Монгол Улсын дөрөв дэх, анхны ардчилсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ өдрүүдэд жинхэнэ утгаараа сүр хүчээ үзүүлж байна. Хоёрхон сарын дараа өөрийнх нь төлөө саналаа өгөх монголчуудынхаа төдийгүй дэлхий нийтийн анхаарлыг дөрөв хоног Улаанбаатар руу хандуулж чадсанаараа өнөөдөртөө тэр хамгийн онцгой хүнээр өрсөлдөгчгүй тодрох нь ойлгомжтой. Өнөөдөр Монгол Улсын нэр хүнд дэлхийд манлайлах хэмжээнд байгааг бид бүхэн дөрөв хоног харж бахархацгаалаа. 800 жилийн өмнөх их эзэн Чингисийн байлдан дагууллын алдар сууг хойч үе нь ардчиллын үйлсэд оруулсан эгнэшгүй гавьяагаараа дахин олж авлаа. Ардчилсан нийгэмд шилжихдээ нэг ч хүний амь насыг бусниулаагүй түүхэн гавьяаг дэлхий нийт талархан дурсаж байна. Тэр түүхэн эгзэгтэй цаг мөчид ардчиллын залуусыг удирдаж явснаараа Ц.Элбэгдорж монголчуудын төдийгүй дэлхий дахины талархлыг хүлээх түүхэн гавьяатай нэгэн гэдэгтэй маргах хүн цөөхөн
.
Тэр тун ч алсын хараатай нэгэн юм. 2002 онд Харвардын төгссөн хэлнийхээ мэдлэгийг ашиглан НҮБ-ын индэр дээрээс англиар илтгэл тавьж дэлхий дахины анхаарлыг Монгол Улс руу хандуулснаараа 2011-2013 онд ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг даргалах эрх олж авахад шийдвэрлэх нөлөө үзүүлсэн билээ.
Харин хоёрхон сарын дараа болох Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн дэлхийн 125 орны 1300 орчим зочид төлөөлөгчийг Улаанбаатарт хуралдуулж дөнгөлөө.
Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII Бага хурлыг угтаж Улаанбаатар хот хог шорооноосоо түр зуур ч болтугай ангижирч, жигтэйхэн сайхан өнгөлөн далдлалт хийгдэн, будаг шунх, зам засварын ажил харин ч нэг оволзсон. Хаврын гурван сар дуусах гэж байхад нам жим, ажин түжин байсан сайд нар хөдөлгөөнд орж ямар ч байлаа гэсэн Улаанбаатарын зам засварын ажил эхэлсэн.
Жилийн хагаст нь дугжрах шахсан замын компаниуд хожуухан ч гэсэн ажлаа эхэлж, хот тохижилтынхон хайс, хашаагаа будаж, мод бутаа тордоод эхэлсэн нь Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII Бага хурлыг санаачлан зохион байгуулсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн гавьяа гэж дүгнэж болно.
Дөрөв хоног үргэлжилсэн Бага хуралд дэлхийн 125 орны төлөөлөгч хүрэлцэн ирж оролцсон нь 2011-2013 онд тус нийгэмлэгийг даргалсан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ихээхэн ач холбогдол өгч зарим улсын удирдагчдыг өөрийн биеэр урьсантай нь ч холбоотой.
Урьд өмнө Улаанбаатарт ийм өндөр түвшний 1300 зочин, төлөөлөгч нэг дор бөөнөөрөө ирж байсангүй. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хүндэт зочноор 12 улсын төр, засгийн тэргүүн, дэлхий дахинаа нэр хүндтэй улстөр, нийгмийн 10 гаруй зүтгэлтэн ирсэн нь нэг талаар Монгол Улсын нэр төрийг дэлхийн тавцанд цууриатуулж, манайхыг сонирхох хандлагад сайнаар нөлөөлсөн нь дамжиггүй.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгыг талархан хүлээж авсан Нобелийн Энхтайвны шагналт, хүний эрхийн төлөө тэмцэгч, Мьянмарын Үндэсний Ардчилсан Лигийн тэргүүн Ан Сан Су Чи Монгол Улсад анх удаа хөл тавьсан нь АОХН-ийн сайд нарын VII Бага хурлыг дэлхий нийт анхааралтай ажиглах бас нэгэн шалтгаан болов.
Нөгөө талаар дөрөв хоног үргэлжилсэн уг хуралд Монгол Улсын төсвөөс гурван тэрбум төгрөг зарцуулсан нь цаагуураа чимээгүйхэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн сонгуулийн сурталчилгааг эхлүүлсэн нүсэр ажиллагаа болов.
Ерөнхийдөө Ц.Элбэгдоржийн сонгуулийн сурталчилгаа хуулийн хүрээнд албан ёсоор эхлээгүй ч Хөвсгөлийн тайгад очиж Цаатан иргэдийн урцанд хоноглосноор чимээгүйхэн эхэлсэн гэчихэд үнэнээс хол зөрөхгүй.
Хөвсгөлийн тайгад эхэлсэн Тува иргэдийг уяраах “урц” ажиллагааны үргэлжлэл болж дэлхийн хэмжээний 1300-гаад зочин төлөөлөгчийг Улаанбаатарт дөрөв хоног хуран чуулуулж, замын түгжрэлд бухимдацгаадаг нийслэлчүүдийн машинаа унах эрхийг хоёр хоног дугаарын хязгаарлалтаар хазаарласан энэ нүсэр ажиллагааны үр дүнг харах л үлдэж байна.
Дэлхийн 50 гаруй орны сурвалжлагч, сэтгүүлчидтэй монголын 200 гаруй мэргэжил нэгтнүүд дөрөв хоног тохой залган сууж, газар дээрээс нь сурвалжлан нийтэд түгээсэн АОХН-ийн сайд нарын VII Бага хурал ардчиллын замаар 23 жил замнаж яваа Монгол Улсыг дэлхий нийтэд сурталчлан таниулахад дорвитой үүрэг гүйцэтгэсэн нь тодорхой.
Харин улаанбаатарчууд та бүхэн “Ц.Элбэгдоржийн сонгуулийн сурталчилгаа гурван тэрбум төгрөгөөр эхэлж, хоёр хоног машинаа унаж чадсангүй” гэж бухимдахаасаа илүүтэй дэлхийн 125 орны 1300 гаруй хүндэт зочдын нүдэнд “Азийн цагаан дагина” Улаанбаатар маань ямархуу өнгөтэй харагдсан бол гэдгийг бодолцож, үүнээс хойш гудамжинд тамхины иш, бохины цаасаа чулуудахаа больцгооё.
Ардчилсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үед Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII Бага хурал Улаанбаатарт дөрвөн өдөр чуулж, 1300 гаруй эрхэм зочид эзэн Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэхийг та бид харах учиртай л байж.
Ямартай ч ардчилсан Ерөнхийлөгчийн маань сонгуулийн сурталчилгаа чимээгүйхэн эхэлж, магнай тэнэгэр баяртай явна. Аштай юу даа. Ардчилсан Ерөнхийлөгч маань аргагүй л хүчтэй, хийморьтой байна.
|
No comments:
Post a Comment