Monday, April 9, 2012

МОНГОЛЫН ЯРУУ НАЙРГИЙН “СҮҮЛЧИЙН МОГИКАН”



(Уран сайхны хөрөг) 

“Шар” Мягаагаа би “Сүүлчийн могикан” гэж нэрлэх дуртай. Миний муу Мягаа хүн нь хүнээсээ холдчихсон “Иргэний” гэгдэх энэ нийгэмд ёстой жинхэнэ хүн шиг ХҮН, хүнээсээ илүү ёстой жинхэнэ яруу найрагч шиг хүн билээ л. Яруу найрагч шиг ч биш, жинхэнэ яруу найрагч юм чинь.

Даанч ийм яруу найрагчид манай Монголд цөөрчихжээ. Бичиж чаддаг, бичсэнийхээ хэрээр ууж чаддаг, уухаараа уйлж чаддаг, бас агсарч чаддаг яруу найрагч. Агсарч байгаа юм биш л дээ, “чойжин бууж” чаддаг ийм л яруу найрагчийг би Монголын яруу найргийн “Сүүлчийн могикан” хэмээн бодмоглоод явдаг юм. Энэ харьцуулалтыг минь олон ч хүн дэмждэгийг гадарлана.

“Сүүлчийн могикан” гэдэг энэ үг Жеймс Фенимор Куперийн “Могиканчуудын сүүлчийнх нь” гэсэн алдарт роман гарснаас хойш дэлхийн уншигчдын дунд өөрс өөрсдийнх нь хэлээр “нутагшиж” орхисон юм. Андгай тангарагтаа үнэнч, нөхрийнхөө төлөө галд шатаж, усанд живэхээс ч сийхгүй, тийм л нэг эр хар хүнийг Америк тивийн эдүгээгийн Гудсон мөрний индианчуудын нэгэн том овог асан могикан удмын сүүлчийн төгс төгөлдөр хүний дүрээр жишээлдэг болчихсон юм.

Монголын яруу найрагчдын дотроос “Сүүлчийн могикан” хэмээн нэршихийн тулд зүгээр л бичээд, нас нь жаахан явчихсанаараа тийн нэрших хувь заяа нь дутна. Манайд бол өнөөд өр ийн нэршиж чадахуйц “аваргууд” улам л цөөрсөөр. Тийм л болохоор “Сүүлчийн могиканууд”- аа улам улам хайрлая уу, усанд шившиж, ууланд мөргөе үү. Угаасаа яруу найрагч чигээрээ мөнхрөхийн тулд заавал ч үгүй олноос онцгой, одноос гэгээтэй, тэнгэрээс заяатай, “тэр модноос уяатай” байдаг бололтой. Ухаандаа, Дамдинсүрэнгийн Урианхай ах шиг “Улаан ангир үрээн иддэг жамыг ухаарав” хэмээн бичиж ч чаддаг, урт ус, уйлган сахал хоёртоо дарагдан, урд хормойгоо түрэн, хойд хормойгоо чирэн хөвөрч явж чаддаг байх ёстой ч юм уу? Тэгээд нүдээ аниад “Ганц хүний хөдөлг өөн”-өө бодоод явж байх. Энэ хорвоогийн уйтанд гомдоод, бясалгалаасаа халиад, их хотын үймээн дотор ч даяан хийж яваа нь тэр. Аль эсвэл Бавуугийн Лхагвасүрэн ах шиг “Аав нь хүүгээ согтуу явахыг харлаа, азгүй хүн ээ, би” гээд мөн л үс, сахал хоёроо “үгтээсээр байгаад” уртасгаж орхиод, түүндээ даруулсаар байгаад бөгтөр болчихсоныг нь бас л нэгэн содон төрх (имиж) гэлтэй ч юм уу? “Наад муу нуруугаа эмчлүүлэхээ яасан юм бэ дээ?” гэхээр “Өө яахав дээ, авс шулуутгаад өгнө биз” хэмээн доройхон дуугарчихаад уушгиныхаа улааныг угжаад утаан дундаа униартаж л суух.

Миний муу шар Мягаа ч ялгаагүй. Шингэн халиун үс нь шилээ даван хэдэн тийшээ хонгорцоглон хийсээд, ногоовтор туяатай сүүмгэр нүд нь саравчныхаа цаанаас жартайгаад, үл мэдэг “долгиотчихсон” алхаж явах барааг нь харахаас гүйж очоод тэвэрч аваад, ногтон сахалд нь хацраа наан нэг сайхан уйлчихмаар аа. Тийм л этгээд төрхтэй мөртлөө хайр хүргээд байдаг юм даа, муу найз маань. Хүний хийсэн, бичсэнд баярлана гэдэг нь жигтэйхэн, ямар ч бэлэн байж байдаг юм, хаанаасаа ч гараад ирдэг юм, нулимс нь тэр дороо л сад тавьчихна. Ердөө хоёрхон жилийн өмнө дөө, нэг таараад Сергей Есенинийхээ орчуулгын түүврийг барьтал, тэр дор нь нээж үзэв. Дүү Шурадаа зориулсан шүлэг нь таарчихсан юмсанж. Мань эр ч уруулаа нэг долоон хэлээ нэг булталзуулснаа, хуудсыг нь арагш нь эргүүлэх нь үү гэсэн шиг долоовор хуруугаа агаарт хий шилэмдсэнээ больчихоод өнөөх л цахирдуу, хангинуу дуугаараа “Чивэлт орчлон ямар ч олон мууртай юм бэ дээ, Чи бидэн хоёр тоолж яасан ч барахгүй дэг ээ” хэмээн уншуутаа “Миний Есенин яг л ийм хүн байсан байж таараа” гээд уйлагнаад явчихав. “Чи орос хэл мэдэхгүй шүү дээ, Есенинг ч мэдэхгүй, би ч буруу орчуулчихсан юм бил үү?” гэтэл “Битгий солиор, би Есениний нүдийг мэднэ, шүлэг нь яг л ийм байх ёстой” гэж нэг ширүүлснээ нүдээ хүчлэн аньж, нулимсан дуслаа хураачихаад уртаа гэгчийн нэг сайхан санаа алдчихаад цүнхнээсээ хугас шил юм гаргаад ирж билээ.

Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын унаган яруу найрагч Бэсүд овгийн Ламжавын Мягмарсүрэн гэж ийм л хүн байгаа юм. Одоо л “Шар” гэхээс бус “Радиогийн” гэдгээрээ алдартай савхан шар залуу явсан юм. Хүний эмчийн мэргэжилтэй ч хүслээ дагаад радиод орж, анагаахын салбарыг сурталдаж явсан алдартай сэтгүүлч.

Хамгийн гол нь хэзээ ч уйлж чадна, хэзээ ч бас “агсарч” чадна. Арав гаруй жилийн өмнө, шөнийн хоёр цаг болж байхад утасдан, цурхиртал уйлсаар Нямсүрэнг маань тэнгэрт хальчихсаныг дуулгасан хүн бол шар Мягаа маань. “Урт мориндоо сундалдаж, уужим дээлэндээ багталцаж” өсөөгүй ч гэлээ уухдаа ууж, уйлахдаа уйлалцаж андалдсан “Уйлган шар Мягаа минь” билээ л. Онцгой учир шалтгаанаар л шөнө дундыг хугаслаж, шүлэг нойрыг үргээхээс биш, үдшээр ч, үүрээр ч “Шар Мягаа шараа тайлуулъя” хэмээх нь хэзээ ч үгүй, хэрвээ тэгэх юм бол ёсонд хазгай, ёс зүйд нь харш!

Гэхдээ санааширч явдаг зүйл нь гэвэл бий. Намайг архи амсахаа больсноос хойш тэр минь ингэж бичжээ:

Анд Жигжидсүрэнгийн Нэргүйдээ

Нэргүй минь намайг мартаагүй дээ.

Нэргүйгээ ч би мартахгүй дээ.

Нэг л өдөр бидэн хоёр

Нэвсийтлээ уулзана даа.

Лонх юмны ард

Онх сууна даа.

Шүлгээ дуудалцаж дуугаа өндөрсгөнө дөө.

Шүлсээ ч бас тэсгэлгүй бардамхан нь аргаг үй хаяцгаана даа...

2010.06.11. /Бэсүд Ламжавын Мягмарсүрэн, “Дотоод чинадын үзэгдэл” түүвэр, УБ-2011, хуу 137/

“Чи уухгүй, ямар ч урамгүй юм бэ дээ” гээд хэзээний л гоморхчихно. Булингартай нүдээ манантуулаад доош хандуулчихна. “Алив тэгвэл нэг сайхан хөнтөрчихье л дөө” гэхээр “Хүүш чи болохгүй, болохгүй, яаж болохов” гээд зандраад босоод ирэхийг нь яана. Нээрээ л намайг шүүрч аваад дугтарчих гэж байгаа юм шиг сандарчихна, хөөрхий.

Тийм ээ, манай Мягаа уйлж чадахын хажуугаар агсарч бас чадна. Агсарч биш, “шүлсээ хаяж”. Агуу хүмүүс л агсардаггүй, шүлсээ л зүгээр хаядаг юм, харамсдаг юм. Харин гарцааг үй нэг агсарсныг нь эргэн саная. Хэзээний ч билээ, “Болор цом” дээр болсон явдал. “Болор цом”-ын шүлгүүд “могиканчууд”-ын сэтгэлд хэзээ л таарч байлаа даа, талын бор толгод шиг бүгдээрээ л хоорондоо адилхан юм чинь. Тэгтэл зүүн хойд хэсгийн гишгүүр хавиас нэг нөхөр хашгичаад явчихлаа шүү: “Ийм шүлэг байдаг юм уу, ийм Болор цом байдаг юм уу, нохойн бааснууд аа! Алив би та нарын шүлгүүд ямар байгааг харуулаад өгье” гэх нь тэр. Хүмүүс өндөлзөөд явчихав. Тэгтэл тэндээс нэг нь “Шар Мягаа ах байна, тэлээгээ тайлж байна, больж больж, х...гоо харуулах нь л дээ” хэмээн их л чангаар баясалтай дуугарав.

Гэхдээ Мягаад найрагч дүү нар нь ДААНЧ тэлээ тайлах зав олгоогүй л дээ... “ДААНЧ би хадам аавыгаа хөөгөөд гүйцээгүй л дээ, тэрнээс биш би чинь нэгдүгээр зэргийн тогооч байхгүй юу, ямар ч махаар хуурга хийж чадна” гэдэг шиг. “Агсарна” гэж энийг л хэлдэг юм. Эрүүлдээ ч гэсэн, олны дунд, нүдэнд нь хуруугаа хийчих нь холгүй чичилж байгаад зандардаг юм. Мягаа маань бас М.Амархүүг нэгэнтээ Хэнтийн Батширээтэд онхолдтол нь алгадчихсан юм. Олон найрагч нарын нүдэн дээр. “Ах нарынхаа дэргэд олон юм чалчлаа” гээд. За ёстой хоёуланд нь би баярласан даа. Амархүүдээ бол бүр илүү! Ганц ч үг урдаас нь ганхийхгүй, нүүрээ дараад л суугаад байгаа хүнд чинь хайр хүрэхгүй яах юм бэ? Хэрвээ цаадах нь Мягаа биш өөр хүн байсан бол, бас тэгээд Амархүү биш, өөр нэг муу шалчиганасан амьтан, тэгээд яруу найрагч бишсэн бол босоод л ирэх байсан биз. Одооны муусайн бөхчүүлээс ч илүү жудагтай байгаа юм чинь.

Ёс зүйг нь л хөндөхгүй бол манай Мягаа номхон улаан бяруу шиг хүн. Үгийнх нь сан тийм үедээ “ах нь, аав нь, өвөө нь, муу Мягаа нь” гэхээс өөр үг байхгүй, дэндүү “даржин”, тэрүүхэндээ л дүнгэр дангар, дүнгэр дангар...

Тэр жил миний муу Мягааг Эрээнцав руу Нямсүрэнгийн оршуулганд авч яваагүйд нь би мөн ч их гомдож билээ. Өнөө хүртэл төлөөнөөс нь уур хүрээд болдоггүй юм. Зохиолчдын хорооныхон онгоцоор үгүй гэхэд машин тэргээрээ гарцгаана гээд бөөн сүйд. Тиймэрхүү юмыг эцэстээ яадгийг андахгүй болохоор би ч ердөө л маргааш нь АНын генсек Норовын Алтанхуягийг “Цаана чинь Монголын яруу найраг 100 жилээр зогсчихоод байна, алив 50 мянган төгрөг өгөөд орхи” гэж загнаж байж авчихаад микрт суугаад Дорнод руу гарчихсан. Мягаа маань “Эдэнтэй хамт очъё доо” гээд уугаад, уйлаад үлдсэн юм. Гурав хоноод өнөөдүүл нь очлоо, Мягаа минь байдаггүй. “Яасан бэ?” гэсэн чинь “Замдаа уйлаад салахгүй биз гээд орхичихоод ирлээ” гэдэг байна шүү. Уйлах гэж л оршуулганд очдог байтал шүү дээ.

Буцаж ирээд уулзлаа. Енгэнэтэл уйлаад л байгаа юм. “Өглөө намайг зургаан цагт ирж авна гэсэн юм. Би 5 цагт босож усанд орчихоод хүлээгээд байлаа. Сүүлдээ бүр гараад орцныхоо үүдэнд зогсоод байлаа. Намайг хаячихаад явчихсан байсан” гээд. Аргагүй шүү дээ, Мягаагийн минь хувьд Нямсүрэн ч ялгаагүй, М.Цэдэндорж, Н.Нямдорж ч ялгаагүй, ёстой жинхэнэ дэргэдийнх нь бурхад байсан юм. Түүнээс хойш бүр ч уяруу болсон байж мэднэ.

Чухам тиймээс л:

“Заяа муутай юмс
Заяа нь намайг ойлгохгүй.
Завсар үгүй хайрласан сэдхилийг минь
Задгай мөнгөнийхөө чинээ ч санахгүй...
гэсэн хоёр шад тавьсан ч байж мэднэ.

Ер нь Мягаа анх надтай танилцахдаа ч бараг л уйлж, бараг л агсарч танилцсан юм. 1984 онд Нямсүрэн маань Дорнодоос “Хаврын урсгал”-аа авахаар ирлээ. Галынхантайгаа ойртуулах алсын бодолтойгоо ч хэлэв. Телевизээр орж Мэнд-Ооёог аваад гэрт нь очлоо. Тэгтэл ч баахан залуучууд шаагиад буучихав. Ж.Саруулбуян, Д.Цогт гээд л. Төрийн сүлдийг сүүлд хийдэг Ойдов маань ч залуу байж, пялхайсан ягаан амьтан. Дашбалбар тэр өдөр дипломын өмнөх практик гээд Москвагаас бууж таарав. Хоол унд, архи дарс, шүлэг найраг болцгоов. Бусдаас чанга дуутай хоёр нөхөр байна аа. Д.Чинзориг, Л.Мягмарсүрэн гэнэ. Савхан шар, Мягаа гэдэг нь оросорхуу царайтай, унгар мэргэжилтэн ч юм шиг, Мишигийн Цэдэндорж гуай ч юм шиг. Одоо бол Эрнст Хэмингуэйтай л улам адилхан, цаанаа л эрхэмсэг чамин төрхтэй, яруу найргийн унаа-Пегасын дүртэй болоод... Сүүлдээ халцгаав, харин Мягаа уйлж-агсарч эхлэв. Анхных нь ч гэнэ үү, хүүхэд нь төрөөд, амаржсан эхнэртээ цай шөл оруулах гээд гүйж явсан чинь эмнэлгийн гадаа хулигаануудад баригдчихжээ. Цоо шинэхэн алтан цагийг нь мултлаад авчихаж гэнэ. Эгээтэй л цай, шөлийг нь авчихаагүй, “Би залуу яруу найрагч байна, эхнэр амаржаад” гэснийг нь ч тоогоогүй юм байх. “Даанч дээ, хүүтэй болчихоод бөөн хөөр гүйж явахад цагийг минь мултлаад авчихсан шүү дээ” гээд л гараа зангидаад уйлаад-агсраад байх юм. Шөнийн 10-11 цаг болж, Модны 2-ын автобусны зогсоол дээр хүргэж өгөхөд ч тайвшрахгүй л байсан даа.

Омголон атлаа уяхан гэдэг нь жигтэйхэн. Найз нөхдийнхөө хайрыг татсан хүн гэдэг нь ч нүднээ шууд тусна. Хэзээ хойно, Ж.БолдЭрдэнэтэй гурвуулаа хааяа нэг “Цэдэндоржийн цэцэрлэг”-т ганц юмны ард “булагнаж” байхдаа ч ялгаагүй, хэзээний л бархирч байгаад элдвийн муусайн юмсыг ирүүлчихнэ. Хэрвээ Нямсүрэн маань Мягаагийн бурхан нь байсан бол Мягаа өөрөө Болд-Эрдэнийн хувьд мөн л дэргэдийнх нь бурхан байсан юм. “Мягаа ах аа” гээд сүйд. “Энэ муу Нэргүйтэй намайг Мягаа ах л холбож өгсөн юм” гээд. Тэр нь ч бас учиртай. 1989 онд Халхын голын байлдааны 50 жилийн ойг тохиолдуулан дарга нар хийгээд урлаг, соёлын төлөөлөгчид дүүрэн чихчихсэн АН-24 онгоц Халхын голын баруун эрэгт буухад гозойсон бор залуу гарч ирээд одоогийн энэ Буянт-Ухаа дээр угтаж авах хүнийхээ нэрийг томоор биччихээд бариад зогсож байдаг шиг захиа бололтой нэг нугалсан цаас барьчихаад “Нэргүй гэдэг яруу найрагч байна уу?” гээд асуугаад яваад байх юм. “Чи хэн бэ?” гээд очоод уулзсан чинь “Должидын Батбаяр өгүүлсэн юм аа” гээд өнөөх захиагаа өглөө. Тухайн үед радиод ажиллаж байсан яруу найрагч Батбаяр анд маань “Болд-Эрдэнэ гэдэг маш авьяастай залуу байгаа юм. Энэ хүүхдийг харж үзэж, туслаарай” гэсэн захиа өгүүлжээ. Хэд гурван үг солив уу, үгүй юү өнөөх “шар Мягаа” гэгчийг бас яриад унав. “Радиогийн Мягаа ах танд бас намайг захисан шүү. Их захисан шүү. Хүний газар хэцүү, бас тэгээд Дорнодынхон айхтар, Нэргүйн хамгаалалтад л ороорой гэж тушаасан шүү” гээд л. Тийм юм болсны учир жанцан нь Мягаагийн маань л өнөөх халуун сэтгэл!

Гэтэл Мягаа маань өөрийгөө бол тоохгүй. Тоодоггүйдээ бас их харамсана, өөрөөсөө айна. Хүүхдүүдээ, заяаны ханиа, зайлуул муу ижийгээ хайрлаж байгаа нь тэр. Доорх шүлгийг бичиж байхдаа тэрбээр өөрийгөө биш байх аа, гэрийнхнээ л өрөвдөөд нилбус нь лавтайяа дусал дуслаар бөмбөрч байсан байж таараа. Өөрийгөө хамаагүй согтож болохгүй шүү хэмээн ховсонд оруулж байгаа нь энэ. Өөртөө анхааруулж байгаа нь энэ. Өвөг дээдсийн маань монгол сэтгэлгээний философи гэж ийм л байдаг юм даа.

Үхэхэд ганц хуруу дутуу л явах юм даа, би

Үхэхэд ганц хуруу дутуу л явах юм даа, би

Ууж согтсон

Ухаан жолоогүй амьтан

Учир зүггүй гэр лүүгээ л зүтгэх юм даа,

Унаж тусвал яана вэ?

Увайгүй муу улсад тонуулж талуулбал яана вэ?

Уймарч, туймарч яваад осолдож бэртвэл яана вэ?

Үхэхэд үнэндээ ганц хуруу дутуу л явах юм даа, би

Үхэх, төрөх хоёрын торгон зааг дээгүүр л явах юм даа, би...
2010.05.29.

“Дотоод чинадын үзэгдэл” шүлгийн түүвэр, УБ-2011, 119/

Хөөрхий, муу найз минь дээ, чамайгаа би хааяа балгачихаар нь төрсөн ганц нуган дүүгийнхээ хойноос тарчилдгийнхаа л нэгэн адил шүү. Заримдаа би чамайгаа архидаж яваад үхчихлээ гэж хар даран зүүдлээд хар хөлсөө цувуулаад хачин ихээр амьсгаадчихсан сэрдэг. Тэгээд нэг удаа ийм шүлэг бичиж өгснийг минь санаж байгаа биз дээ?
Шатаж үл тайтгарахуй

Яруу найрагч Ламжавын Мягмарсүрэнд


Эр хүн дандаа хайраа шатааж явдаг ч,

Эрхий ороох сурны ч эрэлд хатаж явдаг ч,

Эхнэртээ гологдож, эх, үрсдээ загнуулж явдаг аа.

Эх орон шатахад хамгийн түрүүнд хөөгдөж гардаг аа, тэр яахав!

Яруу найрагч л харин өөрөө шатаж явдаг аа.

Ялих, шалихгүй юмны хяслаар гацаж явдаг аа.

Яахаа ч мэдэхгүй болохдоо тайтгарлыг эрж,

Янжинлхамаас илүүчилсэн хорондоо шатаж үхдэг ээ, тэр л хөөрхий!

Хайрлах өөр амьтангүй хорвоод хайрлуулах гэж,

Хараах өөр амьтангүй замбуулинд хараалгах гэж

Харайж, дүүлж, архирч, бархирч ирдэг ээ.

Хазганахдаа хазганаж, мөлхөхдөө мөлхөж ирдэг ээ, тэд л хөөрхий!

Орчлонг орхин нирваан дүрийг олохдоо,

Одны зүг сүүтэлзэн, бөртөлзөн хөөрөхдөө

Авсных нь тагнаас зууран унагчдыг эргэн хараад

“Арай л гэж ухаарав уу, та нар?” гээд бах нь ханадаг аа, тэр л сайхан!

Шатдаг нь бүгдээрээ шажигнаад унтарсан хорвоод

Шатдаггүйг нь ч гэсэн хайрлах л, хараах л юм. Х

эдэрлэх юмгүй замбуулин хэний хойноос ингэж

Хэдий болтол уйлагнах юм бол оо, Тэр л тун хөөрхий!

2011.04.02, өглөөний 9 цаг 50 минут, Таван шар.

За, за, энэ ч яахав, миний “ховс” ч яахав. Ер нь Мягмарсүрэнгийн шүлгүүд нил сэтгэлгээ. Хар залуудаа ч тийм л байсан, одоо бол бүр ч. Хэзээ ч түүнд цагаан шүлэг гэж байгаагүй, хэзээ ч тэрбээр амар амгаланг үзээгүй. Дандаа дотуураа шархирч явдгийгаа л буулгадаг яруу найрагч. Энгийн л үгтэй зүрхний шаналан, ахуй хийгээд аж төрлийн гүн ухаан, эхийгээ, эхнэрийгээ, эр хар найзуудаа өмөөрөөд голдоо ортол гунигласан энэлэн, холдоо гартал тарчилсан шаналан, талдаа хүртэл шатсан зүрх байдаг. Тиймдээ л Мягаа маань мод шиг шув шулуун хэвээрээ хорвоог барах нь л дээ.

“Модод минь, модод минь

Цагийн мөнхөд би

Чамтай адилхан

Цэх шулуун амьдрах юмсан.

Эмнэг азарга шудрах шиг

Эрчтэй ширүүн салхийг

Элгэн биеэрээ хааж...

Үнэхээр гайхам мод болохсон...
гэж тэрбээр гучин жилийн өмнө бичиж байжээ. Яг л энэ мөрөөдөлдөө хөтлөгдөөд цэх шулуун чигээрээ, хэнээс ч амьдрал гуйлгүй, хэнтэй “зөвшилцөл”-д оролгүй өдийг хүрсэн байнам. “Аюултай амьтныг ХҮН болгосон” ханийг нь Чимгээ гэдэг гэнэм:

“Муу хүүхэндээ би

Муухай их хайртай юм.

Хүнээс илүү хайртай юм.

Өөрөөсөө илүү хайртай юм.

Сэдхил зүрхнийх нь сайхнаар би

Гэрэлтэж явдаг юм.

Итгэл хайрынх нь халуунд би

Халууцаж явдаг юм.

Ээжээс минь өөрцгүй ижий минь гэж

Эрхлүүлж явдаг юм”

* * *

"Халуун их хайрынхаа

Хацарт нь явнам би.

Учиргүй их хайрынхаа

Уруулд нь явнам би.

Зүйрлэшгүй их хайрынхаа

Зүрхэнд нь явнам би.

Сэвгүй их хайрынхаа

Сэдхилд нь явнам би.”

“Хэлбэр үгүй” түүвэр, УБ-2010

Мягаагийн маань сэтгэлээс ийм л нэгэн хөдхи монгол хайрын булаг үргэлж оргилоостой байдаг юм. Өдий олон жил үерхчихээд босго, босгоо тэгтлээ элээлцэж яваагүй (Архичин хүн айлаар хэсэх муухай байдаг юм гэдгийг бид хоёулаа мэдэх юм чинь) ч, ханьдаа хэчнээн хайртайг нь би бүр гаргууд мэдэрдэг. Над руу залгаад ярихад нь ч, намайг залгаад ярихад ч хэзээний л эхнэрээ дэргэдээ дуудаж байгаа нь дуулдах нь ханьдаа эрхэлж байгаагийн шинж ч юм уу, аль эсвэл “Муу найз чинь эхнэртээ хаягдаагүй л байна шүү, эхнэрээ хөөчихөөгүй л байна шүү” гэдгээ биетээр нь гэрч татан зарлан тунхаглаж байгаа юм шиг санагдах.

Ямар ч сэдвээр бичсэн жинхэнэ монгол амьсгаа, жинхэнэ монгол төрх цухалзаад байдагт л шар Мягаагийн уран бүтээл орших агаад, тийм л учраас Монголын яруу найргийн онцгой төлөөлөгч, “сүүлчийн могикануудын нэг” болж чаджээ. Ялангуяа тэрбээр хүүхд үүддээ хань болохоор ч бил үү Америкт хэдэн сар болоод ирэхдээ бүр шал өөр болсон байдаг. Модернист гэхээр арай ч биш юм шиг. Даанч би тэр элдэв шалдвын онол, монолыг нь мэдэхгүй, тэгээд ч тэр юмнуудыг нь уран зохиолын хэчнээн их онолтой хүн ч уншаад тоодоггүй болохоор Мягаагийнхаа шүлгүүдийг онолоор задлах хүч ч дутнам, илүү маяг ч биз:

* * *

“Би ч гэсэн өөрийгөөн мэдэхээн байж.

Бишдээс ялгарах юм ердөөн алга болж.

Шунал тачаалд баригдсан амьтан.

Шуудхан хэлэхэд үхэж явна”

(“Хөх дарс” түүвэр, УБ-2009)

* * *

Өвөө нь хүүдээ шүлэг дуулж өгнө өө.

Үлгэр хэрхэн эхэлж, домог хэрхэн төгсдөг тухай

Үнээ хэрхэн хивж, нохой хэрхэн хуцдаг тухай

Өвөө нь хүүдээ шүлэг дуулж өгнө өө...

Наран хэрхэн ургаж, навч хэрхэн хагдардаг тухай

Өглөө хэрхэн эхэлж, үдэш хэрхэн шингэдэг тухай

Өвөө нь хүүдээ шүлэг дуулж өгнө өө.

Зүрх хэрхэн догдолж, зүүд хэрхэн ирдэг тухай

Зөрөг хэрхэн халцарч, зөнөг хэрхэн залгадаг тухай

Өвөө нь хүүдээ шүлэг дуулж өгнө өө.

Үхэл хэрхэн ирж, амьдрал хэрхэн дуусдаг тухай

Нүгэл хэрхэн үйлдэж, буян хэрхэн хураадаг тухай

Өвөө нь хүүдээ шүлэг дуулж өгнө өө...

“Дотоод чинадын үзэгдэл” түүвэр, УБ-2011

Тийм дээ, шүлгийг дуулах шиг санадаг, амьдралыг амралт шиг боддог муу найз минь дэвүүрдэж, жигүүрлэж, сийгүүрдэж явна аа, энэ хорвоод. Дэвүүр, жигүүр хоёр нь түүний ухаарал, учирлал, сэтгэлгээний гуниглал, сэдхил-нилбус нь юм. Ухааргагүй бусармаг энэ нийгэм дотор уран бүтээлээрээ л амиа тэжээнэ хэмээн зүтгэж, урьд эртийн хэдэн нөхдийнхөө сэтгэлийг зогоож яваа юм. Шар Мягаагаа харахаар эртний сайхан яруу найрагч нар санаанд ороод болж өгдөггүй юм. Мөн ч тэнгэртэй хүмүүс дээ...

МЗЭ-ийн шагналт яруу найрагч, орчуулагч Ж.Нэргүй

Эх сурвалж: www.mongolnews.mn

Зохиогчийн зөвшөөрөлтэйгээр нийтлэв.

No comments:

Post a Comment