2011 ОНЫ 5-Р САРЫН 27, БААСАН ГАРИГ, 03:05
Ардчиллын үр шим, даяаршлын ач буянд Монгол Улс ертөнцөд нээлттэй болж, бидний монголчууд хүссэн газар нутаг, улс орон руугаа явдаг, дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч, сурч, суурьшдаг болжээ.
Гадаадад буй Монголчууд нийт хүн амын 10 хувьд хүрсэн гэж бодохоор бахархмаар бас айдас төрмөөр санагддаг. 2-3 айммгийн хүн амтай тэнцэх тооны монгол иргэд харь улс орнуудад байна.
Тэд бол бүрэлдэхүүний хувьд дунджаас дээш амьдралтай, ид хөдөлмөрийн насны, мэдлэг боловсролтой, овсгоо самбаатай, эрчим хөдөлгөөнтэй, амьдралынхаа төлөө тэмцэж яваа идэвхитэй иргэд, хөдөлмөрч хүмүүс гэж хэлж болно.
Элэг нэгт ахан дүүс маань юуны учир гадаад улс орныг зорино вэ? Харь оронд очиж бие, эрүүл мэндээ бодолгүй, чөлөө завгүй, өдөр шөнөгүй хэдэн жил гүрийж зүтгэвэл унах унаа, амьдрах сууц, бизнес эрхлэх ойр зуурын эргэлтийн мөнгөтэй болоод ирдэг, амьдрал ахуй дээшилдэг гэсэн сэтгэхүй, хандлага залуусын дунд түгээмэл ажиглагддаг. Гадаад руу чиглэсэн энэ хүчирхэг урсгал ойрын жилүүдэд татрахгүй, багасахгүй болов уу.
1990-ээд оноос нүүдэлчин Монголчууд маань ертөнцийн 4 зүг, 8 зовхист, 5 тивийн, 6 хэлийн улсад түгэн тархасныг бодит тоо баримт харуулж байна. Эдүгээ албан бус баримтаар дэлхийн 80 орчим оронд 200 мянга хол гаруй монголчууд байдаг ажээ.
Монгол Улсаас гадаадын 40 гаруй оронд Дипломат төлөөлөгчдийн газар, байнгын болон суурин төлөөлөгчийн газар үйл ажиллагаагаа явуулж, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалдаг байна.
Гадаадад байгаа монголчууд эх орныхоо эрхэм сайхныг, үнэ цэнийг сэтгэл зүрхээрээ мэдэрсэн, итгэл үнэмшлээрээ үгүйлсэн, унасан газар, угаасан усаа гэсэн, монгол хүн болж төрсөн бахархалаа улам сэргээсэн, илүү их эх оронч болдог, байдаг нь нууц биш юм.
Орчиндоо хурдан дасан зохицох, хэл соёлд түргэн суралцах, ядарч цуцахаа мэдэхгүй махран зүтгэх, цаг наргүй улайран ажиллах талаар Монголчууд үнэхээр ялгардаг, шалгардаг болохыг олон удаа сонсож байсан юм байна.
Тэд ажил хөдөлмөрийн үнэ цэн, үр шим, утга учир, ач холбогдлыг мэдэрч, нарийн арга технологид суралцаж, мөнгө олж, түүндээ урамшиж, өөртөө болон улс орондоо хөрөнгө оруулалт босгож, валютын нөөцийг бүрдүүлэхэд жинтэй хувь нэмрээ оруулсаар явна.
Гадаадад буй монголчуудаас эх орон, элгэн садан руугаа гуйвуулж буй хэдэн арав, зуун тэрбумаар хэмжигдэх мөнгөний урсгал манай эдийн засагт дорвитой нэмэр болсоор, оруулсаар байгааг мэргэжилтнүүд үнэлэн мэдээлдэг, хүлээн зөвшөөрдөг.
Гадаад дахь монголчууд маань мөнгөөр хэмжихгүй асар баялгийг бүтээж, оюуны том хөрөнгө оруулалт хийж, орчин үеийн менежментэд суралцаж, шинэ санаа, шилдэг технологийг эх орон руугаа дамжуулж, тээж, зөөж байна.
Олон улс орны зүсэн зүйлийн хүмүүсийн дунд монгол нэрээ гаргаж, нэр төр, удам угсаагаа хамгаалж, үндэсний шинж чанар, дүр төрх, хувийн авъяас чадвар, овсгоо самбаагаа харуулж, хаана ч гологдохгүй, хэнээс ч дутахгүй сайн ажиллаж, амьдарч явааг сонсоход сэтгэл өег байдаг.
Гадаадад ажиллаж, амьдардаг монголчууд боломжийн ажил эрхэлж, хүндрэлтэй асуудал байдаггүй, бүх юм сайхан мэтээр төсөөлөх, санаа амрах нь учир дутагдалтай, тэд маань олон төрлийн дарамт дор, бусдын өмнө бөхөлзөж, бор зүрхээрээ, мэдлэг чадвар, авхаалж самбааныхаа хүчээр босч, тэмцэж байж амьдралаа төвхнүүлж явааг бид сайн ойлгодог.
Янз бүрийн улс оронд явж шинэ орчин, боловсон харилцаа, өндөр соёл, үсрэнгүй хөгжил, шинэ технологи, дэвшилтэт бүхэнтэй танилцахаас гадна бидний монголчууд бусдаас юугаараа өвөрмөц онцлог, ямар шинж чанараараа ялгаатай, давуу болон сул талтай гэдгээ харьцуулан мэдэрдэг.
Гадаадын нэр хүндтэй их, дээд сургуулиудад монгол залуус амжилттай сайн суралцаж, олон улсын нэр хүндтэй байгууллага, газар, банк санхүү, техник технологи, программ хамгамжийн чиглэлийн томоохон компани, пүүст үр бүтээлтэй ажиллаж буй баримт хэдэн арваар биш олон зуугаар тоологддог болсон нь сайшаалтай.
НҮБ, түүний харъяа болон олон улсын бусад нэр хүндтэй байгууллагуудад монгол хүн нэр төртэй, чадварлаг ажиллаж, эх орныхоо нэр төрийг мандуулж яваа баримт олныг дурдаж болно.
Эх орныхоо, Монгол Улсынхаа нэр төрийг өндөрт өргөж яваа аавын хүү, ээжийн охин цөөнгүй, дэлхийд цуутай компани, үйлдвэрт өндөр цалин авч, нарийн мэргэжлийн ажил эрхэлж яваа өндөр түвшинд бэлтгэгдсэн мэргэжилтнүүд хэдэн арваараа тоологдох болжээ.
Мэдлэг боловсролоороо дэлхийн дэвжээ, орчин үеийн түвшинд хүрч, гаднынханд хүлээн зөвшөөрөгдөж, зүй ёсоор үнэлэгдэж эх орныхоо нэрийг гарган, өндөрт өргөж, сурсан боловсрол, эзэмшсэн мэргэжлээрээ сайн ажиллаж, шинийг бүтээж яваа монгол залуус цөөнгүй байна.
Өндөр хөгжилтэй оронд илүү юм сурсан, их зүйл үзсэн, нүд нээсэн, шинийг анзаарсан, хөгжлийг мэдэрсэн утгаараа гадаадад буй монголчууд Монгол Улсынхаа хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах учиртай.
Явсан газар, үзсэн зүйлээсээ санаа авч, дэвшилтэт арга, нарийн технологид суралцан Монгол Улсаа өөд татах, хөгжүүлэх хувь нэмрээ оруулах зорилго, тэмүүлэл тээж яваа бүтээлч залуус ч чамгүй байна.
Гадаадад буй монголчуудын мэдэгдэхүйц хувийг оюутан залуус эзэлдэг.БНХАУ, ОХУ, Японд илүү олон оюутан суралцаж байна. Төрөөс дэмжлэг үзүүлдэгийн илэрхийлэл нь зөвхөн энэ хичээлийн жилд Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрөөр 733 оюутан өндөр хөгжилтэй орнуудад суралцах эрх авчээ.
Монголд дэлхийн дэвжээ хэрэгтэйг орчин үеийнхэн, шинэ цагийн манай бахархалт залуус сайтар ойлгож улс орноо гаднынханд таниулж, зөвөөр ойлгуулж, ертөнцийн чихийг дэлдийлгэж явна. Аугаа түүхээрээ омогших, алс ирээдүйтэй байхын тулд өөрсдөө орчин үеийн дүр төрх, шинэ бахархалыг бүтээхийн төлөө шамдан ажиллацгааж байна.
Монгол угсаа гаралтай цөөнгүй хүн дэлхийн улс орнуудын төр засгийн эрх барих байгууллагуудад сонгогдон ажиллаж, урлаг соёл, шинжлэх ухаан, үйлдвэрлэл үйлчилгээний салбарт авъяас билэг, хүч чадлаараа тодрон нэр алдраа мандуулж явна.
Амай хэмээх Жамбалдоржийн Золбаяр дэлхийн 69 орноор аялж, 25 суваг телевизийн З.Алтай, Гараг студийн Г.Бадамсүрэн нар ертөнцийн өнцөг булан бүрийн олон улс орноор аялан явж, тэнд ажиллаж, сурч буй монголчуудын амьдрал, байдлыг газар дээрээс нь сурвалжлан нийтийн хүртээл болгосон нь олны талархлыг хүлээсэн билээ.
Элдэв хэрэг төвөгт холбогдон харь оронд, өргөст торны цаана эрх чөлөөгөө хязгаарлуулан ял эдэлж яваа нутаг нэгтэн ч бас байна.
Харь оронд элэг нэгтнээ дээрэмдэн тонож, дээрэлхэн дарамталж явдаг хүрэл зүрхтэн ч байдаг тухай хэвлэл мэдээллээр сонсоход таатай биш санагддаг.
Хулгай, дээрэм залилан тонуул хийж эх орныхоо нэрийг өндөлзүүлж яваа хариуцлагагүй залуус ч хаа сайгүй дуулдсаар, өмнөөс нь ичмээр тохиолдол гарсаар байна.
Хар тамхи, хүний наймааны хориотой худалдааны хүнд гэмт хэрэгт холбогдон саатуулагдан хоригдож, бүх насаараа ял сонссон хүн ч байна.
Хил дамжуулан хүн худалдаалах, эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгт ашиглах нэг хэлбэр нь монгол охид, хүүхнүүдийг гадаадын иргэнтэй гэр бүл болгох, түүнд зуучлах хууль бус ажиллагаа ажээ.
Зөвхөн 1 жилд /2005/ 34 орны гадаад иргэнтэй 704 хүн гэр бүл болсны 685 нь эмэгтэйчүүд байсан баримт бий. Ядуугийн улмаас зуурдын жаргалыг хайж гаднын хүний энгэр түшсэн тэдний маань амьдрал, хувь заяа ямар л явдаг бол доо.
1998 онд гадаад хүнтэй суусан 46 гэр бүл бүртгүүлж байсан бол 2007 онд 979 болж өсжээ.1998-2008 оны хооронд гадны 76 орны 5139 иргэнтэй монгол хүн гэрлэсэн баримт байдаг.
Харь оронд мэндэлж буй монгол хүүхдүүд олширчээ. 2008 онд гадаадын 20 улс оронд 599 монгол хүүхэд төрсөн тухай албаны эх сурвалж мэдээлж байв. Бас АНУ-д жил бүр 500 хүртэл монгол хүүхэд төрдөг гэсэн албан бус яриаг сонсож байсан юм байна.Тухайн улсын хуулиар газар нутагт нь төрсөн хүүхэд тус орны иргэн болдог.
Хамгийн олон хүн ажиллаж, амьдарч буй БНСУ, АНУ-д монголчуудын бүхэл бүтэн үе бий болж байна. Бусдын төлөө зүтгэх бус эдийн засаг, санхүүгийн хувьд хөл дээрээ босч, өөрөө бие даан үйлдвэрлэл, үйлчилгээ, хувийн бизнес эрхлэн, Монгол сургуулиуд, телевизийн студи байгуулагдаж, вебсайт бүтээ ж, эх орны телевизийн сувгууд үзэж, шинэ орчин бүрдүүлж эхэллээ.
Гадаадын иргэнд үрчлэгдсэн 100 гаруй монгол хүүхэд байдаг аж, тэднээс эх орон, ах дүүстэй нь холбоотой 10 гаруйхан л байдаг гэсэн, тэдгээр хүүхдүүдийн байдал төлөв, ирээдүй нь ямар байдаг юм бол доо.
Гадаадад зорчигчдод виз олгохдоо эх орондоо эргэж ирэх, эсэхийг онцгойлон асуудаг нь их л учиртай санагддаг, чухамдаа тэдний зүрх сэтгэлд эх орон, аав ээж, ахан дүүс, улс орны ирээдүй ямагт лугшиж байдаг. Гадаадад буй иргэд маань буцаж ирэлгүй яахав, тэд бас яарцгааж байгаа.
Гадаадад ажиллаж, амьдарч, сурч буй иргэдийн 80 гаруй хувь нь сонгуулийн насны хүмүүс байдаг ажээ.
Тэд эх нутагтаа мөдхөн ирцгээнэ, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулцгаана. Гагцхүү тэдний мэдлэг боловсрол, нарийн мэргэжилд нь тохирсон өндөр цалин, ажиллах таатай нөхцлийг төр засаг хангаж өгч, үр шимийг нь хүртэх ёстой.
Хилийн чанадад байгаа монголчуудад төр засгаас анхаарч, туслалцаа үзүүлэх тухай хуулийг батлан гаргаж, дэмжлэгийн тусгай сан байгуулан, тэдний эрх ашгийг хамгаалдаг болбол зохино.
Гадаад дахь монголчуудын дунд өөр хүний нэрээр хил давсан, өөртөө ямар ч бичиг баримтгүй иргэн ч байдаг ажээ. Бичиг баримтын зөрчилгүй болж, шинэчилсэн бүртгэлд хамрагдсанаар хувьцаа нь эзэмших данстай болж, 21 мянган төгрөгөө авах эрх нээгдэж, боломж бүрдэх болно.
Харь улс оронд буй монголчууд маань гадаад харилцааны бодит хүчин зүйл, ардын дипломатын найдвартай суваг болж, үнэгүй сурталчилгааны сайхан боломжийг бүрдүүлдэг. Тэдний үзэл бодол, үйл ажиллагаагаар дамжин монгол хүн, монгол орны тухай зөв ойлголт, үнэн мэдээлэл түгэн дэлгэрч байна.
Албан томилолтоор, ажил төрлөөр, богино хугацаагаар хилийн дээс алхсан, гадна явж буй хүнээ оруулж тоолбол бүр ч олон болох биз ээ. Жилд дунджаар 600 мянга гаруй иргэд гадаадад зорчдог баримт байдаг.
ГАДААД ДАХЬ МОНГОЛ ИРГЭДИЙН ТОО
№ | Улс | Тоо |
1 | АНУ | 28000[1] |
2 | Австри | 3000 |
3 | Австрали | 500 |
4 | БНЭУ | 910 |
5 | БНСУ | 40000[2] |
6 | БНКазУ | 90150[3] |
7 | БНТуркУ | 2100 |
8 | БНКубаУ | 40 |
9 | БНЧУ | 5843 |
10 | БНФУ | 1600 |
11 | БНБУ | 50 |
12 | Белорусь | 16 |
13 | Белгийн Вант Улс | 1097 |
14 | БНАЛАУ | 23 |
15 | БНТуваУ | 116 |
16 | БНАСАУ | 59 |
17 | БНПУ | 982 |
18 | БНСВУ | 56 |
19 | БНУнгарУ | 1400 |
20 | БНХАУ | 5500[4] |
21 | Голланд | 400 |
22 | Дани | 40 |
23 | Египет | 43 |
24 | ИБУИНВУ | 9000 |
25 | Израйль | 500 |
26 | Кипр | 8 |
27 | Канад | 600 |
28 | Люксембург | 15 |
29 | Нидерланд | 450 |
30 | Норвеги | 15 |
31 | ОХУ | 6000[5] |
32 | Португали | 15 |
33 | Украин | 124 |
34 | Сингапур | 2800 |
35 | Тайландын Вант Улс | 48 |
36 | ХБНГУ | 4500 |
37 | Швейцари | 1300 |
38 | Швед | 3000 |
41 | Япон | 5600[6] |
[1] АНУ-ын бараг бүх мужийн 200 гаруй хотод Монголчууд байдаг, Вашингтонд 4400 орчим хүн бий, 1998 оноос хойш АНУ-д зорчих визийг 50 мянга гаруй хүнд олгосон баримт байдаг.
[3] 90000 нь хөдөлмөр эрхэлдэг, хоёрдмол харъяалал үүсээд буй 46000 иргэн бий, эдүгээ хүүхдүүдтэйгээ 130 мянга орчим болсон гэсэн албан бус тоо байдаг.
[4] Үүнээс Бээжинд 2900, Өвөр монголд 2500, оюутан 2000 орчим бий, түүнчлэн Хонконгод жилд 4000-5000 монгол иргэн зорчдог, тэнд 400 гаруй монгол бүсгүйчүүд хууль бусаар амьдардаг тул иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах зорилгоор Консулын газар байгуулагдаж байна.
С.ОДХҮҮ
No comments:
Post a Comment