Saturday, February 25, 2012

Харийн газар амьдарч буй монголчууд биднээс илүү уламжлал, ёс заншлаа эрхэмлэдэг.

Өнөөдрийн бидний 2.7 сая монголчуудаас гадна өвөрмонгол, буриад, халимаг, дээд Монгол, Цагаан Монгол, Цастын Монгол, Хазара, Шинжааны ойрдууд, Хөх нуурын хошууд, Дунсиан, Америк, Тайваны монголчууд гээд 10 сая гаруй хүн өөрсдийгөө монгол үндэстэн хэмээн нэрлэдэг. Чингис хаан, түүний залгамжлагчдын Ази, Европ тивд хийсэн аян дайнаас тархан суурьшсан монголчууд одоо хаана, хэрхэн амьдарч байгаа талаар мэдээлэл тун хомс.
Энэ талаар ажиллаж судалгаа хийх үүрэгтэй манай түүхчдийн амнаас шинэ соргог бүтээл гаралгүй удлаа. Бидний яс махны тасархай монгол угсаатнууд өнөөдөр төрөлх  нутгийнхаа зүгт цайныхаа дээжийг өргөж, Монголчуудынхаа төлөө ерөөж залбирч суудаг талаар ярилцахаар Тархан Суурьшсан Монголчууд байгууллагын тэргүүн, соёл судлаач Ц.Санчиртай уулзаад байна. Тэрээр ОХУ, БНХАУ, Казахстан, Узбекистан, Кыргызстан, Иран, Афганистан, Малайз, Индонези зэрэг гуч гаруй улс оронд очиж, Монголчуудын үлдээсэн соёлын өв дурсгалыг судлахын хамт тэнд амьдарч байгаа монголчуудтай уулзан тэдний нутаг орноо санасан элэг зүрхийг дэвтээж явсан талаархи сонирхолтой баримтуудыг уншигчиддаа толилуулъя 
  
 Ш.П –Та яаж яваад энэ харгуй зам руу орчихвоо? Ийш нь чухам юу хөтлөв?  -Чингис хаан түүний үр ач нарын ертөнцийн хагасыг эзэлсэн түүх миний хүүхэд ахуй цагаасаа сонирхсон сэдэв бараг оньсого байсан юм. Торгоны замаар Европ Ази тив холбогдож байсан талаар Марко Поло, Рубрук нарын номноос багадаа уншихад их сонин сэтгэгдэл төрдөг байлаа. Үнэхээр Монголчууд XIII зууны үед энэ хүмүүсийн дурьдатгалдаа үлдээсэн шиг хачин улсууд байсан юм болов уу гэж. Эсвэл дайн тулаанд ялсан ард түмний төлөөлөл түүхийг нэг нүдээр, харин ялагдсан хүмүүс тэс өөр булангаас аждаг явдал байв уу? гэдэг талаар ч бас боддог байлаа.  Энэ бүгдийг  олж мэдэх, Чингис хаан болон түүний залгамжлагчдын аян дайны явцад орхигдож тарсан хүмүүсийн үр садтай уулзахсан гэдэг миний багын мөрөөдөл энэ зам руу хөтөлсөн. Тэгээд энэ ажлаа эхлээд явж байтал биднийг  очих болгонд “Монгол ахан дүүс маань ирлээ” гэж найр тавин угтдаг, хонож өнжихийг урьдаг, өөрсдийнхөө тэмдэглэдэг баяр болгоноороо бидний тухай дурсч ярьдаг  тэр хүмүүсийн тухай иргэддээ таниулах, эцэст нь дэлхийгээр нэг тархсан монгол угсаатнаа эрж хайх нь миний үүрэг гэж санагдах болсон. Зарим газар нь дайн байлдаантай, нөгөө хэсэгт нь хаалттай нийгэмд амьдарч байгаа тэдгээр элэг нэгтнүүдийнхээ заримынх нь амьдралыг хараад өрөвдөх сэтгэл өөрийн эрхгүй төрдөг. Өөрийн эх орондоо амьдарч байгаа бидэнд ямар их том ирээдүй байгааг мэдээсэй бид судалгааныхаа ажлуудыг хүмүүст ийнхүү хүргэхийг зорьсон юм. 
   Их Монгол гүрний сүүлчийн хаан Бабур нь Төмөр хааны удам, ээжийнх нь тал Цагаадай хааны угсааны хүн гэж судлаачид үздэг юм билээ.  Бабур хааны 1530 онд нас барах хүртлээ захирч байсан улс нь одоогийн Энэтхэгийн хойт хэсэг. Түүний хайртай хатандаа зориулан бариулсан соёлын асар том өв бол яах аргагүй Таж махал.  Мөн Төмөр хааны бариулсан Самарканд дахь бунхнаар та орсон байлгүй, түүнтэй эн зэрэгцэх байгууламжийг би л лав очсон улс оруудаасаа олж хараагүй. Монголчуудын энд тэндгүй үлдээсэн хөшөө дурсгалуудын зурагтай маш гоё ном гаргасан байна лээ. Бас гэрэл зургийн үзэсгэлэн зохион байгуулсан гэж сонсогдсон. Энэ талаар хоёулаа жаахан хуучлах уу?
    Манай судалгааны багийн хийж буй цуврал нийтлэл, нэвтрүүлгүүд энэ бүхнийг олон нийтэд  баримтаар харуулахыг зорьдог. Жишээ нь, би Иранд Өлзийт хааны бунхан байдаг гэдгийг бүдэг бадаг сонсоод л тийшээ явсан.  Очиж үзээд тэр сүрлэг байгууламжийг хараад үнэхээр гайхшрал төрсөн. Монголчууд 1256 оноос хойш зуу гаруй жилийн хугацаанд Ил Хаант Улсаа байгуулж өнөөгийн Иран, Азарбейжан, Афганистан, Пакистан, Ирак гээд олон газрыг эзлэн хаанчилсан. Ингээд бодохоор Монголчуудын түүх соёл зөвхөн Чингис хаанаар тогтохгүй,  маш олон баатарлаг хаад хатад, цэрэг жанжид дэлхийн түүхийг бичилцсэн шүү дээ.  Хүлэг хааны зарлигаар барьсан дэлхийн хамгийн анхны одон орон судлалын төв, дэлхийн анхны тоосгоор баригдсан бөмбөгөр оройтой байгууламж болох Өлзийт хааны ордон  гээд их хаадын байлдан дагууллын явцад бидний өвөг дээдсийн бүтээсэн олон дурсгалыг хараад өвөг дээдсийнхээ бүтээсэн эзэнт гүрэн гэдэг их түүхийг өнөөдөр бид үнэнээр нь баримттайгаар харуулахыг хичээдэг. Хүлэг хааны анх  байгуулсан Ил хаант улс өнөөгийн Иран, Ирак хавийн газар нутагт 100 гаруй жилийн турш хаанчилсан гээд бодохоор үнэхээр бахархмаар. Ираны музей болгонд монголчуудтай холбоотой үзмэрүүд байдаг, тэнд бараг явсан газар бүхэнд монгол хаадын зураг, дурсгалууд таардаг. Чингис хааны отгон хүү Тулуй хааны хөвгүүд болох Мөнх, Хубилай,  Хүлэг, Аригбөх хаадыг төрүүлсэн Соргогтон бэх хатны бунхан Ираны Марүгод байдаг. Мөн энэ хотод Хүлэг хааны зарлигаар байгуулагдсан дэлхийн анхны одон орон судлалын төв буй. Таны дээр дурьдсан Самарканд дахь их хаадын бунхныг хараад ёстой алмайрсан. Казахстанд бид нүд алдам тал дээр найман зууны тэртээд сүндэрлэсэн Зүч хааныхаа Бунхан дээр очоод харин гайхан бишрэхээсээ илүү уйлмаар болсон.  Чаддагсан бол хөрөнгө мөнгө гаргаад түүнийг сэргээн засварлахсан гэж бодогдсон доо.
  
  Социализмын он жилүүдэд Чингис болоод Төмөр хааны үр удмыг  хамгийн харгис хэрцгий, хаа явсан газраа алж талж бараг л хүний толгойгоор овоо босгож байсан гэж ярьж бичдэг байлаа. Таны явж байсан газруудаар Чингис түүний үр ач нарын түүхийг мушгин гуйвуулсан ч юм уу, харлуулсан тохиолдол таарч байв уу?
- Дайн байлдаанд ялагдаж байсан аливаа улс үндэстний түүхчид өөр өөрийнхөөрөө түүхийг бичиж өмөөрөн тайлбарладаг шүү дээ. Харин бид Иранаас Монголчууд эзэлсэн улс орноо хэрхэн цэгцэлж, бүтээн байгуулж байсан маш олон зүйлийг шинээр цогцлоосныг одоо ч харж болохоор юм билээ. Монголын алтан ургийн их хаадын гаргасан их засаг хууль өнөөгийн Иранд төдийгүй Дундад Азийн улс орнуудад гүнзгий ул мөрөө үлдээсэн байдаг. Дундад азид хамгийн анхны цаасан мөнгийг Ил хаан Гайхату гүйлгээнд анх гаргаж байсан, татварын системийг бүрдүүлсэн гээд олон түүхэн баримт бий. Араб, перс хэлтэй судлаачид Ираны төв номын санг ухвал тэнд мөн ч их юм байна даа. Чингис хаан түүний дараа Төмөр хаан тэдний үр удам Исламын ертөнцийг цогцлон бүтээхэд гар бие оролцсон хирнээ зэрэгцээ муугаар ч бас яригддагийг та мэднэ дээ. Жишээ нь тухайн үед Монголчуудаас зугтаан орогнож, хад чулуу нүхлээд гэр хийчихсэн амьдарч байгаа хүмүүс Иранд мөн Туркд одоо хүртэл байна. Сайнаар биш ч гэсэн тэд найман зууны тэртээ монголчуудын үүсгэн байгуулсан “Монголын үе”-ийг одоо хүртэл  санан дурссаар л байдаг юм билээ.
-Афган, Пакистанд амьдарч байгаа хазарачуудын өнөөгийн байдлыг сонсоход үнэхээр сэтгэл шимширмээр санагддаг. “Бурхан илжгийг бүтээхэд Хазара хүн уйлжээ” гэсэн яриа хүртэл байдаг шүү дээ. Өөрөөр хэлбэл илжиг буй болсноор тэдэнд хийх ажил байхгүй болох учраас турж үхнэ гэсэн үг гэж ойлгоцгоож?
- Өнөөгийн Афганистанд амьдарч буй зургаан сая хазарачууд  Чингис хааны мянган морьтноос үлдэж хоцорсон хүмүүс гэдэг. Хазара гэдэг нь мянган морьтон гэсэн монгол утгыг илэрхийлсэн эртний перс үг л дээ.  Эхэндээ тэд энэ улс орныг хатуу чанга гараар атгадаг байж. Сүүл рүүгээ хүчин мөхсдөж доройтон бусад үндэстнүүдийнхээ эрхшээлд орсон юм билээ. Хазара нарт дээрэлхүүлж явсан өш хонзонгоо нутгийн уугуул гэгддэг Пашту, Узбек, Балуч, Тажик хүмүүс одоо авч байгаа юм шиг сэтгэгдэл төрдөг.
-Аяллын явцад олон бэрхшээл тулгарна биз. Ер нь эмэгтэй хүн ингээд ганцаараа хүн таньж мэдэхгүй газар орноор явна гэдэг надад л лав сэтгэлд нэг л буухгүй юм. Айхгүй юу? Элдэв адал явдал таарч байв уу?
-Мэдээж хэцүү, гэхдээ “Айвал бүү хий, хийвэл бүү ай” гэдэг биз дээ? Исламын шашинтай оронд тэр бүр гадны хүн оруулах дургүй.  Энэ орнуудад эмэгтэй хүн заавал нүүрээ халхалсан алчуур зүүнэ. Бүр гараа ч бугуйнаас дээш ил гаргах ёсгүй, автобусанд эрэгтэй хүнтэй нэг дор зорчихгүй, эрэгтэй эмэгтэй хүн олны дунд хоорондоо ярихгүй гээд л “усыг нь ууж байгаа хүмүүс ёсыг нь дагадаг” юм. Хаанаас ч хэнбугайн ч ирсэн бай  исламын орнуудад тэдний шашны ёсонд захирагдах ёстой, үгүй бол Исламын хуулиар яаж ч мэднэ. Афганистанд эмэгтэй хүн толгойгоо ил гаргавал чулуугаар шидэж алдаг хуультай гэдэг юм билээ хэцүү байгаа биз. Иранд  Монголын түүхтэй холбоотой маш олон зүйл байсан болохоор тийшээ заавал очих ёстой байлаа. Иран руу оронгуут гадаад ертөнцөөс тасарлаа л гэсэн үг. Мөнгө төгрөг ч гаднаас гуйвуулж авах эрхгүй, манайд байшингийн булан болгонд байдаг шиг интернет кафе таарахгүй. Таван зуун доллар гэхэд л хэдэн боодол риал болно. Гадаад хүмүүс мөнгөө заавал биедээ авч явах ёстой. За тэгээд цаг тоолол нь л гэхэд нийтийн тооллоос тэс өөр. 1300 он энэ тэр болоод л явчихна шүү дээ.
Дэлхий дахинд тархан суурьшсан бидний яс, цусны тасархай монголчууд өвөг дээдсийнхээ өв уламжлал, өөрийн ёс заншлаа хир хадгалж ирсэн байв? Эдгээр монголчуудын амьдрал ахуйн талаар ярихгүй юу?
 Гадаад орнуудад тархан суурьшсан монголчууд биднээс илүү монгол ахуй, ёс заншлаа авч үлдсэн, монгол угсаатан болж төрснөөрөө бахархдаг юм шиг санагддаг. Манай багийнхныг очсон газар болгонд баяр хийж угтана, бидэнтэй их хүндэтгэлтэй ханддаг. Монголчууд хэзээ нэгэн цагт өвөг дээдсийнхээ захисан ёсоор биднийг эргэн ирж авна хэмээн үлгэр домог ярьсаар ирсэн олон хүмүүстэй уулзахад үнэхээр сэтгэл эмтэрдэг.  Цагаан монголчууд гэхэд өөрсдийгөө газрын, биднийг тэнгэрийн монгол гэдэг юм. Сүүлийн арван жил бид тархан суурьшсан монголчууд маань цагаан сараа хэрхэн тэмдэглэдгийг харлаа. Тэд цагаан сараараа бидний л тухай ярьдаг юм билээ. Зорьсон газар болгон монгол цустнууд харилцан адилгүй амьдралтай байдаг. Өндөр уулын тагт амьдарч байгаа дунсиан монголчуудын хувьд амьдрал нь хэцүүхэн. Тэнд байгаа хагас сая хүмүүсийн дээд тал нь дөрөвдүгээр анги төгсдөг юм билээ. Дээд монгол, Цаст монгол Шинжааны ойрд монголчууд бол тэс өөр, маш өндөр боловсрол соёлтой угсаатнууд. Цагаан Монголчуудын хувьд тэд биднийг одоо хүртэл морь унаад, сэлмээ эргүүлээд дэлхийг байлдан дагуулж байгаа гэсэн 800 жилийн тэртээх ойлголт нь хэвээрээ. Монгол нутагтаа эргэн ирэх нь тэд нарын чин хүсэл юм даа.
Та байгууллагаа “TASAM” гэж нэрлэжээ. Юу гэсэн утгатай  үг вэ?
Манай байгууллагын албан ёсны нэр “Тархан Суурьшсан Монголчууд” ТББ. Харин TASAM гэдэг нь бидний санаачлан бүтээж байгаа Монгол судлалын төслийн олон улсын нэршил. Тархан суурьшсан монголчууд гэсэн үгийн монгол бичгийн товчлол. Баруун монголчууд гурвын тоог тасам гэдэг, зарим газар дээлийн эмжээрийг ч тасам гэдэг шүү дээ, олон сайхан утга энэ нэрэнд шингэсэн байгаа.
Монголчууд ер нь хаагуур их нутаглаж байна? Миний дээр дурьдсан Энэтхэгийн хойд хэсэгт монголоор ярьдаггүй ч могул гэх 30 сая хүн лав буй. Эд нарыг монгол үндэстэн гэж тооцох юм бол монголчуудын тоо замаа алдах байлгүй.
  Дэлхий дахинд тархан суурьшсан монголчууд гэдэг энэ нэршлийн дор олон угсаатан ястан бий. Буриад, Халимаг, Алтай, Тува, Шинжааны монгол, Дээд монгол, Цагаан монгол, Цастын монгол, Чар, Хазара, Сарт халимаг, Дунсиан, Баоань, Шарай голын монгол, гээд цаашаа үргэлжлэнэ дээ. Зарим ястнуудын цөөнх дөрвөн мянгуулаа нэг дороо амьдарч байхад  зарим газар 100 мянга хол давсан хүнтэй  нутаг ч байна. Харин энэ бүгд дор бүрнээ ирэл гарлын түүх, язгууртай. Гэхдээ л тэд бүгдээрээ их хаан Чингисийн найман зууны тэртээ зохион байгуулсан мянгат, зуут, аравтын хойчис. Монголчуудын үр удам өнөөдөр Орос, Хятад, Иран, Ирак, Афганистан, Энэтхэг, Балба, Пакистан, Казакстан, Узбекистан, Кыргызстан гээд олон газар тархан суурьшиж байна. Энэтхэгийн гадаадын иргэд орохыг хориглосон бүсэд ч монголчууд нутагладаг юм билээ. Өмнөд хөрш дэх монголчуудын олонх нь Чингис хаан тангадуудыг дайлаар мордоход үлдсэн хүмүүс. Хөх нуурын монголчууд өөрсдийгөө дээд монголчууд гэж ярина. Хасарын үрс Хошууд түмэн дэлхийн дээвэр гэгддэг Төвдийн өндөрлөгт аж төрдөг болохоороо “Дээд монгол” гэдэг нэрээ хожуу нэрлэгдсэн нь тэр л дээ. Зүч, Цагаадай хаадын үр удмаас эхтэй Дундад Азид тархан суурьшсан монголчууд маш олон байна. Тэд исламын шашины нөлөөгөөр угсаатны онцлогоо их алдсан байдаг. Мөн Япон, Солонгос, Тайван, Франц, Америкт монголчууд олон бий. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Америк, Францад халимагууд олноор дүрвэн гарсан юм билээ. Иранд гэхэд 500 мянга орчим эсгий сууцтай нүүдэлчин соёлтой угсаатан байна. БНХАУ-д зургаан сая орчим монголчууд байгаагаас дөрвөн сая 700 мянга нь өвөр монголчууд гэж бидний нэрлэдэг хүмүүс бусад нь өөр угтсаатан ястанууд. Торгоны замын Дунхан өртөөнд 4000 орчим цастын монголчууд  амьдардаг талаар дээр дурьдсан, тэд түүхийн энэ урт хугацааны турш хэл, бичиг соёлоо гайхалтай авч үлдсэн үнэхээр баатарлаг ард түмэн. Тэд одоог хүртэл Монгол гэрт амьдардаг, хүүхдүүд нь монгол бичгээ залгамжлан үлдсэн.
Монгол судлаачдын гаргасан баримжаа тоогоор өнөөдөр дэлхий дээр монгол угсаатны онцлогоо хадгалж яваа, монгол хэлээр ярьдаг, монгол хувцас зүүсгэлээ залгамжилсан монголчууд 12сая орчим байна.
Таньд болон таны багийн хамт олны цаашдын ажилд Цастын монголчуудын амьдардаг цагаан уулс шиг өндрөөс өндөр амжилт хүсье.   
                                             Ш.Пүрэвсүрэн
                                               2012-1-31

No comments:

Post a Comment