Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнтэй ярилцлаа.
-Энэ өдрүүдэд улс орон сонгуулиар амьсгалж байна. Таны хувьд сонгуулийн талаар ямар бодолтой суугаа вэ?
-1992 оноос хойших зургаа дахь сонгууль болох гэж байна Энэ хооронд Монгол Улс их өөрчлөгдсөн. Гэхдээ сонгуулиас сонгуулийн хооронд үүсэх бэрхшээлтэй асуудал нэмэгдээд байдаг. 2008 оноос сэтгэл эовоосон зүйл бүр ч ихээр нэмэгдлээ. Улс орны маань эдийн засаг унаж, ядуурал нимгэрсэнгүй. Төр маань авлигад автлаа гээд нийгмээрээ долгилж эхэллээ. Эрх чөлөөт байдлаа олигархиудын ноёрхлоор сольж, тусгаар тогтнолын байдлаа түүхий эдийн хавсарга байдлаар сольж байна. Тиймээс энэ удаагийн сонгууль бол улаан, цэнхэр хувцас өмсчихөөд талбайд гарч тоглодог хөлбөмбөг биш л дээ. Улс орныхоо, иргэн бүрийн хувь заяаг шийдэх сонголт болно. Энэ сонгуульд хоёр төрлийн нэр дэвшигчид байх нь ээ. Улс төрийн намууд, тойрогт нэр дэвшигчид байна. Улс төрийн намууд ямар байдалтай орж байгаа талаар ярья л даа. Намуудыг гурван төрөлд хувааж болох байх.
-Ямар төрөлд?
-Монголын хорьдугаар зууны түүхийг өмчирхдөг Ардын нам хуучнаар бол Хувьсгалт намынхан. Ардчилсан хувьсгалаас хойш хугацааны тавны дөрөвт нь төрж барьж байгаа улс төрийн хүчин л дээ. Энэ хүчин өнгөрсөи дөрвөн жил төр барилаа. Хар дарсан зүүдэнд оромгүй явдлууд боллоо шүү дээ. Монголын төр иргэдээ талд зээр хөөж байгаа юм шиг элдэн буудахыг үзлээ. 1.5 сая төгрөг өгнө гэж сонгогдчихоод молигодохыг үзлээ. Газар усаа гадныханд худалдахыг үзлээ. Эрдэс баялгаа гадныханд бэлэглээд өртэй үлдэхийг харлаа. Одоо сонгууль дөхөж байна, амласнаа биелүүлнэ гээд хойч үеийнхээ ирээдүйгээр дэнчин тавьж, зээл тавиад үүгээрээ иргэдийн саналыг худалдан авах гэж байна. Ийм улайм цайм үйл ажиллагаа сонгуулийн өмнө явж байна. Энэ улс төрийн хүчний араншин, зам мөр юу билээ. Эдний мөрийн хөтөлбөрийг үзсэн. 20 жилийн цаадах том зорилтуудыг томъёолох гэж оролдсон байна лээ. Ийм зорилтыг дэвшүүлж байгаа хүмүүс 20 жилийн дараа тэтгэвэртээ гарчихсан сууж байх байлгүй. Асуудалд хариуцлагагүй хандаж байна. Ардын намын төрийн суудлыг арилжааны бараа шиг арилжиж байна. Сонгуульд нэр дэвшүүлсэн хүмүүс нь түрүүчээсээ шоронгийн хаалга татаж байна. Тэгэхээр энэ улс төрийн хүчнээс Монгол орон хурдан салаасай гэсэн бодолтой сууна даа.
-Нөгөө төрөлд нь АН орох уу?
-Сонгуульд оролцох дараагийн гол хүчин бол Ардчилсан нам. Энэ нам өнгөрсөн 20 жилийн тавны нэгд нь төр барьж байсан. Энэ хугацаанд Монголын нийгэмд гарсан өнгөтэй, өөдтэй ахицтай бүхэн энэ улс төрийн хүчний төлөөлөгчдийн санал сэдэл санаачилгаар хэрэгжсэн гэхэд хилсдэхгүй. Гэхдээ манай АН-д сэтгэл зовоосон зүйлүүд байна аа. Дандаа хүний харыг гайхаж, өөрийгөө цагаан тагтаа мэтээр ойлгож, магтаж болохгүй л дээ. Өнгөрсөн 2008 оны сонгуулиар саналаа луйвардуулсан. Сонгуулийн хороо ч, Ардын намынхан ч үүнийг хэлж байгаа. Нэгэнт ийм зүйл болсон учраас АН сөрөг хүчний байр суурь дээр зогсох ёстой байсан. Гэтэл намын удирдлагын зарим нөхөд нас нь ахисандаа ч юм уу, олон жил лааз өшиглөлөө гэж бодсон уу сөрөг хүчний суудлаа хаячихаад Ардын намынхантай эасагт орж ажилласан. Энэ хугацаанд Хувьсгалт намынхны амлалтыг биелүүлэхийн төлөө улсынхаа эдийн засгийг тарамдууллаа. Үүнд АН гар бие оролцсон. Гэхдээ энэ бүхэн АН-ын өнгө төрх, түүхэн үүргийг баллахгүй байх. Энэ алдааг засч болно. АН өнгөрсөн сонгуулиар ард түмэнд амалсан нэг сая төгрөгөө хувьцаа хэлбэрээр өгүүлж чадсан. Монголын эдийн засаг, нийгэмд цоо шинэ эргэлт авчрах болсон гэж боддог. Энэ чанараараа АН цаашид ажил хийх боломжтой. Энэ бүхнийг ард түмэн ялгаж салгаж ойлгох байх. Шүүмжилбэл, Ардчилсан нам сонгуульд нэр дэвшигчдээ тодруулахдаа Ардын намын халдварыг авч, Монгол Улс авлигын долгионд орон ганхаж байхад намаа худалдаад авчихсан зарим нэг аархуу баячуудыг сонгосон нь харамсалтай.
-Гурав дахь төрөлд нь бусад намууд орж байна уу?
-Бусад улс төрийн хүчний хувь гэвэл ардчиллын талыг барьдаг Иргэний зориг Ногоон нам байна. Эднийх олон түмний итгэлийг аваад төр барих бүрэн боломжтой болсон нам. Бусад намууд бол парламентад суудал авч байгаагүй учраас төдийлөн танигдаагүй битүү морь шиг байна. Нийт нэр дэвшигчдийг харахад 2000 оны сонгуулиар тэрбумаас дээш хөрөнгөтөй нэр дэвшигчийн тоо 23 байсан Түүний дараагийн сонгуулиар энэ тоо 40 болсон. Гэтэл өнөөдөр сонгуульд нэр дэвшигчдийн дунд байгаа тэрбумтнуудын тоо 70 гараад явчихлаа. Монгол төр маань ард иргэдийнхээ мэдэлд байхаас илүү хөрөнгөлөг чинээлэг хүмүүсийн гарт очих нь. Хөрөнгөө баяжуулах, арвижуулах чиглэлээр төрд ирж байна даа гэж х-рамсч байна. Ардын намынхны нэр дэвшүүлсэн хүмүүс дотор нэг ч малчин, багш алга. Нөгөө л баячууд, баячуудын хүүхдүүд бужигнаж явна. АН-д ч ялгаагүй. Ийм хандлага улам гүнзгийрээд байна. Б.Наранхүү гэдэг нөхрийг улс орны төлөө ажиллаж байсан гэж дуулаагүй. Ийм хүнийг нэр дэвшүүлснээрээ намын удирдлага алдсан, цэвэр биш алхам хийсэн гэж үзэж байна.
-Таныхаар аль нам ялах бол?
-Мэдээж монголчууд улс төрийн намуудын өрсөлдөөн дундаас сонголтоо хийнэ. Ардын намын хувьд Монголын түүхэнд эерэг үүрэг гүйцэтгэх хүчээ шавхжээ гэж харж байгаа. Энэ нам түүхийн тавцангаас түргэхэн буугаасай. Орон шоронд орсон Засаг дарга нар нь бүлэг бүлгээрээ байж л байна. Оюу толгойг худалдсан Зоригт мэтийн хүмүүс нь дахиад нэр дэвшээд явж л байна.
Ард нь муу ч гэсэн хонгон дээр нь алгадаад зүтгүүлэх нам бол АН үлдэнэ АН-аа сонговол ирээдүйгээ зөв сонгож байна гэж бодож байна. Битүү морьдод итгэл үзүүлбэл хувь заяа маань ээдрээтэй болоод ирнэ. Энэ сонгуульд хамгийн олон санал авах улс төрийн хүчнээр АН-ыг тодорно гэдэгт итгэлтэй байгаа.
-Сонгууль болоход үлдэж байгаа богино хугацаанд АН юунд анхаарвал зүгээр гэж та бодож байгаа вэ?
-Үнэн үг ярьж, өөрсдийнхөө үзэл бодлыг хүргэвэл болно доо. Сонгуулийн кампанит ажил дундаа орж явна. Хүмүүсийн сэтгэлд хүрч ажилдах хэрэгтэй л байна. Ардын намынхан өр тавьж ахмадуудад 330 мянган төгрөг өгөх нь. Энэ сонгуулиар мөнгө тараахгүй гэсэн чинь яалаа. Өмнөх сонгуулиар амласан бол тарааж болдог юм байна шүү дээ. Үүнийг нь яагаад ардчилсан нам ярихгүй байаа юм. Яагаад байр сууриа илэрхийлэхгүй байна вэ. Авлигын эсрэг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж маш хатуу тэмцэл хийж байна. Гэтэл АН-ынхан яагаад мэдэгдэл гаргахгүй, байр сууриа илэрхийлэхгүй, дуугүй байгаа юм бэ. Үлдэж байгаа арваадхан хоногт Монголын амьдралд нөлөөтэй, иргэдийн санааг зовоож байгаа асуудлуудаар байр сууриа илэрхийлж байх ёстой гэж бодож байна.
-АН хотын удирдлагыг авах цаг нь болсон гэж яриад байна. Энэ тал дээр таны бодол...
-Э.Бат-Үүл гарч ирээд яриад байгаа санаагаа хэрэгжүүлбэл Улаанбаатар хотын нүүр царай өөрчлөгдөх боломжтой. Гэр хорооллынхон өөрөө өөрсдийгөө барилгажуулж амьдрах нь зөв. Ардын намынхан хэдэн зуун орон сууц барина гээд эрэлтийг нь дэмжээд байна. Гэвч шиглүүлэлт байхгүй учраас энэ нь инфляци хөөрөгдөж, эдийн засгийг хөөсрүүлнэ. Тийм учраас үүнээс болгоомжлох хэрэгтэй. АН нийслэлд ажиллах бүрэн боломжтой. Э.Бат-Үүл маш зөв сонголт хийсэн. УИХ-ын гишүүнээр олон жил ажиллалаа. Үүнийгээ орхиод хотын түвшинд бууж, хотын мэрийн суудлын төлөө өрсөлдөнө гэдэг бол их зориг шаардсан асуудал юм.
-Монголд өөрийгөө гурав дахь хүчин гэж нэрлэх намууд шил шилээ даран гарч байна. Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын нам сонгуульд хэд хэдэн суудал авах нь гэсэн таамаг бий. Гэвч намын дарга нь нэлээд асуудалтай болчихлоо. Энэ талаар таны байр суурийг сонсъё?
-Парламентад суудалтай гурав дахь намыг албан ёсоор гуравдагч хүчин гэж нэрлэнэ. Түүнээс биш намууд өөрийгөө гуравдагч хүчин гэж нэрлээд болчихдог юм биш. МАХН бол хуучны МАХН-ын хагарлаас үүссэн улс төрийн хүчин. Эднийх хуучны Хувьсгалт намаас тасарсан гэдэг утгаараа ард түмний тодорхой саналыг авна. Үүнээс одоогийн Ардын намынхан хамгийн ихээр айж байна. Үнэндээ МАХН бол Ардын намын саналыг хуваахаас биш АН-ын саналыг хуваахгүй. Ерөнхийлөгч Н.Энхбаярыг тойрсон асуудлыг АТГ-ын ажил гэж үзэж байгаа. Гэхдээ энэ нь авлигатай тэмцэх тэмцлийн нэр төрийг гутаах маягаар өрнөсөнд харамсч байна. Авлига гэдэг бол хортой, салахад хүнд хар үзэгдэл. Өтний ялаа хогийн саванд үржээд байхад гэр дотроо ялааны алуур барьчихаад давхиад байвал нэмэргүй биз дээ. Үржээд байгаа газар руу нь хор хийх хэрэгтэй байдаг. Авлигатай ч ингэж тэмцэх ёстой. Авлигын үүр уурхайг устгахгүйгээр ганц нэг хүнийг бариад, хориод бүтэхгүй л дээ. Ер нь авлигын эсрэг тэмцэнэ гэвэл намуудын талаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн баримталж байгаа байр суурийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Одоогийн намуудын гишүүнчлэлийг болиулах хэрэгтэй. УИХ-д нэр дэвших, төрийн байгууллагад ажиллах албан тушаалтнуудад маш том хяналт тавих ёстой. Төрийн албыг худалдах асуудлыг Эрүүгийн хуульд томъёолох хэрэгтэй. Сүүлийн үед сайд, дэд сайдын суудлыг худалдаж эхэллээ шүү дээ. Энэ бол төрийн эрхийг Үндсэн хуулийн бус аргаар авч байгаа хэрэг. Үүнд АТГ анхаарлаа хандуулах ёстой байлаа. Тэгсэн бол сонгуульд нэр дэвшигчдийн жагсаалт одоогийнхоос өөрөөр гарах байв.
-Авлигын үүр уурхай нь хаана байгаа гэж та үзэж байгаа вэ?
-Авлигыг төрүүлж байгаа үүр уурхай бол нам болчихоод байна. АН цөөн жил төр барьсан учраас тийм нүгэл бага байх л даа. Харин төрийн эрхийг олон жил барьсан Ардын намынхан авлигад чамгүй гаршаад гүнзгий орчихсон шиг байна. Аймгуудын дарга нар түрүүчээсээ шоронгийн хаалга татсаныг харж байгаа биз дээ. Гэвч энэ нь сонгуулийн дуулианд дарагдаад өнгөрч байгаад харамсч байна.
No comments:
Post a Comment