Monday, December 6, 2010

"Гэр бүл бол шашин, уламжлал, орчин үеийн үнэт зүйл болох нь" Олон улсын бага хурал (Турк улс, Анталья хот.2010оны 11 сарын 26-27)

       Энэ оны 11 дүгээр сарын 26-27-ны өдрүүдэд Турк улсын Antalya хотод  “Family as a value  in terms of religion, tradition, and modernity” сэдэвт олон улсын хурал болж, дэлхийн 50 гаруй улс орноос судлаачид, эрдэмтэд, мэргэжилтнүүд хуран чуулж, гэр бүлийн уламжлал, шинэчлэл, тулгамдаж байгаа асуудлыг олон талаас нь, нухацтай, тэгш эрхийн үндсэн дээр хэлэлцэж, олон зүйл дээр санал, нэгдэж, гэр бүлийн зарим эмзэг асуудалд сэтгэл зовнин, түүнийг арилгах, илааршуулах арга, хэрэгслэлийг эрэлхийлж, дэлхий нийтэд хандсан тунхаг гаргалаа.
Энэ хуралд монголулсын гэр судлаачдын бүрэлдэхүүнд багтаж оролцсоны хувьд хуралын талаар боломжийн мэдээлэлийг хэсэгчлэн та нарт хүргэхийг зорьж байна.
Профессор Пүрэвийн Увш
 Нэг. Хуралын сураг
2009 оны намар монголд очиж,  хэдэн сар ажиллах хугацаандаа намайг эзгүй хойгуур докторын зэрэг хамгаалсан ажил нэгтэй байж, цагтаа ахалж захлаж явсан дүү, багш Саркитын Зулфикартаа баяр хүргэж, хамтдаа хальт хоол амсаж , хууч хөөрөн суухуйд  тэрээр ойрд хийхээр бодож төлөвлөж яваа ажлын дотор Турк улсад 2010 онд болох олон улсын гэр бүл судлалын хурал анхаарал татлаа. Хамтран ярилцаж, улмаар монгол дахь туркийн боловсролын байгууллагын төлөөлөгчидтэй Удирдлагын академи дээр уулзаж, 2010 оны 4 сард хийхээр төлөвлөж байсан үндэсний(үлс, улсын) эрдэм шинжилгээний хуралыг наашлуулан намайг Америк явахаас өмнө 12 дугаар сард хийхээр болж, би илтгэл тавьж оролцох, бас гадаадад болох хуралд нь монголын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтаж, орон орны судлаачид, мэргэжил нэгтэнтэй танилцах сан гэсэн битүү горь төрж байсаныг нуух юун. Ингээд 12 дугаар сард  Удирдлагын академи, Туркийн монгол дахь боловсролын байгууллага хамтран “Монголын өнөөгийн гэр бүлийн байдал” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулж, монголын гэр бүл, эмэгтэйчүүд, хүүхдийн асуудал сонирхдог судлаач, мэргэжилтнүүд цуглан чуулсан билээ. Ингээд миний бие суух нутаг руугаа буцсан.
Хэсэг хугацааны дараа Зуки  багш холбоо барьж,  намайг болон өөрийгөө, бас монголын нэрт гэр бүл судлаач, шинжлэх ухааны доктор, профессор Т.Намжил нарыг энэ хуралд оролцох болсон хийгээд, намайг хуралдааны нэг салбарт XX1 зуун дахь хятадын гэр бүлийн шашины хэтийн төлөв сэдэвт илтгэлийн дараах мэтгэлцээнд албан ёсоор үг хэлж, оролцох болсоныг уламжиллаа.
Ингээд хуралд битүүхэн чих тавьж, амьхандаа бэлтгэж , нааш цааш ганц нэг цаас эргэлдүүлж , монголд биш суугаа надад онгоцны тийз илгээх эсэхэд бага зэрэг тээнэгэлзэж, бас Зуки бүх зүйл хэвийн гэсэнд тайвширч, Турк улсын хурал зохин байгуулагчдаас ирүүлсэн асуулт, хүснэгтэд хариулж суулаа. Энэ хуралд оролцоход миний зүгээс байсан нэг бэрхшээл бол эндэхийн хил, хяналтын байгууллагаас албан ёсны  зөвшөөрөл авах явдал байлаа. Учир нь хэмээвээс бид визний холбогдолтой шинэ материал бүрдүүлэх үетэй цаг хугацаа нь давцаад байсан юм. Ямартаа ч бараг 3 сарын өмнө хүсэлтээ гаргачихаад хүлээх, түгших үеэхэллээ. Туркийн талаас нислэгийн тийз ирүүлчихлээ. Хуралын хөтөлбөр ирүүлчихлээ. Буух буудлыг товолчихлоо. Явахад долоо...,гурав..., нэг... хоног үлдлээ. Зөвшөөрөл ирдэггүй. Маргааш нь  хүлээлтийн эцсийн өдөр . Би 5 цаг гэж гэрээс гарвал онгоцондоо чүй чай амжихаар. Шуудан 3-4 цагийн хооронд ирдэг.Ингээд зөвшөөрөл ирэхгүй бол олон байгууллагын өмнө эвгүй байдалд орж, хэд дахин уучлалт гуйх таатай биш ажил эхлэх нь ойлгомжтой байлаа. Шуудангаа шалгалаа. Иржээ.Одоо яахав гэлцээд явахаар хэдэн хувцасаа бараг шүүрч аваад бага хүүгээрээ машинаа бариулаад, эхнэрээ суулгаад гарлаа даа. Манай олон улсын онгоцны буудал ядахад манайхаас 80-аад километр хол. Бороо асгаж байна. Онгоц нисэх эсэх нь эргэлзээтэй. ямартаа ч цагтаа ирээд, бүртгүүлээд гэрийнхнийгээ буцаачихлаа. Тэнгэр онгойхгүй, нислэг хойшилсоор миний Чикагогоос нисэх цагт  Индианаполисоос нислээ. Туркийн нислэгээс хоцорсон нь ойлгомжтой. Очлоо. 24 цагийн дараа нислэгтэй гээд нэгэн зочид буудлын хаяг өгч байна. Тэнд нь хоноод маргааш нь Turkish airline-ийн онгоцонд сууж, Турк улсыг зорилоо.Turkish airline-ийн онгоцны үйлчилгээ чанартай, боловсон, хүртээмжтэй байлаа. Үйлчлэгч нарын миний өмнө нь явж байсан онгоцных шиг цаг ямагт хүчээр шахуу инээгээд байхгүй ч , боловсон, оновчтой, зөв үйлчлээд зарим талаар манайхны зан төрхтэй ижилдүү ч юм шиг. Бараг 10 цагийг агаарт өнгөрөөхөд уйдаж, Арслангийнхаар  “Бууяаа” гэж хашгарах хэрэг гарахгүй , сайхан ая тохитой явлаа. Тэгээд Истамбулын олон улсын нисэх буудалд бууж, цаашлан хурал болох Antalya хотын онгоцонд шилжин сууж би л болсон хойно бас 2-3 цаг хожигдож эцсийн буудалдаа газардлаа даа. Онгоцноос буугааад бас л цаг гаруй явж далай, сүрлэг уулсын цогцолбор, туркийн аялал зуулчлалын гол зангилаа Rixos Tekirova буудалд буулаа. Энд Нутгаас ирэх Зуки багш, Намжил доктор хоёроо шүүлгэсэн боловч, олдсонгүй. Өөр буудалд буусан бололтой. Ингээд нааш, цааш гүйсээр ажлаа жин тан болгож аваад, маргааш болох хуралаа хүлээн унтаж амрахыг хичэээснээр миний хөгтэй, урт аялалын эхний үе өндөрлөж байгаа нь энэ.
(Дараа үргэлжлүүлнэ.)  

No comments:

Post a Comment