Saturday, October 16, 2010

Эргэх холбоо ба П. Увш багш

  
Image
Эрээвэр хураавар асуултын минь хариу эргээд л нэг зүйлд зангидагдаад байх  шиг... Монгол Улсын гавъяат багш, Монгол улсын Боловсролын шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, Удирдлагын академийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор, профессор Пүрэвийн Увш  багш бид хоёрын яриа АНУ-ын Индиана мужийн Блүүмингтон хотын нэгэн  номын дэлгүүрт  болсон юм. Лангуу дүүрэн номтой дэлгүүрийн  бэсрэгхэн буланд хэдэн ширээ, сандал байх.
                
        Тэнд компьютер шагайсан, ном уншсан, унтсан, бодол болсон янз бүрийн хүмүүс байх авч цаанаа л нэг эрхэмсэг нам гүм, амгалан тайван орчин ноёрхож, халуун кофений ааг ханхална. П.Увш багш энд судалгаа шинжилгээний ажлаа төлөвлөж,  ажил төрлийн холбоотон, найз нөхдөө урин тухлах хоббитой аж. Монгол улсынхаа  баруун хязгаарт төрж өсөж,тэндээ дунд сургууль дүүргэсэн тэрбээр  гучин хоёр жил нэг л сургуульд багшилсан хэрнээ таван байгууллага  дамжин ажилласан мэт. Учир юун гэвээс  сургууль нь цагийн урсгалаар таван удаа нэрээ сольжээ. Удирдлагын академийнхаа бор байшиндаа дасаж дээ, олон жил ирж очлоо доо, манай академийн сургалт, мэдээлийн техник, технологи ямар болсон гэж санана. Монголдоо л топ гэх нь сургуулиа санагалзсан шинжтэй.  Улсын Багшийн дээд сургуулийг орос хэл, утга зохиолын багш мэргэжлээр онц төгсөж,  Намын дээд сургуульд багшаар томилогдож ажилласнаас хойш хотын захад орших бор байшингаасаа салсангүй. Тэр сургуультай л энэ насныхаа амьдралыг холбож, эр өсөж эсгий сунахын үлгэрээр  яалт ч үгүй монголын нийгмийн салбар дахь нэгэн фигур болж чадсан энэ эрхмийн шавь нар монголоор битгий хэл, энд тэндгүй. Өнөөгийн  жирийн төрийн албан хаагч, хурган даргаас эхлээд “хуцан” дарга нарын дунд ч түүний шавь олон. Би ч бас Удирдлагын академийн бүтээгдхүүн. Гэхдээ шийдвэр гаргагч биш. Гэдэн ч хөдлөх шиг...
-: Хараад байхад төрийн албан хаагчдын ихэнх нь төрийн удирдлагын чиглэлээр номын дуу сонссон хүмүүс байдаг. Гэтэл төрийн бодлого аль, аль шатандаа хэрэгжиж байгаа нь ховор. Иргэд ч  бухимдалтай байна. Мэдээд байгаа хэрнээ мэдэн будилаад байна уу? Эсвэл ажлаа мэддэгүй албатууд олшроод байна уу? Бүтээгдэхүүнээ хараад бухимдал танд төрдөг үү?
-:Товчхон хэлэхэд төр, иргэдийн хооронд эргэх холбоо алга.  Зөвхөн удирдлагын академийн сургалтаар төрийн төгс албан хаагчийг бэлдэнэ гэдэг бол боломжгүй зүйл. Бид төрийн албан хаагчийг бэлтгэхдээ тэгж хий, ингэж хий гэж заадаггүй. Төрийн албан хаагчид тухайн үйл ажиллагааг гүйцэтгэхэд ямар хэмжээний мэдлэг, үйлдлийн багц хэрэгтэй вэ гэдгийг хүргэдэг. Харин суралцагсад тэр багцийг өөр өөрийн ажил хэрэг дээрээ хэрхэн яаж хэрэгжүүлэх нь нэг талаас олж авсан мэдлэгтээ хэрхэн хандаж байгаа, нөгөө талаас  төрийн албан хаагч нөхцөл байдлыг хэрхэн зөв баримжаалж, дүгнэлт хийж, тэр дүгнэлтдээ тулгуурлан үйл ажиллагаагаа төлөвлөж, өөрийгөө болон  багаа зөв зохион байгуулж, бүрдүүлж чадаж байна вэ гэдэг дээр л тэдний чадавхи харагдаж байгаа юм     Өнөөдөр нийгмийн өмнө тулгарч байгаа бэрхшээлтэй асуудлыг шийдэхэд төрийн албан хаагчдад дутагдаж байгаа зүйл бол сэтгэлийн хат, болц, өөрөөр хэлбэл давтагдсан байдал дахин хэлэхэд эргэх холбоо дутагдаад байна. Байгууллага гэдэг яг л хүн шиг организм,  зан үйл /behavior/тэй. Энэ зан үйлийг хэрхэн чиглүүлэх, төлөвшүүлэх нь удирдлагын асуудал юм.
-: Америкийн жишгээс төрийн үйлчилгээнд аваад хэрэгжүүлчихмээр өртөг, зардал багатай энгийн зүйлийг ажиглав уу?
-: Хүн ам цөөнтэй манай монгол хүний нэг араншин байна. Асуудлыг заавал нүүр тулж байж шийдэх, эсвэл ажлаа хялбар түргэн бүтээхийн тулд тэр тойрог дотор танил тал , найз нөхдийн туслалцааг эрж хайх гээд байдаг. Энд бол мэдээллийн технологийг ашиглаад ажлаа бүтээгээд  болж байна. Танил талын хэрэгцээ алга.Төрийн албаны үйлчилгээг хүртэхийн  тулд заавал амар хялбар замыг эрж хайдаг тэр сэтгэлгээний хоцрогдлыг  даваад гарчихвал цаашид олон зүйл зүгшрэх боломжтой юм шиг санагдаад байдаг юм.
-:Техник, технологийн дэвшил  хөгжил манай улсад харьцангуй  хурдтай нэвтрэх болжээ. Харин хөгжлийн гол тулгуур болох боловсролын салбарт өөрчлөлт тун удаан, яст мэлхийн хэмнэлээр яваад байна уу даа? Таны бодлоор манай улсын боловсролын хөгжил дэлхийн жишгийн хаахна явж байна?
-:Академик сургалт гэдэг талаасаа манайх тийм муу биш, боловсролын салбарын хувьд олж авсан мэдлэгийг хэрэглээ болгох талаасаа дутагдалтай байна.Миний хоёр ч хүүхэд энд ахлах сургууль төгслөөл дөө. Хараад байхад ахлах сургууль төгсөж байгаа эндхийн хүүхэд хэрэв зээ коллежид орж чадахгүй бол ахлах сургуульд эзэмшсэн мэдлэгээрээ амьдралаа зохицуулаад явах хэмжээний практик үйл ажиллагааны мэдлэгийн багцийг эзэмшээд төгсчихөж байна. Тэгтэл манай сургалт эргээд хэрэгцээ хангаж чадаж байна уу гэдэг дээр асуудалтай байгаа юм. Миний бодол бол боловсролын салбарын өөрчлөлтийг аажмаар хийхээс өөр аргагүй  байх гэж боддог. Бусад салбарт өөрчлөлтийг хурдацтай хийж болно. Боловсролын салбар нь өөрөө цаашаа хаана хүрэх вэ гэдгээ мэдэхгүй байж  хэлбэрийг нь өөрчлөхөөр тэр хэлбэрээ дагаж агуулгын маань  хурд нь гүйцэж өгдөггүй. Хэлбэр агуулга  хоёрыг хослуулсан бодлого боловсролын салбарт дутагдаад байна.
-:Сургалтын арга барил нь бас хуучраад байнаа даа?
Намайг багш болоход “сурган хүмүүжүүлэх ухаан” гэж заадаг байлаа. Сурган хүмүүжүүлэх ухаан гэдэг чинь бага насны хүүхдийг сургах арга зүй байхгүй юу даа. Манай академи бол насанд хүрэгчдийн сургалт. Насанд хүрэгчдэд педагогика  буюу бага насны хүүхдийг сургах аргаар сургалт явуулж болохгүй болчихоод байгаа юм. Насанд хүрэгчдийг хэрхэн сургах вэ гэхээр дахиад л энэ талын шинжлэх ухааныг хайгаад, яриад эхэлж байгаа байхгүй юу. Анх Германы эрдэмтэн Александр Кап (Alexander Kapp ) 1833 онд санал болгож, хожмоо америкийн судлаач  Malcolm Knowles – ийн сургахуйн онол, арга зүйг нь боловсруулсан “Андрагогика” нь насанд хүрэгчдийн сургалтын шинжлэх ухааны үндэс байгаа юм.  Тийм ч учраас насанд хүрэгчдийн сургалтын онол, арга зүйн үндэсийг арай нухацтай харахаар би Индианагийн Их Сургуулийн номын санд ном ухаж сууна даа. Олигтой үр дүн гарахгүй бол лав л 2 жил энд суух байх. Эхний ээлжийн томилолт маань ч ийм хугацаатай.
-:Таны эрдэм шинжилгээний ажилтан болсон чинь ийм учиртай байсан юм бий. Энэ сэдэвээ батлаад хамгаалж чадвал монголдоо анхдагч болж байна  уу?
-:Магадгүй. X.Дүгэр багшаас өөр насанд хүрэгчдийн боловсролын асуудлаар суурьтай судалж байсан хүнийг би мэдэхгүй байна. 1990 онд Москвад  дэд эрдэмтний зэрэг хамгаалсан бүтээл маань ч насанд хүрэгчдэд гадаад хэл сургах арга зүйн үндэс сэдэвтэй байсан.
-: Насанд хүрэгчдийн боловсрол гэж яриад байна. Энэ олон хувийн их дээд сургууль үүргээ гүйцэтгэж чадаж байна уу?
-: Өнөөдрийн байдлаар хувийн их дээд сургууль 18-23  насны залуучуудын “цэцэрлэг”-ийн үүрэг гүйцэтгэж байна. Гэхдээ энэ “цэцэрлэг” байхгүй бол эдгээр залуус хаа ч хүрч магадгүй. Гажуудах, эвдрэх зам руугаа ч орж магадгүй, тэр утгаараа эерэг талаас нь харвал  хэрэгтэй байж болох юм. Хувийн их дээд сургуулиудыг нэгтгэх маш амархан арга байна. Чиглэл чиглэлээр нь нэгтгэх. Жишээ нь Индианагийн Их сургууль гэдэг дээвэр дор маш олон чиглэлийн сургууль оршин тогтноод болоод л байна. Гэтэл манай  хувийн их дээд сургуулийн эзэд  амбицдаа дийлдээд нэгдэх сонирхолгүй байх шиг байна.
-:Таныг гэр бүл судлаач гэдгийг мэднэ. Яаж яваад энэ судалгаа руу яваад орчихвоо?  
-:Угаасаа нийгмийн хөгжил өөртөө хэрэгцээтэй зүйл хийхийг шаардаад эхэлдэг. НҮБ-ын Хүн амын сангийн захиалгаар  “Хүн ам, жендер, хөгжлийн сургалтын хэрэгцээ, шаардлага “гэсэн төслийг Удирдлагын академи дээр хэрэгжүүлсэн юм. Хүн ам, хүний хөгжил, жендер гэж юу юм гэсэн асуултууд ар араасаа гараад ирэхээр үүнийгээ дагаад судалгаа хийх, сургалт явуулах, гарын авлага бэлтгэх гээд олон асуудал аяндаа ургаад ирлээ. Олон янзын  судалгаа, санаа бодол, санал дүгнэлтийг нэгтгээд нэг шийдэлд хүрсэн нь Хүний хөгжил гэдэг юмыг гэр бүлээс салгаж авч болохгүй юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Улсын бага хурлын гишүүн асан  Д.Мөнхөө гуай бид ярьж байгаад хоёр жил дараалан эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулж, судалгаа шинжилгээ хийсний дүнд 2003 онд Ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр “Төрөөс гэр бүлийн талаар баримтлах бодлого” боловсруулан  УИХ-аар батлуулсан. Хуучин хүн ам зүйн бодлогод хэдхэн асуудлаар томьёлогдож байсан гэр бүлийн асуудал энэ баримт бичигт бие даасан бодлого болж чадсан. Манайд гэр бүл судлал шоглоод хэлчихэд хэдхэн сайн дурын судлаач уран сайханчтай. Т.Намжил, Д.Тунгалаг хоёр  гол судлаачид, би болохоор туслах уран сайханчийн хэмжээнд л байгаа. Мэргэжлийн залуу гэр бүл судлаачид дорвитой гарч ирэхгүй л байна.
:-Тэр гэр бүлийн бодлогод нь гадаадад байгаа монголчууд хамрагдах боломж байгаа болов уу? Ёстой л бор зүрхээрээ амьдарч байгаа хэсэг бүлэг хүмүүс л байх юм.
-:Миний бодлоор гадаадад байгаа монголчуудын гэр бүлийн асуудлыг төрийн бодлогод суулгаж өгөх нь зөв зүйтэй. Яагаад гадаадад байгаа монголчууд дотооддоо байгаа иргэдийнхээ нэгэн адил төрөөс олгогдож байгаа нийгмийн халамж, бусад зохицуулалтад хамрагдаж болдоггүй юм.  Гадаадад олон монгол хүүхэд шинээр мэндэлж байна. Тэдэнд хүүхдийн мөнгө, гэр бүл болж гал голомтоо бадрааж байгаа  монгол залуучуудад төрөөс  олгоод байдаг тэтгэмжийг өгч яагаад  болохгүй гэж. Эх орондоо олон жил ажилласан тэтгэврийн насандаа хүрээгүй байхдаа гадаадад гараад ирсэн хүмүүс нийгмийн даатгалаа үргэлжүүлэн төлөөд тэтгэвэрээ тогтоолгох,  “Эх орны хишиг”, “Эрдэнийн хувь” за бүр больё,Үндсэн Хуульд заасан наад захын сонгууль өгөх эрхээ эдлэх боломж олгох асуудлыг өнөөдөр шийдвэрлэх  хэрэгтэй болоод байна шүү дээ. Аливаа асуудлыг шийдэхэд судалгаа шинжилгээ гол түлхэц болдог учраас гэр бүл судлаачийн хувьд энэ ажлыг хувьдаа эхэлчихлээ. Үүний үр дүнд гадаадад байгаа монголчуудын ерөнхий нэг дүр төрх гарах байх гэж найдаж байна. Би өөрөө гадаадад амьдарч байгаа учраас монголчуудынхаа зовлон жаргалыг илүү их мэдэрч  ойлгох юм даа.
-:Эх орны минь төр засгаас манийгаа бодож болгоох шинж тэмдэг байна уу? Танд юм мэдрэгдэв үү?
-:Гадаадад байгаа монголчуудын асуудал эрхэлсэн орон тооны бус зөвлөлийг С.Баяр ерөнхий сайд байх үедээ байгуулсан. Сүүлийн үед Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар гадаадад байгаа монголчууддаа мэндчилгээ хүргэж байна лээ. Энэ мэт зүйлээс харахад гадаадад байгаа монголчуудыг сонирхох төрийн сонирхол сүүлийн жилүүдэд гарч ирж байна уу гэж ажиглагдаж байна.
-:Таны “Соёлын шок”-ийг уншсан. Та өөрөө харин шоконд оров уу, тойроод гарчихав уу?
-:Тойроогүй ээ, дайраад гарсан. Би Америкт ирэхдээ өөрийгөө гадаадад мэр сэр явж байсан туршлагатай, хэлний зохих мэдлэгтэй гэж бодож байлаа шүү дээ. Гэтэл ирээд байдаггүй. Англиар ойлгодгүй ээ, хүмүүсийн хэлснийг барьж авч чаддаггүй. Миний өмнө нь явж байсан орнуудад англи хэл хоёрдогч хэл байсан учраас хүмүүс нь ярихдаа удаан, ойлгомжтой, энгийн үгээр ярьдаг байж. Өөрийн энэ үзэж туулсан туршлага дээрээсээ уламжлаад л “Соёлын шок” нийтлэлийг хэдэн жилийн өмнө бичсэн юм.
-:Таны нийтлэлийг уншаад нээрээ л тийм дээ гэж дуу алдмаар  байсан. Магадгүй энэ нийтлэлийг уншаагүй хүмүүс байж болох юм. Хаанаас олж унших вэ?.
-:Тухайн үед  “Даяар монгол”, “Орлоо” сайт дээр тавьсан юм. Нэг зүйлээ дахин дахин тавилаа гэсэн шүүмжлэл бас гараад байдаг шиг билээ. Гадаадад гараад удсан зарим хүмүүс соёлын шокноосоо гарчихсан учраас энгийн юм шиг санагдаж магадгүй. Амьдрал чинь урсгал хөдөлгөөн.  Нэг нь гарч байхад нөгөө нь орж байдаг эргэлтийн процесс  үргэлжилж байгаа учраас нийтлэлдээ нэмэлт хийж, зөвлөгөө түлхүү өгөөд “Удирдах эрдэм” гэдэг сэтгүүл дээрээ тавьсан. Хэдэн жилийн өмнө монголчуудын цахим мэдээллийн сайт ховор байж дээ. Дээрх хоёр сайт миний мэдэхийн америкийн монголчуудын хөгжил хөдөлгөөнд их үүрэг гүйцэтгэсэн шүү. Эдгээр сайтын нийтлэлийн бодлого, бүтцэд нэлээд өөрчлөлт оржээ. Цаг үеийн мэдрэмж, уншигчдын хэрэгцээ, менежментийнхээ хувьд их өргөн цар хүрээтэй болж. Анх эхэлж байхдаа танин мэдэхүйн чанартай байсан бол одоо бичлэгийн агуулга, төрөл нь хүрээгээ тэлж асуудал  хөндсөн, асуудал дэвшүүлэх хэмжээнд, бодлого боловсруулахад түлхэц, санаа авахуйц материалаар баяжигдаж  байгаад нь талархаж явдаг. Сэтгүүл зүйд ч өөрчлөлт орж байна. Цаасан дээр байдаг зүйлүүд цахим хэлбэрт орж орон зайн алслалд байгаа бүгдийг нэг дор төвлөрүүлж чадаж байгаа нь дэвшил юм.
-: Гадаадад гарсан хүмүүс “соёлын шок”-д ордог бол гадаадаас монголдоо очиж буй хүмүүс “соёлгүйн шок”-д орох тохиолдлууд гараад байх шиг. Ахуйн соёл ч дүүрч. Хатуухан хэлэхэд гадаадад сургууль төгсөгчидөөс нутагтаа очиж ажиллах сонирхолтой хүн ер нь тун цөөн. Саяхан эмч мэргэжилтэй гэр бүлийн хосуудтай танилцлаа. Япон, Австралид төгссөн. Мастер хийчихсэн шижигнэсэн залуучууд. Тэд ярьж байнаа. Эрэгтэй нь монголынхоо нэг том эмнэлэгт ажиллаж, тэгээд л ахмад эмч нартайгаа санал зөрөлдөх үед нөгөөдүүл нь “чиний гадаадад сургууль төгсөж, галуу шувууны мах идсэн чинь хамаагүй ээ, гөлөг байж гээд ер авч хэлцэдгүй. Сүүлдээ ч гөлөг нэрэндээ бараг л дассан даа. Миний үеийн гадаадад төгссөн хэдэн найз эмч нар бид хэд ярьж байгаад өөрчлөлт шинэчлэлт хийсэн үед нь монголдоо ирж ажиллая гээд бүгд гадаадад гарсан тухайгаа ярьж байна лээ.  
-: Гадаадад мэргэжил боловсрол эзэмшигчид хангалттай олон байна. Зөвхөн нэг жишээ. Энэ Блүүмингтонд гэхэд хүүхэд шуухадтайгаа нийлээд гучаад монголчууд бий. Гэтэл  2009 онд  гурван хүүхэд ахлах сургууль, хоёр хүн баклавр, бас хоёр хүн мастер төгсөж байна. Америкийн хэмжээнд үзвэл энэ тоо асар ихээр нэмэгдэнэ. Энэ сайхан капиталыг өөртөө татах төрийн бодлого, механизм, менежмент  бүрдээгүй байгаа учир эндээс олж авсан мэдлэг эндээ хадгалагдаад, эндхийн нийгмийн хэрэгцээнд зориулахаас өөр аргагүй болчихоод байна. Улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн наад захын боломжийг нь хангаад өгвөл монголдоо ажиллаж амьдрах хүмүүсийн урсгал тасрахгүй шүү дээ. Баахан хүн гадаадад сургаад л байдаг. Нөгөө эргэх холбоо нь байдаггүй. Хүнээр бол цус сэлбэх процессыг эрүүлээр хүлээж авах хэрэгтэй. Шинэ юмыг хүлээн авах, шинэ сэтгэлгээг хүлээн зөвшөөрөх дадал алга байгааг харуулаад байна. Уул нь тэр орж ирж байгаа шинэ сайхан мэдлэгийг туршлагатайгаа холбоод өгвөл зөв хослол, их л оновчтой хувилбар болох мэт. Болж өгвөл мэдлэг нь давамгайлвал сайнсан. Туршлага хэт давамгайлвал мухардалд ордог.
-:Гадаадад байгаа монголчууддаа зориулж таны зүгээс ямар санаа оноо байна?
Сүүлийн үед Америкт боловсрол эзэмших хүмүүс, хүүхдээ сургах сонирхолтой эцэг эхчүүд олон болжээ. Эдгээр хүмүүст америкийн боловсролын системийн тогтолцоо, агуулга  зэрэг нэлээд мэдээлэл агуулсан гарын авлагыг нэг их онолдохгүй энгийн үгээр хүргэх санаатай  байна. Мөн зарим нэг шаардлагатай нэр томъёог орчуулаад зуугаад үгийн сантай толь бичгийн хамт гарын авлагадаа хэвлэчихвэл хүмүүст хэрэг болох болов уу гэж бодож байна.

    П.Увш багш бид хоёрын яриа удтал үргэлжиллээ. Тэр болгоныг нь сийрүүлнэ гэвэл нэлээд талбай эзлэх бололтой. Хэрэгт дурлаад гавьяат цол авахдаа юу бодож байв гээд хэв шинжит асуулт тавиад авсан. Тэрээр харин хагартлаа баярлаж, уйлж дуулж, цэцэг шидээгүй, эмнэлэгт хэвтэж байхад нь Төрийн ордонд ирээ гэж дуудсан гэсэн. Төрийн албан хаагчийг 85 жил бэлдсэн сургуулийнхаа 32 жилд нь оруулсан хөдөлмөрийг минь үнэлсэн явдал юм болов уу гэж байна лээ. Ардчиллын 20 жилийн ойгоор цол тэмдгээ гардаж авсан тэрбээр аль ч намын гишүүн биш, хичнээн шавьтайгаа тоолж байгаагүй, хэл, боловсрол, сэтгэлзүй, хүн ам зүй, илтгэх урлаг, бичиг баримт албан хэргийн хөтлөлт чиглэлээр 30 гаруй ном, сурах бичиг, гарын авлага, мөн тооны илтгэл өгүүлэл бичсэн, багш гэргийтэй, гурван хүүхэдтэй, спортыг бол сонирхоно, урлаг, уран сайханд маруухан солгой талдаа, харин хүүхдүүд нь морин хуур, төгөлдөр хуур тун чадамгай тоглодог юм билээ.
       П.Увш багшийн төрсөн  эгч  С.Отгонбаяр  Ховд аймгийн Булган сумын сургуулийн захиралаар ажиллаж байхдаа Монгол Улсын гавьяат багш болж, эгч дүү хоёр гавьяат нэг гэрээс төрсөн нь бахархалтай санагдсан. Энэ бол түүний хувийн сийвий/CV/.
     Монголын багш нарын баярыг тохиолдуулан Монгол улсын гавьяат багш П.Увш болон гэргий Индианагийн их сургуулийн монгол хэлний багш Л.Цэрэнчунт нартаа эрч  хүч, эрүүл бие, хүчирхэг оюун, халуун инээд сайхан бүгдийг хүсэн ерөөе!
     Ярилцсан Д.Уранзул

No comments:

Post a Comment