин буурч, насан өтөлж, өвчин хуучинд дарагдан доорхи түшмэд ноёд нь тус тусдаа туг хийсгэн салсан үед Мандухай сэцэн хатан олон жил үргэлжилсэн ихэс дээсийн самуун байдал, дотоодын хямралыг зогсоож, хааны эрх мэдлийг сэргээхийн төлөө хүчлэн чармайж, долоохон настай Батмөнхийг хааны ор суулгаж, өөрийн биеийг үл огоорон төрийн хэрэгт зольсноор Монголын төр дахин сэргэн мандах эхлэлийг тавьж чадсаныг түмэн олон уншигч авхай нар бэлхнээ мэдэх бөлгөө. Унасан төр, алдарсан улсыг сэргээсэн Батмөнх Даян хааны үе шиг Монгол орон маань мандан бадрах болтугай.
     Минжүүрийн Далайхүүгийн бичсэн дээрх өгүүллийг бүрэн  эхээр нь      http://tsahimurtuu.mn/24tsag/2010/09/14/1886 -аас уншина уу.

No comments:

Post a Comment