Sunday, December 11, 2011

Зүдэрч амьдрахгүйн тулд тэд харь эцэг, эхийн хүүхэд болж байна

Өнгөрсөн 12 жилийн хугацаанд 220 монгол хүүхэд гадаадын иргэдэд үрчлэгдэж, хүний нутгийн иргэд болжээ. 1999 оноос эхлэн Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Гадаадын иргэн харъяатын асуудал эрхлэх газар хамтран Монгол Улсын харъяат хүүхдийг гадаадын иргэнд үрчлүүлэх асуудлыг
хэрэгжүүлж байгаа юм.  Энэ хугацаанд  118  эрэгтэй, 102  эмэгтэй хүүхэд гадаадын 13 оронд үрчлэгдээд байна.  Золоор үрчлэгдсэн хүүхдийн эрх зөрчигдсөн тохиолдол өнөөгийн байдлаар гараагүй гэж албаны эх сурвалж хэлж байна. Гэвч гадаадын иргэнтэй гэр бүл болсон Монгол Улсын иргэд дотоодын үрчлэлтийн журмаар буюу сум, дүүргийн Засаг даргын шийдвэрээр хүүхэд үрчлэн авч, гадаадад авч гарсан тохиолдолд хяналт тавих  боломжгүй байдалд хүрч байгаа гэдгийг НХХЯ-наас мэдэгдэж байгааг онцлох нь зөв бизээ.
Ерөөс хүүхэд үрчлэлтэй холбоотой хууль тогтоомжид тодорхой зохицуулалтууд  дутагдаж байгаагаас цөөнгүй бэрхшээлүүд үүсч байгаа аж.
Тухайлбал, Монгол Улсад удаан хугацаагаар оршин сууж байгаа гадаадын иргэд хүүхдийг хууль журмын дагуу үрчлэн авахаасаа өмнө албан бусаар гэр бүлдээ авах, өөртөө дасгах явдал цөөнгүй гарч байна. Энэ тохиолдолд Гаагийн конвенцийн 29 дүгээр зүйлд заасан “хүүхдийг үрчлүүлэх боломжтойг тогтоох, хүүхдийг өөрийн улсад нь үрчлүүлэх талаар тодорхой арга хэмжээ авах, үрчлэн авагч эцэг эхчүүд хүүхэд үрчлэн авах боломжтой болохыг тогтоохоос өмнө үрчлэн авагч эцэг эх болон хүүхдийн асран хамгаалагч нарын хооронд холбоо харилцаа тогтоох ёсгүй” гэсэн заалт зөрчигдөхөд хүрч байна.
Мөн Хууль зүй дотоод хэргийн сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2001 оны 100/32 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Гадаадын иргэнд Монгол Улсын харъяат хүүхдийг үрчлүүлэх журам”-д эцэг эхтэй болон хагас өнчин хүүхдийг тодорхой нөхцлийн дагуу үрчлүүлж болохоор заасан учир зарим иргэд хүүхдээ гадаадын иргэнд сайн дураараа үрчлүүлэх хүсэлт гаргаж байгаа аж.
Цаашлаад журамд гадаадын иргэнд Монгол Улсын харъяат хүүхэд үрчлүүлэх талаар хамтран ажиллах итгэмжлэгдсэн байгууллагын талаар заалт тусгагдаагүйгээс  үрчлэн авах гэр бүлийн талаар судалгаа, тодорхойлолт гаргахад хүндрэл гарч байгаа юм байна. Журамд хүүхэд үрчлэн авахыг хүсэгч гадаадын иргэд үрчлэлийн хүсэлт материалыг хэрхэн яаж ирүүлэх талаар тодорхой заалт тусгагдаагүйгээс хувь хүмүүсээр хүсэлтээ дамжуулах явдал гарах болжээ.
Тиймээс хүүхэд үрчлүүлэхтэй холбоотой гарч байгаа хүндрэл бэрхшээлийг арилгах, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зорилгоор Гэр бүлийн тухай хуулийг шинэчлэн боловсруулах ажил хийгдэж байгаа гэнэ.  Уг хуулийн төсөлд хүүхдийг үрчлүүлэхтэй холбоотой өнөөгийн гарч байгаа хүндрэл бэрхшээлийг арилгах зорилгоор нарийвчилсан зохицуулалтыг тусгаж, үрчлэлтийн асуудлыг дотоод, гадаад бүхэлд нь гэр бүл, хүүхдийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлж, харин үрчлүүлэх тухай эцсийн шийдвэрийг Гэр бүлийн төрөлжсөн шүүх /шинэ хуулийн төсөлд ийм шүүхтэй байхаар тусгасан/ гаргахаар тусгаад байгаа аж.
Гэр бүлийн тухай хуулийг шинэчлэн боловсруулж байгаа боловч хууль батлагдан, хэрэгжихэд бэлтгэл, цаг хугацаа нилээд орохоор байгаа  тул Хууль зүй, дотоод хэргийн сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2001 оны хамтарсан 100/32 тоот тушаалаар баталсан “Гадаадын иргэнд Монгол Улсын харъяат хүүхэд үрчлүүлэх журам”-ыг “Хүүхдийг хамгаалах ба улс хооронд хүүхэд үрчлэх асуудлаар хамтран ажиллах” тухай Гаагийн конвенцитэй нийцүүлэх, улс хоорондын хүүхэд үрчлэлтийн хүрээнд гарч буй зарим хүндрэл, бэрхшээлийг арилгах зорилгоор журамд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулжээ.  Цаашид холимог гэр бүлд төрсөн болон үрчлэгдсэн хүүхдийн харъяаллын асуудлыг хэрхэн шийдэх, цаашилбал давхар харъяаллын асуудлыг судлах шаардлагатай байгааг НХХЯ-аас мэдэгдэж байна.
Ер нь бол  Монгол Улс үрчлэлтийн асуудалд эерэг талаас ханддаг гэдгийг хэлэх нь зөв биз. Тэрчлэн  дотоодын үрчлэлтийг дэмжих бодлого барьж, хүүхдийн гэр бүл, эцэг эхийн халамжинд өсч хүмүүжих эрхийг хангахын төлөө ажиллаж байгаа гэж байна.  Дотоод үрчлэлийн тоо жилд 2009 онд 2167, 2010 онд 2487, жилд дунджаар 2000 гаруй хүүхэд үрчлэгдэж байгаа нь өндөр үзүүлэлт. Дотоодын үрчлэлийн зэрэгцээ бүтэн өнчин болон асран хамгаалагчгүй, харгалзан дэмжигчгүй болсон нь тогтоогдсон, өөрийн улсдаа тохиромжтой гэр бүл олж чадаагүй хүүхдийг гадаадын иргэнд үрчлүүлж байгаа гэдгийг албаны эх сурвалжууд тодотгодог юм. Энэ нь хүүхдийг гэр бүлийн орчинд, эцэг эхийн халамжид өсч бойжих эрхийг хангахад тодорхой хувь, нэмэр оруулж байгаа гэж тэд үзэж байна. Мэдээж үүнийг үгүйсгэх нь өрөөсгөл. Гэсэн ч монголын үр сад монгол нутагтаа зүдэрч амьдрахгүйн тулд хүний нутагт,  харь эцэг эхийн  “халамж”-инд орохоос  өөр сонголт байхгүй байгаа нь харамсалтай билээ.

No comments:

Post a Comment