Monday, October 25, 2010

Гадаад дахь монгол гэр бүл: асуудал, шийдэл

2000-оны эхээр  тэр цагын   улс төрчид бас л монгол улсын хөгжил, монгол хүний төлөвшлийн  талаар ухаан бодлоо уралдуулж, бодлогоо боловсруулж, алдаа, оноогоо шүүж явсанаас санаанд үлдсэн нь нийгмийн , түүний дотор хүний хөгжлийг гэр бүлийн хүрээнээс ангид авч үзэх боломжгүйг ухааран, гэр бүлд чиглэсэн төрийн бодлого боловсруулах, гэр бүлийн гишүүдийг ганцаарчилсан биш, гэр бүлд нь  суурилсан бодлогоор хөгжүүлэх нь илүү үр дүнтэй болохыг олж харж,  улмаар тухайн үеийн Ерөнхийлэгчийн санаачлагаар  “Гэр бүлийн талаар төрөөс баримтлах бодлого “хуульчлагдаж,  “Гэр бүлийн тухай хууль”  батлагдаж билээ.  Монгол улсад гэр бүлийн жилийг анх удаа  тэмдэглэж, 2004 онд “Монголын гэр бүлийн хөгжлийн  өнөөгийн байдал, цаашдын хандлага” сэдвээр улсын хэмжээний нэгдсэн судалгааг НХХЯамны захиалгаар НҮБ-ын  Хүн Амын Сангийн санхүүжилтээр “Гал голомт” үндэсний хөдөлгөөнд суурилсан бидний цөөн судлаачид хийж байсаныг тэр үед нийгмийн бодлогын мөн чанарыг ойлгох, оролцохыг  эрмэлзэж явсан миний бие санаж байна. Үүнийг хэлэхийн учир гэвэл өнөөдөр монгол хүний хөгжлийн үзэл баримтлал, гарц, үргэлжлэлийг эрэлхийлж, томьёолж хэрэгжүүлэхдээ бидний энгийн яриа,сонгуулийн  ухуулга,  сурталчилгаандаа  “гэр бүл бол  нийгмийн (гол, үндсэн) бичил нэгж”  гэж  тунхаглах хэрнээ бодлогын түвшинд санаатай, санамсаргүйгээр орхигдож байгаа тэр гэр бүлийн талаар , ялангуяа гадаадад амьдарч байгаа монгол гэр бүлийн талаар санаагаа илэрхийлж, хүргэх гэсэн хэрэг. 
Гадаадад амьдарч байгаа хүмүүс, гэр бүлийг  Diaspora (тухайн оронд түр   аж төрж , эх оронтойгоо эдийн засгийн  болон бусад  байнгын холбоотой байдаг үндэсний төлөөлөл, гэр бүл),     irredenta ( аж төрж байгаа газар нутагт нь тухайн орны үндэсний цөөнх давамгайдаг улс, оронд  түр амьдарч байгаа  өөр үндэсний төлөөлөл, гэр бүл), repatrite ( Цагаачид уугуул нутагтаа байнга оршин суухаар эргэж ирэх үйл явц) хэмээх ухагдахууны аль  алинд нь багтан, харьд сууж байлаа ч гэсэн монгол хэмээх гэр бүл маань монголынхоо төлөө сэтгэл, зүтгэлтэй  ажиллаж, хөдөлмөрлөж яваа,  эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ чандлан биелүүлж, харахад хувийн мэт боловч, монгол улсынхаа нэгээс доошгүй хүний амьдрал, ахуйг залгуулж яваагаараа бахархан, бас гуниглан, хүний алаг хорвоогийн ааш, аягыг сөрөн тэмцэж яваа тэдэндээ бид гараа сунгахгүй бол хэн ч үүнийг хийх билээ дээ. Ингээд бодохоор гадаадад байгаа монгол(жуу) гэр бүлийн талаар төр минь санаа сэдээсэй, бодлогодоо багтаагаасай гэж сүүлийн хэдэн жил гадаадад ирж, очин амьдарч явахдаа  монголчууд минь  хэрхэн гэр бүлээ нааш цааш чангааж, нэгдэж нийлж, салж сарниж явааг нь нүдээр харж, сэтгэлээрээ мэдэрч яваа болохоор нэг ч гэсэн санааг тэдний өмнөөс дээш (Хааашаа?) нь уламжлахсан гэсэн бодол тээж явна.
Өнөөдөр гадаадад цөөнгүй монгол гэр бүл аж төрж байна. Тэд эх орондоо байгаа гэр бүлийн нэгээхэн хэсэг, уламжлал, соёл, зан заншлыг бүхэлд нь биш гэхэд боломжийн хэмжээнд хадгалж, хамгаалж яваа бичил орчин билээ. Гадаадад аж төрж байгаа гэр бүлийг эх нутагтаа байгаа гэр бүлийн шалгуураар ангилах, тодорхойлох, эрх үүргийг нь хуваарьлах боломж бага. Өөр соёлын дотор, боломжийн хүрээнд оршиж байгаа энэ хамтлагыг бид оршин байгаа улсынхаа их соёл дотор монгол гэр бүлийн  унаган соёл, уламжлал, зан, заншлын хэм хэмжээ, бүрэлдүүлбэрийг хадгалан оршиж байгаа  (монгол!) хүмүүсийн эд агуурс,санхүү аж ахуй, сэтгэл санааны хувьд  зүтгэл, хөдөлмөрөө нэгтгэсэн  хамтын үйл ажиллагаа бүхий хүмүүсийн   нийтлэг гэж хэлж болмоор. Ингэхлээр гэр бүл гэж юуг хэлэх талаар тодорхойлолт, үнэлгээ өгч байсан зарим  эрдэмт, мэргэд, судлаачидтай санал тэр бүр нийлэхгүй ч байж болно. Бидний цахим сүлжээ ашиглан явуулсан судалгааанаас харвал гадаадад  нэг үндэстний   (эхнэр, нөхөр хоёулаа монгол), хоёр үндэстний (гэр бүлийн нэг гишүүн нь монгол) гэсэн гэр бүлийн хоёр хэв шинж давамгайлж байна.
Монгол гэр бүл гадаадад байсан хугацаанаас хамааран гишүүд нь гэр гүлийнхээ уламжлалт соёл, үнэт зүйл, хэл, ахуйгаасаа суугаа газрынхаа соёлын нөлөөгөөр улам бүр холдож байна. Энэ нь залуу гишүүдийн хувьд илүүтэй ажиглагдана. Ийм гэр бүлд аж төрөхүйн, хоололт, хувцаслалтын зэрэг анхдагч хэрэглээний  өөрчлөлт  гарахаас гадна аливааг үзэх тунгаах үзэл бодол, хандлагад мэдэгдэхүйц өөрчлөлтүүд гарч байна.Гэлээ ч гэсэн энэ хэв шинжийн гэр бүлд уламжлалт гэр бүлд мөрдөгддөг ахуйн хэм хэмжээ ямар нэг хэмжээгээр үргэлжлэн хадгалагдаж байна.
                Монгол гэр бүлд  хоёр үндэстний гэр бүл (Biracial family) бий болох нь  гадаадад ч, дотооддоо ч элбэгшиж байна. 2004 оны  гэр бүлийн талаарх судалгаанд оролцогсдын 44.5 хувь нь гадаадын иргэдтэй гэр бүл болохыг зөвшөөрч байсан  бол өнөөдөр гадаадад байгаа монгол гэр бүлийн 15 орчим  хувийг хоёр үндэстний гэр бүл бүрдүүлж байна.    Ийм гэр бүл үүсэх зам нь ч бас ялгавартай. Өөрсдийн хайр сэтгэл, зөвшилцөлийн дагуу хууль ёсоор үүссэн гэр бүл нэг их сонирхол татах асуудал биш. Харин ийм хосолмол соёл зэрэгцэн оршиход аль соёл давамгайлах, монгол соёл гэр бүлд хадгалагдаж үлдэх эсэх, хамгийн гол нь ийм гэр бүлд өсөж бойжиж байгаа хүүхдийн орчинд хоёр соёлын хэм хэмжээг хэрхэн хадгалах тухай бодох, тунгаах, туслах дэмжих хэрэгцээ, шаардлага байгаа юм. Америкийн нэгдсэн улсын Индианагийн их сургуулийн профессор Brian Powell хоёр үндэстний гэр бүлийг судлаад ийм гэр бүлд хүүхэддээ тавих халамж нэг үндэстний гэр бүлээс илүү ойр дотно, элгэмсэг, үр дүнтэй байдаг тухай өгүүлсэн  байна.  Сонирхуулахад,  Америкад 4.5 сая гэрлэсэн болон гэрлээгүй олон арьсны төлөөлөл бүхий  хосууд байна. Хоёр үндэстний гэр бүл бий  болж байгаа хоёр дах тохиолдол бол янз бүрийн зуучлал, наймаацал, хууль бус замаар гэрлэлт бий болж байгаа явдал. Энэ талаар манайд зохицуулалтын эрх зүйн хэм хэмжээ гэж байдаггүй, тавих хяналт ч зөөлөн хэлэхэд огт байхгүй   нь сүүлийн үед хоёр үндэстний ч гэх үү, олон улсын ч гэх үү, олон соёлын ч гэж нэрлэж болохоор гэр бүл олширч, монгол охид, бүсгүйчүүдийн  хүн ёсны эрхийг нь хөсөрдүүлэн хохироож байгаад  эмзэглэж явдаг хүн ганц би ч биш бололтой. Хэвлэлд бичиж байгаагаас харахад  1998 онд гадаад хүнтэй гэр бүл болсон 46 гэр бүл бүртгүүлж байсан бол 2007 онд 979 болжээ. Бас нэг тоо хэлэхэд  1998-2008 оны хооронд гаднын 76 орны 5139 иргэдтэй монгол иргэн гэрлэжээ. Гадаадад гарч харийн бэр болж байгаа охид бүсгүйчүүд голчлон солонгос   хүнтэй гэрлээд байгаагийн цаад нэг учир бол Азийн  Вьетнам, Камбож, Хятад зэрэг улс өөрийн орны иргэдтэй суух гэж буй Солонгос иргэдэд тавих шалгуурыг өндөр болгосон.  Вьетнам улсын Засгийн газар өөрсдөө санаачилга гарган хоёр улсын гэр бүл зуучлалын асуудлыг тодорхой бус хугацаагаар зогсоосон явдалд байгаа юм.   Солонгос хүнтэй суусан монгол эмэгтэйн дундач нас 25, сүйт хархүүгийнх 45 ажээ. ( Зууны мэдээ,2010.06.21)
Бидний хөрш болон зэргэлдээ орнууд  ийнхүү охид, эмэгтэйчүүдийнхээ эрх ашгийг  хуульчлан хамгаалж байгаа туршлагыг судлаж, хүлээж авбал яасан юм бэ гэсэн бодол энэ мэдээлэлийг олж  үзсэнээс хойш бодолд эргэлдсээр…   Хэрэв гадаадад байгаа гэр бүлийн үнэт зүйл, уламжлал, зан үйл, дархлаа зэргийг хамгаалах, хадгалах бодлого боловсруулж , хэрэгжүүлэхэд бэрхшээлтэй байвал ядахдаа гадаадын болон олон улсын ийм чиг үүрэг бүхий "Цагаач ажилчид, тэдний гэр бүлийг хамгаалах тухай НҮБ-ийн олон улсын конвенц"  ч гэх юм уу, НҮБ-ын эмэгтэйчүүдийн байгууллага зэрэг байгууллагад яаралтай гишүүнээр элсэж, харьд байгаа  монгол гэр бүлийн эрх ашгийг дам төлөөлүүлэн хамгаалж ч болохоор. Арга ядсан хэрэг л дээ.
                Гадаадад байгаа гэр бүлийн нэг тулгамдсан асуудал бол гэр бүлийн гишүүд  орон зайн хувьд алслагдмал , хоёр өөр газар аж төрж, хамтын амьдралаа зохицуулан гэр бүлээ авч явж байгаа явдал.  Ийм гэр бүл салж сарниагүй, гэхдээ үүнийг зохицуулах өвөрмөц арга ухаан, бодлого хэрэгтэй нь үнэн. Ийм гэр бүлийн эрмэлзэл нь хамтдаа нэг дор байх , ялангуяа гадаадад хамтдаа амьдрах явдал байна. Гэвч амьдралын зохицуулалт тэр бүр хүссэнээр болдоггүй болохоор салангад байх хугацаа уртсах, элдэв саад, бэрхшээл тохиолдвол ийм гэр бүл салж сарних магадлал өндөр байдаг.
Гадаадад аж төрж байгаа монгол  гэр бүл төрийнхөө  холбогдох байгууллагаас ямар тусламж, дэмжлэг хүсч, хүлээж явдагийг мэдэх зорилгоор  энэ чиглэлээр тэдний саналыг дээр хэлсэнчлэн цахим сүлжээгээр тандсанаас ургуулан зарим санааг түүвэрлэн гаргая.
Гадаадад ажиллаж амьдарч байгаа иргэд, гэр бүлийг  төр албан ёсоор бүртгэж, улс орны хөгжилтэй холбоотой асуудлаар санал бодлыг нь төрийн бодлогод тусгах ( 10.23%), монгол гэр бүлийн гишүүдийг эх орондоо буцаж ирэхэд нь ажлаар хангах, тодорхой тохиолд тэтгэмж өгөх талаар арга хэмжээ авах  ( 12,48%) хэрэгтэй байна . Энэ талаар эд агуурсын биш гэхэд сэтгэл санааны, зохион байгуулалтын гэмээр  урам, урамшуулал, амьдрах хүсэлийг нь бататгасан чинь сэтгэлийн гэгээлэг гар сунгасан тохиолдол бүр эх  нутагтаа ирж байгаа гэр бүл дахин харь руу тэмүүлэхгүй байхад дөхөмтэй дээ. Энд жишээ болгож , гадаадад амьдарч байгаа гэр бүлийн талаар миний бичсэн нэгэн нийтлэлийн саналын буланд  Чех улсаас нэгэн зочин бичихдээ : “Би эрxзүйч мэргэжилтэй, нөхөр  зураач. Бид хоёр Чех улсад 3 жил  болоод одоо Монголдоо ирээд 3 сар болж байна. Хүүгээ нэг настай байxад орxиод явсан, ирээд цэцэрлэгт   оруулчихаад л... Амьхандаа  нутагтаа суурьшихаар шийдэн ажлын эрэлд гарч,  30 гаруй байгууллагад ажилд орох  өргөдлийн маягт бөглөсөн боловч, ажилд авах газар олддоггүй ээ. Нөхөр маань аргаа бараад буцаад явсан.  Би ч бас буцах тийшээгээ хандах болж байна. Төр  засаг гадаадад олон жил болсон биднийгээ иймэрхүү л хүлээж авч байна шүү дээ. Бидний адил монголдоо ажиллаж,  амьдрах орон зайгаа олохгүй, эргээд гадагшаа гарч байгаа гэр бүл олон бий гэж бодож байна. Ганц хүүгээ дахиад л хүлээхийн, ганцаардахын  өнчрөлд” үлдээгээд явлаа даа . Бид бүгд  эx орон, ээж аав, үр хүүхдээ ямар иx санаж ирлээ. Нийгмийн буруу тогтолцооноос болоод сайхан сэтгэл, итгэл өвөрлөж ирсэн бүхэн бараг буцаж байна даа…” (MGLCZ.com,  2010.05.15) хэмээн сүүрс алдсан нь бидэнд зөвхөн сонирхож унших биш, тунгааж бодохыг гадаадад амьдарч байгаад ирж байгаа гэр бүлийг суурьшуулах, тогтвортой ажиллах эрх зүй, эдийн засаг , сэтгэл санааны орчинг бий болгох талаар төрийн ч гэлтгүй, нийтээрээ бодож, сэмэрч ирсэн сэтгэлийг нь хуваалцаж, өөдрөг сайхан ажиллах,  эх орныхоо хөгжилд хувь нэмрээ  оруулах бололцоог бүрдүүлж өгөх талаар хамтран ажиллах бодлого, төлөвлөгөө, зөвлөмж, үйлчилгээ хэрэгтэй байна. Энд л төрийн бодлого үгүйлэгдээд байгаа юм биш үү!
Манай гадаадад байгаа иргэд хэдийгээр эх орноосоо тус дэмжлэг илт хүсээд , шаардаад байдаггүй ч гадаадад гэрлэж байгаа залуу хосуудын гэрлэлтийн тэтгэмж ийг олгох ( 5.71%),  гадаадад аж төрж байгаа гэр бүлд хүүхдийн мөнгө олгож байх  ( 7.68%) ,  эх орны хишгээс хүртэх хувийг монголд аж төрж байгаа гэр бүлийн адилаар олгохоор хуульчилах  ( 10.68%) -ыг  дотроо бодож хүсэж явдгийм билээ. Гадаадад байгаа гэр бүлийн  хангамж,  бололцоо хүрэлцээтэй, баян, цатгалан, тансаг яваа  мэт  сэтгэгдэл манайханд  түгээмэл боловч тэдний ерөнхий төрхийг бүхэлд нь аваад үзвэл бас л  цалингаас цалингын хооронд, зээлийн өрийн сүлжээн дотор орооцолдон яваа,  зүтгэл, хөдөлмөрөөрөө болгож та бидний өмнө ядруу, дорой харагдахгүй гэж, биеэ золин, амралт, зав чөлөөг үл мэдэн зүтгэж яваа нутаг нэгтний маань хэлтэрхий билээ. Монгол Улсын   Ерөнхий сайд С.Батболд:“Засгийн газар байгалийн баялгаас ард иргэдэд хувь хишиг хүртээхдээ гэр бүлийн үнэт зүйлсийг бэхжүүлэх хэлбэрээр олгох бодлого баримталж байгаа” гэсэн. Дээр нь  “иргэддээ сар бүр тэтгэмж олгоно”,”Таван толгойн  хувьцааны арван хувийг иргэддээ олгохоор боллоо”  хэмээн  xэвлэлээр мэдэгдэж байгааг нэмбэл  эдгээр бодлого, алхамд  гадаадад аж төрж байгаа нутаг нэгтэнээ мартаагүй  байх  гэж найдах хэрэгтэй болж байна. Яг үнэндээ бол  эх орны хишиг хийгээд бусад олговорыг гадаадад байгаа иргэн, гэр бүл хүртэх ухаалаг зохицуулалт  байхгүйгээс иргэдэд олгож байгаа 70,000 төгрөгийг гадаадад байгаа иргэд л аваагүй байгаа талаар Иргэний бүртгэл мэдээлэлийн Төв иргэдийн цахим бүртгэл эхлэхэд мэдэгдэж байсан.
                                Бидний санал асуулгын дүн дотор иргэдээ гадаадад хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулахдаа аль болох гэр бүлээр нь явуулах бодлого барьж гэрээ, хэлцэл хийх ( 10,79%),  зарим орны виз олгох нөхцлийг өөрчлөх, гадаадад иргэд гэр бүлтэйгээ ажиллаж, суралцах боломж олгох талаар санаачлага гаргах, хэрэгжүүлэх ( 8,32%) , олон улсын хэм хэмжээнд таарсан даатгалын тогтолцоог улс орондоо бий болгож, гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэд , гэр бүлийг хамруулах ( 9.87%) хэрэгтэй гэсэн санал ч давамгайлж байсан . Харин Ерөнхий сайдын дэргэдэх хилийн чанадад амьдарч буй Монгол улсын иргэдтэйзөвл хамтран ажиллах зөлөлийнхний  өгүүлж байгаагаас харахад Солонгос улстай  ийм гэрээ  байгуулсан, Одоо Чех, Унгар зэрэг улстай уг гэрээг үзэглэхэд бэлэн болоод байгаа аж. Мөн түүнчлэн Япон, Орос улстай энэ асуудлаар ярилцаж байгаа талаар НХХЯам мэдээлж байсан нь талархалтай. Одоогоор хөдөлмөрийн гэрээгээр гадаад ажилчны хөдөлгөөнийг зохицуулж байгаа хоёр улс Солонгос, Чех хоёр юмаа даа. Цаана нь хичнээн гэрээгүй монголчууд ажиллаж байгааг мэдэх юм алга.   www.Orloo.com  дээр нийгмийн даатгалтай холбоотой санал асуулга явуулж байгаа нь цаанаа нэгэн учир учигтай биз.
Гадаадад амьдарч байгаа гэр бүлийн амьжиргааны түвшин, тохиолдож байгаа бэрхшээл, даван туулах арга зам, туслалцааны талаар дорвитой судалгаа явуулах   ( 7,62%) , гадаадад аж төрж байгаа монгол гэр бүлийн бодит байдлыг ойлгож, тухайлсан бодлого явуулахад олон нийтийн мэдээлэлийн хэрэгслэл, төрийн бус байгууллага, вэб сайтууд, оn-line хуудас, блог, сувгуудыг ашиглах   ( 7.59%)  нь иргэдийн асуудал эрхэлсэн байгууллагыг бодит мэдээлэлээр хангах, эргэх холбоог бий болгоход нэмэртэй байх болов уу.
 Төрөөс гадаадад амьдарч байгаа монгол гэр бүлийн талаар бодлого боловсруулж, хуульчлах ( 7,62%) хэрэгтэй гэж үзэж байгаа  иргэдийн санал, бодол  Монголын засгийн газраас хэрэгжүүлэхийг завдан байгаа “Зөгийн үүр” хөтөлбөртэй зарим талаар агуулга, хэрэгжих арга боломжийн хувьд дүйж  байгаа юм. Ийм ч болохоор гадаадад суугаа монгол хүн бүр Монгол улсын зүгэээс  сүүлийн хоёр жил харьд суугаа нутаг нэгтэндээ чиглэсэн зарим ээлтэй хандлага, илрэлийг талархаж явдаг гэдгийг хэлэх хэрэгтэй.
Миний энд нэг санааг давхардуулан нуршихын учир бол гадаадад амьдарч байгаа монгол хэв шинжийн гэр бүлийн гишүүн бүр монгол улсынхаа иргэний эрх, үүргээ хамгаалуулах эрхзүйн баталгаатай, монгол улсын иргэн гэдгээ мэдэрч, зориг бардам ажиллаж амьдрахад нь төрөөс бага ч болов  дэмжлэг үзүүлэх, тодорхой, бодитой бодлого барих хэрэгтэй байна шүү  гэдгийг харьд суугаа монголчуудынхаа санаан дээр тулгуурлан тойм төдий боловч гаргаж, болбол одоо ид яригдаад байгаа гадаадад байгаа монголчуудынхаа эрх ашгийг хамгаалах, улс орныхоо хөгжилд гадаадад байгаа  элэг нэгтнийхээ мэдлэг, боловсролыг дайчлах хоймсон үүрэг бүхий “Зөгийн үүр”хөтөлбөртэй холбож, хилийн чанадад суугаа  монгол гэр бүлийн талаар бага ч болов хүч, анхаарал хандуулаасай гэдгийг дамжуулах гэсэн юм.
Гадаадаас өндөр боловсрол, нарийн мэргэжил эзэмшсэн хүнээ даллаж авчрах арга, ухаан янз бүр байх нь ойлгомжтой.  Энд бидний төсөөлж байгаагаар “зөгийн үүр” хөтөлбөрт гадаадаас иргэнээ нутаг орон руу нь чиглүүлэхдээ зөвхөн гадаадад байгаа мэргэжилтнийхээ  мэргэжил, боловсролыг чухалчлахаас гадна уг хүний амьдарч байсан орчин, гэр бүлд хуримтлагдсан  аливаа мэдлэг, дадал ч  бас үнэт капитал гэдэг байрнаас хандвал зарим явцууралаас ангижирч болмоор санагданаТухайлбал харьд  байгаа элэг нэгтнээ  урт, богино хугацаагаар “шийрээ тулсан” газраас нь хөндийрүүлэхэд тэдний гэр бүлийн талаар бодолцохгүй байж огт болохгүй. Хүн хичнээн өндөр боловсрол, ажлын нарийн дадал эзэмшлээ ч,  ажлын хичнээн  таатай бололцоо амлууллаа ч түүний ард гэр орон, хань, үр хүүхэд байгаа болохоор шийдвэрийг ганцаараа гаргах магадлал багатай. Гадаадад дөнгөж сургууль төгссөн залуу мэргэжилтний хувьд бол арай өөр, гэр орны асуудал дэгдэхгүй ч,  харин дээрх болзолд заасан мэргэжил, боловсролын ялангуяа ажлын дадлага туршлага  дутагдах л байх. “Зөгийн үүрэнд”  гадаадаас нутагтаа үнэлэгдэж очих иргэний гэр бүлийн талаар дахин дахин яриад байгаагийн цаад учир  гэвэл дэлхийн зарим орон иргэдээ нүүлгэх, шилжүүлэх, тараан байрлуулах, гадагшаа, дотогшоо хөдөлгөөнд оруулахдаа эхлээд л тэдний гэр бүлд тавих анхаарал, халамж, тусламж, дэмжлэгээ  эхэнд нь тавьдаг юм билээ.
Гадаадад байгаа гэр бүлийн гишүүд жигд боловсорсон, аль аль нь өндөр боловсролтой, ажлын чимхлүүр дадал, чадвар эзэмшсэн баг байдагийн нэг жишээ бол  Монгол улсын Ерөнхийлэгчийн  ивээл дор Улаанбаатар хотноо  зохион байгуулагдаж байгаа  ‘Гадаадад байгаа  Монгол мэргэжилтнүүдийн зуны лекц-2010”-ийн илтгэгчдийн хоёр нь  л гэхэд нэг гэр бүлийн чадварлаг, залуу эрдэмтэн, судлаач, бизнесийн салбарын үнэлэгдсэн мэргэжилтэн байх жишээтэй.  Үлдсэн илтгэгчдийн ар тал ч гэсэн оюуны өндөр цартай, боловсрол, мэргэжлээрээ тэргүүлэх мэргэжилтэнгүүд гэдгийг би мэднэ. Бас түүнчлэн гадаадад байгаа монгол гэр бүлийн гишүүн  гадаадын иргэн “хүргэн”, “бэр” маань манай хөгжлийн алхаанд хувь нэмрээ оруулахаар манай хүнийг чирээд ирвэл бид ийм “зөгийд” хэрхэн хандах вэ?  Та ганцаараа ирээ гэх үү,эсвэл манай харьяат биш байна гэх үү?  Бодвол бас асуудал байгаа биз. Тэгэхлээр л гадаадаас ганц нэг , мэргэшсэн, чадварлаг “зөгий”  “суйлах” биш, тэр ‘зөгийг” үүрээр нь гадаадаас аваачиж суурьшуулах цогц арга бодвол яaсан юм бэ?  Дээхнэ үеийн   нэгдэл толгойлж, алдраа дуурсгаж явсан хөдөлмөрийн  баатар,  чадварлаг менежерүүд зөгийг бүлээр нь Шаамар зэргээс аваачиж нутагшуулж байсаныг санадаг юм. Ганц нэгээр нь л лав “ суйлж” байгаагүй дээ. Зөгийг бүлээр нь  авчирч нутагшуулбал    тэр (гэр) бүл дотор ядаж  “ажилчин зөгий”, “эмэгчин зөгий”, “балчир зөгий “гээд нөгөө авчирах гээд байгаа өндөр хэрэгцээт  мэргэжилтэнг дагасан нэмэлт хүч, нөөц бий болж байгаа юм. Ер нь ямар ч байсан гадаадад хэдэн жил болчихсон гэр бүлийн гишүүн   аливаад шүүмжлэлтэй хандлаа ч, мэргэжлийнхээ  ажлыг хийх боломж, арга эвийн харьцуулсан мэдлэг чадвартай болчихсон байдаг юм билээ. Энэ ч гэсэн сул орж ирж байгаа хөрөнгө оруулалт шүү дээ. Ерөнхий сайдын дэргэдэх Хилийн чанадад амьдарч буй Монгол Улсын иргэдтэй хамтран ажиллах зөвлөлийнхний  гадаадад өөрийн оюуныг үнэлүүлж чадаж буй өндөр потенциалтай  нэг хүн  10-30 дахин үржих  боломжтой гэж үзэж  байгаа бол “бүл зөгийн” гишүүд үүнээс ч хэд  дахин олширч , үржиж  болох байлгүй дээ.
                 Миний санаагаар болдогсон бол “Зөгийн үүр”  хөтөлбөрийн хүрээнд хийх ажлын багцад гадаадад байгаа монгол гэр бүлийн байдал, чанар, нүүдэл, суудлын эргэлтэнд орох магадлал, монголын хөгжилд оруулах бодит нэмэр зэргийг судлаж , мэдээлэлийн санг бүрдүүлэх, төрийн нийгмийн бодлогод тусгах, ер нь Засгийн газрын санаачлагаар олон улсын байгууллагын оролцоотойгоор монголын гадаад, дотоод дахь нийт гэр бүлийн  үнэт зүйл, өөрчлөлт, хөгжлийн чиг хандлагын нэгдсэн судалгаа хийх цаг болсон гэдгийг хэлмээр байна.
Одоо бид гадаадад амьдарч байгаа монгол гэр бүлийн талаар ярьж байна. Тун удахгүй монголд амьдарч байгаа гадаад гэр бүлийн тулгамдсан асуудал  “хаалга тогшиж” байгаа  шүү.
Профессор Пүрэвийн Увш

No comments:

Post a Comment