Thursday, October 27, 2011

Монгол Улсын хүн амын шашин шүтлэг (2010 оны байдлаар)

Хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллогын хувьд шашин шүтлэгийн асуулт нэмж оруулсан нь шашин судлаач бидний хувьд тун ач холбогдолтой зүйл боллоо. Монголын нийт хүн амын шашин шүтлэгийн төлөв байдлын талаар хийсэн тоотой хэдхэн судалгаа бий. 1970-1980-аад онд Шинжлэх ухааны академиас хөдөлмөрчдийн шашин, шашингүйн үзэл, хүмүүжлийн асуудлаар социологийн судалгааг тодорхой үе шаттайгаар тогтмол явуулж ирсэн.

Харин улс орны хөгжлийн чиг баримжаа үндсээрээ өөрчлөгдөн, хүн амын шашин шүтлэгийн байдалд “тэсрэлтийн” гэмээр  эрс өөрчлөлтүүд гарах болсон шинэ нөхцөлд (эрдэмтэн багш нарынхаа үгнээс будаа идэв. Үнэндээ үүнээс оновчтой томъёолж чадахгүй нь) буюу 1994 онд Монгол Улсын хүн амын шашин шүтлэгийн төлөв, байдлыг тодруулах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн захиалгаар 1600 хүнийг хамруулан социологийн судалгааг анх хийсэн бөгөөд  уг судалгааны асуултыг шинэчлэгдсэн нөхцөл байдалтай уялдуулан нэмэлт зарим асуулттайгаар 2003 онд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны захиалгаар “XXI зууны эхний Монгол дахь шашин шүтлэг ба үндэсний аюулгүй байдал” сэдвээр дахин судалгаа явуулсан нь одоогоор энэ чиглэлд хийгдсэн сүүлчийн дорвитой судалгаа болж байгаа юм.
Хэдийгээр Хүн ам, орон сууцны тооллогод шашны талаар ганцхан асуулт оруулсан боловч өмнөх хоёр судалгааны дүн мэдээтэй харьцуулах боломжийг бидэнд олгож байна.
Монголчуудын шашин шүтлэгийн байдлыг 2003 болон 2010 оны мэдээлэлтэй харьцуулан үзэхэд дараах байдлаар өөрчлөгдсөн байна.
Эндээс нийт шашин шүтэгчдийн тоо хэмжээ багагүй хувиар буурсан нь харагдаж байна. Энэ нь олон учир шалтгаантай байж болох бөгөөд зарим нэгэн нэмэлт тоон мэдээлэл цуглуулах, нэмэлт судалгаа хийсний хийсний дараа энэ тухай дахин нийтлэх болно. Гэхдээ хэд хэдэн таамаг байна. Үүнд: шашны үзэл баримтлал, номлол сургаалд итгэж бишрэх гэхээсээ илүүтэйгээр орчин үеийн шинжлэх ухааны ололт, амжилтыг шүтэн бишрэгч залуучууд нэмэгдсэн, шүтэх шашин шүтлэгээ илүү сайн бодож тунгааж, эрэгцүүлж, бясалгагчид бий болсон, итгэл бишрэлийн хэрэгцээг шашны бус арга замаар хангах илүү олон боломжууд бий болж байгаа гэх мэт.
Монгол Улсын хүн амын шашин шүтлэгийн байдал, 2010 оны байдлаар
Тайлбар: Дээр дурдсан тоон мэдээнд тухайн шашин шүтэгчдийн тоо, эзлэх хувийг 15-аас дээш насны нийт хүний амын тоотой харьцуулж гаргажээ.
Хүн ам, орон сууцны тооллогын 2010 дүн мэдээг дээр дурдсан 1994, 2003 оны судалгааны дүнтэй харьцуулвал дараах байдалтай байна. Ингэж харьцуулахдаа тухайн шашинд шүтэгчдийн тоог нийт шашин шүтэгчдийн тоонд харьцуулсан болно.
Монголчуудын шашин шүтлэгийн өөрчлөлт

Бурханы шашинтан
Христийн шашинтан
Исламын шашинтан
Бөөгийн шашинтан
Шашны бусад урсгал, чиглэлүүд
1994
79.5
3.8
11.6
2.0
2.7
2003
85.5
9.6
3.2
1.0
0.2
2010
86.2
3.5
4.9
4.7
0.6
Харьцуулалтаас харахад бурханы шашинтнаас бусад шашны урсгал чиглэлүүдэд нилээд өөрчлөлтүүд гарсан нь ажиглагдаж байна. Хэдийгээр бурханы шашинтны тоо хэмжээ ялихгүй ч гэсэн өссөн мэт харагдаж байгаа боловч энэ бол зөвхөн нийт шашин шүтэгчдийн тоонд харьцуулснаар юм. Тэгвэл нийт хүн амд болон судалгаанд оролцогчдын тоонд харьцуулснаар харвал арай өөр байдалтай харагдана.

Бурханы шашинтан
Христийн шашинтан
Исламын шашинтан
Бөөгийн шашинтан
Шашны бусад урсгал, чиглэлүүд
2003
66.8
7.9
2.5
1
0.1
2010
53.0
2.1
3.0
2.9
0.4
Эндээс үзэхэд нийт хүн амын дунд эзлэх бурханы болоод христийн шашинтны тоо хэмжээ илт буурсан нь харагдаж байгаа бөгөөд энэ нь нийгэм, соёлын олон хүчин зүйлтэй холбоотой байж болох юм. Тухайлбал, аливаа шашны ухуулга, сурталчилгаар шашны урсгал чиглэлд итгэж сүсэглэх, шүтлэгтэн болох явдал буурсан, шашныг сүсэг бишрэл, итгэл үнэмшил гэхээсээ илүүтэйгээр соёл гэх илүү өргөн хүрээнд авч үзэх явдал бий болсон гэх мэт. Энэ мэтчилэн хүн амын шашин шүтлэгийн байдлыг илүү өргөн хүрээнд, нарийвчлан судлах, нийгмийн олон хүчин зүйлтэй холбон авч үзэх шаардлагатай байгаа юм.
Шашин судлаач Ж.Алтайбаатар
2011.10.13

No comments:

Post a Comment