Жалцавын хүү хүүхэн гадны хүний хүүхэд гаргаж гэнэ гэсэн үг хэдэн ч нутгийн дээс дамнасан юм бэ? үгэн салхи хөлөглөсөөр говийн жаахан толгодын өвөрт бөмбийх гэрт нь шургаад орж ирж.
Эмгэн нь "Эвий, эвий. Гадны дотнын гэх ялгаа юу байхав. Манай нутгийн хүн биш болохоор л тэгэж ад үзээ биз хөөрхийг хэмээн бөгтөгнөв. Жанлав ч үг зөвшин, хай нутаг холдоо юу л базаав гэж. Манай охин шиг ном эрдэм гээд бас бид хоёр шиг хөгшдийгхөдөө сойж орхисон дамшиг биз хэмээн эмгэнийхээ халааж өгсөн нэрмэлийг шимэн жаргалтай нь аргагүй тамшаалж суулаа. Охин нь онгоцоор гарч гэнэ. Хотоос наашаа гарч гэнэ. Аймагдээр ирнэ гээд л захиа цахилгаан огт үгүй атал сураг нь сонсогдсоор нэг л өглөө пархийтэл гадаа нь буужээ.
Охиноо үнсэх гэж уралддаг хоёр хегшин энэ удаад манцуйтай хүүхэд рүү зэрэг ухасхийсэн боловч охин нь хүүгээ элгэндээ нааж тэвэрсээр гэрт орж явчихав. Охиныг хүргэж ирсэн жолооч аяга цай уув уу үгүй юу хөөгдсөн амьтан шиг гарч одоход эмгэн сая л өөрийн муу модон орон дэр сэрэх янзгүй дугжрах хүү рүү дөхөж хөлд нь суулаа. Эвий эвий хэмээн хошуу цорвойж өлгийд хүрч ядан дөхөөд жигтэй хөөрхөн хээтэй торон унжлагыг нь сөхөн завдтал охин нь ухасхийн хүүгээ тэврээд "Аав ээж хоёр минь би учрыг хэлэхгүй бол болохгүй. Энэ маань .... хүү маань гээд зүс өөр... юм шүү. Битгий сандраарай" гэлээ. Өвгөн охиныхоо хэлэхийг ер ойлгосон янзгүй юу юугүй хүүд дөхөж үнсэхээр өндийв. Цас шиг цагаан манцуйнаас цухуйх алга дарам хар нүүрийг харуут "Хэ эцэг чинь" хэмээн уулга алдаад суун туслаа. Охин нь ам хуурайгүй ярих авч "сайн хүн, бид бие биендээ хайртай, араас ирэх юм" гэх хэдэн үгс чихний омгийг шүргэн алдан газар унаж байлаа. Өвгөн тэр өдөртөө л дуугаа хурааж, муу мод толгойгоо ноцолдуулан өлгийтэй амьтныг хааяа хяламхийн харж суулаа. Хар Жанлавын хар хүүхдийг үзнэ гэж сумаараа байтугай л хөл болон хүмүүс цувж эхлэхэд хоёр хөгшин дургүйцэн охин нь амьтан хүнээс нуугдан хүү л харин юугаа ч мэдэхгүй ангайсан амьтан хүн бүхэн рүү харж инээн хэн хүний өвөр дээр дэрвэж байх болов. Дээс уяж хөл хорилтой нь биш, дэлгэр зунаар илүү гэртээ нуултай нь биш. Сүүлдээ ч ирж очих хүмүүсийг тоохоо болиод уяан дээр хүн буухад -За манай бандийг харах гэж ирэв үү гэдэг болжээ. Хүүг ирснээс хойш нэг их сүжирч сүйд болоогүй ч ямартай ч гэсэн пад хар енгөнд дасч орхиод амьтан шиг санагдах нь арай гайгүй болж.
Гарын алга хөлийн тавхайдаа л жаахан ягаавтар болохоос биш үзээд өгье гэхнээ өөр гялайх юмгүй жаал хүү өөрийн нь өнгийн ширтэх сахалтай өвөөг хэсэг харснаа хар цагаан туйл гэлтэй том алаг шүдээ эргэлдүүлэн сормуусаараа өвгөний хамрыг шүргэн алдан хэд анивчаад улаан буйл гарган инээж шилээ шөргөөлөө. Жалцав-Уаа. Заяа нь дэлгэр гэж. Хаанах гээчийн хар амьтан бэ дээ чи чинь гээд парвийсан гараа сунган долоовор хуруугаа хацарт нь хүргээтхэв. Хүү идэх юм гэж бодов бололтой хурууг нь үмхэх гэхэд өвгөн гараа татаж Үгүй тэр. Эр хүн хө идэмхий гэдэг нь. Өвөөгий нь гар нуль тамхи даа гээд зулайг үнэрлэв. Нялх хүүгийн бужгар сэвлэгнээс тийм гэхийн аргагүй энхэр үнэр ханхийхэд өвгөний хамар шархиран нүдэнд нь нулимс дүүрээд ирэв. Охин үрээс минь унасан яс махны тасархай юм хойно. Эвий гэж. Хар хар гээд бид чинь чамайг хааш нь ч нуух билээ. Өвгөн ийн өгүүлээд нэг л зөөлөн эерүү бодлоор дүүрч ирсэн зүрх судсаа чагнаархан аргасан нүдийг нь аргадах мэт бөнжийх нулимсаа гарынхаа араар шудраад хэнд ч юм бэ за яахав яахав гэж хэлчихээд бослоо. "Манайхан ч удмаараа хар хочтой явлаа. Говийнхон хэзээ л билээ. Хар Жанлавын хар зээ л гэх байх даа, Миний хүүг... өвгөн ийнхүү ганцаар яриад урмын үг сонссон жаахан хүүхэд шиг хөөрч бүр мушийчихсан хаачих ч үгүй хэрнээ мориныхоо уяа руу алхаж явах нь тэр.
Охин нь -Хүү бор хоолонд орчихсон юм чинь алзахгүй. Би ч буцалгүй горьгүй. Хичээл ном гэсээр нэг өдөр замын машинаар буцлаа. Өвгөнөө хонинд явсан хойгуур эмгэн хүүг өхөөрдөн сууснаа юу санав гэлтэй саахуутай сүүнээс балгаж байгаад хонгон дээр нь асгаж дээлийнхээ ханцуйгаар гайгүй сайн үрж гарав. Арчиж арчиж харахнээ ер гэгээ орсон янз үгүйд урам нь хугарч харин хүү та яаж байна гэх шиг эмээгийнхээ хөлийг пад пад балбаж байв. Ийнхүү ээжийг нь явснаас хойг яах ийхийн зуургүй 3 сар өнгөрч хүү ч бантан тараг ээдэм ер юм гололгүй зооглон бандайсан амьтан болчихож. Хоёр хөгшин өнөө чи хонинд явна уу даа гэж бие биерүүгээ түлхэж хүүтэйгээ үлдэх гэж арай л хуруу гаргахаас наахнуур юм болдог болов. Шар навтаснаас хиншүү үнэртэх нь халаг нартай өдөр араажав Гэндэн Жалцавынхаар бууж ёстой л бурж өгч дээ. Хил, хилийн дээс нутаг орны зааг гэж байхгүй болох юм байхаа. Ерөөсөө энэ дэлхий дахинаараа нэг улс болж газар нутаг юу байгаагаа адил тэнцүү ашиглаж амьдрах юм байх. Нэг их сайхан нартай өдөр энэ Мэнэнгийн тал, Сүүжийн говьд маань танай энэ банди шиг хар шар юмнууд ирчихсэн бужигнаж байх юм байх аа. Малын бэлчээр харамлаж, туг хиур хатгах нь холгүй давхидаг Сариг Дамба л тэдэнтэй үзэж таарах байх даа. Ер нь эхнээсээ бодлоготой цаанаасаа нгууртай ажил зохиож байгаа юм биш үү. Миний хүү монголд говь байгаа ураг удмаараа дагана гээд нэг аймаг улс нүүгээд ирэх ч юм бил үү. Наадах чинь бодлогодоо бодлого гээд муу хар хүү рүү нь гаансаныхаа толгойгоор чичин байж хөхөрхөд гэнэт Жалцавын дургүй хүрч:
-Өө яахав. Нүүдлийн түрүүч айсуй бол бор бандидаа цай идээ бариулаад чавхдуулчихана даа. Нүүдэл тосог гэчихээд гарч оджээ.
Араажав Гэндэнгийн ярианаас Голбаалчлал гэдэг нь дэлхийчлэнэ гэсэн үг гэдгийг л тогтоож үлдсэн ч буруу зөвийн дэнсэнд бодлоо тавьсангүй.
"Ганцхан цэнхэр дэлхий чинь бидний л нутаг. Байгаа байхгүйгээрээ байхад юу нь болохгүй байдгийм цус". Ийн бодож алхсан хэдий ч говийн нуринга хөрсөн дээр хол хол алхсан хар Жанлавын ээтэн ултай гутлын мөр яг л монголын газрын зураг шиг товойтол зурайн үлдэж байлаа л...
goy bolj:) bayarlalaa!
ReplyDelete