Tuesday, November 16, 2010

Индианагийн Их сургуулийн түүхэнд ерөнхийлэгчдийн гүйцэтгэсэн үүрэг, удирдлагын онцлог

                       
                     Америкийн их, дээд сургуулийн хөгжилд багагүй  үүрэгтэй нэг хүчин зүйл бол тэднийг удирдаж байгаа менежерийн ажлын арга барил, бодлогын цар хэмжээ, төлөвлөсөн ажлын биелэлт байна. Бид  энэ удаад Америкийн Индиана муж улсын Блүүмингтон хотноо байрлах Индианагийн Их сургуулийн түүхэн замнал, сургуулийг удирдаж байсан ерөнхийлэгчдийн удирдах  ажлын онцлогын талаар өгүүлэх  болно.
                    Индианагийн Их сургууль оршин тогтнож ирсэн 220 гаруй жилийн хугацаанд 18 ерөнхийлэгчийн нүүр үзсэн байдаг юм.
Тэдгээрээс нэг хүн (Жозэф Свэин, 1902-1937) захиралын албыг 35 жил хашиж, Алфред Райорс (1852-1853) гэдэг захирал ердөө  6 сар сургууль удирдсан байдаг. Хамгийн залуу удирдагч ( Дэвид Жордан) 33 настайдаа  захирал болж байсан бол Жон Лафроп  60 настайдаа захиралаар томилогдож байжээ. Захиралуудаас Жозэф Свэин, Жозэф Свэин, (Х)Эрман Б Уэльс нар Индианагийн уугуул иргэд,  Уиллиам Брайн,  (Х)Эрман Б Уэльс, Жон Райн, Уилиам Дэили, Жозэф Свэин  нарын таван ерөнхийлэгч Индианагийн Их сургуулийн төгсөгчид, Эндрю Уаил, Алфред Райорс, Жон Лафроп, Сирус Натт , Лимуэл Мосс, Элвис Стар, Майлс Брэнд, Аадам Хөрбөрт зэрэг найман хүн америкийн өөр их дээд сургуулийг удирдаж явсан[1] байдаг.
          Индианагийн одоогийн 18 дахь ерөнхийлэгч Майкл Макробби юм.  Австрал гаралтай энэ эрхэм Австралын их сургуульд докторын зэрэг хамгаалж, тэндээ 6 жил ажилласан, 1997 оноос Индианагийн Их сургуулийн удирдлагад орж ажиллаж эхэлсэн байдаг.  Сургуулийн захиралын албыг  2007 оноос хашиж байгаа. Ерөнхийлэгчээр ажиллах хугацааныхаа   үйл ажиллагааны гол чиглэлийг 2010 он гэхэд сургуулийн хөтөлбөрийн санхүүгийн хангамжийг хоёр дахин нэмэгдүүлэх зорилгод чиглүүлсэн бөгөөд  Индианагийн Их сургуулийн биологийн  болон  хүмүүнлэгийн шинжлэх ухаан, урлагын бүтээлийг дэмжих зэрэг олон салбарт бодлого боловсруулан хэрэгжүүлж, сургуулийнхаа санхүүгийн боломжийг олон сая долларын  эх сурвалжаар баяжуулж чадсан, ажиллагчдынхаа хүндлэл, талархалыг  хүлээж байгаа ерөнхийлэгч юм. 2010 онд сургуулийнхаа нийт бүрэлдэхүүнд илгээсэн ил захидалдаа  энэ сургууль 16,000 орчим багшлах бүрэлдэхүүнтэй, 100,000 гаран оюутантай, 27 миллиард долларын санхүүгийн нөөцтэй, 2009 онд 609 сая гаруй долларын сургалт, судалгааны тэтгэлэг oлж хэрэгжүүллээ гэсэн байсан.
Индианагийн Их сургуулийн 17 дахь ерөнхийлэгч Аадам Херберт. Тэрээр 2003-2007 онд Индианагийн Их сургуулийн ерөнхийлэгчээр ажиллахаас өмнө  Флоридагийн муж улсын их сургуулийн дэд ерөнхийлэгч, Өмнөт Флоридагийн их сургуулийн ерөнхийлэгч, Цагаан ордонд  эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгаалалын  асуудал эрхэлсэн нарийн бичгийн даргын туслах зэрэг алба хашиж байжээ. Тэрээр  ерөнхийлэгчээр ажиллах хугацаандаа эрдэм мэдлэгийн уурхай болсон энэ ариун дагшин газраас номын үр шимийг хүртэгчдийн  тоог нэмэх, чанартай боловсролоор үйлчлэх гэсэн нэгэн үзүүрт сэтгэлээ шингээж ажиллаж явсанаа эрх мэдлээ шилжүүлэх мөчийн дурсамжиндаа өгүүлсэн байдаг. Энэ ерөнхийлэгч  сургалт, судалгаа, нийгмийн  өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхэд олон нийтийн зүгээс гарч байгаа санаачлага, боломж, бололцоог дайчлан шуурхай ажиллаж, сургалтын хөтөлбөрийн иж бүрэн өөрчлөлтийг удирдаж хийлгэн хэрэгжүүлсэн  нь сургуулийн санхүүгийн бүтэцэд 1,7 миллиард долларыг нэмж оруулсан.Аадам Хербертийн удирдах үйл ажиллагаандаа барьсан нэг чиглэл бол  онолын суурь судалгаанаас гадна шинжлэх ухааныг  хүний өргөн хэрэглээний хэрэгцээг хангахад чиглүүлж, энэ салбарт Индианагийн Их сургуулийг тэргүүлэх байр сууринд хүргэж чадсан юм. Тэрээр индианагийн Их сургуулийн найман хотхоныг зах зээлийн мэдрэмжтэй, зорилгодоо баримжаалсан үйл ажиллагааг хэрэгжүүлэгч болгон хөгжүүлж, их сургуулийг Индиана муж улс дахь олон нийтийн коллежуудтай хамтын ажиллагааг нь  өргөжүүлэн бэхжүүлсэн. Аадам Херберт их сургуулийн барилга, тоног төхөөрөмжийг өргөтгөх, бэхжүүлэхэд ихээхэн анхаарч сүүлий 30 жилд хийгдээгүй өөрчлөлтийг  хийж,  3 сая   метр квадрат талбайд сургалт, үйлчилгээ, ахуйн зориулалттай  барилга, төвүүд барьсаны дийлэнх нь ажилтан, оюутаны бие бялдарын өсөлт, чийрэгжилтэнд үйлчлэх спорт, биеийн тамирын төхөөрөмжүүд байлаа. Энэ ерөнхийлэгчийн үед Индианагийн Их сургуулийноюутаны хотхонд амьдарч, явуулж байгаа бодлого,үйл ажиллагааг нь хэвлэл, мэдээлэлийн хэрэгсэлээс уншиж танилцаж байсаны хувьд нэмж ганц, хоёр санааг хэлмээр байна. Монгол улсын гурав дахь ерөнхийлэгч Нацагын Багабандийг Индианагийн Их сургуулийн ХҮНДЭТ ДОКТОР болох ёслол дээр ноён Багабанди болон төгсөгчдөд хандаж хэлсэн үг нь агуулга төгс, утга нарийн, захирал хүний, эцэг хүний анхаарал, халамж, бодлого захиас нэвт шингэсэн байсанд энэ хүний ухаан, ажлын мэдлэг, цаг үедээ тохируулан бодлогоо дэвшүүлэх чадварыг нь бишрэн сууснаа мартдаггүй. Энэ ерөнхийлэгч Индианагийн Их сургуулийн оюутаны хотхоныг тамхигүй орчин болгох зорилт дэвшүүлж, хэрэгжүүлж эхэлж байсаныг сургуулийн одоогийн удирдлага үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна. Түүнчлэн их сургуулийн бие засах газрыг хүйс харгалзахгүй үйлчилдэг болгох талаар яригдаж байсан бөгөөд одоо их сургуулийн хотхонд тийм бие засах газар мэр сэр тааралддаг. Энэ ч бас хүний хэрэгцээнд баримжаалсан бодлого юм билээ.
Майлс Брэнд бол Индианагийн Их сургуулийн 16 дахь ерөнхийлэгч байлаа.Тэрээр Индианагийн Их сургуулийн зах зээлийн ид цэцэглэлтийн үеийн удирдагч байсан юм. Энэ үед оюутны элсэлтийн тоо, чанарт ахиц гарч, мэдээллийн технологиор үндэсний хэмжээнд хошуучлан, хүмүүнлэгийн болон урлагын салбарт уламжлалт хийгээд орчин үеийн арга билэг хослож, 2001 онд  TIME MAGAZINE сэтгүүл Блүүмингтоны Индианагийн Их сургуулийг судалгааны их сургуулиудаас   оны тэргүүний коллежоор зарлаж, тус сургууль  хувийн салбарын дэмжлэг хүлээдэг төрийн сургуулиар шалгарч байсан нь ерөнхийлэгчийн удирдах арга барилын нэгэн илрэл гэлтэй.
Томас Ээрлих Индианагийн Их сургуулийг долоон жил удирдахаасаа өмнө Станфордын Их сургуулийн  хуулийн профессор,Xуулийн сургуулийн захирал, Нийтийн үйлчилгээний корпорацийн ерөнхийлэгч, Олон улсын хөгжлийн агентлагын захирал,  Пенсильваниагийн  их сургуулийн дэд захирал зэрэг алба хашиж байжээ.  Хувийн болон төрийн байгууллагад ажиллаж байсан туршлага дээрээ тулгуурлан энэ хоёр салбарыг боловсролын салбарт  оновчтой хослуулан хөгжүүлж байлаа.
- Жон Уилиам Райн энэ сургуулийн захиралаар 16 жил ажиллахдаа Шинэ Албани, Ричмонд хотуудад оюутаны хотхон байгуулж, Блүүминтонд соёл, үйлчилгээний шинэ, шинэ салбарууд нээснээс гадна,  сэтгүүл зүйн салбарын тогтолцоог бий болгож, үндэсний хэмжээний салбар болгосон байдаг.
Жозэф Лии Сатн 1968 онд ерөнхийлэгчээр сонгогдохоосоо өмнө тус сургуулийн удирдах бүрэлдэхүүнд  13 жил ажилласан байдаг. Ерөнхийлэгчээр жил гаруй ажиллаж, сайн дураараа огцорсон тэрээр номын сангийн хангамж, хүртээмжийг арвижуулах, суурийг нь бататгахад багагүй анхаарал тавьж ажиллаж байсан талаар түүний намтар,  холбогдох бичиг баримтад дурссан байна.
 Индианагийн Их сургуулийн 12 дахь ерөнхийлэгч Элвис Стар ийн үед  Гэри , Калумэт  хотод  оюутаны хотхон бий болж,  Форт Вэин хотод Индианагий Их сургууль, Пурду-гийн Их сургуулийн хамтарсан  хотхон баригдах суурь тавигдсан байна. Мөн энэ хугацаанд мэдээлэл зүйн шинжлэх ухаан, номын сангийн сургууль байгуулагдаж байсан нь түүний дайчин, шинийг сэдэгч, төлөвлөсөн ажлаа заавал хэрэгхүүлдэг, зоригтой удирдагч байсаныг харуулж байна. 
 (Х)Эрман Б Уэльс 35 насандаа   энэ сургуулийн 11 дэхь ерөнхийлэгч болсон нь америкийн их дээд сургуулийн түүхэнд хамгийн залуу удирдагчид тооцогдож байлаа.Индианагийн их сургуулийн ерөнхийлэгчээр 25 жил ажиллаж, дараа нь 35 жилийн туршид тус сургуулийн гол, гол албыг хашиж явсан энэ хүндтэй хүн болох  (Х)Эрман Б Уэльс Индианагийн Их сургуулийн амьд түүх, тэдний бахархал болон мөнхөрсөн юм.  (Х)Эрман Б Уэльсийг Индианагийн Их сургууль байнга санан дурсаж, дурсгалыг нь мөнхжүүлж байдагийн нэг жишээ бол 2010 онд тус сургууль төв номын сангаа түүний нэрэмжит болгож, одоо энэ номын сан Улсын хэмжээндээ нэгд тэргүүлж яваа сургалт, судалгаа, үйлчилгээний төв юм. Индианагийн Их сургуулийн гол их хаалгаар орсон хэн бүхэн, мөнх ногоон цэцэрлэг дунд амран суугаа  (Х)Эрман Б Уэльс (хөшөө) -тэй гар барин мэндлэж, цаашаагаа их сургуультай танилцахаар зам замаа хөөн  оддог билээ(Х)Эрман Б Уэльсийн үед л Индианагийн их сургуулийн гадаад харилцаа өргөжиж, олон улсын хүрээнд танин мэдэгдэж, сургалт, судалгааны ажлын гадаад харилцаа хамгийн үр өгөөжтэй үед тооцогдож байлаа. Индианагийн Их сургуулийн бодит түүх болсон энэ хүний амьдралын замнал,  удирдах арга барилын онцлог, хүрч байсан үр дүнг нь энэ бичвэрийн эцэст нэлээд дэлгэрэнгүй авч бичих бөгөөд энэ хүний ажлын арга барил, хүнтэй ажиллаж байсан ур ухаан манай боловсролын салбарын менежерүүд, байгууллагын дарга, төрийн албан хаагчдад тустай байна гэж найдаж байна.
(Х)Эрман Б Уэльс Индианагийн Их сургуулийн захиралаар 25 жил, сургуулийн дэд ерөнхийлэгч, хөрөнгө оруулагч, ивээн тэтгэгчээр дахин 35 жил ажилласан, энэ сургуулийн сайн сайхан, хөгжил цэцэглэлтийн төлөө оюутан ахуй цагаасаа насан хутагыг олтлоох бүхий л  амьдралаа зориулсан Индианчуудын бахархал болсон домогт хүн байлаа. Энэ ерөнхийлэгчийн үед Индианагийн Их сургууль ид цэцэглэн хөгжиж, гадаад нэр хүнд нь өсөн нэмэгдэж, сургалт, судалгааныхаа далайц, хамрах хүрээгээ дэлхий нийтэд  хүргэж чадсан билээ. Энэ ерөнхийлэгчийн ажлын арга барил, удирдах ур чадварын талаар энэ өгүүлэлийн төгсгөлд арай дэлгэрэнгүй авч үзнэ.
Индианагийн Их сургуулийн арав дахь ерөнхийлэгч Уиллиам Брайн
гүн ухаанаар мэргэшсэн, Америкийн сэтгэл судлалын холбоог үүсгэн байгуулалцаж, гол гишүүн нь явсан хүн. 12902-1937 оны хооронд ерөнхийлэгчийн албыг хашиж 76 насандаа тэтгэвэрт гарсан энэ эрхэм Индианагий Их сургуулийг хүмүүнлэгийн баримжаатай энгийн уламжлалт бяцхан коллежоос орчин үеийн судалгааны томоохон их сургуулийн зиндаанд хүргэсэн. Түүний хэрэгжүүлсэн нэг бодит алхам бол дипломын дараах болон мэргэшсэн сургалтыг өргөжүүлэн бэхжүүлсэн байдаг. Энэ ажлын хүрээнд анагаах ухааны,  сувилагчийн , бизнесийн, хөгжмийн, шүдний эмнэл зүйн сургуулиуд сууриа тавьсан байна.
           1893-1902 оны хооронд Индианагий Их сургуулий тэргүүлж байсан Жозэф Свэин бол Индиана муж улсад төрсөн анхны ерөнхийлэгч байлаа.  Математик, биологийн чиглэлээр мэргэшсэн энэ ерөнхийлэгч сурч төгссөн сургуульдаа багшилж байгаад, урилгаар удирдах алба хашсан энэ хүний хүнтэй ажиллах ур чадвар, мэргэжлийн чанар, чансааг өргөх талаар хийсэн ажил нь үнэлэгдсэн байдаг. Жозэф Свэин 1902 оноос Свартмор Коллеж ийн ерөнхийлэгчээр ажиллаж байжээ.
          Жон Мэрл Каултэр Индианагий Их сургуулийн наймдахь ерөнхийлэгч байх үед тус сургуулийн дийлэнх багш нар өмнө нь ерөнхийлэгчээ  дагаж , Станфордын Их сургууль руу олноор шилжиж, багшлах боловсон хүчин дутагдаж байсан бэрхшээлийг оновчтой даван туулсанаас гадна Каултэр  багш нараа  муж улсынхаа томоохон хотуудад явуулж лекц уншуулах, сургуулийнхаа нэр хүндийг өргөх чиглэлэээр бодитой ажил зохиож, үр дүнд хүрсэн байдаг. Ерөнхийлэгчийнхээ албыг өгсөний дараагаар Лэйк Форэстийн Их сургуулийг тэргүүлж байжээ.
          Индианагийн Их сургуулийн долоодох ерөнхийлэгч David Starr Jordan тэр үед 34 настай байлаа.Тэрээр нэрт эрдэмтэн байсан бөгөөд ерөнхийлэгчийн  хувьд бэлтгэгдээгүй, шашин сурталаас ангид энгийн  хүн байлаа. David Starr Jordan 1885 онд оюутаны хотхоныг шинэ байранд нүүлгэн суурьшуулж, үүнд зарцуулах хөрөнгийн эх үүсвэрийг засгаас гаргуулж чадсан байдаг. Бас гол, гол тэнхмийн бүтцийг бий болгож,  тогтворжуулсанаас гадна муж улсын хэмжээнд  сургуулийн нэр хүнд, үнэт зүйлийг мэдрүүлэх, өргөх  талаар лекц уншиж, элсэлтийн тоо болон  багш нарын орон тоог  эрс нэмэгдүүлсэн байдаг. Ерөнхийлэгчийн албаа өгсөний дараа Станфордын Их сургуулийн захиралаар ажиллаж байжээ.
Өмнө нь Чикагогийн Их сургуулийн ерөнхийлэгчээр ажиллаж байсан Лимуэл Мосс  Индианагийн Их сургуулийн хувьд зургаа дахь ерөнхийлэгч байлаа. Бурхан судлалын мэргэжилтэй, энэ чиглэлээр алба хашиж явсан тэрээр сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг шинэчлэх, багшийн цагийн ачаалалыг жигдлэх, нэмэгдүүлэх замаар багшийн цалин хөлсийг нэмэгдүүлэх зэрэг ажлыг оновчтой хийсэн байдаг.
1860 -1875 онуудад Индианагийн Их сургуулийн тав дахь ерөнхийлэгчээр ажиллаж байсан Сирус Натт  нь  - Озбюри (одоо ДиПо)- гийн   их сургуульд хэл шинжлэлийн профессор, Форт Вэинийн эмэгтэйчүүдийн коллежид ерөнхийлэгч,  Вайтвотэр  коллежийн ерөнхийлэгч,  Asbury гийн Их сургуульд профессор зэрэг алба хашиж явжээ.Энэ ерөнхийлэгчийн  үед 1867 онд Индианагийн Их сургуульд анхны эмэгтэй оюутан элсэж байсан юм байна.
           Жон Лафроп Индианагийн Их сургуулийн дөрөв дэхь ерөнхийлэгч болохоосоо өмнө Миссуригийн Их сургуулийн ерөнхийлэгч, Висконсин ы  Их сургуулийн дэд ерөнхийлэгчээр ажиллаж байжээ. Их сургууль удирдахаас илүүтэй багшлах хүсэл эрмэлзэлтэй байсан тэрээр ерөнхийлэгчийн албыг ганцхан жил хашсан байдаг. Тэгээд төрөлх  Миссуригийн их сургуулиа эргэж удирдаж байгаад ажлын байран дээрээ нас баржээ.
          Индианагийн удирдах зөвлөлд бүтэн хагас өдөр болоод тус сургуулийн гуравдах ерөнхийлэгчээр сонгогдож байсан Уилиам Дэили  энэ албыг 6 жил хашаад хавчлага, шахалтын дор 1859 оны нэгдүгээр сарын 26-нд огцорч байжээ.
Индианагийн Их сургуулийн хоёр дахь ерөнхийлэгч Алфред Райорс                                          нь  Охайо, Индианагийн Их сургуулиудад математикийн багш Охайогийн Их сургуулийн ерөнхийлэгчээр ажиллаж байгаад энэ албанд сонгогдсон байдаг. Тэрээр албаа өгсөний дараа  Кентакки  муж улсын Дэнвил  коллежид математикийн профессороор насан элтлээ ажиллажээ.
           1829 оны 10 дугаар сарын 19-нд Индианагийн коллежийн анхны ерөнхийлэгчээр сонгогдсон    Эндрю Уаил өмнө нь  Жефферсон коллежийн болон Вашингтон  коллежийн ерөнхийлэгчээр ажиллаж байжээ.  Эндрю Уаил  тэр үед ёс суртахууны болон оюун ухааны гүн ухаан, уран зохиол заадаг байжээ. Тэрээр индианагийн сургуулийг 1838 онд ИХ сургуульболгон өөрчлөх их эргэлтийн асар их хариуцлагатай цаг үед энэ албыг хашиж байжээ.


[1] http://www.indiana.edu/~pres/pastpres.shtml

No comments:

Post a Comment