Saturday, September 15, 2012

Гэр бүлийн хүчирхийлэл гэмт хэрэгтнүүдийг “төрүүлдэг”

|“Нохой сүүлээ, сүүл хонгорцгоо” гэдэг шиг хэлэхэд ч хэцүүхэн явдлын тухай зөндөө л сонсох юм. Тэр бүхнээс хүүхдийн эрх ашиг зөрчигдөж байгаа хүндхэн асуудлыг сөхөж үзвэл тийм ч таатай зүйл харагдахгүй. Ялангуяа гэр бүлийн хүчирхийлэл, дарамт шахалт, зодуур нүдүүрийн дунд өсч өндийж байгаа бяцхан үрсээ харахаар нүд хальтирч, сэтгэл эмтрэх нь нууц биш. Нийгмийн хар бараан амьдрал, өнчрөл хагацлын өмнө сөхөрчих шахам бүдчиж яваа тэднийхээ төлөө бид юу хийж гийгүүлэв ээ, өнгөрсөн хугацаанд. “Ажил олдохгүй нь” хэмээн ацаглаж, архи гударч яваагаа амьдралын нугачаанд алдаж оносон хувь тавилан мэтээр тайлбарлах арчаагүй улс өнөө цагт даанч олширч дээ. Зах зээлийн шуурганд өртөж, ахиж өндийх чадалгүй болтлоо доройтсон мэтээр чалчиж суугаа тэдний хувьд амьдралын бэрх давааг олигтойхон сөрөх сэтгэлийн тэнхээ л дутаж байх шиг. Мэдээж хэрэг, хүн болгонд л зовлон бэрхшээл тохиолддог. Тэр бүхэнд гуньж гутраад, харсан бүхнээсээ буруу эрж, хар ус гударсан архичид хажууд нь буй хань ижил, үр хүүхдээ ёстой л амьдын тамд унагаж амьдардаг гэдгээ даанч ухаардаггүй нь харамсалтай. Ялангуяа хамаг бүхнээ гашуун усаар сольчихсон цэвдэг сэтгэлтнүүдийн гарт хүүхэд зовж байна. Архичин эцэг эхийнхээ хараалын үгсийг цээжлэх шахам зэмлүүлж, хайр энэрэлгүй харцнаас нь дальдчин суух хүүхэд багачууд чухам хэнээс өмгөөлөл эрж, эрх ашгаа хамгаалах талаар төдийлөн сайн мэдэхгүй. Хүүхдэд ээлтэй, хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг олон байгууллага байдаг ч өнөө хэр нь энэ талаар чангахан шиг дуугарч, дорвитойхон шиг арга хэмжээ авсан газар бараг байхгүй. Гэр бүлийн хүчирхийлэл, дарамт зодуурыг тэсч чадалгүй зугтсан хүүхэд багачуудын тоо ч өдрөөс өдөрт нэмэгдэх шинжтэй. Мэдээж хэрэг, тэдний дийлэнх хувь нь гудамжинд гарна шүү дээ. Хэн ч тэднийг тосоод авахгүй нь ойлгомжтой. Яахав, зохих байгууллагад нь хандсан зарим нэгнийг Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд хүргэхээс өөр арга олддоггүй гэх. Тэнд ихэвчлэн эр нөхөр, хадмуудынхаа дарамт шахалтанд өртсөн эмэгтэйчүүд балчир үрсээ дагуулаад очдог юм билээ. Харин яг энэ мэт бэрхшээлийг туулсан хүүхэд багачууд тус төвийг зорих нь юу л бол. “Тэнэмэл” гэгдэх гудамжны хүүхдүүдтэй нийлээд орц траншей хэсч, хулгай дээрэм хийж эхэлснээр тэдний хувьд “Буруу замаар будаа тээх” үүд нь нээгддэг гэлтэй. Ийнхүү бидний дунд гуйлга гуйж, гудамжинд тэнүүчилсэн халтар жаалуудын дүр төрх хэвийн үзэгдэл мэт харагддаг болж. Амьдрахын тулд аргагүй эрхэнд ийн зовж зүдэрч яваа хүүхдүүд ч цөөнгүй байгааг дурдах хэрэгтэй болов уу. Гэвч тэдний өмнө хариуцлага хүлээж, эрх ашгийг нь хамгаалах ёстой хүмүүс хаана байна вэ. “Хүн өөрөө л хичээвэл, ямар ч өндөрлөгт хүрч болно” гэж номлох дуртай томчууд, эрх мэдэлтнүүд бидний ирээдүй болсон залуусын хаана юу хийж явааг сонирхохыг ч хүсэхгүй байгаа гэхэд хэтрүүлсэн болохгүй биз. Энэ мэт олон асуудлаас болоод хүүхэд багачуудын хүсэл мөрөөдөл, амьдралын баталгаа хөсөр хаягдаж, гэмт хэрэгт холбогдсон насанд хүрээгүй хүмүүсийн тоо гэрлийн хурдаар өсөх нь. Тухайлбал, нийслэл хотын хэмжээнд 2009 оны байдлаар гарсан 352 хэрэгт насанд хүрээгүй 440 хүн хол¬богд¬соноор нийт үйлдэгдсэн гэмт хэргийн 3.1 хувийг эзэлж байгаа нь бага биш тоо юм. Гэмт хэргийн улмаас 574 хүүхэд хохирсон, үүнээс 59 нь амь насаа алдсан гэсэн эмгэнэлтэй дүн ч гарсан байна. Нийт хохирсон хүний таван хувийг хүүхэд эзэлж байна. Мөн нийт нас барсан хүний 7.5, гэмтсэн хүний 7 хувийг хүүхэд эзэлжээ. Үүгээр ч зогсохгүй гэмт хэрэгт холбогдсон хүүхдүүдийн 141 буюу 32 хувийг ерөнхий боловсролын сургуулийн сурагч, 231 буюу 52,5 хувийг ажил сургуульгүй, 24 буюу 5,4 хувийг сургууль завсардсан хүүхдүүд эзэлж байна. Гэмт хэрэг үйлдээд шоронд орсон хүүхдүүдийн дийлэнх хувь нь гэр бүлийн дарамт шахалтын “түлхээс”-ээр гэрээсээ дайжиж, таагүй замд хөл тавьснаа тайлбарлажээ. “Хичээлээ тараад ирэхэд хүйт даасан гэр тосч авдаг. Хоосон хөргөгч, архи ууж агсам тавьсан эцэг, эхийнхээ таагүй байдлаас үүдэж гэрээсээ бушуухан л гарахын түүс болдог” гэж өгүүлсэн тэдний хувьд хэн нэгний харцны аясаар бөмбөрч, гарын шүүсийг нь амсч явснаас дур зоргоороо тэнэхийг илүүд үздэг нь ч аргагүй гэмээр. Үнэндээ гэр бүлийн хүчирхийлэл хүүхдийг гэмт хэрэгт “түлхдэг” болох нь эндээс тод харагдаж байна. Бид дараагийн удаад 2011-2012 оны байдлаар нийслэлийн хэмжээнд гэмт хэрэгт холбогдсон болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн, хүнд хүчир хөдөлмөр эрхэлдэг, гудамжинд тэнэж, хогийн цэг дээр амьдарч буй хүүхдүүдийн талаархи бүртгэлийг танилцуулах болно.
Р.Есүй

No comments:

Post a Comment