Sunday, February 2, 2014

Индианагийн Блүүмингтон хотын Монголын Цагаан сарын баяр сайхан боллоо.

Индианагийн Блүүмингтон хотын Монголын Цагаан сарын баяр сайхан боллоо.ндианагийн Блүүмингтон хотын Монголын Цагаан сарын баяр сайхан боллоо.
Монгол нийгэмлэг,Индианагийн их сургууль, Блүүмингтоны монголчуудын холбоо хамтран Монголын цагаан сарыг ёслон тэмдэглэлээ.
Нэрт монгол судлаач Хар Дорж багш энэ ёслолыг нээж, үг хэлэхдээ тэнд хуран цугласан монголчууд болон Индианагийн их сургуулийн багш, оюутнуудад зориулан “Хөх морин жилийн ерөөл” дэвшүүлснийг сийрүүлье.
Эртний сайхан ерөөлийн хүчээр
Энд цугларсан нөхөд, зочид бүгдээрээ
Энэ өдөрт мандан мэндэлсэн
Эрдэнэт тэнгэрийн хөхөмдөг зүстэй
Эр модон морин жилийг угтах дор
Эв эетэй цэнгэн найралдаж
Үүрд эсэн энх сууж
Элдэв зовлон үзэх үгүй
Эрсэн, хүссэн сайн үйлстээн
Эндэл үгүй амжилт олж
Элэгсэг найрсаг ахуй дор
Элбэг эрдэм ном буян нэмж
Энгүй жаргал эдлэх болтугай!

Мөнхүү нээлтийн үгэндээ Морин жилийн үйл явдлуудаас дурдав.

1162 оны Цагаан морин жил Тэмүжин мэндэлжээ
1246 онд Гүюг хаан Монголын эзэнт гүрний хааны тамгатай захиаг Ромын IY Хамбад илгээж байжээ.
1294 оны Морин жил Хубилай Сэцэн хаан таалал төгсөж, залуу хатан Хөхжин Марк Пологийн хамт Их хааны нутгаас Ил хааны ордонд очиж, Газан хааны гэргий болжээ.
1492 онд Италийн Генуя хотод төрсөн Кристофор Колумб Плано Карпинигийн “Монголчуудын түүх” болон Марко Пологийн “Орчлонгийн элдэв сонин” номуудын үзэл санаагаар жигүүрлэн Өрнө зүг рүү анхны аяллаа хийхдээ Монголын Их хааны захидлуудыг авч явж байжээ.
1906 онд агуу их Дашдоржийн Нацагдорж мэндэлжээ.
1960 онд БНМАУ-ын шинэ үндсэн хууль, Монгол төрийн шинэ сүлд батлагджээ.
1990 онд Монгол оронд ардчилсан хувьсгал ялж, анхны чөлөөт сонгууль болж, олон намын тогтолцоо бий болов. Мөн энэ жил Блүүмингтонд Монголын Цагаан сарыг анх удаа тэмдэглэв.
2014 оны Хөх Морин жил өнөөдөр тохиож байна.
  

No comments:

Post a Comment