Friday, November 12, 2010

Америкийн тэмдэглэл

М. Саруул-Эрдэнийн "Америкийн тэмдэглэл" цувралаас
                                         "Даяар монгол" сониноос авлаа. 
Хооний гуай
АНУ- д эртээ ирсэн нэг багшийнх байдаг юм. 1990 оны эхээр, ардчилал гараагүй байхад ирсэн айл. Анх ирчихээд нэг америк айлд байж л дээ. Тэгсэн гэрийн эзэн нь эхнэрээ Honey honey гэж дуудаад байх юм гэнэ. Тэгэхэд багшийн хүү 10 орчим настай байж. Хүү америк гэрийн эзэгтэйг тийм л нэртэй юм байх гэж бодоод маргааш нь “Хооний гуай” гэж дуудсан гэдэг.
Сэцэн жаал
Манай хажуугийн байранд нэг хүүхэд байсан юм. Биднээс ганц хоёр ах байсан бол уу? Их л цэцэн цэлмэг аятай, дан зүйр үг хэрэглэж ярьдаг хүүхэд байв. Хамгийн гол нь хэлж байгаа зүйр үг нь болж байгаа үйл явдалтай таарах байтугай бүр дөхөх ч үгүй. Манай байрныхан хөлбөмбөг их тоглоно оо. Ирж харж байгаад “Үгүй хөө, тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ гэгчээр танай байрныхан дан хөлбөмбөг тоглох юм аа” гэх. Ганцаараа юманд явах дургүй, талханд явахдаа заавал өөр хүүхэд дагуулж явах гэж шаналгана. Тэгэхдээ “Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэгчээр хоёулаа тавьдугаар дэлгүүр ороод ирье” гэх. Гэртээ харихдаа байр луугаа “За баяртай” гээд л явчихад болмоор доо. Үгүй шүү, “дэм дэмдээ, дээс эрчиндээ гэчээр, би ч харья даа” гээд л яваад өгнө. Мундаг сэцэн хүүхэд байсан шүү, тэр.
Хэн нь бүдүүлэг вэ?
“Монгол Соёлын Төв” АНУ-ын нийслэлд “Монгол судлалын цуврал лекц”, “Монголын цаг” гэх мэт олон төрлийн үйл ажиллагаа явуулдаг юм. Нэг удаагийн лекцийг Ардын уран зохиолч Тангадын Галсан гуай уншив. Лекцийг 6 цагт гэж зарласан байлаа. 6 гэж зарлахаар манайхан 6:30 гэж цуглана гэж тооцоолсон байв. Тэгээд Галсан гуайн хүүхдүүдэд зургаа хагаст зохиолчийг авчраарай гэж хүссэн юм. Гэтэл Галсан найрагч яг цагтаа хүрээд ирэв. Ганцхан хүн сууж байхаар нь баахан зовсхийгээд, манайхан ингээд увуу цувуу цугладаг юм гэж тайлбарлаж ядаж байтал, “Зүгээр ээ, миний хүү” гээд шууд яриагаа эхэлчихдэг юм байна. Хүмүүс ар араасаа орж ирсээр хамгийн сүүлчийн зочин 6 цаг 45 минут гэж ирэхэд лекц бас яг дуусаж таарав. Хоцорч ирсэн нэг найз маань Галсан гуайн яриаг сонсож чадаагүйдээ ихэд харамсаж биднийг “Та нар чинь Монгол соёлын төв мөртлөө 6 цагт гэж зарлачхаад яг зургаадаа эхэлдэг, яасан бүдүүлэг улс вэ? Монгол соёлоороо бай л даа” гэж тоглоом үнэн хослуулан загнаж билээ.
Мөрфигийн хууль уу, мэргэжлийн багш уу?
Эхнэр маань АНУ-д машин барьж сурч байлаа. Багш нь гэж машид хянуур, Болд гэж ах хүү. Эхнэр машинаа жолоодоод Болд багш хөмсгөө зангидаад, хурдны замаар давхиж байв. Яг ард нэг том трак (ачааны машин, гэхдээ манайхаас хамаагүй том) яваад байх юм. Болд багш хэлж байна: “Наад тракныхаа урд яваад байж ерөөсөө болохгүй. Чи гэнэт зогслоо гэж бодъё. Тэгвэл ийм том машин чинь зогсож чаддаггүй, тэр чигээрээ ирээд мөргөдөг байхгүй юу?”
Эхнэр айгаад өнөөхөд зам тавьж өгөв. Дараа нь хэсэг хугацааны дараа бас нэг том тэрэгний ард орчихсон явж байлаа. Болд багш бас хэлж байна: “Чи ийм том тракны ард яваад байж болохгүй. Энэ чинь ийм том юм чинь гэнэт зогсчихоод хөдөлж чадахгүй, чи араас нь шууд мөргөнө”
Эхнэр гэнэт ихэд зэвүүцэн, тракыг тун үзэн ядсан хоолойгоор “Урд нь явахаар зогсож чаддаггүй мөртлөө, ард нь гарахаар гэнэт зогсчихдог, ямар балиар машин гээч вэ?” гэж билээ. Нээрээ бодоод байхад трак гэж Мөрфигийн хууль шиг хүсэхэд хясаад байдаг тэрэг үү, эсвэл туршлагатай багшийн холуур явуулах арга заль байв уу?
Америкийн Монголчууд хонь авсан нь
Энэ яриаг би хүнээс сонссон юм. Виржиниа мужийн нэг жижиг хотод байдаг хэдэн монгол наадмаар хонь гаргах гээд хэд хоног хайсан юм байж. Тэгсэн нэг өдөр үнэгүй гэл үү, маш хямд гэл үү хонь өгнө гэсэн зар байхыг үзэж гэнэ. Гурвуулаа давхиад очиж. Хонио өгөх эмээ үнэ мөнгөө ярьсны дараа хэлж байна: “Хөөрхийг Мари гэдэг юм шүү... Өглөө оройд салхинд сайн гаргаж байгаарай... Чихрэнд их дуртай, гэхдээ их битгий өгөөрэй...” Эмээ нас өндөр болоод найдвартай хүн олж, хайртай тэжээвэр хонио захиж үлдээж байгаа нь тэр байсан юм сан жээ. Манай гурав харин хөөрхий Мариг хир сайн харсан  нь тодорхой.

No comments:

Post a Comment