Sunday, April 9, 2017

МОНГОЛ УЛС ДАХЬ ТӨВЛӨРӨЛ СААРУУЛАЛТ: ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, СОРИЛТ

Индианагийн Блүүмингтон хотод Төв Евро-Ази судлалын холбоо, Монгол нийгэмлэгийн ээлжит хурал 2017 оны 3 сарын 3-4-нд болсон билээ.
 Энэ хурал дээр илтгэл хэлэлцүүлсэн монгол судлаачдын илтгэлийн товчийг илтгэгчдын зөвшөөрснөөр цувралаар нийтэд хүргэж байна.
Монголын Удирдлагын академийн доктор Л.Отгонтуяагийн хэлэцүүлсэн
 “Монгол улс дахь төвлөрөл сааруулалт: өнөөгийн байдал, сорилт” илтгэлийн товчийг дор нийтлэв. Л.Отгонтуяагийн цахим хаяг: Otgontuya Langan l.otgontuya@gmail.com
МОНГОЛ УЛС ДАХЬ ТӨВЛӨРӨЛ СААРУУЛАЛТ: ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, СОРИЛТ
Л.Отгонтуяа Монгол улс дахь төвлөрлийг сааруулах үйл явцын үе шатыг төвлөрлийг сааруулах бодлогыг идэвхтэй дэмжиж, тодорхой үе шатны арга хэмжээг авч хэрэгжүүлсэн (1992-1996 он), төвлөрлийг сааруулах бодлогын үр дүнд төвлөрөл харьцангуй саарч, орон нутгийн эрх мэдэл нэмэгдсэн ч эргэн төвлөрүүлэх хандлага хүчтэй болсон (1996-2002 он) ,
эрх мэдлийг эргэн төвлөрүүлсэн, орон нутгийн бие даасан байдал бүтэц, зохион байгуулалт, санхүү, төсвийн хувьд суларсан (2002-2013 он үе, төвлөрлийг ялангуяа, төсвийн төвлөрлийг сааруулах, иргэдийн оролцоог төрийн удирдлагын бүх түвшинд нэмэгдүүлэх чиглэлээр шинэ арга хэмжээ хэрэгжүүлж эхэлсэн (2013 оноос өнөөг хүртэл) үе гэж дөрөв ангилсан байна.
Илтгэлд төвлөрөлийг сааруулах талаар төвийн болон орон нутгийн засаг, захиргаанаас гаргасан эрх зүйн баримт бичгүүд, тэдгээрийн хэрэгжилтийг он цагийн хэлхээсэнд авч үзээд дээрх арга хэмжээ нь ямар нэг тодорхой, шат дараалалтай стратегигүй явагдаж байгаагаас төвлөрлийг сааруулах шинэтгэл бүрэн хийгдэж чадахгүй, төв болон орон нутгийн засаглалын түвшин хоорондын чиг үүрэг, хариуцлагын тодорхойгүй байдал, орон нутгийн санхүүгийн эрх мэдэл бага, төвийн санхүүгийн дэмжлэгээс хараат, орон нутгийн өөрийн орлого бага, түвшин хоорондын төсвийн санхүүгийн чадавхи, төсвийн хэрэгцээний байдал хэт ялгаатай, орлогын хариуцлага нь чиг үүрэгтэйгээ уялдаагүй зэрэг тогтолцооны асуудлууд байгааг тэмдэглэцэн. Гүйцэтгэх болон хууль тогтоох засаглал хоорондын эрх мэдлийн зааг тодорхойгүй, орон нутгийн гүйцэтгэх байгууллагын хосолмол удирдлагын зарчим, хотын болон нийслэл хотын эрх зүйн статус байхгүй, засаг захиргааны тархай бутархай байдал, хамтын ажиллагаа дутагдсанаас үүдэлтэй төрийн үйлчилгээг хүргэх өртөг өндөр зэрэг асуудлууд шийдлээ хүлээж байгааг онцлон тэмдэглэсэн юм.
Л.Отгонтуяа төвлөрөлийг сааруулах яцыг улс төрий төвлөрөлийг сааруулах, захиргааны төвлөрөлийг сааруулах, төсвийн төвлөрөлийг сааруулах гэж ангилж ярьсан.
УЛС ТӨРИЙН ТӨВЛӨРӨЛИЙГ СААРУУЛАХ явц гэж төрийн зарим эрх мэдлийг орон нутагт, иргэдийн төлөөллийн байгууллагад шилжүүлэх, иргэд болон иргэдийн төлөөллийг шийдвэр гаргах үйл явцад оролцуулах явдлыг нэмэгдүүлэхийг хэлнэ. .
Улс төрийн төвлөрлийг сааруулах чиглэлээр иргэдийн сонгох, сонгогдох эрхээ хэрэгжүүлэх боломжийг хангах талаар Монгол Улсын Үндсэн хууль болон Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд тодорхой заасан байдаг..
Түүнчлэн Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль, Концессын тухай хуулиуд, тэдгээртэй нийцүүлэн гаргасан Ерөнхийлөгчийн зарлиг, УИХ, ЗГ-ын тогтоол, салбарын сайд нарын тушаал зэрэг эрх зүйн баримт бичгүүдэд төсвийн үйл явцад иргэдийг оролцуулах талаар тусгагдсан зарчмын шинжтэй заалтууд, тэдгээрийн хэрэгжилтэд судлаачид үнэлгээ өгсөн байдаг.
ЗАХИРГААНЫ ТӨВЛӨРӨЛИЙГ СААРУУЛАХ нь гүйцэтгэх засаглалын шатлан захирах эрх мэдлийг болон чиг үүргийг өөр түвшний засаг захиргааны нэгж хооронд шилжүүлэх явдал. хэлбэр нь захиргааны нягтралыг сийрэгжүүлэх (deconcentration) буюу захиргааны чиг үүргийг босоо удирдлага бүхий дээд түвшний байгууллагаас орон нутаг дахь дотоод, доод түвшний байгууллага, нэгж, ажилтнуудад шилжүүлэх, мөн чиг үүргийг төлөөлүүлэн гүйцэтгүүлэх (delegation), төв Засгийн газраас орон нутагт эрх мэдэл, үүрэг хариуцлагыг хамтад нь буюу эрх мэдлийг бүрэн шилжүүлэх (devolution) зэрэг болой.
Монгол Улс 1992 оноос хойш орон нутгийн засаглалыг бэхжүүлэх зорилгоор захиргааны төвлөрлийг сааруулах ажлыг хэрэгжүүлсээр ирсэн. Түүнээс өмнө Монгол Улсад төв Засгийн газрын нөлөө орон нутагт маш хүчтэй байсан ч 1992 оны Төсвийн тухай хууль, 1993 оны Удирдлагын хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд Засгийн газар төрийн захиргааны бүтцийн өөрчлөлтийг хийж, орон нутгийн захиргаанд илүү эрх мэдэл олгох арга хэмжээ авч хэрэгжүүлжээ. Захиргааны нэлээд эрх мэдлийг аймаг, сумдын захиргаанд шилжүүлэн өгч байсан хэдий ч 2003 оноос эхлэн босоо удирдлагатай яамд, агентлагийн тоо нэмэгдэх болсон. Одоогийн байдлаар Засгийн газрын бараг бүх байгууллага аймаг, нийслэлийн түвшинд салбартай, цаашлаад сум, дүүргийн хэмжээнд төлөөлөлтэй байна. Энэ нь Монгол Улс нэгдмэл улсын хувьд шийдвэр гаргах эрх мэдэл нь төвдөө төвлөрч, Засгийн газрын чиг үүргийг орон нутгийн салбар нь хариуцан гүйцэтгэдэг, дээшээ чиглэсэн хариуцлагын болон тайлагнах тогтолцоотой болсныг илтгэж байна.
ТӨСВИЙН ТӨВЛӨРӨЛИЙГ СААРУУЛАХ гэдэг нь төв Засгийн газраас төсвийн орлого, зарлагын эрх мэдэл, хариуцлагыг орон нутагт шилжүүлэх явдал юм. Төв болон орон нутгийн төсвийн харилцааны гол зарчмын дагуу санхүүжилт нь чиг үүргээ дагах учиртай боловч татварын хуваарилалтын үр дүнд төв Засгийн газарт орлого ихээр төвлөрүүлдэг татвар хуваарилагдаж, харин орон нутгийн төсөвт орлого бага төвлөрдөг татвар, хураамж хамаардаг байна. Энэ байдал нь чиг үүрэг болон санхүүжилтийн тэнцвэрийг хангах асуудлыг үүсгэдэг.
Илтгэлд Монгол Улсад төвлөрлийг сааруулах бодлого боловсруулах хэрэгцээ, шаардлага, төвлөрлийг сааруулах сорилтууд: Бодлогын чиглэл, зарчим, Төвлөрлийг сааруулах бодлогыг хэрэгжүүлэх үе шат, хүрэх үр дүн зэргийг бодит жишээн дээр түшиглэн тайлбарласан юм.
Л.Отгонтуяа илтгэлийнхээ төгсгөлд Монгол улсад төвлөрлийг сааруулах бодлого, үйл явцыг дүгнэж хэлэхдээ Монгол улсад төвлөрлийг сааруулах үйл явцыг сүүлийн 20 гаруй жилийн туршид хэрэгжүүлж, улс төрийн болон захиргааны төвлөрлийг сааруулах хэлбэрээр тодорхой амжилт, ахиц гаргасан ч төсвийн төвлөрөл сааруулалтын хувьд шийдвэрлэх шаардлагатай асуудлууд тулгарсаар байна. Иймээс төвлөрлийг сааруулах стратегийн баримт бичгийг дэлхийн улс орнуудын нийтлэг хандлага, зарчмуудад нийцсэн, Монгол улсын хөгжлийн төлөв байдал, онцлогийг тусгасан, урт болон дунд хугацаанд хүрэх үр дүнг үндэслэлтэй тодорхойлон боловсруулж, хэрэгжүүлэх хэрэгтэй гэж тэмдэглэллээ.
Пүрэвийн Увш (профессор)
LikeShow more reactions
Comment

No comments:

Post a Comment