Wednesday, January 12, 2011

Индианагийн Их сургуулийн Монгол нийгэмлэг 50 нас хүрлээ.

Индианагийн Их сургуулийн Монгол нийгэмлэг нь 1961 онд хувийн, ашгийн бус,  улс төрөөс ангид  төрийн бус байгууллага болж байгуулагдсан. Нийгэмлэгийн гол зорилго нь
 Монгол улс, түүний хэл, соёлыг  судлаж, судалгаа, шинжилгээний ажил дагнан явуулах явдал. Нийгэмлэг монгол судлалын холбогдолтой бүтээлийг нийтийн хүртээл болгох, солилцох, залуу судлаачдыг дэмжих, мэдээлэлээр хангах, хэвлэн нийтлэх үйл ажиллагааг идэвхтэй явуулдаг. Америкийн  монгол судлал, сургалтын нэгдсэн төв болох Монгол нийгэмлэгийн 50 жилийн ой энэ жил тохиож байна. Энэ ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах ажлын хэсэг Индианагийн Их сургууль дээр ажиллаж байна.
Индианагийн Их сургуулийн Монгол нийгэмлэг нь жил бүр монгол судлалын чиглэлээр эрдэм шинжилгээний хурал зохион байгуулдаг уламжлалтай .2011  оны хуралаа тус нийгэмлэгийн 50 жилийн ойд зориулан төрлөх хот Блүүмингтондоо Индианагийн Их сургуулийн оюутаны хотхонд 2011 оны 7 дугаар сарын 10-14-ны өдрүүдэд зохион байгуулна. Энэ жилийнээлжит хурлын нээлт 7 сарын 10-ны Бямба гаригт болох бөгөөд, 11-нийхээ Ням гаригт ойн арга хэмжээнд зориулсан хүлээн авалттай юм байна. Лхагва гаригийг дуустал салбар хуралдаануудад нийгэмлэгийн 50 жилийн хугацаанд явуулсан судалгаа, шинжилгээний ажлын үр дүн, цаашдын хандлага, туршлагын  хүрээнд   илтгэл сонсож, санал солилцох  зэрэг хамгийн идэвхтэй үйл ажиллагаа болж, Пүрэв гаригт аялал, хоттой танилцах үйл ажиллагаа болно.  Нийгэмлэгийг үүсгэн байгуулагч Хангиний Гомбожав, нийгэмлэгийн Ерөнхийлэгч асан  Оуэн  Латтимор нарын дурсагалд зориулсан илтгэл, танилцуулгыг хүлээн авах бөгөөд тусгайлсан салбар хуралдаанууд зохион байгуулагдана. Мөн монгол, төв  Ази, алтай судлалын чиглэлийн илтгэл, хэлэх үгийг хүлээн авч байна.
 Монгол нийгэмлэгийн 50 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хуралд оролцох судлаач, эрдэмтэд,сонирхогчид тус нийгэмлэгийн гишүүн байх бөгөөд  хэлэх, үг илтгэлийнхээ хураангуйг 300 үгэнд багтаан 2011 оны 3 сарын нэгний дотор ирүүлнэ. Хэрэв таны хураангуй эрдэм шинжилгээний хуралд хэлэлцэгдэх  сэдэвийн шаардлагыг хангаж, хүлээн авсан бол Та 20 минутад багтаан санаагаа илэрхийлэх болно. Хурал зохион байгуулах бүрэлдэхүүн бас монголын холбогдолтой баримтат болон уран сайханы  киног хүлээж авч хурлын үеэр нийтийн хүртээл болгох боломжтой бөгөөд   дэлгэцийн ийм бүтээлүүд англи хэл дээр буюу англи хадмал орчуулгатай байна. Энэ төрлийн бүтээлийг бас 3 сарын нэгний дотор хүлээж авна. Хурлын илтгэлийн хураангуй, дэлгэцийн бүтээлээ болон холбогдох асуултыг тус нийгэмлэгийн  гүйцэтгэх захирал Susie Drost-д  дараах хаягаар илгээнэ үү. The Mongolia Society, 322 Goodbody Hall, Indiana University, 1011 E. 3rd St., Bloomington, IN 47405; Telephone & Fax number: 812-855-4078; E-Mail: monsoc@indiana.edu; Web: www.mongoliasociety.org. Мөн зарим сонирхсон асуудлаар 812-325-9397 гэсэн утасаар болон bulgan5157@gmail.com  гэсэн хаягаар  үүнийг бичигчтэй харилцаж бас болно.
 Байр, зочид буудлын хувьд  1-800-209-8145 утасаар ярих буюу  www.imu.indiana.edu гэсэн хаяг руу орж, өрөөгөө PIAC/MON гэсэн код ашиглан захиална. Буудлын өрөөний үнэ тоноглол, ая тохиосоо хамааран 102- 232 доллар байна.
Та бүхнийг Америкийн Индиана муж улсын Блүүмингтон хотноо байрлах Индианагийн Их сургуулийн Монгол нийгэмлэгийн 50 жилийн ойн арга хэмжээ болон, эрдэм шинжилгээний хуралд хүрэлцэн ирж оролцохыг урьж байна.

No comments:

Post a Comment