Friday, November 12, 2010

Америкийн Монголчууд бид “Тооллого 2010”-д яагаад хамрагдах ёстой вэ?


Гадаадад суугаа монголчууд аа,
2010 оны хүн амын тооллогод хамрагдаж, төрдөө бүртгүүлэх нь таны иргэний үүрэг бас цаашид эх орон, элгэн садантайгаа холбоотой байх алтан боломж шүү.
Та тооллогод хамрагдаагүй бол яаравчлаарай.
"Даяар монгол " сонинд нийтлэгсэн уншигчдын саналыг хүргэж байна.

(Өнөөдрөөс бүх нийтийн тооллого эхэлж байна. Одоогийн байдлаар тоолуулсан хүнийхээ тоогоор Америкийн монголчууд Солонгос, Чехийн дараа гуравт орж байна)
Александриа хотод суугч С.Энхцэцэг:
Манайхан нэг их эх орон, эх орныхоо төлөө юм хийнэ гэж ярих дуртай шүү дээ. Тэгвэл эх орныхоо төлөө үнэхээр юм хиймээр байгаа бол тооллогод хамрагдах нь л том дэм болох юм. Ийм тоо тооллого улс эх орны бодлого боловсруулахад чухал холбогдолтой байдаг. Одоо тэгээд та хир эх оронч гэдгээ үзэх үлдэж байна гэх үү дээ?

Консулын хэлтсийн дарга Л.Баттулга:
Гадаадад, ялангуяа АНУ-д ажиллаж, амьдарч, сурч байгаа элэг нэгт монголчууд бүгд л эх оронч гэдэгт би огт эргэлзэхгүй байгаа. Харин өөр өөрсдийнхөө ажил төрөлдөө түүртээд 10 жилд ганц удаа болж өнгөрдөг Монгол Улсынхаа хүн амын тооллогондоо оролцохоо битгий мартаарай л гэж хэлмээр байна.
Хүн ам, орон сууцны улсын тооллогонд Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон эрхийн дагуу тооллогонд идэвхтэй оролцох нь нэг талаас Монгол Улсын хүн ам зүй, нийгэм, эдийн засгийн өсөлт, хөгжилд гарсан өөрчлөлтийг судалж, ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох, төрөөс явуулж байгаа бодлогод дүн шинжилгээ хийх нөгөө талаас төрөөс иргэддээ олгох нийгмийн халамж, үйлчилгээ тэр дундаа эх орны хишгийг хүртээх үндсэн нөхцөл болж байгааг зөв ойлгох хэрэгтэй байгаа юм.
Хүн бүрийн оролцоо чухал, надтай надгүй болоод л ирсэн гэсэн ойлголтоос одоо гармаар байна. Хүн амын тооллого НҮБ-ын зөвлөмжийн дагуу энэ онд АНУ,ОХУ,БНХАУ зэрэг дэлхийн 56 оронд нэгэн зэрэг явагдаж, Монголд анх удаа Монгол Улсын Хуулийн дагуу явагдаж буйгаараа онцлогтой юм. Иймд бид дэлхийн бусад оронтой адил энэхүү үйл хэрэгт идэвхтэй оролцох нь чухлыг онцолмоор байна. Александриа хотноо суугч С.Энхцэцэгтээ нэг талаар санал нэг байна. Одоо Та нэг талаас хир эх оронч вэ, нөгөө талаас Та хир интернационалч вэ гэдгээ үзэх л үлдэж байна гэх үү дээ.
Өнөөдрийн байдлаар төвөөс ирүүлсэн мэдээгээр АНУ-д амьдарч байгаа 1000 гаруй хүн бүртгэлд бүрэн ороод байна. Нэг талаас энэ сайшаалтай ч БНСУ, БНЧУ-д амьдарч байгаа монголчуудын дараа 3 байранд орсон үзүүлэлттэй явж байгаа нь бидний энэхүү үзүүлэлт хангалтгүй гэдэгт санал нэгдэх байхаа.  Иймд "Хүмүүнд төр эрхэм, төрд хүмүүн эрдэнэ" гэсэн уриан дор явагдаж буй интернет толлогондоо оролцохыг Та бүхнээс хүсье.
Фоллс Чөрч хотод суугч Ч.Гантулга:
Ер нь бол яваандаа танд өөрт чинь л хэрэг болно шүү дээ. Сар бүр олгох хэдэн мянга, хүүхдийн мөнгө энэ тэрийг тоохгүй байж болно, яваандаа хоёр толгойгоос олох томоохон ашиг, за тэгээд газар хувьчлах гээд олон зүйл дээр таны энэ тооллогод орсон эсэх л гол баримт болно доо. Өөрийгөө биш гэхэд хүүхдээ бодоод тоолуулах хэрэгтэй.
Силвэрспринг хотод суугч Д.Цолмон
Би бодохдоо гадаад дахь монголчуудын эх орондоо оруулах хамгийн том хувь нэмэр бол явуулж байгаа мөнгөнөөс маань илүү ходоодоороо үл өгөх санал маань гэж үздэг. Тийм ч учраас гадаад дахь монголчууд эх орондоо нэмрээ оруулъя гэвэл сонгуульд оролцдог болох хэрэгтэй. Сонгуульд оролцоно гэдэг зүгээр нэг шийдэгдэх биш, яг ийм тооллогын үндсэн дээр л шийдэгдэх асуудал. Тиймээс бид энд олуулаа байгаа шүү, бид бүртгэлтэй шүү гэдгээ харуулахын тулд, өөрөөр хэлбэл сонгуулиа өгөхийн тулд бүгдээрээ тоолуулаач гэж уриалж байна.
Блүүмингтон хотод суугч П.Увш
Гадаадад байгаа монголчууд бид эх оронтойгоо холбоо, сүлбээтэй байх, анхаарал халамжийг нь  мэдрэх  талаар учир дутагдалтай байгааг байнгадуу ярилцаж явдаг. Бидний эх орондоо иргэн нь байгаагаа нотлох,  цаашид тус дэмийг нь авах, зарим эрхээ Монголдоо байгаа иргэний адил эдлэх боломжийг хүн амын энэ тооллого олгож байна. Иймд   энэ баталгааг анзаарахгүй өнгөрүүлбэл,  дараа нь  иргэний эрх, үүргээ хэрэгжүүлэхэд зарим бэрхшээл гарч магадлалтай санагдсан. Энэ удаагийн хүн амын тооллогод оролцох нь гадаадад суугаа ч гэсэн монгол улсын иргэний зайлшгүй үүрэг мөн. Миний бие гадаадад байгаа монголчуудын иргэний эрхийн байдал, хэрэгжилтын талаар нэг юм ноороглож байгаагаа удахгүй та нарт толилуулая.
Энд нэмж хэлэхэд тооллогын програм нь гацах, буруу мэдээлэл сонгуулах зэрэг надтай “ажиллахаас” татгалзах явдал гарч байсан шүү. 2-3 удаа replay хийж байж асуултанд хариулсан даа.  Жишээлэхэд, эхнэрийнхээ миний  хувьд ураг төрлийн ямар холбоотойг асуухад нь “эхнэр” гэхэд энэ асуултанд буруу хариуллаа, гээд “эгч” гэсэн цонхыг дарахлаар “болж байна” гээд “зөрүүдлээд” байсан жишээ гарч л  байсан даа. Үүнийг бас бодолцмоор юм билээ.

No comments:

Post a Comment