Sunday, October 16, 2011

Эрдэмтэд эртний химийн ”лаборатори” олжээ



Homo sapiens буюу ухаант хүмүүний эрт үеийн төлөөлөгчид 20-30 мянган жилийн өмнө үеэс оюун ухааны их чадвар шаардсан ажил хийж байсан талаар “The Guardian” сонинд бичжээ.

Эрдэмтэд Өмнөд Африкийн Бломбос агуйд малтлага хийсний дараа “140 мянган жилийн өмнө тэнд хүн амьдарч байсан” гэх дүгнэлт хийсэн байна. Харин 70 мянган жилийн өмнөөс агуй элсэнд булагдаж, хүн амьдрахаа больсон аж.

Мэргэжилтнүүд агуйд хоёр хоосон хясаа олсон бөгөөд хясааны дотор тал шар өнгийн шохой, яс болон нүүрсний үлдэгдэлтэй байсан. Эрдэмтэд эртний хүмүүс нүүр, бие болон агуйн хананд зураг зурдаг будгаа хясаанд найруулдаг байсан гэсэн таамаглал дэвшүүлсэн байна. Мөн будгийг өтгөрүүлэх тос болон бэхжүүлэх бодис хясааны орчмоос олдсон нь тэр үеийн хүмүүс будаг найруулах бодисууд болон бэлтгэх аргыг мэддэг байсныг харуулж байгаа юм. Ясыг гал дээр хайлуулан, чулуу бутлах зэргээр будагны орцыг бэлддэг байжээ.

Саяхан судлаачдын өөр нэгэн хэсэг неандерталь хүмүүсийн үлдэгдлийг судалсны дараа Homo neanderthalensis хүмүүс 50 мянган жилийн өмнө хэд хэдэн төрлийн орц бүхий будаг хэрэглэдэг байсан гэсэн дүгнэлт хийсэн байна.

Н.Тунгалаг

No comments:

Post a Comment