Monday, January 10, 2011

  
  Индианагийн Их сургуулийн домогт  ерөнхийлэгч
 Хэрман Б. Уэльсийн  удирдах ажлын  онцлог,
                               түүнээс суралцахуй
            Профессор П. Увш (Индианагийн Их сургууль)


Индианагийн Их сургууль оршин тогтнож ирсэн 220 гаруй жилийн хугацаанд 18 ерөнхийлэгчийн нүүр үзснийг бид өмнөх  өгүүлэлдээ дурдсан билээ. Одоо Индианагийн Их сургууль төдийгүй, энэ муж улсын боловсрол хүмүүнлэгийн салбарт домог болон алдаршиж, нэрээ мөнхөлсөн нэрт удирдах ажилтан, шилдэг хүн судлаач Хэрман Б.Уэльсийн талаар тогтож ярья.
Тэрээр 1902 онд Индиана муж улсын Жайместаун хавьд төрсөн байна. Түүний эцэг нь багшлахын зэрэгцээ хувийн аж ахуй эрхлэж, өглөөний гэгээнээс үдшийн бүрий болтол ажилладаг, эх нь гэрийнхээ ажилд цаг наргүй зүтгэж байлаа.Top of Form

Bottom of Form


Хэрман Б. Уэльс дунд сургуулиа төгссөний дараа  Иллинойсийн Их сургуульд элсэж, хоёрдугаар ангиасаа Индианагийн их сургуульд шилжин суралцаж, энд шинээр нээгдсэн Арилжааны сургуулийг эдийн засгийн мэргэжлээр төгссөн байна. Тэрээр төрөлх хотдоо буцаж ирээд аавынхаа алба хашиж байсан Үндэсний Банкны туслах ажилтнаар ажиллажээ.  Уэльс Блүүмингтонд  ирээд эдийн засгийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан даруйдаа багш нарынхаа зөлөсний дагуу Висконсоны Их сургуулийн докторын сургалтанд элсэн суралцсан байдаг.Тухайн цагийн Висконсон сургалтаар олж авсан мэдлэг, төрийн бодлогыг холбох талаар хамгийн дэвшилттэй муж улсад тооцогдож байлаа.  Висконсонд 2 жил суралцаж байхад түүнийг  Индианад эргүүлэн татаж,  Индианагийн Банкуудын холбооны нарийн бичгийн даргын албанд томилсон нь докторын сургалтаар олж авсан мэдлэгээ амьдрал дээр сорих, банкны тогтолцоог өөрчлөх, 1921 он хүртэл үргэлжилсэн эдийн засгийн хямралыг даван туулахад тулгарах бэрхшээлийг  зөв ойлгож, гэтлэх арга хэмжээг төлөвлөх зэрэгээр асар их туршлага хуримтлуулсан байдаг.  Чухамхүү энэ үед Уэльс  эдийн засгийн хичээл зааж,  дээд сургуульд багшлахын анхны амтыг авч мэдэрсэн. 1930 онд Индианагийн их сургуулийн үндсэн багшаар сонгогдож, суралцагчдын талархалыг өөрийнхөө санаачлага, оргилуун өөдрөг сэтгэл, зүтгэл, өргөн хэмжээний мэдлэгээрээ хүлээж эхэлсэн байна.
Тэрээр 1930-35 онуудад  санхүүгийн байгууллагуудын нэгдсэн Хорооны нарийн бичгийн дарга, Индианагийн санхүүгийн тэнхмийн зөвлөх, Муж улсын банкны хэрэгжүүлэгч агентлагын зөвлөх зэрэг гурван албан тушаалыг нэг зэрэг хашиж байлаа. Түүний удирдах ур чадвар, оюутантай ажиллах, хичээл заах мэрийлт, хичээл, зүтгэл тодорч, удирдлага нь түүнийг Бизнесийн удирдлагын сургуулийн захиралаар томилсон байдаг. Энэ ажил дээр Уэльс сургалтын хөтөлбөрийн үндсэн өөрчлөлт хийж, сургуулийнхаа багш, профессорын бүтэц, бүрэлдэхүүнийг шинэчлэх, бэхжүүлэх  талаар гарамгай ажиллаж, эргэлт, өөрчлөлт хийж чадсан байдаг. 1937 онд тухайн үеийн ерөнхийлэгч гэнэт огцорч, Уэльсийг үүрэг гүйцэтгэгчээр томилсон байна. Энэ талаар хожмын дурсамжиндаа: “ хэрэв намайг ерөнхийлэгчээр жинхлүүлэхгүй гэж амалбал, энэ албыг түр хашихад бэлэн байна гэж тухайн үеийн сургуулийн  удирдах зөвлөлийн даргад хэлснээс гадна 35 жил ажиллсан өмнөх ерөнхийлэгчийн албыг авч, түүний  ажлын тэр өрөөнд орно гэхээс айдас төрж байлаа” гэсэн байдаг [1]
Хувь заяаны эрх, асар их мэдлэг, мэдрэмж, хязгааргүй  эрх мэдэл, боловсон, хүнлэг хүнд суртал түүнийг энэ албыг тасралтгүй 25 жил хашиж, Индианагийн Их сургуулийн эцэг болон мөнхөрөх тавилан заяажээ.
Индианагийн Их сургуулийн шинэ ерөнхийлэгчийг хүндэтгэх ёслолын ажиллагаа 1938 оны арванхоёрдугаар  сарын нэгэнд болоход 36 жил ерөнхийлэгчээр ажиллаад,  36 настай шинэ ерөнхийлэгчид албаа өгч байгаа Уильям Лоу Брайен хэлэхдээ; “Одоогоос 36 жилийн өмнө та бид хоёр адилхан хүнд бөгөөд хариуцлагатай цаг үеийг эхэлж байлаа. Миний хувьд бага ч гэсэн туршлагатай, ажлаа ирмүүн явуулах хүсэл эрмэлзэлтэйгээр энэ сургуулийн захирлын албыг авч байсан бол таны хувьд  нийгмийн харилцаанд шилдэг, бүтээлч хүн байх гараагаа мөн тэр үед эхэлж байлаа. Өнөөдөр та энэ сургуулийн арван нэгдэх  ерөнхийлэгчийн албыг авч байгаа миний хүү, утга төгс эр хүн болон надтай хамт зогсож байгаад бахархаж байна”[2]  гэсэн байдаг.
Шинээр албаа авсан  Уэльс америкийн газар нутгаар 33,000 мил  аялаж, судалгаа, сургалтад зөв хандлагатай багш, судлаачийг эрэн сурвалжилж явсан байдаг.Энэ аялаллаас олсон мэдээ, баримтыг боловсруулан цэгцлэж,  сургуулийн сургалтын болон зохион байгуулалтын өөрчлөлт, хөгжилд оновчтой ашигласан байдаг[3]
Уэльс  их сургуулийн зорилгыг тодорхойлохдоо энэ сургууль нийгмийн хэрэгцээг мэдлэг чадвартай төгсөгчөөр хангахын тулд сургалт, судалгаа суларсан газар болгонд хараа хяалтаа хурцатгаж,  мэдлэг оюун тэлэх тийм хичээл, сургалтын хүрээг тэлэн өргөжүүлж, үнэнийг нотлон бататгах бүтээлч шинжилгээ, дүгнэлтийг  хуучин арга, хандлагаас зоригтой ангижрах чигийг тууштай барина[4]  хэмээн анхны ажлаа авсан ёслол дээрээ хэлсэн юм.
Индианагийн Их сургууль бий болсон цагаасаа ардчилалыг тууштай дэмжигч боловсролын байгууллага байсан бөгөөд одоо ч энэ байр сууриндаа тууштай байж, ардчилсан засаглалгыг хөгжүүлэгдээ эрх мэдэл шалтгаан, шалтагаас урган гардаг болохоос удирдагчийн байр суурь, албан тушаалаас соёолдоггүй (мөн тэнд,хууд. 382) гэсэн алдарт үгээ хэлсэн юм. Уэльс бол багаасаа ажлын цар ,боломжийг ажилдаа гайхалтай туршдаг байсан . Түүний бичиж боловсруулж байсан бичиг баримт нь хамгийн шилдэг нь байсан юм, тэр одоо энэ чадвараа Индианагийн Их сургуулийн сайн сайханы төлөө ашиглана гэдэгт итгэж байна гэж гэж түүний аав нь дурссан нь бий.[5]
Уэльс  ерөнхийлэгч байхдаа Африк болон бусад улсаас суралцаж байгаа өнгөт арьст оюутануудыг сургуулийн амьдралд  тэгш эрхтэй оролцуулахын төлөө ажлаж байлаа. Тэр үед өнгөт арьст оюутнууд дотуур байранд суух, оюутны хотхоны цайны газар болон Блүүмингтоны зоогийн  газруудад  хооллох,усан санд цагаан хүмүүстэй хамт сэлэхийг хориглосон байсан болохоор оюутаны зүгээс  янз бүрийн гомдол тасардаггүй байлаа.  Уэльс ийм асуудлыг эхлээд хотхон дотроо эрх мэдлийн хүрээнд шийдэхийг зорьдог байв. Нэгэнтээ Индианагийн Их сургуулийн хөл бөмбөгийн од  Жорж Талиаферро бэлтгэлийнхээ завсараар хооллож чадахгүй байгаагаа гомдоллоход Уэльс замын цаана байгаа “Габлес” Зоогийн газар руу утасдаж оюутаны хүсэлтийг уламжлахад,  менежер нь татгалзахгүйгээ хэлж, тэдний цагаан үйлчлүүлэгчид  дургүйцэн, үйлчлүүлэхээс татгалздаг тухай учирлахад Уэльс  зөвхөн нэг долоо хоног туршилтын журмаар хөл бөмбөгийн одыг хооллохыг санал болгосон байдаг. Долоо хоног, сар өнгөрөхөд үйлчлүүлэгчдийн зүгээс гомдол гараагүй байна. Ингэсний дараа Уэльс  бусад зоогийн газарууд руу утасдаж, нэг бол өнгөт арьст оюутанд үйлчлэх, үгүй бол сургууль  оюутанаа хотхоноос гадуур хооллохгүй  гэсэн болзол эдийн засгийн аргаар тулгаснаар цагаан биш арьст оюутны хоолны асуудал шийдэгдэж байсан нь энэ ерөнхийлэгчийн асуудалд ул суурьтай, эрэмбэтэй, ухаалаг хандаж, шийдвэрийг аль ч талд ашигтайгаар шийдэж чаддагийн энгийн жишээ мөн. Индианагийн Их сургуульд арьсны өнгөөр оюутаныг ялгаварлахыг эцэслэн шийдэхэд дөхөм үзүүлсэн бас нэг жишээг иш татья. 1937 онд Уэльс зоологийн оюутан Джон Л.Стюартыг гэрийн эмч- дадлагажигчаар авч ажиллуулсан байдаг. Энэ талаар Джон Л.Стюарт хожим дурсахдаа:” Би тэдний гэрийн эмч-дадлагажигч, тогооч, үйлчлэгч, цэцэрлэгжүүлэгч байсанаас гадна захиралын хэлэх үгийг бэлтгэх, хянах, захиргааны хуралд хэлэлцэх асуудал төлөвлөх, үндэсний асуудалаар зөвлөх зэргээр хоёр нарны хооронд ажиллаж байлаа гэж дурссан нь бий.  Джон Л.Стюарт   шилдэг багш, захиргааны ажилтан байж, араасаа олон залуучуудыг сургаж, дадлагажуулан ажил амьдралынх нь замд залж чиглүүлсэн[6] байдаг. Уэльс ерөнхийлэгчийн хугацаа дуусахаас өмнөхөн Арьсны өнгөт хүмүүсийг хөгжүүлж дэмжсэний төлөө дээд шагналыг авсан бөгөөд  шагналын гэрчилгээнд: “Энэ он жилүүдэд бид хамтдаа бурангуй ёсыг халахад цуг ажиллаж, Индианагийн Их сургууль арьс, өнгөөр гадуурхах явдлыг халсан  хамгийн тааламжтай газар байж чадлаа. Бидний үйл ажиллагааны эгзэгтэй, хүнд хэцүү үед та бидний санаачлагыг дэмжин туслаж ирсэнийг бахархан тэмдэглэж байна” [7]гэсэн байлаа.
Дэлхийн хоёрдугаар дайны үед Индианагийн Их сургуулийн хөгжлийн өвөрмөц  зурвас байдаг. Индианагийн Их сургууль цэргийн албан хаагчдад зориулсан сургалтын тусгайлсан хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж, батлан хамгаалах хүч чадлыг бэхжүүлэх суурь судалгаануудыг цөмийн физикээс эхлэн  гадаад хэлний сургалтыг  хамруулан хийж, захирал нь Африк болон Европын эдийн засаг дайны дараа ямар хандлагаар хөгжих боломжийн судалгаа явуулан үе, үе Вашигтон явж Америкийн төрийн  Департментад  эдийн засгийн зөвлөгөө өгч байлаа. Дайны дараахан тэрээр Сан Францескод очиж,  Нэгдсэн Үндэсний байгууллагын тулгын чулууг тавих үйл ажиллагаанд оролцсон. 1947 онд Америкийн ерөнхийлэгч Труман түүнийг Германд америкийн цэргийн бие төлөөлөгчөөр томилж ажиллуулахад Германы боловсролын тогтолцоо, хэвлэл, мэдээлэл, соёлыг өөрчлөх үйл ажиллагаанд голлох үүрэг гүйцэтгэсэн билээ. Германы (одоогийн Гумбольдтын) их сургууль , зүүн талын хяналт зөвлөлтийн эрхшээлд байсан болохоор баруун германчууд өөрийн гэсэн их сургуультай байхыг эрмэлзэж байсан хэрэгцээг Уэльс  мэдрэн Берлиний чөлөөт Их сургуулийг үүсгэн байгуулахад асар их үүрэг гүйцэтгэсэн байна. Дайны дараа Индианагийн Их сургууль олон улсын хамтын ажиллагаагаа хөгжүүлэн гадаадаас суралцагчдын хэрэгцээ, сонирхолд нийцсэн хөтөлбөрүүд боловсруулж, Тайланд, Пакистан болон бусад олон оронд боловсрол, технологийн туслалцаа  үзүүлж байв. Уэльсийн сургалт, судалгаа, гадаад бодлогын олон талт ажил санаачлан хэрэгжүүлсний үр дүн болгож, түүнийг 1970-аад онд энх тайваны төлөө Нобелийн шагналд нэр дэвшүүлж байжээ.
  Уэльс  захирал Оюутаны эрх чөлөөг дэмжигч байлаа. Оюутаны хотхонд ардчилалын уур амьсгалыг хөгжүүлэн сургуулийнхаа бүх хүмүүстэй, түүний дотор оюутнуудтай ажил хэргийн, нөхөрсөг, шудрага харилцааг бий болгож, долоо хоног бүрийн нэг оройг оюутантай ерөнхийлэгчийн өргөөндөө задгай галын дэргэд сууж, хүүрнэн, тэдний санал бодол,  санхүүгийн, ахуйн бэрхшээл,  хувийн амьдралын наана,  цаадахыг хүртэл  илэн далангүй ярилцаж, зарим асуудлыг шийдэж, тэр оройг аль алиндаа тун ашигтай өнгөрөөдөг байлаа гэж түүний өнгөрсөн зууны 20-30-аад оны найз, нэрт сэтгүүлч Эрни Пайл дурсаж, америкийн их дээд сургуульд Уэльс шиг оюутантай нягт хамтран ажиллдаг өөр  ийм захирал байна гэдэгт би эргэлзэж байна гэсэн байдаг.  1944 онд  тэрээр : “Би оюутаны өөрөө удирдах ёсыг бэхжүүлэхийг ямагт дэмжиж ирсэн бөгөөд миний эрх мэдэл байгаа цагт цаашид ч энэ хөдөлгөөнийг дэмжих болно”[8] гэж  хэлж байлаа.
          Уэльс  захиралаар ажилласан 25 жилийн хугацаанд оюутны тоо 5000-аас  16,000 болж өсөж, ерөнхийлэгч  62,621 дипломын хавтаснаа гарын үсгээ зурсан байдаг. Энэ талаар тэрээр дурсахдаа: “Би  оюутаны бүх диплом дээр биечлэн гарын үсгээ зурдаг байлаа. Ямар ч хувилах машин, техник ашиглаагүй.  Бүх дипломыг нэг бүрчлэн уншиж, гарын үсгээ зурахад дипломын дотроос танил нүүр царай харагдаж, хамтран ажиллаж байсан дурсгалууд сэргэдэг байлаа. Зарим оюутанг танихгүй ч гэсэн миний үеийн  эцэг эхийнх нь нэр  тэнд байдаг байлаа. Ингэж  диплом нэг бүрийг уншиж танилцаж, гарын үсгээрээ сургууль төгссөнийг баталгаажуулан, амьдралын шинэ замд үдэхдээ тэдний баяр баясгаланг хуваалцаж, төгсөлтийн үйл ажиллагаанд биечлэн оролцож байгаагаа мэдэрдэг байлаа[9] гэсэн байдаг.
Уэльс захирал намхан нуруутай, пагдгардуу, өргөн нүүртэй, олны анхаарлыг тэр бүр татаад байхааргүй атлаа хүнтэй харилцах урлагыг гарамгай эзэмшсэн хүн байлаа. Сургуулийнхаа цэвэрлэгчээс улсынхаа тэргүүнийг хүртэл үнэнхүү эвсэг харилцдаг, нэгэнтээ уулзсан оюутаныхаа нэрийг мартдаггүй, удирдлагандаа байгаа хүмүүст жигд анхаарал тавьж чаддаг, удирдагч, үйлчлэгч, зуучлагч, найз нөхөр байсан гэж түүнтэй олон жил  ажилласан хамтран зүтгэгчид, суралцаж төгссөн оюутанууд, ажил хэргийн шугамаар харилцаж явсан хүмүүс дурсан бичсэн тэмдэглэл,бичлэг олон байгааг олж харж байлаа.
Уэльс Индианагийн Их сургуулийн захирал болсоныхоо дарааханаас тайван, чанартай ажиллах арга хэрэгслэл, эрх чөлөөг хангахаа амлан Индианад хамгийн шилдэг, чадварлаг багш нарыг урьж ажиллуулах хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Өмнө нь дурдсанчлан тэрээр нэг жилд 33,000 мил газрыг агаараар, усаар, газраар аялж 190 гаруй багш нартай төөлөвлөсөн ярилцлагаа  хийж, авч ажиллуулж чадсан байдаг. Уэльсийн захирал болсон эхний таван жил профессорын бүрэлдэхүүн их өөрчлөгдсөн. 1937-1942 оны хооронд Блүүмингтоны 225 багшлах бүрэлдэхүүнээс 94 хүн шинээр ирж, 146 багш тэтгэвэртээ гарсан буюу сургуулийг янз бүрийн шалтгаанаар орхиж явсан. 1942 оны 8-р сард  Уэльс сургуулийн удирдах зөвлөлд тайлагнахдаа: “Их сургууль нь тэргүүний сайн багшгүйгээр манлайлах үйлчилгээ үзүүлж чадахгүй. Тиймээс багш сонгон шалгаруулж авах нь тэргүүлэх зэргий ач холбогдолтой. Өнгөрсөн 5 жилд багш сонгон шалгаруулж авахад хамгийн их хүч цаг зарлаа” гэж хэлсэн байна. [10]
1920 онд ажилд орсон хүмүүнлэгийн ухааны салбарын багш Лендер Макклинток  бичихдээ: “  Уэльс зураач ч биш, байгаль шинжлэлч ч биш атлаа цаг үеээ мэдрэх аугаа их хүч, хүнийг татах их авьяас, хэрэгцээнд баримжаалах лут  ухаан, Индианагийн Их сургуулийг сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн аугаа   хүчирхэг  төв болгох гэсэн их эрмэлзэл түүнийг бусдаас ялгадаг байлаа[11] гэжээ.
Уэльсийн хамгийн их хүч тавьж хөгжүүлж байсан салбар бол байгалийн шинжлэх ухаан байлаа. Тэрээр физикийн ухааны салбарт шинэ багш, судлаач нэмж авч, цөмийн физикийн салбарт анхны цөмийн лаборатор  байгуулж байсан нь Америкдаа анхдагч нь байлаа.
Тэрээр 1946 онд Нобелийн шагнал авсан, алдарт угсаатны зүйч, хожимоо цөмийн зэвсгийн  хамгаалалтын онолоо боловсруулсан  Хэрман Мюллерийн судалгааг дэмжиж, ач холбогдол өгч байлаа. Уэльсийн  өмнөх ерөнхийлэгч  Херман Брайны суурийг нь тавьсан сэтгэл судлалын салбарт зан үйл судлалын залуухан эрдэмтэн Б.Ф. Скиннерийг ажилд авсанаар хөгжлийн шинэ гараагаа эхэлсэн байна. Уэльс ийнхүү залуу багш,  судлаачдыг дэмжихийн хажуугаар ахмад судлаачдаа дэмжиж, туслаж ажиллахаа мартдаггүй байлаа. Жишээлэхэд аман зохиол судлалаар 1921 оноос эхлэн ажиллаж байгаа  Стит Томсоны судалгааг дэмжиж байсан юм. Стит Томсоныг гаднын олон их сургууль сонирхож, өөртөө татахыг зүйл бүрээр хичээх бүрт Уэльс татгалзаж, Томсоны Индианад ажиллах бүхий боломжийг нь бүрдүүлж өгч байлаа. Тиймээс ч Томсон Индианагийн Их сургуульд аман зохиол судлалын хөтөлбөрийг бий болгож, хөл дээр нь босгосноос гадна дэлхийн хоёрдугаар дайны дараа  Их сургуулийн дипломын дараах сургалтын төвийг тэргүүлж байлаа.  Уэльс (хортон) шавьжны судалгаанаас хүний сексийн зан үйлийг судлах болсон их эрдэмтэн Альфред Кинсеиг дэмжиж туслаж байсан нь тухайн үедээ сургуулийн удирдлага, багш, ажилтанд гүйцэд ойлгогдохгүй дуулиан тарьж байсан тохиолдол ч бий. Биологийн салбарт 1920 оноос эхлэн ажиллаж байсан Альфред Кинсеи Уэльсийн засаг захиргаа сургуулийн удирдлагад орж ирсэнээр судалгаагаа чөлөөтэй явуулах боломжтой болжээ. 
Индианагийн Их сургуулийн ахмад, залуу багш, судлаачид хэн ч болов Уэльсийн туслалцаа, нөмөр нөөлгийг мэдэрч, эрч хүч, бусдыг өөртөө дасган байлдан дагуулах чадварыг биширдэг байсан байна.
Уэльсийн ажлын гол зарчмын нэг нь хүний оюун ухааны чөлөөт байдлыг хамгаалах явдал байлаа.  Уэльс сургуулийн сургалт, судалгааг чанартай явуулахад шаардлагатай  бие, сэтгэл,  орон зай, эд материалын бүхий л боломж, бололцоог судлаачдад  хангаж өгөхөөс гадна урьд өмнө тулгарч байгаагүй, аз сорьсон алхамыг ч зоригтой хийж байлаа. Үүний жишээ нь дээр өгүүлсэн  Альфред Кинсеиг их сургуулийн хувьд тэргүүлэх чиглэлийн биш гэхээр, өвөрмөц судалгааг дэмжсэнээр , хортон шавьж судлаач  Кинсеигийн судалгаа орон даяар алдаршиж, судлаач өөрөө 1938 онд оны шилдэг эрэгтэй  судлаачаар шалгарч, сургуулийн сургалтанд татагдан оролцож , дунд сургуулийн  биологийн сурах бичиг зохиож, физиологи, удамшил зүй, экoлoги, биологийн шинэ хандлагыг бий болгож чадсан нь нэг талаас Уэльсийн шинжлэж ухааны судалгааг дэмжиж, ач холбогдол өгч ирсэнтэй холбоотой гэж бодож байна.  1938 онд Кинсеи гэр бүл судлалын хичээлийг анхлан зааж, биологи, сэтгэл судлал, социологи, ёс зүй, сексийн үндэс, нөхөн үйлдвэрлэлийн лекцүүд уншиж эхэлсэн байдаг. Энэ хичээл оюутнуудын сонирхолыг татаж, сексийн талаар олон асуултанд хариу авахаар энэ профессорт ханддаг байлаа. Энэ салбарт шинжлэх ухааны мэдээлэл хомс байдлыг ашиглан Кинсеи шинэ бодит мэдээлэл цуглуулах зорилгоор оюутнуудаас ярилцлага авч эхэлсэн байна.
 Энэ судалгаа өргөжин тэлж, хүрээ нь өсч байсан болохоор  Судалгааг дэмжих Үндэсний Зөвлөл санхүүжүүлэн Индианагийн Их сургуулийн Секс судлалын хүрээлэн байгуулж байжээ. Кинсеи 100,000 тохиолдлыг судалгаанд хамруулах гэсэн бүтэхэд эргэлзээтэй зорилт тавьж байлаа. Бодит дээрээ тэдний хүрээлэн 8 жилийн дотор 11, 000 хүнээс судалгаа авч чадсан юм. Тэрээр “Эрэгтэй хүний сексийн зан үйл” (Sexual Behavior in the Human Male, 1948) ном бичиж хэвлүүлсэн байна. Энэ номонд байгаа нотолгоо, тохиолдлыг батлахад хэцүү, маргаантай, зарим эсэргүүцэлтэй тулгарч болохыг зохиогч болон  сургуулийн удирдлага мэдэж байсан ч, хэрэв хэвлэхгүй бол шинжлэх ухааны үнэ цэнэ хийгээд олон  мянган эрэгтэйчүүдийн итгэл найдварыг алдахад хүрч болно  гэсэн байр суурин дээр хатуу зогсож байлаа. Ном хэвлэгдсэн даруйдаа дуулиан дэгдээж,  2 сарын дараа гэхэд 200,000 хувь борлож, сонин, сэтгүүл, шинжлэх ухааны болон эрүүл мэндийн салбарын  бүтээлийн жагсаалтад олонтоо дурдагдах болсон.  Энэ бүтээл үндэсний хэмжээнд хүний бодит хэрэгцээ болсон сексийн зан үйлд өөрөөр хандах нөхцлийг бий болгож, судалгааны энэ салбарыг хөгжих замыг тавьж өгсөн гэж хэлж болно. Кинсеи судалгаагаа үргэлжлүүлэн “Эмэгтэй хүний сексийн зан үйл” ( Sexual Behavior in the Human Female) номоо 1953 онд туурвисан.  Уэльс Кинсеигийн судалгааг дэмжсэнээр элдэв хар яриа, хардлага,  сэрдлэгэд өртөж, огцрохыг хүртэл шаардуулж байсан боловч шинжлэж ухааны шинэ салбарыг, бүтээлч эрдэмтэнийг хамгаалж дэмжиж байсан нь судлаачдад оюун ухааны эрх чөлөөг мэдрэх, өөртөө болон судалгаандаа итгэл үнэмшилтэй тууштай байх хөрсийг баталгаажуулж байлаа Уэльс болон Кинсеигийн хэлсэнээр энэ судалгаа Индианагийн Их сургуулийн  шинжлэх ухааны нэр хүндийг өргөх, өрсөлдөх чадварыг өргөхөд чухал үүрэг гүйцэтгэсэн байдаг.
Уэльсийн засаг захиргааны 25 жилийн дотор оюутаны тоо эрс өсч, сургуулийн газар нутгийн хүрээ тэлж, сургууль дээр хичээлийн болон хичээлээс гадуурх сургалтын үйл ажилллагаа өссөн байлаа. Дайны үед өдрөөр сурах оюутаны тоо цөөрсөн ч гэсэн Индианагийн Их сургууль цэрэг, усан флотын төрөлжсөн болон түргэвчилсэн сургалтын төв байсаар байсан. Дайны дараа дайнд оролцогчдод сургалтын дэмжлэг, тэтгэлэг өгөх болсоноор суралцагчдын тоо хоёр дахин (1946-1947 оны хичээлийн жилд 10,000 болов.) өсч, 1946 оны хичээл 3 долоо хоногоор хоцорч эхэлж байсан байдаг.  Дайны дараагийн Их сургуулийн барилга байшин, эд агуурсын хэрэгцээг Уэльс их сонин шийдсэн байдаг. Тэрээр дайны үед цэргийн зориулалтаар ашиглаж байсан хуучин оромжнуудыг татаж авчирч,  оюутаны хотхоны суурь тавьсан байдаг.Мөн хотхоны байрны эрхлэгчийг оюутаны   том хэмжээний дотуур байр барихыг санал болгосон байна. Индианагийн Их сургуульд суралцахаар ирж байгаа нэг ч оюутан буцах ёсгүй гэсэн Уэльсийн хатуу даалгавар 1950-60-аад америкийн сургалтын түүхэнд дахин давтагдаагүй юм. Энэ даалгавар ч биелсэн билээ.  Xарин анги танхим, лабораторийн хангамж, тоноглол, төхөөрөмжлөл бас л шаардлага хангахгүй байлаа. Энэ жилүүдэд шинэ, шинэ хичээлийн байр, хөгжмийн сургууль, төгсөгчдийн холбооны барилга зэрэг олон байгууламжийг төрийн туслалцаа, зээл, өөрийн нөөц бололцоогоо дайчлан барьж байлаа.
Уэльс оюутаны хотхон байгуулахаар шинэ газар олж эзэмшиж байлаа. Өмнөх ерөнхийлэгчийн үед сургууль 137 акр газар эзэмшиж байсан бол Уэльсийн үед  энэ хэмжээ 10 дахин өссөн юм. Уэльс хотхоны мод, сөөг болгоныг хайрлан хамгаалах, тордож ургуулах,  ногоон төрхийг хадгалахын төлөө тууштай ажилладаг байлаа. Тэрээр  мод, бут, сөөг тайрах нь бидэнд өмнөх үеийнхнээс үлдээсэн өвийг устгаж байгаа ялт хэрэг, түүнээс урваж байгаа явдал гэж үзэж байлаа. Ерөнхийлэгчийнхээ хугацааг дуусгаад хамгийн сүүлийн төгсөлтийн ёслолын арга хэмжээн дээр тэрээр хэлэхдээ манай төгсөгчид  төрлөх хотхоныхоо ногоон байгаль, унаган төрхийг хадгалан авч явна гэдэгт би найдаж байна. Манай энэ ногоон арлын өнгө төрх бидний анги, танхим, номын сан, лабораторын гоо үзэмж, эмх цэгцэд нөлөөлөлх учиртай[12]  гэжээ.   Ингэж Индианагийн Их сургуулийн хотхон болох суурь тавигдсан түүхтэй.  Одоо Индианагийн Их сургуулийн Блүүмингтон хотын оюутаны хотхон өнгө, үзэмж, ая тохь,талбай, эрүүл орчин гэдгээрээ америкийн эхний таван хотхоны нэг билээ.
Уэльс америкийн их дээд сургуулийн хамгийн  залуу  ерөнхийлэгч болохоосоо өмнө  Индиана муж улсын Банкуудын холбооны нарийн бичгийн даргын хувиар төрөлх муж улсынхаа  92 сум, дүүрэгт очиж орон нутгийн банкны  салбарын удирдлага, бүс нутгийн улс төрчидтэй уулзаж, ажил төрлийн холбоо тогтоох, таньж мэдэх чиглэлээр ажиллаж , туршлага хуримтлуулж байсан хийгээд, Индианагийн Их сургуулийн захирал болсоны анхны жилдээ америк даяар  ажил хэрэгч аялал хийсэн нь Индианагийн Их сургуулийг гадаад ертөнцтэй холбох гүүр болж өгсөн билээ.  
Америкийн салан тусгаарлах бодлого барьж байсан тэр жилүүдэд  Индианагийн Их сургууль гадаад хэлний сургалтаас эхлэн дэлхийн өнцөг булан бүрийн хэл соёл, түүхийг хамарсан өргөн цар хүрээ бүхий олон улсын хөтөлбөр хэрэгжүүлж байсан юм. Уэльс захиргаагаараа дамжуулан сургуулиа  олон улсын түвшинд гаргах ажлаа 1941 онд Өмнөт Африкаар 2 сар аялсан томилолтоосоо эхэлсэн гэж хэлж болно.Энэ аялал-томилолтынхаа талаар тэрээр: “Энэ аялал миний хорвоог таньж мэдэх, Индианагийн Их сургуулийн үйл ажиллагааг  гадагшаа хандуулах хэрэгтэй гэдгийг ойлгоход миний нүдийг нээж, хэтийн зорилгоо тодорхойлоход  гол нөлөө үзүүлсэн"( Wells, Being Lucky, 265)  гэж дурссан.  Дэлхийн хоёрдугаар дайны үед Уэльсийн сургуулиасаа гадагшаа хандсан үйл ажиллгаа идэвхжиж, 1943-44 онуудад олон Улсын Эдийн засгийн хамтын ажиллагааны төрийн департментад ажиллаж, бас Америкийн  Боловсролын Хороог тэргүүлж, НҮБ-ыг байгуулахын төлөө ажиллаж байсан Сан-Францискогийн Бага Хуралын төлөөлөгч байлаа. Дайны дараагаар 1946 онд Америк-Франц- Их британын гурвалсан холбооны төлөөлөгчөөр Грег улсын ардчилсан сонгуулийн ажиглагчаар 3 сар ажилласан байдаг.  
Уэльс Германы дайны засгийн газрын соёлын зөвлөхөөр Индианагийн Их сургуулиас 6 сар хөндийрэн ажиллаж, дайны дараах үеийн Европын боловсролын тогтолцоо, шашины хэрэг, хэвлэл, мэдээлэл, залуучуудын хэрэг, эмэгтэйчүүдийн асуудлыг хариуцан ажиллаж байлаа.
Хэдийгээр тэрээр Европын ард түмэнд тустай үйл ажиллагааг хэрэгжүүлж байсан ч гэсэн, түүнийг төрлөх сургууль гэр орон нь дуудаж, татагдаж байлаа. Германаас буцаж ирснийхээ дараа гадаад томилолт, хүсэлтээс татгалзаж, дийлэнх цагаа сургуулийнхаа ажил хэрэгт зарцуулж байлаа. Энэ жилүүдэд анхны томилолтоо 1957 онд АНУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орж НҮБ-ын Ерөнхий Ассамблейн арван хоёрдугаарЧуулганд оролцсон байдаг. Дараа нь 1958 оны зун тэр үеийн  Зөвлөлт Холбоот улсад  хоёр орны их дээд сургуулиудын солилцооны хөтөлбөрийн суурь  тавихаар ажилласан байна.
Дараа нь тэр ерөнхийлэгчийн ажлаа өгч , дэд захиралаар ажиллаж байхдаа Дэлхийн боловсролын Фондын гүйцэтгэх захиралаар 6 жил ажилласан байна. Уэльс олон улсын түвшинд олж авсан мэдлэг, боловсрол, мэдээлэлээ удирдах зөвлөлөөрөө дамжуулан сургалтын  олон улсын хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх, дэлхийн улс орнуудад гарцтай болоход ашиглаж байлаа. Тайланд, Пакистан болон бусад орны их дээд сургуулиудад  Индианагийн Их сургуулийн багш, судлаачид  сургалтын хөтөлбөрийн болон захиргааны ажлын туслалцаа үзүүлж байлаа. Индианагийн Их сургуулийн гадаад хэлний сургалтын өвөрмөц зохион байгуулалт, сургалтын онцлог сургуулийн нэр хүндийг өсгөж, 1962 онд  гадаад оюутаны тоо 1000 (нийт оюутан 16,000 байв) давж байжээ. Уэльс захирал 100 гаруй орноор орж боловсролын солилцоо, харилцааны ашигтай хувилбарыг сонгож явсан байна. Тэр хэлэхдээ “Аялана гэхээс хөл  загтнаад байдаг. Амьд байгаа цагтаа аялалаа зогсоохгүй гэж найдаж байна” гэжээ.
Xэдийгээр Уэльс их сургуулийн судалгаа, бүх шатны сургалтын баазыг бэхжүүлэх хэрэгжүүлэхэд голлон анхаарч байсан ч гэсэн сургуулийнхаа хүрээнд олон соёлын үрийг суулгаж ургуулахад ихийг хийсэн хүн. Урлагын бүтээлийг талархан ойлгож явдаг тэрээр оюутаныг урлаг, соёлд элэгтэй болох, ойлгох, сургалтын нэг гол төрөл байлгах, оюутаны оролцоог нэмэгдүүлэх бодлого барьж ажиллаж байлаа.  Индианагийн Их сургуульд хөгжим, дүрслэх урлаг, театр, дуурийн зэрэг салбар нээгдэж, тэдний хүмүүжүүлэх нөлөө илт мэдрэгдэж, олон оюутаны урлагт татагдах, нөөц авьяасаа илрүүлэх, түүнийг хичээл сургалттай нягт уялдуулах бололцоо нээгдсэн билээ.
Уэльсийн ерөнхийлэгчийн албаа өгсөний 6 сарын дараа Reader's Digest сэтгүүлд түүнийг Индианагийн (их сургуулийн) соёлын түүчээ, соёлыг нийтэд нээлттэй болгосон хүн гэж дүгнэсэн байдаг.” Орчин цагийн Их сургууль нэг байрандаа тулгаа тойрон эргэлдэх учиргүй, хүрээнээсээ гарч бүх хүнд мэдрэгдэхүйц үйл ажиллагаа явуулж байх учиртай. Ингэж чадвал гэрийн эзэгтэй, ган хайлуулах үйлдвэрийн ажилчин,фермерүүд  дипломын талаар бодохгүйгээр гэрээрээ соёлын боловсрол олж авч байдаг.  Манай сум бүрт нийтийн дуу дуулдаг симфони оркестр байгаагүй цагт, хотын төвийн заалнуудад театр, урлагын бүлгэм байхгүй цагт миний сэтгэл яаж амрах билээ”[13]  гэж сэтгэлийнхээ учирлалыг илэрхийлсэн байдаг.
Харахаас нэг л дотно, уулзах бүрт хүнд ажиллах урам зориг, эрч хүч  хайрладаг сэтгэлд дотно агаад шийдэмгий, эрч хүчтэй Уэльс  захирал өмнөх ерөнхийлэгчийнхээ  боловсролын бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийн зэрэгцээ боловсролын үйл ажиллагааны хүрээ, хэрэгжих цар, бий болгосон бодит орчны хэмжээ, боловсролыг үнэлэх үнэлгээ, иргэдийн оролцоо  зэргээр урагшаа шинэ, холч алхам хийж, Индианагийн Их сургуулийг нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн боловсролын байгууллага болгож чадсан байдаг.Индианагийн Их сургуулийн хамт олон болон өөрөөсөө сургуулийнхаа сайн сайхан, хөгжил цэцэглэлтийн өөрчлөлтөд ихийг шаардаж, ихийг хүлээж байсан юм. Индианагийн Их сургуулийг америк болон дэлхийн хэмжээнд хүрсэн, боловсролын салбарт  өрсөлдөх чадвар нь байнга өсөн нэмэгдэж байх байгууллага байх ёстой гэсэн түүний тэмүүлэл, эрмэлзэл нь прагматик шинжтэй байсан болохоос утопи байгаагүй болохыг тус сургуулийн хөгжлийн түүхэн замнал харуулж байгаа юм.Их сургуулийн багш, оюутаны оюун ухаан, сурах, хөгжих боломжоо бүрэн ашиглах эсэх нь бид сургалт, судалгааны орчинг хэр зэрэг иж бүрэн бий болгосноос шалтгаална гэж тэр олонтоо давтах дуртай байлаа. Хүмүүс түүний хувьд итгэл найдвар нь байлаа. Тийм болохоор тэр сургуулийнхаа бүх хүмүүстэй ажил хэргийн, албан бус, хувийн харилцаатай байлаа. Индианагийн Их сургуулийн захиргааны түвшиний уур амьсгал найрсаг хэдий ч асар их ачаалалтай, олон санаа бодол, батлах, үгүйсгэх нотолгоо, маргаан, мэтгэлцээн, үнэний эрэл, асуудлын шийдлийн хувилбар, цаг хугацааны хомсдолоор дүүрэн байдаг байлаа. Хэн нэгэн ажилтан хийх ажлаа хугацанд нь хийгээгүй бол түүнийг маргааш, дараа сард, дараа улиралд заавал хийх учиртай гэдгээ мэдэрч, итгэл үнэмшилтэй ажилладаг байлаа. Захиргааны ажил хэзээ ч нэг байрандаа хөшүүн хойрго, хөлдүү царцанга байгаагүй юм. Сургуулийн хэмжээнд ажлын доголдол, ажилдаа болон удирдлагадаа сэтгэл дундуур байх, ажлаас халагдах, зарим ажил тасалдах зэрэг үзэгдэл байсан ч гэсэн, энэ нь сургуулийн амжилтанд сөрөг нөлөө үзүүлж чадаагүй юм. Энэ бүхэнд ерөнхийлэгчийн ажлын арга барил, удирдах ур чадвар, хамт олоноо манлайлах хүмүүнлэг үйл ажиллагаа нэвт харагддаг. Индианагийн Их сургуулийн хөгжлийн жигд ахиц, шинэ, шинэ амжилтууд Уэльсийн бүхнийг өөрөө удирдаж, гарсан алдаа, эндэл, хариуцлагыг өөртөө хүлээж, олны өмнө засч чаддагт байсан юм[14]. 
Уэльс ажлыг эртнээс хэтийг харж төлөвлөж чаддаг, хэрэгжилтыг нь өдөр өдрөөр хянаж чиглүүлж байдаг зөв совинтой, зөв сэтгэлгээтэй,бодит үр дүнд баримжаалдаг, ажлаа ил, олны нүүрэн дээр дүгнэ(үүл)дэг эгэл атлаа аугаа удирдагч байсан юм.
Тэр ажлынхаа философыг хамгийн энгийнээр томьёолохдоо: ерөнхий удирдлага бол сургуулийн бүрэлдэхүүнд үйлчлэгч болохоос тэднийг захиран  дарангуйлан цээрлүүлэгч байж таарахгүй. Бид өөртөө биш, сургуулийнхаа нийт олонд эцэс төгсгөлгүй үйлчилдэг.Цомхон удирдлага илүү нягт үйлчилдэг юм”[15] гэсэн байдаг.
Уэльс сургуулийн сургалт, судалгаа, үйлчилгээний бүх хүрээ, өнцөг буланг хараанаасаа салгадаггүй байлаа. Уэльсийг 1962 онд тэтгэвэрт гарахад нь “Тайм” сэтгүүлд эдийн засагч мэргэжилтэй Уэльс Индианагийн асар их сан хөмрөгийг дангаар эзэмшиж, энэ баялагыг чанартай, бүх нийтийн боловсрол худалдаж авахад зарцуулсан юм гэж бичжээ. "("Heavyweight Champion," Time, 11 May 1962, 70.)
Америкийн Индианагийн Их сургуулийн домогт захирал асан энэ хүний ажлын онцлог, хүнтэй ажиллах арга барилыг энэ аугаа хүний нэрмжит болж, америктаа  хамгийн шилдэг  номын сангаар шалгарсан  эрдмийн уурхайн тухайн болон хожуу үеийн баримт сэлт, дурсамж, нийтлэлээс чадан ядан шүүрдсэнээ эвлүүлэн тэрлэв.




[1] Herman B Wells, Being Lucky (Bloomington: Indiana University Press, 1980), 94-95
[2] "Bryan Lauds Ideals and Principles of Successor," Bloomington Star, 2 December 1938
[3] Herman B. Wells IU's Greatest Leader,Our Town 2010/2011, Bloom magazine presents
[4] HBW Inaugural Speech, 1938; reprinted in Thomas D. Clark, Indiana University, Midwestern Pioneer 4 (Bloomington: Indiana University Press, 1977), 378.
[5] "Newsboy to College Head," Newsweek, 4 April 1938, 30-32.
[6] James H. Capshew, ed., Students in Residence: At Home with Herman B Wells (Bloomington: privately printed, 1991
[7] "Wells Receives Local NAACP's Annual Award," Indiana Daily Student, 18 May 1962
[8] Clark, Indiana University 3, (1977): 83)
[9] HBW Commencement speech, 1962; reprinted in Indiana Alumni Magazine June-July 1962, 24-25.
[10] Clark, Indiana University, v. 3, 17
[11] Lander MacClintock, "Wellsian Indiana for 25 Years," The Arts and Sciences Review 40, no. 6 (February 1962);
[12] HBW Commencement speech, 1962, op. cit.
[13] Karl Detzer, "This College Campus is the Whole State," Reader's Digest (March 1939); reprinted in Being Lucky, 459-462)
[14]  (Henry R.R. Remak, "Thumbnail Thoughts on Hermie," The Arts and Sciences Review 40, no. 6 (February 1962);
[15] Wells, Being Lucky, 143.


No comments:

Post a Comment