Saturday, July 16, 2011

Монгол нийгэмлэгийн 50 жилийн ой эхэллээ

 
АНУ-д байгуулагдсан Монгол судлалын анхны байгууллага бол “Монгол нийгэмлэг” билээ. Хангин Гомбожав гуайн санаачилгаар 1951 онд Индианагийн Их Сургуулийн дэргэд үйл ажиллагаагаа нээж байсан “Монгол нийгэмлэг”-ийн 50 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна.
Ойн нээлтийн ажиллагаа, Монгол нийгэмлэгийн тайлан хурал 20011 оны 7 сарын 10 –ны өдөр Индианагийн Их Сургуулийн Виттенбург Танхимд болов. Нээлтийн ёслолд “Монгол нийгэмлэг”-ийн гишүүд болох судлаачдаас гадна АНУ-д суугаа элчин сайд, доктор Х.Бэхбат, элчин сайд асан доктор Равдангийн Болд, Монгол улсын Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар, ЭСЯ-ны нарийн бичгийн дарга Ц. Ананд нарын албаны хүмүүс оролцов.
Ингээд элчин сайд Х. Бэхбат, зөвлөх А.Ганбаатар нар “Монгол нийгэмлэг”-ийн нэр бүхий судлаач эрдэмтдийг төрийн одон медалиар шагнасан Ерөнхийлөгчийн тушаалыг уншин гардуулав.

Үүнд “Монгол нийгэмлэг”-ийн Ерөнхийлөгч, доктор Алисиа Кампи, “Монгол нийгэмлэг”-ийн Удирдах зөвлөлийн дарга Кристофер Этвүд, Индианагийн Их Сургуулийн монгол хэлний багш Лэгдэнгийн Цэрэнчунт нарыг Монгол судлалд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн “Алтан гадас” одонгоор шагналаа. “Монгол нийгэмлэг”-ийн мэнэжэр Сюзи Дростыг Монгол-АНУ-ын харилцаанд оруулсан хувь нэмрийнх нь төлөө “Найрамдал” медалиар шагнав.

Монгол нийгэмлэгийн 50 жилийн ой бүтэн долоо хоног үргэлжлэх бөгөөд эхний өдөр нээлтийн ажиллагааны дараа Монгол-АНУ-ын харилцааны 25 жилийн ойд зориулсан дугуй ширээний ярилцлага боллоо. Дугуй ширээний ярилцлагад манай одоогийн болон өмнөх элчин сайдууд болох Х.Бэхбат сайд, Р.Болд сайд, мөн АНУ-ын Төрийн Департаментийн Монгол, Хятадын хариуцсан түшмэл Жон Векер нар оролцож үзэл бодлоо ярин, дүгнэн хэлэлцлээ.
Маргаашнаас үндсэн хуралдаанууд эхэлж, 19 салбар хуралдаанаар Монгол судлалын 100 гаруй илтгэлийг хэлэлцэх болно.
МонЦаМэ-гийн Вашингтон дахь сурважлагч М. Саруул-Эрдэнэ

No comments:

Post a Comment