Sunday, February 26, 2012

П.ОДОНЧИМЭГ: Манай монголчууд бол машиныг тун сайн мэддэг, бас үнэлдэг хүмүүс шүү дээ 


“Тойота”. Энэ нэрийг мэдэхгүй хүн манай гариг дээр бараг байхгүй биз ээ. 320 000 шахам ажилтантай, үндэстэн дамнасан энэхүү авто корпораци жилдээ 8,5 сая автомашин үйлдвэрлэж, 8,4 сая автомашин борлуулдаг үзүүлэлтээрээ дэлхийд манлайлдаг. Зөвхөн АНУ-д гэхэд л жилдээ 1,7 сая “Toyota”-ийн автомашин зарагддаг бөгөөд энэ аварга үзүүлэлтэд бага ч болов хувь нэмрээ оруулж яваа нэгэн монгол бүсгүйг та бүхэнд танилцуулая.




Пүрэвсүрэнгийн Одончимэг. Нийслэлийн 10 жилийн 6 дугаар сургууль, МУИС-ийн Эдийн Засгийн дээд сургуулийг төгссөн. Одоо АНУ-ын Кальфорн мужийн Оакланд хотын Toyota авто дилерийн газарт борлуулагчаар ажилладаг.
-Та Америкт ирээд хэдэн жил болж байна. Дэлхийд нэр хүндтэй томоохон компани-ийн автомашиныг борлуулах ажилд яаж орсон тухайгаа ярьж өгөхгүй юу?
- АНУ-д ирээд 10 гаруй жил болчихсон байна шүү. Анх ирснээсээ хойш монголчуудынхаа адил янз бүрийн л ажил хийж байсан. Гурван жилийн өмнө энд ажилладаг нэг танил бүсгүй маань надад энэ ажлыг санал болгосон л доо. Тэр надад sales person буюу худалдагч, борлуулагчаар ажиллаад үзэхийг зөвлөсөн юм. Би ч хувцас хунар, бараа таваар, ахуйн хэрэглээний зүйлийг бол болох байх, машиныг ёстой барахгүй байх гээд хэлсэн чинь “Чи чаднаа, хийгээд үз” гэлээ. Би ч яахав үзээд алдая, болохгүй бол гараад өөр ажил хийнэ л биз гээд зөвшөөрсөн хэрэг.
- Ямар нэг шалгуур тавина биз дээ?
-Америкт ер нь ажилд авахад туршлага их хардаг. Энэ ажлыг хийж байсан эсэх, хэр мэдэх их чухал байдаг. Тиймээс ч өмнө нь Монголд машины дилерт ажиллаж байсан, энд ирээд ч хийж байсан гээд хэлчихсэн. Уг нь бол машины урд хамрыг сөхөөд асуувал нэг ч юм мэдэхгүй хүн шүү дээ. Гэхдээ энд чадна, мэднэ гэхгүй л бол ажилд авна гэж байхгүй л дээ. Ингээд ямар ч байсан орохоор болж, ярицлаганд орж тэнцээд, дараа нь онлайнаар тест өгч лицензээ авсан. Ингээд л “Тойота”-ийн “төмөр хүлгүүдийг” хүмүүст зуучлан борлуулдаг ажилтан болсон доо.
- Нэг үгээр хэлбэл “Өглөө” кинон дээр гардаг цоохор морины наймаачин Жанжин Сүхэд “ Эхнэртэй хайртай бөгөөд мөнгөтэй хүн бол авдаг л хүлэг дээ” гээд зогсож байдаг шиг , “мэргэжил” юм даа.
-Нээрээ л тэр кинон дээр гардаг наймаачин бол нэг ёсондоо бас л дилер шүү дээ. Худалдан авагчийнхаа хүсэл сонирхлыг гярхай мэдэж, “зарах барааныхаа” ашигтай давуу талыг үнэн зөв, тодорхой ойлгуулж чаддаг байж л дилерийн ажил амжилттай явагдана шүү дээ.
-Авто дилерээс машин авахын давуу тал юунд байдаг вэ? Зарим хүмүүс дилерийн газраас машин авах хувь хүнээс машин авснаас хямд байдаг гэж ярилцдаг.
- Дилерээр дамжуулан машин авахад хэд хэдэн давуу тал бий. Хамгийн нэгдүгээрт бэлэн мөнгөгүй хүмүүст банкнаас зээл авч өгч, сар бүр бага багаар төлөх боломжийг олгож байгаа юм. Мөн энэ нь эргээд тэр хүндээ зээлийн түүхийн оноог өсөхөд нөлөөлж эргээд өөр олон төрлийн зээл авах баталгаа болж өгдөг. Хувь хүмүүсээс машин арай хямд авч болох ч заавал бэлэн мөнгөтэй байж авна. Бас эргээд тэр ашины баталгаа, найдвөрын тухай асуудал гарах нь ойлгомжтой. Дилерээс машин авахад ийм асуудал гарахгүй нь ойлгомжтой. Буцах эзэнтэй буух хаягтай гэж манайхан ярьдаг даа. Дилерээс хуучин машин авлаа гэхэд л машины түүхийг мэдэж болно. Хэдэн эзэн дамжсан, аваарт орж байсан эсэх, засвар үйлчилгээгээ цаг хугацаанд нь хийлгэж байсан эсэх гээд. Хувь хүнээс машин авахад энэ бүхнийг мэдэх боломжгүй л дээ.
- Таны үйлчлүүлэгчдийн хэдэн хувийг монголчууд эзэлж байна?
-За бараг 70 хувь нь байх шүү.
-Манайхан ямар марк, загварын машин их авч байна?
- Манай монголчууд бол машиныг тун сайн мэддэг, бас үнэлдэг хүмүүс шүү дээ. Өвөг дээдэс маань хүлэг морио унаад дэлхийн талыг эзэлж явсан болохоор хүлэг морь, унаагаа ихэд дээдэлдэг арв түмэн. Одоо ч гэсэн манайхан сайн чанарын, сайн “төмөр хүлэгт” дуртай. Ихэвчлэн гэр бүлийн хэрэгцээндээ Toyota Highlander, ажил албанд бол шатахуун бага хэрэглэдэг Toyota Corolla, бас Toyota Camry, сүүлийн үед бол Venza их сонирхдог болсон байна. Бүсгүйчүүд бол Toyota Rav 4 голдуу авна. Харин Монголоос бол Highlander, Land Criuser 200, Camry, Lexus их захиж авахуулдаг.
- “Тойота”-ийн борлуулагч машин авах бол ямар машин сонгох бол?
- Мэдээж “хоолыг нь хороож” байгаа болохоор “Тойота”-ийнхаа машиныг сонгох байх л даа. Нөгөөтэйгүүр үнэ тийм ч их өндөр биш, бас засвар үйлчилгээ, сэлбэг ч харьцангүй гайгүй боломжийн үнэтэй байдаг. Яг одоогоор манай гэрт “Тойота”-аас өөр машин алга даа.
- Америкт машингүй бол амьдрахад ихээхэн төвөгтэй байдаг. Манайхан шинэ хуучин янү бүрийн л машиныг авч унаж байна. Ер нь машин авахад анхаарах зүйл юу байна?
- Дилерээс машин авахад шаарддаг гол зүйл бол хууль ёсны бичиг баримттай байх хэрэгтэй. Мөн зээлийн түүх сайн байх хэрэгтэй. Өөрсдөө машинаа зөв сонгоход анхаарах нь чухал. Машин зарагдсан өдрөөс эхлээд л эзэн, банк хоёрын өмч болж, дилерийн мэдлээс гардаг гэдгийг сайн бодож сонголтоо хийх хэрэгтэй. Нэгэнт зээлээр авсан машины төлбөрийг сар бүрд нь хугацаанд нь хийж байхгүй бол зээлийн түүхэнд нөлөөлдөг гэдгийг мартаж болохгүй.
- Машин авах гэж байгаа Монголчууддаа Та ямар нэг хөнгөлөлт үзүүлж чаддаг уу?
-Үйлчлүүлэх гээд ирсэн монголчууддаа маань бүх л талын хөнгөлөлт, хямдралыг үзүүлэхийг хичээдэг. Машин авах гэж байгаа хүний зээлийн түүхээс энэ бүхэн их хамаардаг л даа. Нэг үеийг бодвол бичиг баримттай монголчууд маань их болжээ. Гэхдээ тэдний зээлийн түүх их шинэ байдаг Тэгэхээр дилерүүд машин өгөх тийм ч дуртай биш. Тэгэхээр над дээр их ирдэг л дээ. “За дотор нь ажиллаж байж, адилхан монгол хүн байна даа” гээд л. Тийм хүмүүст чадах чинээгээрээ туслахыг л боддог.
-Америкт машин бол өдөр тутмын хэрэгцээ. Манайханд бол машинаараа зэрэг дэвээ тодорхойлж, бэл бэнчингээ гайхуулах нь элбэг. Монголоос Таниар дамжуулан машин авдаг хүмүүс хэр их вэ?
- Ер нь сүүлийн үед бол ихэссэн шүү. Ах дүү, танил талаараа дамжуулан үахиж авах нь бий, надтай шууд харилцаад үахиж авдаг нь бий. Цоо шинэ машиныг шууд зээлээр худалдаж аваад явуулах нь Кальфорны хуулиар хориотой. Доор хаяж эндээ 6 сар унах, байлгах хэрэгтэй байдаг. Харин бүх таксыг нь төлчихвөл шууд ачуулж болно. Хуучин машинд бол такс төлөхгүй ч ачуулж болдог . Иймэрхүү ялгаа их байдгийг хүмүүс тэр болгон мэддэггүй. Тиймээс надаас асууж, дамжуулж авах нь элбэг ээ.
-За сайхан ярицлсанд баярлалаа. Олон Монголчуудаа сайн унаатай болгоорой гэж ерөөе!
Ярилцсан Э.Гуамарал

No comments:

Post a Comment