Thursday, December 22, 2011

Үндэсний баяраараа үндэсний хувцсаа өмсөцгөөе

Монгол үндэстний тусгаар тогтнолын баярын өдөр.
1911 оны 12 сарын 29-нд Богд Жабзандамба хутагтыг Монгол Улсын шашин, төрийг хослуулан барьсан хаан ширээнд өргөмжлөн залах ёслол Их хүрээнээ болж, Олноо өргөгдсөн Монгол Улсаа байгуулсныг албан ёсоор дэлхий дахинаа зарлан тунхагласан түүхт өдөр билээ. 2011 онд  Монгол үндэстэн тусгаар тогтнолоо эргэн сэргээсэн 100 жилийн түүхэн ой болж байгаа билээ.
МУ- ын УИХ тогтоол гарган 2011 оны 12 сарын 29-ний  өдрийг нэг удаа бүх нийтээр тэмдэглэн өнгөрүүлэх өдөр болгон зарлаж байгаа нь баярламаар ч юм шиг гомдмоор ч юм шиг сэтгэлийн хөгийг минь татсанаас үүдэн энэхүү зүйлийг тэрлэхээр суусан минь энэ. Би бээр бичгийн хүн биш ч болсон үйл явдлын улс төр, нийгмийн ач хобогдол үнэн мөнийг мэдээсэй гэсэн үүднээс баримтад тулгуурлан санаагаа чадан ядан буулгаж байгааг минь хүлээн авна уу.
Улс орон даяараа амарч бүх нийтээр тэмдэглэн өнгөрүүдэг баяр ёслолын өдрүүд ба түүний түүхэн ач хобогдолын талаар товчхон дурьдвал.

7 сарын 11 Улс хувьсгалын баярын өдөр наадам хийдэг учир.
1921 оны 7 сарын 8-нд ардын журамт цэрэг Их хүрээг гамингаас чөлөөлөхөөр улаан армийн ангитай хүрээнд  орж ирсэн өдөр. Тэдэнд дайтах гамин байсангүй учир нь Барон Унгерн хэмээн нэрлэгдсэн цагаан Оросын генерал азийн морьт дивизтэйгээ гаминг элдэн хөөгөөд явуулсан байжээ.Энэ үеэр хүрээнд орж ирсэн Орос Монгол цэргүүд хамтран цэргийн парад хийсэн ба энэ өдрийг 40-өөд оны дунд үе хүртэл журамт цэрэг байгуулагдсан, нэг ёсны цэргийн баяр болгон тэмдэглэж байгаад 1946 он буюу улс хувьсгалын 25 жилийн ойн баяраас эхлэн улсын баяр наадам болгон тэмдэглэж ирсээр бидний үед иржээ.
11 сарын 26 Улс тунхагласны баяр
Анхдугаар үндсэн хууль баталсан өдөр ч гэдэг. 1924 оны 11 сарын 26-нд ардын хувьсгалын анхдагчдыг цааш нь харуулж байж улаан Оросын зааварчилгаагаар түүний далд колони болох эхийг хатгаж БНМАУ хэмээх тоглоомын улсыг байгуулсан өдөр. Тухайн үед БНМАУ нь олон улсаар хүлээн зөвшөөрөгдөөгүй тусгаар улс гэж хэлэхэд төвөгтэй улс байжээ.
Угтаа түүхээ үнэнээр гаргаж үзвэл уг өдрүүд нь зүгээр тэмдэглэлт өдрүүд төдий л юм. Тэгтэл түүхийн энэ гажуудлыг өнөө хир нь засч чадалгүй улам цааш үргэлжлүүлсээр байгаа нь төр засаг маань нэг л биш Монголын биш хүний төр байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлж байгаа юм.
1911.12.29
Энэ өдөр нь мөн чанараараа Монгол үндэстний хамгийн том, хамгийн чухал баяр ёслолын өдөр юм. Монгол Хятадын нэг хэсэг юм гэсэн ойлголтод  маргашгүйгээр үгүй гэж хэлдэг баримт нь Богд хаанаас Олноо өргөгдсөн Монгол Улсаа байгуулаад Хятадын ерөнхийлөгч Юан Ши Кайд илгээсэн захидалдаа танай Дундад улс манай Монгол Улс хоёулаа харийн дарлалд байсан ба Чин гүрэн нэгэнт мөхөж үгүй болсноор та нар түүгээрээ улсаа байгуул бид үүгээрээ улсаа байгууллаа хэмээн мэдэгдсэн. Энэ нь Монгол болвоос Дундад иргэн улсын нэг хэсэг гэсэн ойлголтод эргэлт буцалтгүй хариу болсон ба гадаад их гүрнүүдээс Монгол үндэстэн уусч алга болоогүй, Чингисийн Монгол байгаа юм байна, түүгээр ч барахгүй тусгаар тогтнолоо зарлаж гэдэг ойлголтыг тэдэнд өгсөн. Мөн Монгол үндэстэн туурга тусгаар оршин тогтнох эрхийг дэлхий нийтэд зарлан тунхагласан улс төр нийгмийн асар их ач холбогдолтойг нь та бид түвэггүй ойлгох бизээ.
1915 оны Хиагтийн гэрээгээр автономит эрхтэй болж үлдсэн нь өөр асуудал бөгөөд нийт Монголчуудад тусгаар тогтнол түүний үнэ цэнийг ойлгохд асар их нөлөө үзүүлсэн бөгөөд улмаар 1921, 1939, 1945, 1949 оны дараалсан тусгаар тогтносон улсаа бий болгох түүнээ олон улсаар хүлээн зөвшөөрүүлэх дараа дараагийн алхмуудыг хийх үндэс суурь болж байсан юм гэдгийг орчин цагийн Монголчууд бид ойлгох хэрэгтэй тэр цаг нь ч болж. Монгол Улс 1990 оныг хүртэл бүрэн улс төр эдийн засгийн эрх чөлөөгөө олж аваагүй байсан ба 1990 оноос хойшхи 22 жилийн дотор эрх баригч намуудын үйл ажиллагаа харийн хорт бодлогын золиос болон асар их үнэ төлж байж олж авсан эрх чөлөө тусгаар тогтнолоо эргэлзээтэй байдалд оруулаад байгаа нь энэ чухал өдрийг нэг удаа нийтийн баяр ёслолын өдөр болгохоор гаргахаар зэхэж байгаа нь баяр гомдол хослуулан хүлээж авахаас өөр аргагүй байдал үүссэнээс үүнийг бичих боллоо.
Монголчууд минь 2011 оны 12 сарын 29-ний өдрийг бүх нийтээрээ Монгол хувцсаа өмсөн тусгаар тогтносон Монгол үндэстэн гэдгээрээ бахархах их баяр ёслолын өдөр болгон тэмдэглэж хэвших нь эх оронч сэтгэлгээг залуу үедээ хүргэх нэгэн ариун үйлс болох төдийгүй бид өөрсдөө энэ өдрөө үндэсний баярын өдөр болгохыг эрх баригчдаас шаардах цаг нь болжээ. Богд хаанаас энэхүү өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай анхны лүндэндээ “Бүх ноёд түшмэд харц ард ялгаагүй энэ ёслолт өдөр Монгол хувцсаараа гоён туурга тусгаар болсоноо илтгэн харуулах хэрэгтэй” хэмээн зарлагдсан нь тухайн үеийн ноёд түшмэд нь манжийн албаны хар хувцас өмсдөг ба харц ардууд манжаас албадсанаар босоо захтай нударгатай дээл өмсдөг байсантай холбоотой юм билээ. Босоо захаар дөнгөлж, нударгаар нь малын туурай хэмээн төлөөлүүлж Монголчуудыг мал шиг номхон томоотой байлгах гэсэн жатга байсан хэмээн хөгшид ярьдаг байсаныг энд хэлэх хэрэгтэй. Жинхэнэ Монгол дээл бол бидний хэлж заншсанаар лам захтай дээл юм. Харийн дарлалын энэ жатгыг арилгах үүднээс бүх Монголчууд ноёд харц бүгд Монгол дээлээ өмсч хүрээнд их баяр ёслолыг тэмдэглэн өнгөрүүлсэн түүхтэй юм билээ. Энэхүү улсаа сэргээн засагласан баярыг 1922 он хүртэл тэмдэглэн өнгөрүүлдэг байсан байна. Монгол хүн бүр дотроо тунгаан энэ 100 жилийн ойгоор харийн дарлалын хар жатгыг үлдэн хөөх бэлгэдлээр Монгол дээлээрээ гангаран энэ өдрөө баярлан тэмдэглэх нь Монгол хүн бүрийн үүрэг гэж бодож байна. Энэхүү саналыг минь хүлээн авч дэмжнэ гэдэгт найдаж байна. Өвөл цагийн Монгол хувцас ямар тансаг ганган хаан үндэстний хувцас, гоёл хэрэгсэл болохыг бид өөрсдөө ч танин мэдэх нүүдэлчдийн соёлын их өвийн чухал нэгэн элемэнт юм гэдгийг энд тэмдэглэн хэлэхийг хүсэж байна.
МУНН –ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батболд
2011 оны 12 дугаар сар 20    Улаанбаатар хот.

No comments:

Post a Comment