Thursday, November 24, 2011

Ерөнхийлөгч эрдэмтдэд илгээлт явуулав


Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны байгууллага үүсч хөгжсөний 90 жил, Шинжлэх Ухааны Академи байгуулагдсаны 50 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын шинжлэх ухааны салбарын нийт ажиллагсад, эрдэм шинжилгээний ажилтан, эрдэмтдэд илгээлт илгээжээ. Үүнийг бүрэн эхээр нь хүргэе. 


Эрхэм хүндэт эрдэмтэн судлаачид, шинжлэх ухааны зүтгэлтнүүд,

Хатагтай, ноёд оо,


Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны байгууллага үүсч хөгжсөний 90 жил, Шинжлэх Ухааны Академи байгуулагдсаны 50 жилийн ойг тохиолдуулан эх орны маань хөгжил, дэвшлийн оюун ухаан, хурдасгуур болсон эрдэмтэн, судлаач, шинжлэх ухааны байгууллагын ажилтан, албан хаагч Та бүхэндээ баярын мэндчилгээ дэвшүүлж, амжилт бүтээл, аз хийморь, сайн сайхан бүхниийг хүсэн ерөөе.

Одоогоос 90 жилийн тэртээх энэ өдрүүдэд хэсэг сэхээтэн санаа зорилгоо нэгтгэж, улс орныхоо хоцрогдолыг арилгах, ард түмнээ соён гэгээрүүлэх, бүх нийтээр бичиг үсэг, боловсрол соёлтой болохын тулд шинжлэх ухааны зүйл бүрийн салбарыг үүсгэн хөгжүүлэх зорилго бүхий Судар бичгийн хүрээлэнг байгуулжээ. Ийнхүү Хубилай цэцэн хааны үеэс уламжлалтай монголын шинжлэх ухааны орчин цагийн түүх нь Судар бичгийн хүрээлэнгээр эхэлж, өнгөрсөн хугацаанд эх орныхоо газар зүй, уур амьсгал, амьтан ургамал, түүх шаштир, хэл, ёс заншлаас эхлээд эрдэс баялагийн нөөц, техник, технологийн судалгаа шинжилгээ хийдэг олон арван эрдэм шинжилгээний байгууллага, эрдмийн хамт олон, шинжлэх ухааны тогтолцоо бүрэлдэн бий болж, эх орныхоо хөгжил дэвшилд их хувь нэмэр оруулж, дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгдсөн эрдмийн томоохон бүтээл туурвиж байгааг бахархан тэмдэглэхэд таатай байна.

1961 онд Шинжлэх Ухааны Академи байгуулагдсанаар орчин үеийн шинжлэх ухааны хөгжлийн нэгэн шинэ эрин эхэлж, тэр цагаас хойших хагас зуун жилд манай орны шинжлэх ухааны салбар бүхий л талаар өргөжин хөгжиж, үндэсний судалгаа шинжилгээний томоохон чадавхитай боллоо. ШУА-ийн эрдэмтэн судлаачид өөрийн орны түүх, соёл, эх хэлний судалгааг өргөн хүрээнд амжилттай явуулсан нь үндэсний тусгаар тогтнолыг батжуулах, нийгмийн сэтгэлгээний болон соёлын түвшинг дээшлүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн билээ.

Манай эрдэмтэд эрдэс баялгийн шинэ ордууудыг нээх, хөдөө аж ахуй, анагаахын шинжлэх ухааны салбарт малын шинэ үүлдрүүд бий болгох, хүн малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах олон төрлийн эм бэлдмэл бий болгох, эх орны баялгийг оюун ухаан шингэсэн үнэтэй бараа, бүтээгдэхүүн болгон боловсруулах техник, технологийг бий болгох,  сансар судлал зэрэг ажлыг амжилттай хийж эдийн засгийн салбарт нэвтрүүлсэн байна.

Дэлхий дахинд шинжлэх ухааны шинэ ололтууд хурдацтай түгэн дэлгэрч буй энэ цаг дор улс үндэстнийхээ шинжлэх ухаан, нийгмийн хэрэгцээг хангахад чиглэсэн судалгаа шинжилгээний ажлыг санаачлан, олон улсын эрдэм шинжилгээний хамтарсан судалгааны орчилд идэвхтэй байр суурь эзэлж, судалгаа, шинжилгээний шилдэг арга ухаан, технологиос байнга суралцах, нэвтрүүлэх, нутагшуулах талаар нягт хамтран ажиллаж, шинжлэх ухааны салбарын ажлын чанар, үр өгөөжийг дээшлүүлнэ гэдэгт Монгол Улсын Төрийн тэргүүн би бүрэн итгэлтэй байна.

Мөн үндэсний түүх, бичиг соёлын гайхамшгийг улам бүр нээн илрүүлж, дэлхий нийтэд таниулж байх нь эрдэмтэн мэргэд Та бүхний эрхэм үүрэг байх ёстой.

Монгол Улсад ардчилал, зах зээлийн харилцаа гүнзгийрэхийн хэрээр мэдээлэл, мэдлэгт тулгуурласан үндэсний эдийн засаг, инновацийн үр ашигтай тогтолцоог бий болгох шаардлага чухлаар тавигдах боллоо. Эрдэмтэд, судлаачдынхаа боловсруулсан эдийн засгийн үр ашигтай, өрсөлдөх чадвартай техник, технологийг хүлээн авч бойжуулах, инновацийн бизнесийг хөгжүүлэх, шинэ бүтээгдэхүүн, технологийн төслийг худалдан авч үйлдвэрлэлд нэвтрүүлэх талаар төр, шинжлэх ухаан, бизнесийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах шаардлагатай байна. Гадаадын шинэ технологийг өөрийн оронд үр дүнтэй нутагшуулах тухайд ч идэвх санаачлагатай ажиллах хэрэгтэй байгааг онцлон дурдая. Энд байгаль орчныг хамгаалах асуудал байнга анхаарлын төвд байх учиртай.

Төр засгаас шинжлэх ухааны салбарын санхүүжилтийн бүтцийг оновчтой болгож, зарцуулах хөрөнгийн хэмжээг мэдэгдэхүйц нэмэгдүүлэх шаардлагатай байгааг ч хэлье.

Энэхүү түүхэн ойгоор та бүхэн өнгөрсөн хугацааны ажил үйлсээ нухацтай дүгнэж, цаашид хийх ажлынхаа чиглэлийг чамбайруулан тодорхойлсон арга хэмжээнүүдийг авч байгааг сайшаан тэмдэглэхийн сацуу эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдын чадавхийг сайжруулах, дэлхийн шилдэг техник, технологи, инновацийг үйл ажиллагаандаа үр өгөөжтэй нэвтрүүлэн ажиллахыг хүсье.

Монголын Улсын шинжлэх ухааны салбар үргэлжид өсөн дэвшиж, үр өгөөж нь үлэмж их байх болтугай.


 МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ

No comments:

Post a Comment