Monday, May 27, 2013

Орчуулагч “Орон судлаач” болох нь

    1. “Орон судлаач”-ийн үүрэг
Миний бие Солонгос хэлнээс 10 гаран ном орчуулж, “Солонгос Монгол толь бичиг”-ийн хамтран зохиогчоор оролцон, Солонгосын түүх, орон судлал, Монгол Солонгосын харилцааны сэдвээр 30 орчим эрдэм шинжилгээний өгүүлэл бичсэн. “Яагаад ингэж тоочоод байна вэ?” гэвэл орчуулагч бол орон судлаач байх ёстой гэсэн үзэл санаагаа батлах гэснээс тэр юм. Учир нь Солонгос судлалын чиглэлээр судалгаа хийсээр ирсэн минь солонгос хэлнээс орчуулга хийхэд туйлын их тус нэмэр болж, орчуулж буй зүйлээ итгэлтэйгээр зөв орчуулахад ихээхэн түлхэц болдог1. Түүнчлэн “Энэ нэртомъёо, ойлголтыг монгол хэлэнд ингэж буулгавал илүү ойлгомжтой, үүнийг үгчилбэл уншигчид огт буруугаар ойлгоно гэдгийг “орон судлаач” хүн мэргэжлийн бус хүнээс хавьгүй илүү  мэдэж, ажиллаж чаддагт давуу тал нь оршдог юм байна” гэсэн дүгнэлтэнд хүрсэн юм.

    Аливаа орчуулгыг хийж байхад тухайн гадаад орны соёл, түүх, хэл, орон судлалтай гүн холбоотой маш их ойлголт, ухагдахуун, нэртомъёо, өгүүлэмж улмаар үг хэллэг, хэлц үг, зүйрлэл олноороо гарч ирдэг. Бас байгалийн ухааны чиглэлээр гэхэд тун олон нэртомъёо, нэрийдэл тохиолддог. Тэр болгоныг орчуулж буй хүн зайлшгүй ул суурьтай мэдэх, ялангуяа орчуулж буй зохиогч, бүтээлийн нийгэм соёлын цаад хүрээ, дэвсгэр, феноменыг мэддэг байх ёстой. Тэгэхгүй бол буруу зөрүү ойлгох түүнийгээ буруу зөрүү орчуулах, “буудах”, амт шимтыг нь алдагдуулахад хүргээд байгаа юм.  Сүүлийн үед орчуулгын онолын чиглэлийн судлаачид ерөнхийдөө хэлзүй, найруулга зүйн болон онолын талаас их бичиж байгаа ч, нэг нийгэм соёлын хүрээний бүтээлийг хэл, соёл, нийгэм, ард иргэдийн сэтгэлгээ нь ондоо өөр хүрээнд хэрхэн орчуулах вэ гэдэг талаар бага ярьж бичиж буйг харвал “Орчуулагч хүн орон судлаач байх ёстой” гэсэн энэ энгийн үнэнийг умартаад байх шиг.

    Үнэндээ “Орчуулга” гэдгийг өнөөдөр ихэнх судлаачид ганц уран зохиолын орчуулгаар хараад байгаа нь ч дутагдалтай. Монгол улс ашигт малтмал, зам тээвэр, барилга байгууламжийн асар том бүтээн байгуулалтанд ханцуй шамлан орж үүнтэй холбогдоод хуульзүй, инженер, төслийн баримт бичгийн ихээхэн шинэ нэртомъёог зөв орчуулах, зөв хэрэглэх шаардлага аяндаа гарч ирсэн. Гэтэл энэ их ажлыг нугалах орчуулагчдыг манай их дээд сургуулиудад бэлдэж, чанартай боловсрол олгож, орчин үетэйгээ хөл нийлсэн орчуулагчдыг сургаж чадаж байна уу гэдэг өөрөө хариулт нэхсэн асуудал болоод байна.

Энд би нэг жишээ татъя. 2013 оны 5-р сарын  8-нд Монгол улсын Гадаад харилцааны сайд Л.Болд сэтгүүлчидтэй нээлттэй ярилцсан. Сэтгүүлчдийн тавьсан асуултын дунд энэ сэдэвтэй шууд холбоотой нэг асуултыг сэтгүүлч асууж, сайд ямар хариулт өгснийг харъя. “...Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII долдугаар бага хурал зохион байгуулагдах үеэр орчуулга тун тааруу байсан. Өглөөнөөс орой хүртэл нэг л хүн орчуулга хийж харагдсан. Цаашид олон улсын чанартай томоохон хурал зохион байгуулагдах байх. Орчуулгыг сайжруулах тал дээр ямар арга хэмжээ авах вэ? 

-Эмзэг сэдэв хөндлөө. Үнэхээр 100 гаруй орны 1000 гаруй төлөөлөгч оролцсон олон улсын хуралдааны үеэр орчуулга бол маш муу байсан. Жишээ нь, би англи хэл дээр илтгэлээ тавиад орой нь орчуулгыг хараад өөрөөсөө ичсэн. Би арай ч ийм зүйл яриагүй дээ, намайг ингээд ойлгочих вий гэж бодогдсон. Энэ хуралдааны үеэр гадаадын олон орны төлөөлөгч маш чухал үг хэлсэн, тэр нь маш чамлалттайгаар монгол хэлнээ орчуулагдсан. Манайд сайн орчуулагч нар бий юу гэвэл бий, төрийн албаны цалин тааруу учраас хувийн хэвшил рүү маш олон сайн хүн явсан нь ажиглагдсан. Цаашид бодлогоор сайн орчуулагч нарыг бэлтгэх ёстой” Орчуулагч хүн өөрийн эх хэлний найруулгын мэдлэг, хэрэглүүр, боломжийг гойд сайн эзэмшсэн, хар яриа, уран зохиол, албаны болон бичгийг хэлний өндөр ур чадвартай байх нь зайлшгүй шаардлага. Асуудал нь манай судлаачид орчуулагч хүнд байх ёстой наад захын шаардлагыг дахин дахин нотлоод, сонирхоод, эхлэн суралцагч шиг хандаад байгаас болохоос дараа дараагийн шатны түвшингийн орчуулагч болон орчуулга ямар байх ёстой тухайд гүнзгийрүүлэн судлах цаг болсон гэж бодох байна.

Орчуулагч орон судлаач биш бол өөрөө ч мэдэлгүй алдаа гаргах, буруу зөрүү орчуулах, наад захын зүйл дээр “хальтирах” тохиолдол байнга гараад байдаг. Энд цөөн хэдэн жишээ татья.

2012 онд монгол хэлээр АНУ-ын сэтгүүлч, зохиогч Барбара Демикийн “Атаархах зүйл үгүй” гэж ном гарсан. Энэ номд Хойд Солонгосын Чөньжү хотын эгэл жирийн ард иргэдийн хүнд хүчир амьдрал, ялангуяа их өлсгөлөн болсон 1996 оны үеийн үйл явдал, тэднээс Өмнөдөд зугтаж ирсэн хэрэг явдлыг тод томруун өгүүлсэн буй3. Уг номын орчуулыг үг оноолт, найруулга, хэлц хэллэг ярих юмгүй сайн болсон. Гэвч Солонгос нэр томъёон дээр очихоороо зөрөөд байна. Тухайлбал, уг номд “Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Сенман Рий” гэж гарч байна. Үнэндээ энэ нь БНСУ-ын анхны Ерөнхийлөгч И Сын манийг хэлсэн хэрэг. Америкын ном хэвлэлд харин анхнаасаа “Сэнман Рий” гэж хэвшсэн учраас уг Америк зохиолч маань өөрийн тогтсон дэг жаягаар ингэж бичсэнийг нь манай орчуулагч зүй нь Монголд хэвшсэнээр нь буулгах хэрэгтэй байсан. Зүйрлэвэл Чингис хааныг англи хэлтнүүд заримдаа “Гэнгис хан” (Genghis khan) гэдэг, энэ үгийг монгол хүн орчуулахдаа зайлшгүй “Чингис хаан” гэх ёстой атал “Гэнгис хан” гэсэнтэй адил юм. Оросууд Ли Сенман гэж тогтсон буй. Ерөөсөө Орос хэлний галигийн дүрэмд Солонгосын И овгийг Ли гэж бичдэг тогтсон дүрэмтэй. Том гүрнүүд хэлээрээ тэр болгон оролдоод байдаггүй дэг жаяг, зангарагатай байдаг болохоор энэ чигээрээ явна.

Солонгосын дунд зуунаас 20-р зууны эхэн хүртэл оршин тогтнож байсан улсыг Жусөнь гэдэг юм. Гэтэл уг номын орчуулагч бүр “Чусань” гэсэн байгаа юм. Оросууд “Чосонь” гэж тогтсон байдаг. Энэ мэтчилэн хот, газар нутаг, мужийн нэрийг Монгол дээр зөрүүлсэн нь цөөнгүй харагдаж байна.  Цаашилбал, мод ургамлын нэр дээр “Солонгосын хойгт Гинко гэдэг мод бий” гэжээ. Гинко гэдэг нь Хятад, Япон гаралтай бөгөөд үр бөгөөд энэ нэрээр Европ, Америкт дэлгэрсэн. Тийм учраас Америк хүн Барбара Демик Америк уншигчддаа зориулж Гинко гэсэн хэрэг. Харин Гинко бол Солонгосоор “ынь-хэн наму” гэдэг мод. Монголоор “мөнгөн бүйлс” гэдэг юм. Энэ номын Солонгос хэлээр орчуулсан орчуулагч “ынь-хэн наму” гэх ёстой төдийгүй, Хятад орчуулагч бол бас өөрийнхөө улсад тогтсон нэршлээр орчуулах ёстой.

Бас нэг орчуулгын номон дахь утгын буюу чухамдаа Орон судлалын алдааг авч үзье. Орчуулагч Гүн-Үйлс, Х. Төмөр нар А. Панцов хэмээх зохиогчийн “Мао Зедун” хэмээх бүтээлийг орос хэлнээс монголчилжээ4. Энэ ном нь Хятадын орчин үеийн түүхэнд гол үүрэг гүйцэтгэсэн төдийгүй, Монголын үндэстний түүхнээ ч өөрийн ул мөрийг үлдээсэн хүний хувьд түүх бичлэгийн талаасаа ч, архивын баримтуудыг агуулж буй талаасаа ч, улмаар Хятад судлалын үүднээс ч дээр нь Орос судлаач бичсэн гэдэг талаасаа ч бидэнд чухал ач холбогдолтой. Гэтэл мөн л Хятад судлалаас ангид хүн орчуулсан тул орон судлалын ноцтой алдаанууд хийсэн байна. Энд ердөө наад захын хоёрхон цөөн жишээ татъя. Уг номонд “хунвэй-бин” гэдэг үг нэлээд гарч байна. Энэ үгийг монголчууд анх үүссэн үеэс нь орчуулж хэрэглэн хэвшсэн. Энэ үгийг орчуулахгүй бол уншигчид ямар ч ойлголтгүй үлдэх төдийгүй, энэ бүлэглэл Хятадын ард түмэнд болон бидний элэг нэгтэн Өвөр Монголчуудад хичнээн их гай гамшиг учруулсныг магадгүй хагас дутуу ойлгоод өнгөрч магадгүй.

Мао Зедунгийн хэрэгжүүлсэн Соёлын хувьсгалыг гардан явуулсан энэ балмад бүлэглэлийг “Улаан хамгаалагчид” гэдэг. Гэтэл мань хоёр орчуулагч “хунвэй-бин” гэсээр дуусч. Бас “Хятадын Ардын Арми” гэж гарч байна. Хятадын Зэвсэгт хүчнийг ХАЧА буюу “Хятадын Ардын Чөлөөлөх Арми” гэдэг. Одоо ч ингэж нэрлэсээр байгаа билээ. Ерөөсөө Монголчууд Хятад хэлний дийлэнх нэртомъёог эх хэлэндээ хөрвүүлэн буулгасан ард түмэн. Энэ талаар гадаадад их судласан. Бараг 100 жилийн тэртээ Германы монгол судлаач Бертольд Лауфер гэдэг эрдэмтэн нэг сэдэвт зохиолдоо судласан байдаг бол ЗХУ-ын үед Б. Л. Рифтин гэдэг том судлаач бүтээл туурвисан юм5. Гэтэл наад захын мөртлөө 20-р зууны Хятад орны түүхэнд томоохон үүрэг гүйцэтгэсэн энэ хоёр ойлголтыг ор тас орчуулахгүй юм уу, буруу зөрүү орчуулж буйгаас харахад л орчуулагч “Орон судлаач”  байхын чухал шинж нь харагдана. 

2. Нэр томъёоны судалгаа


Орчуулга бол тухайн улс үндэстний хөгжлийг шинэ шатанд гаргадаг болохыг дэлхий дахинд түүний дотор Зүүн Азид судлагдсаар байна. Дээрх судлагаануудын нэгэн гол агуулга нь аливаа улс орон орчин үеийн улс болоход орчуулга, нэр томъёог оноон тайлбарлах нь хичнээн чухал болохыг өгүүлжээ. Энд төлөөлөл болгон цөөн хэдэн судалгааны бүтээлийг авч үзэв.  Японы орчуулгын түүх судлагч Марүяама Масао, Като Шү-ичи нар “Орчуулга ба Япон орчин үе” хэмээх томоохон бүтээл туурвисан нь 1998 онд хэвлэгдсэн байна. Энэ бүтээл нь Японыг орчин үеийн улс болоход орчуулга хичнээн чухал хүчин зүйл байсныг олон жишээгээр нотлон харуулж тайлбарласан бөгөөд “Япон улс бол орчуулгын эзэнт гүрэн” гэсэн дүгнэлт хийсэн байна.

“Өрнөдийн хамгийн өндөр соёл боловсрол, хүмүүжил, ажлын арга барилтай улс болоход хамгийн голлох үүргийг орчуулга л хийсэн юм” гэжээ. (Энэ номын Солонгос орчуулгаас дамжуулан авав.) Орчин үеийн Японы сэхээтнүүд Өрнөдийн ямар бүтээлийг хэрхэн орчуулсан, бас Японы нийгэм тэрхүү орчуулсан ухагдахуун, үзэл баримтлал, үзэл санааг ямар хэв маягаар хэрэглэсэн тухай энд тодорхой өгүүүлжээ. Тэдний дүгнэлтээр “Япон улс 19-р зууны дунд үеэс Засгийн газрын дэмжлэгээр асар их бүтээл, ухагдахуун, сурах бичиг орчуулсаар Зүүн Азийн орнуудаас хамгийн түрүүнд орчин үеийн улс болж чадсан” ажээ. Уг санаагаа бүр тодруулж “Зүүн Азид орчуулга гэдэг түлхүүр байгаагүй бол Орчин үе гэсэн Ордонд орж чадахгүй байсан” гэсэн байна.

Хятад судлаач Лиу Лидия Хятадын орчин үеийн утга зохиол, үндэсний соёл, хөгжилд орчуулгын оруулсан хувь нэмрийг тодруулан гаргаж томоохон бүтээл туурвисан. Түүний судлагааны гол санаа нь “Орчуулсан орчин үе” гэсэн дүгнэлт ойлголтыг дэвшүүлэн тавьсанд оршино.

Өмнөд Солонгост ч мөн хэд хэдэн томоохон судалгаа бий. Түүний дотор анхдагч нь проффессор Ким Бёнчөлийн “Солонгосын орчин үеийн орчуулгын утга зохиолын түүхийн судалгаа” гэдэг 2 боть бүтээл юм.7 Энэ суурь бүтээлд орчин үеийн Солонгосын хөгжилд орчуулга, толь бичгийн үүрэг туйлын ач холбогдолтой байсныг батлан өгүүлсэн.

Эдгээр жишээнээс үзэхэд л манай судлаач нар ч 20-р зууны Монголын хөгжил дэвшил, соён гэгээрэх үйл явцад орчуулга ямар үүрэг гүйцэтгэсээр ирснийг судлах шаардлагатай байгаа нь харагдаж байгаа юм8. Энэ бол тухайн улс орны хөгжил дэвшлийн талаарх зөв ойлголт болон ухаарал авах, орчуулгын түүх, орчуулагчид, эрдэмтэн судлаачдын зохиол бүтээлийг тодруулан илүү гүнзгий ойлгоход тустай бөгөөд ач холбогдолтой9.

3. Дүгнэлт

1. Өнөөгийн улс орны хөгжилд төрөл бүрийн салбарын нэр томъёог зөв зүйтэй орчуулах, хэрэглэж дадах шаардлага амьдралаас урган гарч байгаа бөгөөд ийм нөхцөлд мэргэжлийн бус хүн аль нэг салбарын ном бүтээл орчуулах нь алдаа мадаг гарах, буруу зөрүү ойлголт бий болох нэгэн гол шалтгаан болж байна.

2. Иргэдийн боловсрол мэдлэг өдрөөс өдөрт дээшилж буй орчин үед орчуулга нь хэн дуртай хүний зав чөлөөндөө хийдэг сайн дурын ажил бус, харин тухайн улс орныг нэвтэрхий мэддэг “орон судлаач” хүн хийх ёстой нарийн мэргэжлийн ажил болон хувирч байна.

3. Аливаа нэртомъёог мэргэжлийн хүнээс юм уу, орон судлаач нараас асууж тодорхой болголгүй өөрийн мэдлэгийн хэмжээнд дураараа хандан орчуулах, эсвэл орчуулалгүй ойлгомжгүй хэлбэрээр галиглан буулгах нь уншигчдад эх зохиолын санаа, ухагдахууныг дутуу дулимаг хүргэх шалтгаан болсоор байна.

Ном зүй

1.    Солонгосын орчин үеийн түүхтэй холбоотой зарим орчуулсан номноосоо дурдвал: Ким Гү “Дурдатгал”, Ерөнхийлөгч И Мён бак “Ажлаар амьсгалсан он жилүүд”, О Вончөл “Пак Жөн хый: Солонгосын сэргэн мандалт” (2 боть), Юү Жун гынь “Хөгжингүй орон болохын нууц” гэх мэт.

2.    www.new.mn (2013.05.09) “Улс төр” булангаас үзнэ үү.

3.    Англи хэлээрх эх нь Barbara Demick “Nothing to Envy: Ordinary Lives in North Korea”, Random House Publishing Group, 2009. 

No comments:

Post a Comment