Thursday, October 21, 2010

cultural shock буюу соёлын балмагдал

                            
 Эх орноосоо алсад зочлох,  аялах, удаан хугацаагаар оршин суухад хүн бүрийн учрах, мэдрэх нэгэн бэрхшээл бол олон хэлнээ Cultural shock  хэмээн орчуулгагүйгээр ярьж, бичиж хэвшсэн үзэгдэл байдаг. Эх орноосоо алсад олон жил болсон хүн нутагтаа эргэж ирээд бас л энэ саадыг даван туулах болдог.
Ийм болохоор уншиж мэдсэн мэдээлэл, сурвалжийн хүрээ, чамгүй жил гадаадад ирж, очин, оршин сууж байсан биет мэдрэмж дээрээ суурилан  нийгмийн энэ үзэгдлийн талаар дахин өгүүлж, харьд одож буй нэгэн үе, хариас гэртээ ирж байгаа нутаг нэгтэндээ нэлээд дэлгэрэнгүй  бичсэн өгүүлийнхээ хоёр дахь хэсгийг толилуулж байна.
Профессор Пүрэвийн Увш
Соёлын ялгаанаас болж  балмагдалын илрэх шинжийг судлаачид янз бүрээр ангилах ба бид энд цөөн хэдийг давхцуулахгүйгээр тоочьё:
*шинэ соёлд хуучин тогтсон хэв маягаар хандах
*Шинэ орчинд байр суурь ,  үнэ цэнээ зөв олж баримжаалж чадахгүй байх
үхнийг өмнөх буюу хуучин соёлтойгоо харицуулж тулгаж харах
*амьдралын наад захын эгэл зүйлсийг шийдэж чадахгүй байх
*өөртөө итгэл үнэмшилгүй байх
*дасаж зохицох гэж хэт чармайснаас  сэтгэл зүйн байнгын дарамтад байх
*Шинэ соёл руу нэвтэрч чадахгүй, түлхэгдэж байгаагаа мэдрэх
*ганцаардаж, уйтгар гунигт  автан , бачимдаж бачуурах
*ажил мэргэжлээрээ , харилцаж чадахгүй байгаагаа мэдрэх,барьц алдах
үгдийг нэг дороос, ихээр мэдэх гэсэн гоомой  оролдлого гаргах
*Шинэ орчинд дасаж зохицож чадахгүй, хүчин мөхөсдөж байгаагаа мэдрэх
*бусадтай адилгүй, тохирохгүй, найдваргүйгээ мэдрэх
*боломж, болчимгүй зүйл санаачлан хийх гэж оролдох
*Бусдын үйлдэл, үйл ажиллагаанд хар санах, болгоомжлох, дургүйцэх,
*нойргүйдэх, хэт унтах,
*уур, уцаартай болж,  цочмог огцом зан гаргах, бусадтай харилцахаас зайлсийх
*зан араншин өөрчлөгдөх,өөрийгөө хүчгүй, хараат, дарамтад байгааг мэдрэх
*сэтгэлзүйн таагүй байдлаасаа болж өвдөх, харшил хөдлөх
*эрүүл мэнддээ  онцын шалтгаангүйгээр хэт зовох, санаа тавих
*гэр орон, үр хүүхүд, ахан дүүс, найз нөхдөө санах, гиюүрэх
*биеэ барих, харилцааны бэрхшээлээс болж өөрийгөө харилцааны гадна гаргаж тавих  зэрэг илрэл мэдрэгддэг.
       Харь соёлоос үүдэн  балмагдах, түүнийг  даван туулах үе шатыг судлаачид дараах байдлаар  ангилан үздэг.
Нэгдүгээр үеийг  битүү орон зайн, эсвэл хуримын бал сарын гэхчлэн нэрлэнэ.  Энэ үеийн онцлог бол олон сайхан шинэ юм үзэж нүд тайлж, шинэ орчинд  орон  баярлан  бахдаж , алмайрах  , балмагдах завгүй байдаг үе. Энэ үеийг баяр баясгалан, өөдрөг байдлын буюу анхны сэтгэгдлийн үе гэж  ч  нэрлэж болно. Шинэ  газар ирсэн, бүртгүүлсэн, шинэ хүмүүстэй танилцсан, шинэ орчиноо таашаасан, бишэрсэн, тааламжтай мэдрэмж давамгайлсан үе байдаг. Судлаачид энэ үеийг 6-8 долоо хоног үргэлжилдэг гэх ба зарим жуулчин ,ажил хэрэгч хүмүүсийн тухайн орны тухай сэтгэгдэл зөвхөн энэ үеэр хязаарлагдаж болдог.
Хоёрдугаар үе болоод ирэхлээр хүн  өдөр дутмын амьдралын аар саар бэрхшээлтэй тулгарч ,шинэ соёлд дасах гэсэн анхны оролдлогын эхэн үед эхэлдэг. Энэ үедээ хүн сэтгэл дундуур болох, тэвчээр алдах, уурлах, уйтгарлах, гуних, өөрийнхөө байр суурийг мэдрэх, арчаагүй байдлаа мэдэх, төсөөлөх зэрэг  сэтгэл, санаашралын цоо шинэ шат эхэлнэ.Энэ үеийг даван туулахад багагүй хугацаа шаардагдах бөгөөд заримдаа урам хугарах,сэтгэл дундуур болох, төлөвлөснөөсөө няцаж, хуучин соёл руугаа тэмүүлэх, буцах ч тохиолдол гардаг. Өмнөх  үеийн төсөөлөл, үйл ажиллагаа өөрчлөгдөж, бодит байдал тухайн хүний өмнө нь эзэмшсэн мэдлэг, амьдралын хэвшил, үнэт зүйл, мэдрэмжтэй нийцэхээ больж ирнэ. Энэ нь өдөр ирэх тусам нэмэгдсээр уур уцаарыг бий болгож, урам хугарах, сэтгэл гонсойх, бас дургүй хүрэх, үзэн ядах явдал үүсч болдог.  Энэ үеийн илрэл нь сэтгэл гонсойх , урам хугарах,дургүй хүрэх, зэвүүцэх  нь тухайн орны үнэт зүйл, үнэлэмжийн тогтолцоо, ажил эрхлэх, үйлдвэрлэл явуулахтай холбоотой удирдлага, ёс зүйн номлол, харь хэл, хоол хүнсний хэрэглээ,  биеэ авч явах шинэ горим, албан ба албан бус харилцааны хэм хэмжээ, спортын шинэ төрөл, хандлага, автомашин жолоодох эрх, үүргийн зөрөө, банк санхүүгийн харилцаан дахь ялгаа,өөр мөнгөн тэмдэгт, хэмжүүрийн нэгж  зэрэг байж болно. Энэ үеийг даван туулах нь тухайн хүний сэтгэлийн хат, орчиндоо дасан зохицох,  орчноо бүрдүүлэх чадвар зэргээс хамаарна. Энэ үеийг давж чадахгүй бууж өгөх, тухайн орноос бүр мөсөн явж, тэр орон, улсын тухай сөрөг сэтгэгдлээ удаан хугацаанд хадгалах үзэгдэл цөөнгүй байдаг.
Соёлын ялгаанаас үүдэлтэй  балмагдалын гуравдугаар үе болоод ирэхлээр хүн шинэ соёлынхоо талаар бага ч болов төсөөлөлтэй болж, сэтгэл амсийх,  болох юм байна гэсэн анхны урам зориг бий болж эхэлнэ.Энэ мөчид сэтгэл зүйн тэнцвэргүй байдал тогтворжих тийшээ хандаж,  тэнцвэржих хандлага анзаарагдана. Энэ үед хүн өмнө нь учрыг нь олохгүй байсан дадал заншил үйлийг ойлгож эхлэн, урамшиж, өөртөө итгэлтэй болж ирнэ. Энэ үед хоёр орны үйл явдал, бодит байдлыг харьцуулах чадвар ямар нэг хэмжээгээр бүрдэж эхэлнэ.
Дөрөвдэгээр үед  харь соёлд байгаа  сайн, муу  талыг таньж,  ялган зааглаж, хоёр соёлын элементүүд ямар нэг хэмжээгээр хамтран, хоршин зэрэгцэж аж оршиж байдаг. Энд хүн өөртөө итгэлтэл болж, байр суурь хийгээд зорилгоо тодорхойлж эхлэнэ.  Эх орондоо буцаж очсноор дуусгавар болно.Энэ үед хүн байгаа улс орныхоо онцлогийг мэдэж эзэмшин, өөрийн үйлдэл, биеэ авч явах хэм хэмжээг тухайн орны иргэдтэй адилтгах бөгөөд байгаа орныхоо соёлын үнэт зүйл, тогтолцоог хүлээн зөвшөөрч, өөрийнхөө соёл уламжлалд шүүмжлэлтэй хандана. Сүүлчийн дасан зохицох үе цаг хугацааны хувьд хязгааргүй байна.
Соёлын балмагдалын тав дах шат бол бүр хожуу тухайн хүн эх нутагтаа буцаж ирсний дараа тохиох үзэгдэл. Гадаадад удаан хугацаагаар сууж байгаад эх орондоо буцаж очсон хүн анх гадаадад очсонтойгоо адил алмайралд ордгийг миний нэг шавь өөрийн бие дээр хэрхэн мэдэрснээ ярьж байж билээ. Үнэндээ удаан хугацааны дараа эх орондоо очсон хүн эх нутгийнхаа шинэ орчинд дахин дасан зохицох, гайхах,  бухимдах, урам хугарах, шүүмжлэх хэрэг заавал гардаг байна.  Гадаадад байгаа хүн өөрийн орны соёл уламжлалаа хэт үнэлэх, гадаад соёлыг үгүйсгэх хандлага давамгай илэрдэг бол эх орондоо ирээд соёлын балмагдалд орсон хүн гадаад соёл , үнэт зүйлийг давуу үнэлэх, өөрийн соёл үнэт зүйлээ дутуу үнэлэх, үгүйсгэх урвуу хандлага илэрдэг. Америкад амьдарч буй монголчууд америкийн амгалан тайван байдал хэв журам, иргэдийн идэвх санаачлага зэргийг үнэлэхийн зэрэгцээ өөрийн орны хөгжилд сэтгэл дундуур байх, зах зээлийн сөрөг үзэгдлийг шүүмжлэх, харьцуулах, жиших хандлага өсдөг .
Бидний дурьдсан эдгээр үе шат  хүний сэтгэл зүйн ая тохь, түүний хэм алдагдлын үзэгдэл бөгөөд хэдэн үеийг туулах, тэр нь хэр удаан үргэлжлэх нь тухайн хүний эрхэлсэн ажлын гадаад орон дах ижил төстэй байдал, бие хүний сэтгэц, оюун санааны хөгжил,хэлний мэдлэг, бэлтгэл, гэр бүлийн харилцаа, нийгмийн дэмжлэг, улс орны нийгэм-эдийн засгийн байдал, гадаад харилцааны төлөв зэрэг олон олон хүчин зүйлэээс хамаарна.
Гадаад оронд ирж сурч, ажиллаж байгаа зарим хүмүүсийг харахад , тэд соёлын балмагдалаас болоод тухайн нийгмийнхээ гадна нэг тийм вакум (юу ч үл нэвтрэх битүүмжлэл) орчинд орох тал байна.  Энэ нь эргээд уг хүнийг шинэ орчинд дасан зохицох үйл явцыг удаашруулдагаас  өөрийгөө зөвтгөх, бусдыг шүүмжлэх,мэдэхгүй, чадахгүйгээ урдаа барих, балмагдалаа даван туулах сэтгэлийн хат, зориг, ухаалаг, зоримог алхам хийхгүй цаг алдах явдал байдаг.
Гадаад оронд урт, богино хугацаагаар ирж, очих хүний соёлын балмагдалд орсоныгоо зүрх сэтгэлдээ хэтэрхий ойр хүлээж авах нь тэр хүнийг балмагдал, бухимдал, стресст оруулж болдог. Иймд энэ балмагдлаас гарах арга замыг бас мэдэхэд илүүдэхгүй. Түүгээр ч барахгүй ажилтнаа гадаадад илгээж байгаа байгууллага соёлын ялгаа, түүнээс үүдэх бэрхшээл, мухардалтын талаар сургалт зохион байгуулдаг зарим гадаад орны төр, боловсрол, бизнесийн байгууллагын жишээг мөрдөж ч болох юм. Өмнө тулгарах бэрхшээл, саадыг давахад урдаас авсан мэдээлэл  сайн нөөц болдгийг гадаадад зорчсон бүхэн мэднэ.
Соёлын ялгаанаас үүсэх  бухимдалын  үед хэрхэн тайвширах, сэтгэл санаагаа өөдрөг байлгах талаар судлаачид зөвлөхдөө:
1. Өмнө нь эрхэлж байсан ажил, байр сууриа мартаж, сэтгэл зүйн хувьд  бүрэн чөлөөгдөхийг хичээх. Гадаадад бол та ямар нэг дарга, цэрэг,  унаган нийгмийнхээ  гишүүн биш, ердөө л эндэхийн шинэ хүн, эндэхийн хуулиар, журмаар амьдарч, ажиллахаар ирсэн (гэхдээ зочин биш) гадаад хүн гэдгийг ямагт санах.
2.Хэрэв танд ямар нэг тусламж дэмжлэг хэрэгтэй бол шинэ орчны хүмүүс дуртайяа туслана гэдэгт  итгэлтэн, тэдэнд хандаж байх
3. Ирсэн орныхоо хэл, соёл, ёс заншлыг аль болох богино хугацаанд таньж мэдэх, тэр соёлд суралцах өндөр хүсэл эрмэлзлэлийг өөртөө бий болгохыг хичээх
4. Тухай орны соёлоос өөрийн амьдрал, ажилтай холбоотой тэр хэсгийг олж харж, зориудаар судлаж эзэмшихийг хичээх
5.Байгаа орныхоо харилцааны хэрэглүүр болсон хэлийг өөртөө тохирсон, зөв, хялбар аргаар байнга сурах
6.Амьдралд  гарч байгаа өчүүхэн ч болов ахиц, хөдөлгөөнийг ажиглаж, түүндээ баярлаж,  биелэхэд хялбар зорилтуудыг өмнөө тавьж байх
7. Сэтгэл санаандаа бүрэн нийцсэн тийм зүйлийг олж хийихийг хичээх
8.Хамт ажиллдаг хүмүүс, гэр бүлээр найзладаг ойр дотныхондоо дөт байж ,хэрэгтэй үед тэдний дэмжлэг, тусыг авч байх
9. Дасан зохихох үйл явц багагүй цаг, хугацаа шаардана гэдгийг байнга санаж, тэвчээртэй  байх
10.Биеийн хүчний ажил хийх, биеийн тамир, спортоор хичээллэх. Энэ бол ганцаардал, уйтгар гунигийг мартагнуулах сайн арга бөгөөд сэтгэлд хоногшиж ,бугшсан ачаалалыг багасгана.
11.шинэ соёлтой холбоо тогтоох, хэл үзэж эхлэх, сурч байгаа хэлээ бататгах зорилгоор аливаа хамтлаг, нийгэмлэгт сайн дураар ажиллах нь дасан зохицоход, хэл сурахад дөхөмтэй.
12.Ард үлдсэн гэр орон, найз нөхдөө дурсан санах, сэтгэлийнхээ гунигийг нимгэлэх, гэхдээ хэт санаашрахгүй байх,хуучин үедээ хэтэрхий гүн автвал дахиж гарахад хэцүү гэдгийг мартаж болохгүй
13.Нутаг, орныхонтойгоо уулзах, танил хүмүүстэйгээ холбоо тогтоох, өмнөх ажил, бизнесээ дурсан  сэргээн ярилцах
14.Нөөц болоцоог ашиглан саадыг давна гэдэгт итгэлтэй байх
15. Гутранга биш, өөдрөг үзэлтэй байх. тааламжгүй орчин, хүмүүстэй тааралдсан бол дахиж тийм байдалд орохгүйн төлөө ажил, алхамаа зохицуулахыг хичээх
16.өөрийн дуртай зүйл, хообий, давуу талаа олж  хөгжүүлэх
17.Өөрт байгаа сайн сайхан эд зүйлсээ харах, хямгадах
Соёлын ялгааны  алмайралыг даван туулах гол арга нь гадаад хэл мэдэх явдал юм. Амьдарч байгаа орныхоо хэлийг мэдсэнээр харилцааны арга боломж нээгдэж, ингэснээр тухайн орны соёлын бэрхшээлийг хамгийн хурдан даван туулах, дөт зам нээгддэг.  шинэ соёлын балмагдалыг ойлгож, түүнийг богино хугацаанд даван туулах арга замыг эрчимтэй хайж, тэмцсэн хүн амжилт олж,улам урамшин , уйгагүй суралцаж,сэтгэлийн таашаал авч, өөртөө итгэх итгэл төрүүлдэг. Цаг үргэлж суралцах дийлдэшгүй хүсэл, тэмүүлэл гэдэг бол шинэ соёлын нөхцөлд амьдралдаа амжилт гаргах, өөдрөг амьдрахын үндэс болдог.
Ном зүй
Увш П., Хэрлэн Б. Байгууллагын зан үйл УБ., 2004, 2010
Мясоедов С. Д. Основы кросскультурного менеджмента. Как вести бизнес с преставителями других стран и культур М., 2003
Everyday Life and Cultural Theory: An Introduction (Library  Binding  by Ben hmore
Managing Cultural Differences, Seventh Edition: Global Leadership Strategies for the 21st Century       (Managing Cultural Differences)   by Robert T. Moran, Philip R. Harris), Sarah V. Moran
Intercultural   communication in the global workplace by Iris Varner and Linda BeamerIrvin McGraw-Hill
The Art of Crossing Cultures Nicholas   Brealey  Publishing  Boston London
The Psychology of   Cultural  Shock  Second  edition. Collen Ward, Stephen Bochner, Adrian Furnham Routledge Taylor and Francis Group
The Five Stages of Cultural Shock Cultural Incidents  Around the World Paul Pederson Greenwood Press
Westport  Connecticat . London
http://www.larmgroup.com/paginas/services.htm
http://www.susannemalmqvist.dk/culture%20shock.html http://www.rebelliousarabgirl.net/2008/09/23/culture-shock

No comments:

Post a Comment