Thursday, October 4, 2012

Сургууль биш, систем



И-мэйл
ХэвлэхPDF
Судлаач Д.Ганхуяг
Саяхан Өмнөд Солонгост баахан баячуудыг бөөнөөр нь баривчилжээ. Hyundai Motors-ын дэд ерөнхийлөгчийн хүү болон бэр, Doosan компанийн ерөнхийлөгчийн бэр зэрэг нийтдээ 60 орчим хүнийг гэр бүлээр нь баривчилжээ. Яалаа гэж ?! Тэд хуурамч бичиг баримт бүрдүүлж хүүхдүүдээ элит сургуульд оруулах гэсэн гэмт хэрэг үйлдсэн гэнэ. Манайд бол хуцваа л байхгүй юу. Хүүхдээ “сайн сургуульд” оруулж болохгүй юу, нөгөө “ардчилал”, “хүний эрх” энэ тэр хаа байна гээд л дайрах нь мэдээж ш дээ. Гэхдээ боловсролын системийн үндэсний шинж, шударга байдал, тэгш байдалд ардчилал, хүний эрх ёстой падгүй юм байна. Энэ тухай өгүүлье.
Энэ эцэг эхчүүд удаан хугацаагаар гадаадад байсан, давхар иргэншилтэй гэсэн хуурамч баримт бичиг 50.000-100.000 доллараар олж авдаг юм байна. Тэгээд тэр бичгээ үзүүлээд хүүхдүүдээ “гадаад сургуульд” өгдөг аж. Гадаад сургууль гэдэг нь англи хэлээр хичээллэдэг, англи, америк программаар хичээллэдэг сургуулиудыг хэлдэг юм байна.
Солонгосын дээдсийн хүүхдүүд голдуу англи, британийн их дээд сургуулиудад гадаадад сурдаг, эцэг эхчүүд нь хүүхдүүдээ ахлах ангидаа англи хэл үзвэл зүгээр гэж үздэг юм байна.Харин Солонгосын нийгэм үүнээс огт өөр үзэл бодолтой байдаг аж.
Солонгосын боловсролын систем хатуу стандарттай, бас хатуу эгалитаризмтай (тэгшитгэл) байдаг аж. Ер нь Зүүн Азийн бүх орнуудад боловсролд ихээхэн нухацтай ханддагаараа дэлхийд дээгүүр ордог аж. Энэ бүс нутагт олон зууны турш түшмэлийг сонгох төрийн шалгалтын систем байсан бөгөөд энэ нь нийгмийн шатаар өгсөх баталгаа болж байсан аж. Иймээс боловсрол дахь шударга ёсыг нийгмээрээ хүндэтгэж, одоо болтол хатуу загварт барьдаг байна.
Иймээс Зүүн Азийн хамгийн алс бөглүү газрын ядуу атлаа авъяастай залуу хичээл зүтгэл гаргаад улсын шалгалт давж чадвал ямар ч амжилтанд хүрч чадна гэсэн итгэлтэй байдаг аж. Амьдрал дээр ийм тохиолдол цөөн ч хамгийн гол нь боломж нь байдаг аж. Нийгмийн шатаар шударгаар өгсөх энэ боломж нь өөрөө үнэт зүйл болж өгдөг байна.
Гэвч сүүлийн хагас зуун жилд байдал өөрчлөгдөж, күнзийн сурталт төрийн шалгалтын оронд их дээд сургуулийн элсэлтийн шалгалт бий болжээ. Гэсэн хэдий боловч уг зарчим хэвээрээ үлдсэн байна. Энэ агуу зарчим дараах агуулгатай:
Авъяастай, хөдөлмөрч ямар ч хүн хамгийн доод гаралтай эсэхээсээ үл хамааран нийгмийн дээд ангид орж болно. Энэ боломжийг зөвхөн боловсролоор дамжуулан олж авах ёстой. Иймээс хүнийг шилж авах нөхцөл дээд зэргийн тэгш байх ёстой, энд гадаад нөлөөлөл, ялангуяа санхүүгийн нөлөөлөл байх ёсгүй.

Надад бол энэ зарчим үнэхээр таалагдаж байна. Үүнийг манайд үг дуугүй нэвтрүүлэх ёстой гэж бодож байна.
Солонгосын дунд боловсрол үнэ төлбөргүй. Бараг бүх хүүхэд стандарт хөтөлбөрөөр суралцдаг. Бүх сургуулиудыг улсын төсвөөр санхүүжүүлж, ойролцоогоор ижил материаллаг нөхцлөөр хангадаг байна. Харин ирээдүйн төлөвлөгөө, сонирхол зэрэгтээ нийцүүлэн судлах хичээлээ сонгох боломж зөвхөн ахлах ангид орсон хойно л бий болдог байна.
Солонгост гадаад хэл, байгалийн ухаан, урлаг, спорт зэргээр төрөлжсөн тусгай сургуулиуд цөөн байдаг аж. Гэхдээ ийм сургууль ердөө 104 байгаа нь нийт сургуулийн 1 хувь хүрэхгүй байна гэсэн хэрэг юм. Эдгээр сургуульд маш хатуу уралдаант шалгалт өгч элсдэг ба нэг ороод авбал дээд сургуульд орох магадлал сайтай гэнэ. Тусгай сургууль байвал их мөнгөөр орж болдог тэнэг заншил тэнд алга байна.
Солонгосын боловсролын системд дээд сургууль элсэгчийн ирээдүйн нийгмийн амжилтын баталгаа болдог учраас их чухал аж. Сөүл, Корё, Ёнсе гурваас бусад нь нэг их сүрхий эд биш гэнэ.
Рейтингээрээ эхний аравт ороогүй их сургуульд орвол “сайд болно” гэж саналтгүй юм байна. Би буруу ойлгоогүй бол хүний ажил амьдрал төгссөн сургуулийнхаа рейтингээс хамаардаг юм шиг.
Манайд их нэр хүндтэй сургууль их үнэтэй гэж боддог. Гэтэл тийм биш аж. Тэнд хамгийн гол зүйл нь сурлага байдаг аж. Жишээ нь Сөүлийн их сургууль жилд 6000 доллар авч байхад түүнээс муу сургуулиуд 9000 $ авдаг байна.
Боловсролд танил тал харах, мөнгөөр зодохыг солонгосчууд тэвчиж чаддаггүй нь ийм учиртай юм байна.
Тэнд дунд сургуулийг дээд сургуульд элсэн орох инкубатор гэж үздэг учраас аль болох тэнцүү, адил тэгш нөхцөл бүрдүүлэхэд хамаг анхаарлаа тавьдаг байна. Тиймээс стандарт сурах бичиг, стандарт хувцас, стандарт тоног төхөөрөмж, стандарт байр танхим, ер нь бүх юмыг стандарт байлгадаг байна. Ялгарах юм нь авъяас, хөдөлмөр гэсэн хоёрхон зүйл байдаг аж.
Дээр дурдсан баян эцэг эхчүүд энэ дүрмийг зөрчиж хүүхэддээ илүү нөхцөл шударга бусаар бий болгох гэж байгаад хуулийн дагуу шийтгүүлж байгаа юм байна.
Солонгост “завод, сонин, усан онгоцны” эздийн хүүхэд худалдагч, слесарийн хүүхдээс ялгаа байхгүй адилхан нөхцөлд сурах ёстой гэж үздэг гэнэ. Энэн шиг үнэн юм гэж хаана байна.
Баяны хүүхэд ухаантай, ядуугийн хүүхэд тэнэг гэж хаа ч байхгүй л дээ.
Үүний нөгөө талд хүүхэд болгон өөр өөр, иймээс тэрхүү авъяас чадварыг нь хөхиүлэн дэмжиж, хүүхдийн хувийн онцлог, хүсэл сонирхол дур хүслийг харгалзан сургах ёстой гэсэн “барууны зарчим” байна. Энэ нь байж болох л зүйл. Үүнийг манайхан зарлан тунхагладаг авч огт биелүүлж чаддаггүй.
Гэхдээ энд ч гэсэн авъяас чадвар, хөдөлмөрийг мөнгөөр худалдаж аваад бай, юу ч хийхгүй залхуу хүүхдүүдийг хувийн онцлог гэдгээр толгойг нь илээд бай гэсэн агуулга огт байхгүй ш дээ.
Энэ утгаар манай сургуулиуд шударга бус гэж юу болохыг хүүхдүүдэд жинхнээсээ зааж өгдөг газар болсон нь хэн бүхэнд тодорхой.
Миний хувьд манайх гадаадын сургуулиуд болон хөтөлбөрийг нь хараад хуулаад байсан болохоос биш, нийгмийн гүн ухаан, ёс суртахууны үндэс, уламжлал, өөрийн онцлогоо ерөөсөө харгалзаагүй хамаг юмыг холион бантан болгожээ гэж дүгнэж байна.
Ингээд манай боловсролын систем бидний хойч үеийг залхуу байхад сургах, сэтгэхгүй байхад сургах, шударга бусад сургах, өөрөөр хэлбэл нийгмийн хамгийн муу муухайд сургах гол газар болжээ гэж ямар ч эргэлзээгүй дүгнэж болно. Хүүхдүүдийг муу муухай болгонд сургаж байвал тэр системийг эвдэх л ёстой.
Наад зах нь юуны өмнө эцэг эхийнх нь мөнгөөр хүүхдийн сурлагыг хэмждэг адгийн тэнэг, бусармаг явдлыг үүрд устгамаар байна ш дээ.

Хараад байхад сүүлийн жилүүдэд дорнын боловсролын систем илт сайжирсан байна. Хятад, малайз, сингапур, туркийн боловсролын систем надад үнэхээр таалагддаг. Уг нь Оросоос авсан манай боловсролын систем шилдэг нь байсан атал Баабар энэ хэд дайрсаар байгаад сөнөөгөөд хаясан л даа. Энэ бүгдийг харьцуулж байгаад өөрийн систем гарган авч яагаад болохгүй гэж ?!
Хэрэв надаас асуух юм бол би ямар ч эргэлзээгүй солонгос маягийн дорнын систем авна гэж хэлэх байна.
Яагаад гэвэл манайд амьдралынхаа төлөө шударгаар зүтгэдэг, тэмцдэг, сэтгэдэг хүүхэд цөөрөөд байна. Эрхлүүлсээр байтал энэ хэдэн хүүхэд чинь тоглож зугаацахаас өөр юм мэдэхээ байж байна ш дээ. Эрдэм ном сурахад эрх чөлөө, эрх нэг их гол асуудал биш, харин ёс суртахуун, шударга ёс хамгийн гол асуудал.
Манай Монголд нэлээд “чанга”, “хатуу сахилга баттай”, хамгийн гол нь шударга боловсролын систем илүү таарах нь ямар ч эргэлзээгүй. Иймээс сургууль, хөтөлбөр биш, систем ярих цаг болсон байна…

Боловсролын яам нь өөрөө боловсролгүй байхад систем ярих ч хэцүү асуудал боловч өнөөгийн боловсролын өөрчлөлт манай боловсролгүй яамыг хүлээж байгүй л байх…
Өөрсдийнхөө гараар хойч үеэ “алчихаад” ардчилал, “иргэний боловсрол” энэ тэр гэж хөөрцөглөх ч яамай л байна…

2012 оны 9 дүгээр сарын 27. 

1 comment:

  1. tanitai sanal neg bn. zaluu hugjij bui bid nar uuniig sain oilgoj odoogiin surch bga bolowsroliin systemd awah geehiin uhaanaar handaj shuumjleltei handaj zasaj zalruulah n hoich uyed maani tun chuhal yum bn.

    ReplyDelete