Tuesday, February 26, 2013

Америкийн өмнөт этгээдэд зорчсон замын тэмдэглэл



    
Америкад 12 сарын сүүл, нэг сарын эх баяр, амралтааар элбэг, оршин суугчид нь аялсан, ахан дүүс, найз нөхөддөө айлчин гийчин хийсэн улирал байдаг. Манайхан ч гэсэн хүүхдүүдийнхээ санаачлага, зохион байгуулалтаар нэг тийшээ явахаар төлөвлөж, харилцан ярилцаж, цаг агаар, нутаг орны хайгуул, тандалт хийсний дараа Aмерикийн өмнө зүгт явахаар зэхлээ. Хүүхдүүд явах чиглэл гаргах, буудал, унаа хөсөг зохицуулснаар бид нэг сарын дөрвөнд гэрээсээ машинаар гарлаа. Машинаар хоёр өдөр Индиана, Кентаки, Теннесси, Жоржиа, Флорида зэрэг мужийн нутгаар 1000 гаруй мил аяллаа.

Замд дамжин өнгөрсөн мужуудын талаар товч тайлбар өгье.
 Бидний оршин суудаг Индиана Муж Улс (англ. State of Indiana) Америкийн Нэгдсэн Улсын 19 дэх муж улс. АНУ-ын Дундад Өрнөд бүсэд оршдог. 6.3 сая орчим оршин суугчтай, хүн амаараа 15-д, хүн амын нягтаршлаар 17-д орно.  Нийслэл бөгөөд хамгийн том хот нь Индианаполис. Бидний оршин суудаг Блүүмингтон хот бол Индианагийн их сургууль болон америкийн монгол судлалаар алдартай хот юм.
 Теннесси (англ. Tennessee) нь  Aмерикийн нэгдсэн улсын Төв Зүүн хэсэгт оршдог АНУ-ын муж улс. Нийслэл нь Нэшвил, хамгийн том хот нь Мемфис. Хүн ам нь 6,214,888 бөгөөд бүх тавин муж улс дундаа aрван долоод ордог. Теннессийн нийслэл Нэшвилл хот хөгжмийн хот гэдгээрээ алдартай. Энд америкчуудын country music буюу кантри хөгжим үүссэн түүхтэй. Энэ хотод хөгжмийн зэмсгийн олон тооны музей, зал, ордон байдаг.
Жоржиа (англ. Georjia) муж нь Америкийн Холбооны Улсыг байгуулалцсан анхны долоон муж улсын нэг юм. Жоржиа нь хүн амаар улсдаа есдүгээрт ордог ба 2007 оны 7-р сарын 1-ний байдлаар 9,544,750 оршин суугчтай байлаа. Түүнчлэн хүн амын тооны өсөлтөөр дөрөвт, өсөлтийн хувиар есөд ордог бөгөөд сүүлийн жилд 1.7 хувиар буюу 162,447 хүнээр өсчээ. Жоржиагийн нийслэл бөгөөд хамгийн олон хүн амтай хот нь Атланта. Атланта хотод дэлхийд алдартай Кока-кола (Coca-Cola),  агаарын тээврийн Delta, харилцаа холбоо, сүлжээний AT&T компаниудын толгой байгууллага нь байхаас гадна мэдээллийн бодит байдал, шуурхай хүргэлтээрээ ертөнцийн чихийг мялааж байдаг телевизийн CNN сүлжээ эндээс нэвтрүүлгээ цацаж байдаг. Мөн Атланта хотод 1996 оны зуны олимп болсон билээ. Тэр үйл явдлыг мөнхлөн байгуулсан Олимпийн цогцолбор газарт  (Centennial Olympic Park) шөнөөр дайpч зураг хөргөө авхуулсан билээ.
Флорида (англ. Florida) нь Хойт Америк  тивийн зүүн өмнөд хэсэгт орших, Америкийн нэгдсэн улсын муж улс юм. Нийслэл нь Талахаси, хамгийн том хот нь Жэксонвилл. Хүн ам нь 18,537,969 бөгөөд бүх тавин муж улс дундаа дөрөвт ордог. Майами (англ.Miami) хот бол Атлантын далайн эрэг дээр орших, хүн ам шигүү, Aмерикдаа  тойргийн болон дагуул хотуудын хамт хүн амын тоогоор наймд орох, таван сая гаруй суурин хүн амтай хот юм.  Энэ нь Нью-Йорк, Лос-Анжелес, Чикагогийн дараа дөрөвт орно гэсэн үг. Яг Майами хот нь анх 1896 онд хотын зэрэглэлтэй болохдоо 300 хүрэхтэй үгүйтэй хүн оршин сууж байсан бол 2000 онд 362,000 хүн амтай болжээ.
Машиныг охин, голлон том хүү барьж, намайг хурдны замд машин барих нас хэтэрсэн, бага хүүг насанд хүрээгүй, ээжийгээ хүндэтгэн үзэх шалтгаанаар жолоо мушгихаас чөлөөллөө.  Машинаар аялах зуураа ганц хоёр дэлгүүрээр орж, нэмж аяны  богц авч дүүргэсээр замдаа Жоржиагийн Перри хотод хоноглоод маргааш нь гэгээтэйд Флоридагийн Майа́ми хотод ирж захиалсан буудалдаа буулаа.
Mаргааш өглөө нь хөлөглөж ирсэн машинаа тушаагаад (эндэхийн машин түрээслэх журамд нэг хотоос машин түрээслээд очих хотдоо төлбөр, тооцоогоо хийгээд өгчихөж болдог), цааш нь аялах усан боомтын буудлаа бэдрэн явган жаал явлаа. Бид Майа́мигаас yсан онгоцоор Багамын арлын улсыг зорих учиртай байлаа. Сүүлд олж мэдсэнээр явган явж, хөлөгтөө суух боломжгүй, цоохор унаа авч усан онгоцны  буудалдаа хүргүүллээ. Харахад сүрлэг, дотор тал нь ямар болох нь нуугдмал нэгэн нүсэр усан хөлөг сүүжилдэн зогсох нь хараа булаана.
Хил, гааль болсоор оноосон өрөөгөө олохоор хөлөг онгоцны босгыг алхахад нэгэн өвөрмөц  зочид буудал урдаас тослоо. Өөр хоорондоо ярилцан, шагшин явсаар өрөөндөө орвол бас л нүд татсан энгийн, зай багтаамжийг нь донжтой зохицуулсан тохилог өрөө угтлаа. Өрөөгөө шинжин, танин мэдэхүйн тандалт хийсний дараа өдрийн хоолондоо орохоор арван давхар өөд өгслөө. Бас л  нэгэн  шинэ, өвөрмөц, тансаг орчин биднийг тосов. Онгоцны бүхэл бүтэн нэг давхар хоолны зориулалтаар төхөөрөмжлөгдсөн, хоолыг сонгон авч идэх боломжтой, сонголт өргөн, чөлөөтэй юм. Сурснаараа би махан хоолтой түгээвэр лүү, бусад нь өөр, өөрийн дуртай  хоол цуглуулахаар явж, хамтдаа усан онгоцны  тагтан дээр сууж , орчныг ажиглан ярилцсаар тавтай  холлов. Онгоц маань замд гараагүй л байлаа.  Тэгтэл онгоцоор зорчих үеийн аюулгүйн байдал танилцуулах цаг болж, бидний  977 хүн томоохон танхимд орлоо. Аюулгүйн, аврах үйл ажиллагааг нухацтай танилцуулан хэн, хаанаас аврах завинд суухыг танилцуулан бүгдийг нь онгоцны тавцан дээр гаргахад усан онгоц алгуур хөдлөв. Биднийг тээж яваа далайн хөлөг маань 2052 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай,  үйлчилгээний 920 ажилтантай усан дээрх өндөр зэрэглэлийн зочид буудал, зорчигчдын ая тохийг хангах үйлчилгээний бүх төрөл нэгжтэй нэгэн ертөнц ажээ. Энэ хөлгөөр хүмүүс голцуу гэр бүл, үр хүүхэд, найз нөхөдтэйгээ хамт аялах бөгөөд хүүхдүүдээ бусдаар түр харуулаад амарч яваа хосууд, гэр бүл цуцалснаа тэмдэглэж яваа гоонь хүмүүс (нэг шоун дээр гар өргүүлэхэд 2 хүн гараа өргөж харагдсан шүү) гээд янз бүрийн хүмүүс зорчих юм билээ. Ихэнхдээ амгалан, дөлгөөн, соёлч, голцуу гадаадын тэр тусмаа Европын хүмүүс  яваа нь харагдана. Харж байхад бүх хүмүүс цагийг үр дүнтэй, сайхан өнгөрөөх эрмэлзэлтэй, хөлөг дээрх бүх ажиллагаанд оролцох  юм. Майамидд буухын урд өдөр, ялангуяа оройдоо нэлээд хэсэг нь илүү хөгжилтэй, дуу чангатай, чөлөөтэй байгаа нь  ажиглагдсан.
  Ямар хүн идсэнээ гэдэг билээ, усан онгоцон дээрх хоолны үйлчилгээ, төрөл онцгой сэтгэгдэл төрүүлж байлаа. Өдөрт гурван удаа тансаг үйлчилгээтэй зоогийн газaр хооллох бөгөөд түргэн хоолны зарим цэг 24 цагаар ажиллана. Монгол хоол гээд мах шарах цэг өдөрт 3-4 цаг ажиллана. Нэлээд дараалалтай харагдана. Яахав хөшиглөчихсөн үхрийн махыг ногоотой холиод хуураад өгчихнө. Ногоо амтлагчаа үйлчлүүлэгч өөрөө сонгоно.  Итали, Франц, Америк гээд орон орны амтат хоол, ундаа гээд өргөн сонголттой юм.
Оройн хоолонд хүмүүс албан ёсны, гоёлын хувцастай ирнэ. Ер нь оройн хоолыг  дээд хэмжээний хүлээн авалтын түвшинд зохион байгуулна, Ширээ бүр ахлах, туслах гээд гурван зөөгчтэй. Хоолны цэсийг харахад үхрийн тарган махан стеак, сам хорхойн коктейл, Японы саке дарсанд дарсан загас, францын дарсанд дэвтээсэн лийр гэхчлэн өргөн сонголттой. Бас матрын махан зууш байсан шүү. Оройн хоолны дундуур урлагын тоглолт, далайн дээрэмчин мэт хувтсасласан хүмүүс ирж зураг аван, халуун дарсаар үйлчлүүлэхийг  санал болгосон зөөгчид дагалдана.
Үүнээс гадна дэлгүүр, мухлаг ажиллана. Анх хөлөг онгоцонд ороход, оройн хоол болгон дээр зураг аваад гадаа хадчихна. хүмүүс шаваад аваад байна. Нэг зурагны үнэ 20$ байна. Орой бүр шоу, бинго тоглоомын тохирол, хөгжмийн концерт гээд арга хэмжээ тасрахгүй.  Хөлөг онгоцон дээр зорчигчдыг зугаацуулах, халаасыг нь тэмтрэх зүйл бол мэдээж казино. Өнгийн гэрэл алагласан тоглоомын машинууд, ээлжээ хүлээн хөзрөө холих дилерүүд, хожин баяссан, урам хугарч ширээнээс холдож байгаа янз бүрийн нас, хүйсийн хүмүүс нүд эрээлжлүүлнэ. Хөлөг онгоцны хамгийн дээр задгай талбайд  гүйлтийн зам, мини гольф, ширээний теннисний ширээ, шатар зэрэг байрлана.
Ийнхүү усан дээр явахад эхний өдрөө хөлөг маань бага зэрэг дайвалзан, юу хөлд орчихдог билээ гэж өөрийгөө хянах маягтай явлаа. Дараа өдрөөс дасаад уу, далай дээр яваа гэж нэг их анзаарагдахгүй юм билээ. Хоёр дах өдрийн өглөө зорьсон Багамийн арлын улсад ирж зангуугаа хаялаа. Гадаа гарч, орчноо ажиглан явсаар шинээр танилцаж байгаа улсынхаа усан онгоцны зогсоол дээр нь гарч ирэхэд аялахыг, очиж үзэхийг, худалдаа, арилжаа хийхийг далласан, дуудсан өнгө өнгийн дуу хоолой холилдон чих дөжрүүлнэ.
Багамын арлын улс маань 1973 оны 7 сарын 10-нд тусгаар тогтносон, aлбан ёсны хэл нь англи хэл, нийслэл нь бидний очсон Нассау хот. Газар нутгийн хэмжээгээр дэлхийд 160-д ордог, 13,939 хавтгай дөрвөлжин нутагтай, хүн ам нь 300 гаруй мянга, тогтвортой хөгжиж яваа орон юм. Ихэнх орлогоо аялал, жуулчлал (60%), банкны үйлчилгээнээс олдог. Нэг хүнд ноогдох дотоодын  нийт бүтээгдэхүүн нь $22,400 юм. 2011 оны байдлаар Америкийн нэг хүнд ноогдох дотоодын  нийт бүтээгдэхүүн $48,000, Монголынх $3100 гээд бодохоор бас чиг гэж чамлахааргүй байгаа биз дээ.
Эрэг дээр гарч ирээд  явах зүгийнхээ унаа сонгож хэсэг зогсоход усаар, газраар явахыг санал болгосондуу тал, талаас гарна. Бид нэгэн завинд  сууж Диваажин (Paradise)  арлыг орохоор боллоо.  Энэ aрал дээр  тун тохилог Atlantis  зочид буудал байдаг юм байна. Завин дээр анхлан суухад цөөн хэдэн хүн байснаа энд тэндээс хүн бөөгнүүлсээр  хөдлөхөд нэг эр  газар орноо магтан ярьж гарлаа.  Тэр эхлээд улсынхаа тусгаар тогтнол, баялаг, бахархал зэргээс эхлээд  эндэхийн байр, буудал их үнэтэй, бидний зорьж яваа арал дээр боломжийн байр авбал 5 сая гаруй доллар, харин өөр нэг аралд байр 10 сая хүрдэг гэнэ. Энэ аралд Америкийн нэрт дуучин Майкл Жаксон (Michael Jackson) амьдарч байсан бөгөөд  кино жүжигчин Николас Саже (Nicholas Cage) гольфийн дэлхийн хаан aсан Тайгер Воодс (Tiger Woods) нар байртай гэнэ. Бас бидний мэдэх Жаймc Бондын тоглосон киноны зургийг энэ арал дээр авсан гээд дуржигнуулж явлаа. Бид энэ аралд нэлээд саатаж, далайн эрэг дээр  усанд орж, наранд шаран далай дээгүүр усны мотоциклоор жаал давхилаа.
Далайн аялал дахин нэг хоног үргэлжилсээр буцаж Mайами хотдоо эргэж ирээд хил гаалиар гарахад намайг тусгайлан саатуулж, нэмэлт үзлэг хийснээс өөр онцгой явдалгүйгээр газардлаа.
Энэ хотод нэг өдрийг өнгөрөөх байсан болохоор усан боомтоос шууд аялагчдын очих дуртай газар, урд наран шарлага (South Beach) гэх цогцолборыг зорилоо. Эргэн тойрон зочид буудал, тэдгээрийг дагасан үйлчилгээ, үнэ өртөг биднийг ч тойрсонгүй. Далайн эрэг дээр сүүдрэвч, хоёр сандал  авахад хүртэл чамгүй мөнгө төлдөг юм байна. Түүнийг нь аваад бид хоёр нарлаж, сүүдэрлэж, хүүхдүүд усанд орж, далайн эргээр зөөлөн элсэн дээгүүр алхаж, далай дээгүүр нисдэг тэргээр харуулж байгаа зар мэдээлэл, аялагч, жуулчдын далай дээрх зугаацал зэргийг харан өдрийг өнгөрөөлөө. Орой Америкийн хөл бөмбөгийн улсын аврага шалгаруулах тэмцээн Mайами хотод болох тул шалгарсан хоёр баг болон Атланта, Нотр Деймийн багийн хоорондын тэмцээний нээлтийг үзэхээр зочид буудлынхаа зүг яaравчиллаа. Хот ч хөл хөдөлгөөн ихтэй, замын бөглөрөл, нягтрал багагүй байлаа. Эндэхийн таксиний үнэ явуулын бидэнд хямдгүй бөгөөд тоолуур нь явсан зам, хүлээсэн (туулсан) хугацаа хоёрыг зэрэг тооцож гүйдэг юм байна. Бөглөрөөд зогсоод байвал тооллуур эргэж л байна гэсэн үг. Таксинд анхлан суухад заалт 4,50 $-аас эхлэх бөгөөд гар цайлгахыг сануулсан бичиг жолоочийн хажууд, “хадам ээжийн” суудлын чанх өмнө бичээстэй байна. Ийн явсаар буудалдаа ирж, тохинон тэмцээнээ үзэж, буудлын хоол эргүүлсээр амарлаа.
Маргааш нь өглөө 7 цагаас нисэх байсан болохоор 2 цагийн өмнө онгоцны буудалд очиж, ачаа бараагаа тушаагаад эхлээд Нью-Йоркийн зүг нисэж, тэндэхийн  Ньюарк буудлаас онгоц солин Индианаполис хотын нисэх буудалд бууж, буухиа автобусанд сууж гэртээ ирснээр бидний долоо хоногийн аялал өндөрлөлөө.
Аялалын багийн гишүүн П. Увш

No comments:

Post a Comment