Monday, June 17, 2013

СОЁЛЫН ӨВИЙГ ХАМГААЛАХ, ХАДГАЛАХ БАТАЛГАА, ТУРШЛАГА ( томилолт, ярилцлага)


Америкийн Засгийн газрын удирдах ажилтан солилцооны олон улсын хөтөлбөр 1940 оноос үйл ажиллагаагаа явуулж байгаа юм байна. Энэ хөтөлбөр гадаад орны  эрдэмтэн, судлаачдыг богино хугацаагаар америкт айлчлуулах замаар  төрийн болон төрийн бус байгууллагын үйл ажиллагаа, мэргэжлийн ур чадвар, ажлын арга барилтай танилцуулан, хоёр орны хамтын ажиллагаа, харилцан ойлголцлыг бий болгох зорилготой юм. 2011 онд л гэхэд гадаадын 5291 судлаач, эрдэмтэд 811 төсөлд хамрагджээ. 1940 оноос  xойш гадаадын 200,000 зочин энэ хөтөлбөрөөр Америкт айлчилжээ. Саяхан энэ хөтөлбөрийн шугамаар монголоос ээлжит төлөөлөгчид  соёлын өвийг хадгалах, хамгаалах чиглэлээр америкийн ижил төстэй байгууллагын ажилтай танилцах, туршлага судлах, санал солилцох айлчлал хийгээд буцлаа.
Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд  “Чингис  хаан” дээд сургуулийн захирал, профессор Х.Лхагвасүрэн, Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Ц.Пүрэвхүү, “Чингис хаан “дээд сургуулийн профессор Б.Балжинням, Ж.Даваадулам, Соёл, спорт, аялал жуулчлалын яамны газрын дарга Ц.Цэндсүрэн нар орсон бөгөөд Төрийн департментын гэрээт орчуулагч Х.Булган, Я.Батбаяр нар тэднийг хэлмэрчилж явлаа. Монголын боловсрол, соёл, урлагийн удирдах ажилтнууд хөтөлбөр ёсоор  Индиана мужийн  Блүүмингтон хотод хоёр өдөр ажиллаж,  Индианагийн их сургууль, Блүүмингтон хотын музей, Төвд-Монголын Бурхан шашны төвд зочилж,  50 гаран жилийн түүхтэй Монгол нийгэмлэгийн удирдлага, ажил, хөтөлбөртэй танилцлаа. Индианагийн их сургуульд зааж байгаа монгол хэлний сургалт, монгол хэл сурч байгаа америк оюутны сурлагын амжилттай бас танилцаж, санал солилцсон юм.

Эдгээр төлөөлөгчдийн ажлын удирдамжид ороогүй боловч хөтөлбөрийг зохион байгуулагчид санал тавьснаар нэгэн орой манай гэрт оройн зоог барьж,  монгол цай, хоолоо санаснаа гайхан хөгжилдөн байх завсар тэдэнтэй цөөн хором хөөрөлдсөнөө буулган толилуулж байна.

-  Сайн явж байна уу,Лхагваа захирал аа? Холын хүнээс үг сонс гэдэг, танай багийн зорилго хэр биелэв?
Х.Лхагвасүрэн:  Боловсрол, соёл, урлагийн мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн бидний баг  Америкт ирж, энэ улсад соёлын өвийг хэрхэн хамгаалж, судалж, сэргээн засварладгийг бодит амьдрал дээр харах зорилгоо биелүүллээ. Бид Нью-Йоркийн метрополитен, урлагийн музей, Бостоны урлагийн музей, Харвардын их сургуулийн монголтой холбоотой сан хөмрөгүүдтэй танилцлаа. Монголчууд бид соёлынхоо баялаг өвийг  эрх зүй, судалгааны талаас хэрхэн хамгаалах, монголын гэсэн өв соёлын арга зүйг бий болгох боломжийг олж авлаа. Бид Өрнөдийн соёл, иргэншилтэй танилцахаас гадна, нүүдэлчин соёл, иргэншилтэй ард түмний хувьд өөрийн соёлын өвтэй зохицохуйц хөтөлбөрийг бий болгох хэрэгтэй юм байна. Одоо байгаа хөтөлбөрөө он удаан жил хадгалахын тулд  монгол дархлааг бий болгох хэрэгтэй юм байна.  Энд манай баг багагүй  зүйлийг сурч,  судалгааг бодит хэрэгцээнд нэвтрүүлэх, нийтийн хүртээл болгох чадвар эзэмшээд буцаж байна.
Манай Индианад юу амжуулав?
Х.Лхагвасүрэн:  Индиана бол Америкийн монгол судлалын төв гэдгийг бид мэднэ. Индианагийн их сургуулийн монгол судлалын түүх, уламжлалыг судалж, танилцахаар бидний хэмжээний төрөл бүрийн мэргэжлийн, томоохон баг ирж байгаагүй байх. Хэсэг бусгаараа, тухайлсан зорилгоор олон хүн ирж байжээ. Бид тал талын салбарын олон шинэлэг зүйлийг охорхон хугацаанд олж, таньж авлаа. Мөн америк дахь монгол судлалын гол байгууллагыг монголын соёл, түүхийн судалгаа, сурталчилгаанд татан оролцуулах боломж байгаа юм байна. Бид үүнийг ашиглаж чадахгүй байгаа юм байна гэдгийг ойлгож авлаа.
- Морин хуурын чуулгын удирдаач, ардын жүжигчин Ц.Батчулуун Индианагийн их сургуульд зочлохдоо өнөөгийн морин хуурын өвөг бол икэл хөгжим гэж байсан. Энэ талаар таны бодол?
Ц.Пүрэвхүү: Энэ талаар гадна дотны судлаачид дурдсан байдаг. Морин хуурыг “икэл хуур”, “шанаган хуур”, “хун хуур” гэх мэтээр янз бүрээр нэрлэж байсан. Мөн манай өвөрлөгчид “цоор”, буриадад “ суух хуур” ч гэж бий.
Өнөөдөр морины сүүлээр чавхдас хийж, морины толгой дүрсэлсэн болохоор морин хуур гээд явахад болохгүй юм байхгүй. Эдгээрийг өөр өөр хөгжмийн зэмсэг мэтээр яриад байдаг. Бүгд хоёр утастай, морины сүүлээр хялгасладаг байсан, хөндий зайнд  түлхэж, шувтарч тоглодог гээд хөгжмийн зэмсэгт тавигддаг гол зарчмууд ижилхэн байна. Тэгэхээр энэ бол тухайн цаг үеийн илэрхийлэл болохоос өөр хөгжмийн зэмсгүүд биш гэж би боддог.
Икэлийн татлагууд бол өвөрмөц илэрхийлэлтэй. Энэ татлагууд нь монгол хүний авьяас билгээр бүтсэн зохиолууд юм. Монголчууд хөгжмийн зэмсэгтээ зориулаад оюун ухаан, ертөнцийг үзэх үзлээ  илэрхийлэх дархлааг бий болгоод өгчихсөн. Хөгжмийн хэллэгт сэтгэлгээний дүрслэл бий болгох янз бүрийн чимэглэлүүд байдаг. Морин хуурын чимэглэлүүд тухайн нэрлэсэн зохиолоо илүү дүрслэлтэй, дархлаатай болгож өгнө. Монголчууд ямар нэгэн зүйлийг таньж мэдээд түүнийгээ нэрлэж мөнхөлдөг. Бугат үзүүр бугатай л байсан, Эрдэнэт овоо эрдэнэтэй л байсан, Оюу толгой баялагтай л байна. Ийм олон жишээ дурьдаж болох боловч “икэл” хөгжим үүссэн домгийг угсаатны зүй судлаач Д.Амгалан гуайн тэмдэглэж авснаар:  “ Монголчууд нэгэн хөгжмийн зэмсэг бүтээн хэрхэн нэрийдэх тухай ном хаялцжээ. Мэргэд олон сайхан нэр хайрлаж гэнэ. Нэгэн сэцэн хүн “ бидний ярьж буй хэлийг бусад улс үндэстэн ойлгохгүй байна. Харин энэ хөгжмийн хэлийг таван зүсмийн хүмүүс ойлгож, байгаль дэлхий ч баясаж байна. Иймд “Их+ Хэл-Икэл” хэмээн нэрлэе гэсэн мэргэн санаа гаргажээ.    
Хялгасаар утас хийж,  хялгасыг хялгасаар хөрөөдөөд хүний сэтгэлийн эгшиг гаргах ухааныг олсон нь гайхамшиг юм. Энэ бүхэн таны асуултны хариулт болно хэмээн итгэж байна.
-  Мөн тэр уулзалт, тоглолтын дараа америкийн зарим судлаачид морин хуур үндэсний агуулгаа хадгалж, монголын  уламжлалт хөг аялгуугаа тоглох нь дээр. Симфони зэрэг дэлхийн сонгодог хөгжим тоглох хэрэггүй юм гэсэн санаа цухалзуулж байсан.

Ц.Пүрэвхүү: Морин хуураар уламжлалт бүтээлүүдээ тоглохоос гадна симфони болон том хэлбэрийн сонгодог бүтээлүүд, олон үндэстний бүтээлүүдээс тоглох нь байх л үзэгдэл, хөгжлийн нэг зурвас үе. Энэ нь өнгөрсөн үеийн баримт байж, цаг үеийнхээ илэрхийлэл болж, ирээдүй үеийнхээ угтал  болохоор тоглож л байхгүй бол суугаад үлдчихнэ шүү дээ. Ямар хэмжээнд уламжлалаа хадгалж үлдэх, ямар хэмжээнд урагшаа явж, өөрчлөгдөх нь морин хуурын хөгжлийн процес гэж үздэг.
Морин хуураар юугаа тоглох, үзэгчид юуг нь сонсох нь чөлөөт сонголт. Бусад хөгжимд зориулан бичсэн зохиолыг морин хуураар тоглоход зарим нь морин хууранд илүү зохимжтой ч байдаг.
Тэгэхлээр хөгжимчний ур чадвар, морин хуурын хөрвөх чадвар нэн чухал юм. Морин хуур симфони найрал хөгжимтэй тоглоход хөг аялгуу нь наалдаж л байдаг, үлээвэр хөгжмийн оркестртой хамтрахад өөрийн хөг аялга нь ялгарч л байдаг, орчин үеийн хөгжимтэй тоглоход зохицож л байдаг  нь өөрийн гэсэн тембртэй, бусад хөгжмийн тембртэй давхцахгүй байгаагийн тод илэрхийлэл юм.  Нумт хөгжимд байдаггүй нарийн ялгамж, мэдрэмж морин хуурт бий. Энэ бүхэн бол өвөг дээдэс маань морин хуур гэдэг өвөрмөц хөгжмийн зэмсэг бүтээжээ гэсэн үг.
Одоо морин хуур, таны бүтээлийн талаарх сонирхолтой яриандаа шилжье.
          Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Пүрэвхүү  морин хуур,  икэл зэрэг  хөгжмийн зэмсгийн ая, аялгуу, татлагын талаар  биетээр хөгжимдөн тайлбарлаж  морин хуурын татлага  тоглож сонирхуулахад нутгаа санасан бидний сэтгэл хөдөлж баяр хөөр болцгоов. Гавьяат маань, “морин хуурын эгшиг монгол хүний сэтгэлд ойр байдаг болохоор хүчтэй байдаг” гээд,
 Морин хуурын өвөг зэмсэг икэлийн домогт:  
Мориныхоо сүүлнээс сугалж авлаа (в л)
Модныхоо дотроос огтолж авлаа (в л)
Гоодоон (шулуун) иштэй сайхан иклээн
Госныхоо (гутлын) гануу дээр  тавиад татлаа гэсэн нь хуурчийн суудал,  хөгжмийн байрлал, тоглох  эрэмбийг энэхүү дуунд нарийн гаргаж өгсөн байдгийг харуулж байгаа юм хэмээв. Профессор Ц.Пүрэвхүү морин хуурын тоглолтын онцлог, модон цар, арьсан царын акустикийн тархац, дэлхийн сонгодог бүтээлийг морин хуураар тоглох зохимж зэрэг олон сэдвээр хичээл зааж, үзүүлэх тоглолт хийлээ.
Пүрэвхүү гавьяат  “Дэнсээ юу “ дуу зохиосон түүхээ хуучлахдаа: Түүхч, зохиолч  Д.Баасанжав гуайтай 3-4 дуу хамтарч хийсэн юм. Нэг удаа СУИС дээр хичээл хийгээд сууж байтал өвгөн найрагч орж ирээд “миний хүү нөгөө шүлгээ юм болгосон уу” гэхэд сэтгэлд эгшиглээд байгаа боловч цаасан дээр буулгаж чадахгүй байна гэлээ. “Зуун уулын цэцэгс” гэдэг нь зуун ууланд ургасан цэцэг биш, зуун үзэсгэлэнт бүсгүй байх бөгөөд Дэнсээ тэднээс гоо үзэсгэлэнгээрээ ялгарч харагдаж байна гэж бодох ёстой юм шүү гэж хэлээд гарангуут дор нь тэмдэглэж авсан билээ. Заримдаа аялгуу дотор аялагдаад байгаа мөртлөө буулгаж болдоггүй,  хоромхон зуурын нэг зурвас санаа, түлхэц өгч бүтээлийг бий болгодгийн жишээ энэ дуу юмаа”
 Д.Баасанжавын үг, Ц.Пүрэвхүүгийн ая  “Хүрээний хөөрхөн Дэнсээ юү” дууг  гавьяат жүжигчин, дуучин Хайчинхүүгийн Үнэнхүүгийн дуулснаар хүлээн авч сонсоно уу.  
Төгсгөлд нь гавьяат маань  “Икэлийн эгшигт нутаг”, “Үүлэн бор”, “Буйлган шарын явдал” зэрэг аялгууг гэр дүүрэн цуурайтуулж, эх нутгаас
алсад суугаа биднийг баярлуулан баясгалаа. 

Балжинням багш аа, өнөөдөр бид таны яриаг сонсож, таны бүтээсэн Дэлхийн монголчуудын түүх хэмээх есөн боть судалгааны бүтээлийг бишрэн харж байна. Ном бүтсэн түүхээсээ хуучлахгүй юу?
Б. Балжинням: Монголчууд   8-9 удаа  дэлхийн хүн төрөлхтний соёл иргэншилд их түрэлт хийсэн. Ийм үндэстэн дэлхий дээр байхгүй. Дэлхийд долоон том эзэнт гүрэн тогтсоны хамгийн том, хамгийн удаан оршин байсан нь монголынх байдаг. Доод тал нь 150, дээд тал нь 350 жил  дэлхийн бодлогыг тодорхойлж ирсэн нь түүхэн үнэн. Монголчуудын түүхийг бүрэн, үнэн зөв бичихгүйгээр дэлхийн түүхийг бичих боломжгүй. Харин дэлхийн түүхийг бичихгүйгээр монголчуудын түүхийг биччихэж болно. Монголын төр 4100 жилийн түүхтэй нь баттай. Дэлхийн хүн төрөлхтний аж төрж байгаа  таван тив дээр тархан суугаа угсаатан үндэстэн монголчуудаас өөр байдаггүй юм. Бидний одоо хүүрнэн суугаа хойт Америкт 40600 жилээс 9500 жилийн хавьд эртний өвөг монголчууд аж төрж байсан. Түүнээс хойш гурван нүүдэл болсон. Тэдний удам судрыг бид индианчууд гэж нэрлээд байгаа юм. Өмнөд Америкт Кордялр арал,  Галт газрын арал, Пасхийн арал хүртэл тархсан. Энэ дэлхийн олон эрдэмтдийн генетикийн судалгаагаар батлагдчсан үнэн. Австрали тивд монголчууд хүрсний учир гэвэл монголчууд Зүүн өмнөд Ази руу 55-39 мянган жилийн тэртээ тархсан хэсэг, түүний дараагийн 2,3 нүүдэл урд талаараа африкийнхантай эрлийзжихсэн меланиз, меканиз, поленизийн  гарал австрали тивд түгсэн юм. Ази, Европын хувьд ойлгомжтой. Монголын Евро-Азид тархсаны сүүлийн  жишээ бол  Монголын эзэнт гүрний Алтан орд, Ил хаант улс, Африк тивийн хойт талд Газрын дундад тэнгисийн хойт эргээр Еват гэдэг улс тогтнож байсан юм. Энэ үед  тогтсон монголын хаант улсыг Мамлюкийн хаант улс гэж нэрлэж байлаа. Солонгос, Японы түүх бол саяхны 29-31 мянган жилийн өмнөх түүх. Дэлхийн түүхийн бүх зурвас үе монголтой холбоотой.  Аугаа их том айлын буурь арилдаггүй юм гэдэг монгол ардын мэргэн үг буй. Энэ гайхамшигтай түүхийг холтлох гэж энэ бүтээлийг туурвилаа.
. Бүтээлийнхээ нэг, есдүгээр ботийг Индианагийн их сургуулийн номын санд бэлэглэсэн (Б.Балжинням гуай  Дэлхийн монголчуудын түүхийн дэд дэвтэрээ манай гэрийнхэнд дурсгалаа.)
Монголын соёлын өвийн хамгаалалт, хадгалалт, сэргээн засварлалтын талаар очоод юу хийх бодолтой байна?
Ц.Цэндсүрэн: Монгол улс соёлын өвөөрөө дэлхийд гайхагдсан улс. Хүн анх бий болсноос эхлээд өнөөгийн  XXI зуун хүртэлх түүхийн бүхий л дурсгалууд Монголд байна.
Бидний энэ томилолт бол соёлын өвийн чиглэлээр археологи, түүх, биет бус өвийнхөн оролцсон  анх удаа хийгдэж байгаа аялал. Одоо манай улс соёлын өвийн тухай хуулиа шинэчлэн чуулганаар хэлэлцүүлэх гэж байна. Энэ хуулиар нэлээд шинэлэг зүйл хийгдэнэ. Энэ хуулийн эрх зүйн зохицуулалтыг энд газар дээр нь үзэж, харах боломж олдлоо. Иргэний нийгмийн үед соёлын өвийг хэрхэн хамгаалдаг, зөрчил, гажуудлыг хэрхэн шийддэг, бүртгэл судалгааны хэлбэр, музейн зохион байгуулалт зэрэгтэй танилцлаа. Засгийн газар археологи, палантеологийн музей байгуулахаар төлөвлөж, бэлтгэл ажлаа базааж байна. Очоод олон ажлын эхлэлийг тавина гэж бодож байна. Түүн дотор соёлын өвийн мэргэжилтэн бэлтгэх хэрэгцээ байгааг хэрэгжүүлнэ. Жишээлбэл сэргээн засварлах чиглэлийн мэргэжилтэнг төрийн бодлогоор, төрийн тэтгэлгээр бэлтгэх боломж байдаг юм байна.Сэргээн засварлах чиглэлээр мэргэжил эзэмшээд ирсэн хүн үнэлгээгүй ажилд төдийлэн сонирхохгүй, мэргэжлээ сольж, зах зээлийн хэрэгцээнд дүйсэн өөр ажил эрхэлж байна.
Жак Уэтерфорд  “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч эзэн Чингис хаан” бүтээлдээ  Чингис хааны амьдралтай салшгүй холбоотой  Хар зүрхний Хөх нуурын орчимд монголын тэр үеийн үйл явдлын өрнөлийг тогтоохоор нутгийн иргэдийг оролцуулан судалгаа хийсэн талаар дурдсан байдаг. Энэ ажлыг гардан зохион байгуулсан хүн бол проф. Х.Лхагвасүрэн билээ. Түүнээс энэ талаар тодруулахад
Х.Лхагвасүрэн:  1999 оны 8 сарын 10-нд бид хоёр Хар зүрхний Хөх нуур луу явсан юм. Хар зүрхний Хөх нуур дээр Чингис хаан  1189 онд Хамаг Монголын хаан болсон гэж түүхэнд бичсэн байдаг шүү дээ. Чингис хаан энд Бөртэтэй ханилсны дараа европынхны хэлдгээр бал сараа өнгөрөөсөн юм. Бал сарынхаа дараа Хар зүрхний Хөх нуураас Хэрлэнгийн Бүрэг эрэг рүү явсан. Бүрэг эрэгт очоод нутаглаж байхад мэргэдүүд довтолж, Бөртэг булааж авсан. Хар зүрхний Хөх нуурт Чингис Хамаг Монголын хаан болох үед жирийн нэг монгол айл ямар байж болох вэ гэдэг сонин байлаа. Тэр үед Чингис өөрийн албатгүй,  ядмаг байсан байж таарна. Чингисийн тэр үеийг сэргээн  төсөөлөх зорилгоор нэг адуу, цөөн хэдэн хонь, дүү нарынх нь тоогоор Хэнтийн Цэнхэрмандалаас залуучууд авч ирээд тэднийг Юдэгийн гол, Хөх нуур орчмын газруудаар явуулаад ажиглалт хийж,  нэг цагт хэдий зайны газар туулахыг  мэдэх зорилгоор  заримыг нь морьтой явуулж, заримыг нь явган явуулж, ус туулуулж, Нууц товчоонд гарч байгаа үйл явдлуудаар  тус тусад нь туршиж үзсэн. Хөх нуурын урд талын дэнж дээр Чингисийн гэрийн буурь гээд нэг буурь бий. Тэр Чингисийн гэрийн буурь уу, эсвэл чулуун дараас байна уу гэдгийг хэмжиж үзсэн. Хэмжээд  зургаан ханат гэр байх уу, найман ханат том  гэр байх уу, гэрийн хэмжээ байна уу гэдгийг мэдэх явдал байлаа. Тэмүүжин 8 ханатай гэрт амьдрах уу, 6 ханатай гэрт амьдрах уу гэвэл тэр хаан болохоос өмнөх үе болохоор жижиг гэрт сууж байсан байж таарна. Морьтонгуудыг богино зайнд  300 метр давхиулахад  хэдий хугацаа орж байгааг баримжаалахдаа тэр үеийн монгол адуу одооны бидний унаж яваа монгол адуу болохоор үр дүн ойролцоо байх магадлалтай юм. 1990 онд Монголын нууц товчооны 750 жилийн ой хийх үеэр  Шагдар багш бас туршилт хийсэн нь бий. Монголын нууц товчоонд  Ван хааны  Туулын хар Түний ордоос  Хөдөө арал руу Чингис хаан  явж байгаа тухай гардаг. Шагдар багш өөрөө хөтөлгөө морьтой гарч энэ замыг туршиж үзсэн байдаг. Монголчууд  өдрийн газар  гэж ярьдаг даа. Багшийн явж туулсан хэмжээ Нууц товчоонд  Тэмүүжингийн явсан хэмжээтэй яг таарсан байгаа юм. Энэ тухай Шагдар багшийн  “Сэлмээр сийлснийг үсгээр тайлсан нь” гэдэг бүтээлээс уншиж болно.

Ярилцлагыг тэмдэглэсэн  проф. Пүрэвийн Увш

No comments:

Post a Comment