Friday, January 14, 2011

Арван Гурван Aлтай хаана байна вэ?

"Арван гурван Алтай Гучин гурван Хөхий" гэсэн хэллэгийг мэдэхгүй монгол хүн бараг үгүй биз.


Харин энэ уулс хаана байдаг вэ гэвэл Алтайн нуруу, Алтан Хөхий, Хан Хөхий гэсхийгээд зогсоно. Би л лав тийм байсан. 1990-ээд оны эхээр Зүүн гар хаант улсын газрын зургийг бүтээхээр ажиллаж байхдаа Тэнгэр уулын мужид багтах уулсын ай дотроос хэдэн Алтайн нэр олоод арван гурван Алтайг санаж, улмаар эрэн хайж эхэлсэн билээ. Анхны үр дүнгээ 1993 онд "Үг" сониноор олон түмэнд хүргэсэн боловч тухайн цаг үеийн байдлаас болоод тэгсэн үү, элсэнд асгасан ус мэт чимээгүй болсон. Арван гурван Алтай хэмээх энэ хэллэг нь юуны өмнө монголчуудын түүхэн газар зүйн ойлголт юм. Цаг хугацааны хувьд эртний туульстай чацуу гэж үзэх магадлалтай Зөвхөн "Жангар" туульсыг үзэхэд л "Тогос Алтай", "Хаш Алтай" гэх мэт уулсын нэр гарна. "Жангар" судлалын тэргүүлэх эрдэмтэн Алтан-Оргил / БНХАУ/ Жангарыг XҮ зууны дөрвөн ойрадын их ноёд Тогоон, Эсэн нарын нийлмэл дүр гэж дүгнэсэн байдаг. Жангарын туульсад гардаг газар нутаг нь тэр үеийн Дөрвөн Ойрад болон Цагаадайн удмын хаадын эзэмшилтэй тохирч байгааг Алтан-Оргил гуай олон баримтаар нотолжээ. /Алтан-Оргил "Шарын дөрвөн төр", 1996, Хөлөнбуйр/ "Арван гурван Алтай"-г эрэхдээ миний бие басхүү Дөрвөн Ойрадын түүхийг голлон барьсан бөгөөд өөр баримжаа ч одоогоор олдоогүй. Ингээд ядмагхан эрлийнхээ үр дүнгээс товчлон сонирхуулъя.

1.Хан Алтай
Ардын магтаалд өгүүлсэнчлэн: "Хүдэр өндөр, баян Хан Алтай" бол Монгол улсын нутаг дэвсгэрт орших их уулсын ай юм. Баруун хойт үзүүр нь Алтай Таван Богд уул болох бөгөөд дорнод төгсгөлийг нь нэрлэхэд хэцүү. Орос-Зөвлөлтийн газар зүйчид "Монгольский Алатау" гэж нэрлэснээр өдгөө дэлхийн газрын зурагт нь тийнхүү тэмдэглэгдэх болсон Хан Алтай маань хэдийгээр Тэнгэр уулсын мужид багтдаг зарим Алтайгаас өндрөөрөө дутуу боловч эзлэх талбайгаараа тэднэ"эс хавьгүй том бөгөөд аргагүй л Арван гурван Алтайн "Хан" болно. Уртаараа бараг 1000 шахам км, өргөн нь /Баян-Өлгий, Ховд орчимд/ 200 км болдог Хан -Алтайг энэ цараар нь хэмжвэл "Дэлхийн дээвэр" гэгддэг Памирын уулстай л жишиж болмоор байгаа юм. "Хан Алтай минь" гэж тахиж даатгадагаас бус "Монгол Алтай минь" гэж залбирдаг хөгшид ер үгүй. Хан Алтайн салбар уул, хөндийгөөс эртний хүн монголын булш элбэг олддог. Бидний бага сага гадарлах хожмын түүхээр бол XII-XIII зуунд хүчирхэг Найман аймаг энэ газрыг эзэмшин торджээ. Их Монгол улсын үед Их хаан Ариг бөхийн хадмууд болох Ойрадын ноёдын эзэмшилд орж, үүнээс хойш Дөрвөн Ойрадын удаа дараагийн холбоо мандаж мөхсөн түүхтэй салшгүй холбогдсон нутаг юм. Ноён оргил нь нэгэн үе Алтай Таван Богдын Хүйтэн уул /4533 м/ гэгдэж байснаа одоо Мөнххайрхан уул /4305 м/ болсон буй. Олноо алдаршсан "Алтайн магтаал" бол чухам энэ Хан Алтайд зориулсан дуулал билээ.

2. Хатан Алтай
Газар зүйн байрлараар Хан Алтайн умард салбар мэт боловч нэн эртнээс Хатан Алтай хэмээн ардын дуу, ерөөл, магтаалд мөнхөрсөн их уулсын ай бөгөөд талбайн цар хэмжээгээрээ аргагүй л Хан Алтайн дараа орно. Орос-Зөвлөлтийн газар зүйчид "Алтай " гэж тэмдэглэдэг / "СССР, энциклопедический справочник", Москва, 1982/ Арай ч "Русский Алатау" гэж бичээгүй. Хатан Алтай баруун хойноос зүүн урагшаа 400 гаруй км сунан тогтсон, Хатаны нуруу, Тэрэгтийн болон Чаргатын нуруу хэмээх гол гурван нуруунаас бүрддэг. Хатаны нуруунд орших Белуха /4506 м/ уул ноён оргил болно. Эндээс эх авсан Хатан гол Обь мөрний эх болдог байна. XIII зуунаас өмнө энэ орчмоор эртний хиргис аймаг нутаглаж байгаад тэлэнгэд болж хувирсан гэх. XҮI-ХУIII зууны үед Хатан Алтай нь хотгойдын Шолой Убаши хунтайжийн эзэмшилд багтах болов. Тэр үеийн Сибирийн тухайлбал Тобольскийн губернаторуудын албан бичигт Убаши хун тайжийг "Алтай хан" гэж эзэмшилээр нь нэрлэж байсныг Златкин иш татжээ. /И.Я.Златкин "Зүүн гарын хаант улсын түүх", 1985, ӨвөрМонгол, Х.147/ Чоросын Хар хул, ноён, Хатан Алтайг булааж авахаар удаа дараа довтлож байсан төдийгүй түүний цэрэг хотгойдын цэрэгт ялагдсан үедээ Обь мөрнийг уруудан Томск хүртэл аялан байлдаж оросуудыг айлгаж байсан сонин баримт ч бий. 1678 онд Галдан бүх ойрадыг нэгтгэхэд тэр үед нэгэнт Хөвсгөл зүг шилжээд байсан хотгойдын эзэмшлийн Хатан Алтай Зүүн гар улсын нутаг дэвсгэрт багтан оржээ. Зүүн гар улс мөхөж, Манж Чин улс бүх Монгол туургатнуудыг ноёрхсон жилүүдэд, Хатан Алтайн нутгийг Алтайн урианхай, Тагна Туваг Тагнын Урианхай гэж хуваагаад нийтэд нь Урианхайн хязгаар гэж нэрлэж явав. Манж гүрэн нурсан хийгээд Орос оронд октябрийн хувьсгал гарснаас болж Урианхайн мэдэлд шилжив. 1918 онд большевикууд Хатан Алтайн хязгаар /алтайский край/ гэсэн шинэ бүс нутаг байгуулагдав. Алтайн хязгаарыг дотор нь хоёр хувааж, Хатан Алтайг 1922 оны 6-р сарын 1-нд Ойрадын автономит тойрог болгожээ. 1948 оны 1-р сарын 7-ноос ЗСБНХУ-ын дээд Зөвлөлийн зарлигаар "Ойратская" гэдэг үгсийг хасч "Горно Алтайска" А.О" гэж нэрлэгдэх болсон. Одоо ч энэ хэвээрээ байгаа.

3. Зүүн гарын Алтай
Ойрад буюу Баруун Монголын голт зүрх гэж болох энэ их уул уртаатаа 240 орчим км болно. Ойрадын II чуулганы /1368-1455/ үеэс ойрадын гол ноёлох овог аймгууд энэ хавиар тухайлбал Зүүн гарын Алтайгаар төвлөн, зүүнтээ Тарвагатай, Ургаа шар, Сайр нуруу, Ховог гол, урагшаа айраг, Тээл нуураар дамнан Богд уул, эрээн Хавирга нуруугаар, өрнө талдаа Аврал, Нартын нуруу /"Жангар" туульсад Нартын найман ертөнц гэж гардаг/ бүр алс өрнө тийшээ Халигтайн нурууг уруудан Хайдаг голын хөндийгөөр Харшаар хүртэл нүүдэллэн аж төрж байжээ. Зүүн гарын Алтайн араас Левша, Аксу, Хөв, хар тал зэрэг голууд эх авч Балхааш нуурт цутгана. Өврөөс нь Бортал гол урсаж, Ээвэн нуурт цутгадаг. Одоо ч энд Бор тал аймаг хэмээх торгууд нар өөртөө засах эрхтэй амьдран суугаа. 1992 онд Бор талаас хэсэг торгууд айл Монгол улсад ирэхэд миний бие угтан авагчдын нэг байлаа. Харамсалтай нь тэр хүмүүст манай хүнд сурталтнууд оршин суух эрх олгоогүй, тэгээд тэд асар их гомдол өвөрлөсөөр Кирсаныг түшиглэхээр одож билээ. Зүүн гарын Алтайн дорнод үзүүр нь Алахол, Ээвэн хоёр нуурын завсарт тулдаг. Яг энэ уудам хөндийг "Зүүн гарын хаалга" гэж Орос, Хятадын албан ёсны газрын зурагт адилхан тэмдэглэжээ. Миний хувьд энэ "хаалга"-ны тухай урьд ер сонсож байсангүй, сонсоогүй болохоор ном судраас ч анзаарсангүй байна. Өнгөц бодож үзвэл Хаант Орос, Манж Чин хоёр улсын хилийн гэрээгээр 1820-иод оны үед Зүүн гарын Алтайгаар хил заагласан үед энэ хэллэг үүссэн болов уу гэж бодогдоно. Одоо ч энэ хил хэвээрээ. Зүүн гарын Алтайн хойт хормой Казахстан улсад хамаарах ба өмнөд бэл нь БНДундад Ард улсад орж, Бор тал аймгийн торгууд нар Ээвэн нуурынхаа хөвөөнд цоор хөгжмөө үлээж, "Арван гурван Алтай"-гаа магтаж дуулсаар байгаа.

4. Илийн Алтай
Ил, Тарвагатай, Богд уул, Эрээн хавирга, Борхөл, Цонж гээд л миний багад мянгад нутгийн өвгөд маань төрсөн нутаг шигээ дурсдаг энэ газрууд өдгөө харь улсын хилийн дээсэнд оржээ. Үүний нэг нь Илийн Алтай. Тэртээ XҮIII зуунд баруун монголчууд их хурлаа хийж, айраг чигээгээ сөгнөж суусан Ил голын нэрээр энэ их уулсыг нэрлэжээ. Илийн Алтай нуруу дорнод уртрагийн 75 хэмээс 78 хэм хүртэл, умард өргөргийн 44 хэмийн дагуу 300-аад км үргэлжлэх огцом өндөр уулс билээ. Дундаж өндөр нь 2500-3000 м болох бөгөөд оргил нь Талгар уул /4951 м/ болно. Талгар уулын ар бэлд саяхан Казахстан улсын нийслэл Алма-Ата гэдэг их хот байлаа. Назарбаев дарга энэ нийслэлийг нүлгэсэн сурагтай. Шинэхэн Астана хаана байдгийг мэдэхгүй юм. Илийн Алтайд хойдын Амарсанаа хаан, тугаа эвхэн биеэ тэнхрүүлж суусан тэр үе бол 1756 оны гамшигт мөчлөг байсан даа.

5. Хүнгээн Алтай
Илийн Алтайтай хаяа дэрлэх энэ их нуруу Иссаккуль буюу Төмөрт нуурын хойт хөвөөг эмжиж дорнод үзүүр нь Тэнгэр уулын ноёлох өндөрлөг Хан Тэнгэр лүгээ залгалдана. Дорнын их зохиолч Чингиз Айтматовагийн төрсөн нутаг ч гэлцдэг. Хүнгээн Алтай Илийн Алтайгаас уртаараа давдаг ч, ноён оргил Чоктал, уул 4771 м өндөр, бас ч дундаж өндөр нь 2000 м болж арай намхан болно. Энэ хоёр Их Алтайг Шийлэг мөрөн хагалж урсана. Манай Буриад нутагт бас нэг Шийлэг /Шилка/ байдгийг та бүхэн мэднэ. Ер нь монголчууд газар, усны нэрээ ижилсүүлэх дуртай, үүгээрээ ч эзэмшил газраа "нотариат"-ладаг байсан бололтой. Эртний монгол улс, хаадын язгуур нутгийг зэрэгласан сүүлийн 20 жилийн ажилдаа миний бие Төв болон Дундад Азиас Хатан гол 4-ийг, Хөх мөрөн 6-г, Айраг нуур 3, Шар гол 4, Хөх нуур 6, Хар ус нуур 5 гэх мэтээр олсон төдийгүй Бурхан Буудай уул 2 байгааг тогтоосноо дашрамд өгүүлсүгэй. 2003 оны намар Хөх хотод эрдэмтэн Алтан Оргил гуайтай уулзах завшаан таарч, бараг долоо хоног миний бие тэр их Монголжин өвгөнтэй хамт байхдаа өөрийнх нь насан туршийн судалсан "Жангар" туульсын баатруудыг яриулж билээ. "Баян Хүнгээн Алтан Цээж" гэж ер нь хэн байсан бэ? гэж асуухад өвгөн эрдэмтэн "Хүнгээн Алтай гэж байдаг. Угтаа торгууд нарын уугуул нутаг. Торгуудын дээд эзэн Амгалан Гиваан гэж байв. Тэр бол Хүнгээн Алтан Цээж мөн" гэж билээ. Лавшруулан үзвээс Дундад Ойрадын чуулганы нэг тэргүүн Тайван гэж "БНМАУ-ын түүх" гурван ботид яурдсан байна. Энэ нь мөнөөх Амгалан Гиваан ажгуу. Эцсийн эцэст "Ирэх 99 жилийг тааж мэддэг ирээд өнгөрсөн 99 жилийг түүж хэлдэг Баян Хүнгээн Алтан Цээж" Амгалан мөн үү, биш үү гэдгийг ирэх 99 жилийн мэргэд батлах биз. Миний хувьд Хүнгээн Алтай байгаа, торгууд нар энд нутаглаж байсан нь үнэн, энэ их уул 13 Алтайн нэг мөн гэдгийг л хэлэх гэсэн юм.

6. Дээр Алтай
Далайн төвшнөөс дээш 1600 м-т орших давслаг Төмөрт /Иссыккуль" нуурын өмнөд хөвөөг Дээр Алтай эмждэг. 500 гаруй км урт энэ их нуруу Тэнгэр уулын ноён оргил Хан Тэнгэр лүгээ залгана. Урианхай бөөгийн дуудлагад: "дээрх Алтай минь" гэж гардаг нь энэ их уулыг дурдсан ажгуу. Дээр гол /оросоор "Тер" гэх/ энэ нуруунаас эх авч Нарийн голд цутгана. Нарийн гол Дээр Алтайгаас олон гол горхийг авч урссаар агуу их Сыр-даръя /эртний хэллэгээр Оксус мөрөн/ мөрний эх ундарга болдог билээ. Дээр Алтай болон Нарийн голыг дагасан хотууд нь Чингис хааны дэд хөвгүүн Цагаадайн ач үрсийн эзэмшилд байлаа. 1683 онд Галдан Бошигт хаан тэр бүгдийг дайлан дагуулж, заримыг нь Кашмир, Энэтхэг рүү хөөн явуулаад, Ү Далай лам болон түүний багш, өөрийн багын найз дэсрид / дива ч гэх/ Санжаажамцын захиасаар Цагаадайн ҮI үеийн ач Хожа Ибраимд Яркендар төвлөсөн хаант улс байгуулж өгсөн түүхтэй. Дээр Алтайгаас нэгэн их гол эх авдаг нь монголын гол юм. Үүй гол Иссаккуль нуурын эргээр дугуйран гарч Хиргисийн нурууг дамнаад Муюнкумын элсийг туулж, Бетпак талын тачирхан ургамлыг тэтгэнэ. 1218 онд энэ газар Сүвээдэй баатар мэргидийн дайчдыг нэхэн хөөж, номхотгон авсан бөлгөө.

7. Таласын Алтай
Тэнгэр уулын баруун хойт шувтарга болон энэ нуруунаас олон гол эх авдаг ч хамгийн алдартай нь Талас гол. Манай эриний өмнөх 90-ээд онд Хүн-Монгол гүрний эзэн Жижи хаан энд хот байгуулж тэр үед сүр хүчээ гайхуулж асан нангиадын хан төр лүгээ эсрэгцэн дайтаж явжээ. Түүнээс 1000 жил өнгөрөхөд энэ газар исламын шашин цэцэглэж хоросм шаг Тэкиш их улсын суурийг эндээс үндэслэжээ. Тэкишийн хүү Мухаммед Их монгол улсын худалдаачдыг хороож, Чингис хааны хилэнг хөдөлгөсөн тэр цагт /1217 он/ монголын их жанжин Зэв, Таласын Алтайгаар гайхамшигт рейд хийж, Ферган, Кокандыг эзлэн лалын ертөнцийг гайхуулсан түүх бий. Таласын Алтайгаас салбарлах Чаткал нуруу Ухам нуруу гээд их уулсын хормойд өнөөгийн Тажик улсын нийслэл Ташкент оршино.

8. Говийн Алтай
Өрнийн олон Алтайг түр орхиж, эх Монголдоо эргэсүү , Дэлхийд нэр нь түгсэн Прежевальский, Мурзаев, Обручевнарын зурагласнаар Говийн Алтай гэж байна. Хан Алтайн дорнод захыг хэлэхэд хэцүү гэж би дээр өгүүлсэн. Үүний учир нь Говийн Алтайн өрнөд үзүүрийг хэлэх баримжаа бага байдгаас болсон билээ. Ямар боловч би Баянхонгор аймгийн нутаг дахь Зөн уулыг Говийн Алтайн эх гэж тооцлоо. Үзэх Мэргэд шүүмжлэн зөвлөвөөс машид баярламуй. Говийн Алтайн уулс армагтармаг. Их нуруу нь Их Богд уул болно. Өвөрхангайн Богд сум, Баянхонгорын Богд сумыг дамжин орших энэ нурууны ноён оргил нь Тэргүүн Богд уул /3957 м/ билээ. Гурван Сайхан, Тост, Ноён уул бүгд Говийн Алтайн сайдайд багтана. Говийн Алтайн дорнод үзүүр нь Шанхан нуруу юм.

9. Дархан Алтай
Хиргисүүдийн уугуул нутаг, бөгөөд одоо Оросын холбооны улсын хакасын автономит тойрог болон Кемеров мужийг дамнан орших уулс юм. Энгэр бэлээр нь Том гол урсах бөгөөд дорнод үзүүр Авиян нуруу /Абакан/ залгадаг. Дархан Алтайн хиргисүүдийг баруун монголчууд бурууд гэдэг. Хотогчин Баатар хунтайж, Хиргисийн их ноёны охиныг авч, гэргий болгоод түүнээс төрсөн хүү нь Баатар хун тайжийн 12 хүүгийн ахмад Цэцэн тайж байлаа. Чухам тэр үеэс л Дархан хэмээх алдрыг энэ их уул хүртжээ. Дархан Алтайн бэлээр одоо ч Өргөө /Юрга/ гэдэг их хот байна. Өргөөгөөс 100 км өгсөөд Томск буюу Том голын хот бий. Ойрадын Хар хул ноён энэ хотыг айлгаж, оросын губернайтер тэвдэхдээ малгайгаа авч мөргөсөн сонин түүхтэй. Угтаа бол аль эрт XIII зууны эхээр Зүчи хан энэ газрыг эрхшээж, шавар намгийн орон байна гэж эцэг хаандаа айлтгаж байжээ. Дархан Алтайн хойт хормойд төмөр замын Тайга өртөө бий. Энд Монголын их жанжин Дэмид орост хорлогдож нас барсан билээ.

Төгсгөл
Ингээд миний хувьд газрын зургаар аялж, олсон Алтай маань ес боллоо. Энэ ес маань ч буруу байхыг үгүйсгэх аргагүй. "Бурууг хэлж зөвийг сонсдог" хэмээх ардын цэцэн үгэнд найднам. "Жангар" туульсад гардаг Хаш Алтай, Гантиг Алтай, Даш Алтай гэх уулс хэрхэн нэрээ сольсныг мэдэх арга одоогоор алга. Харин Алтан-Оргил гуай Тогос Алтайг яТогуз буюу түрэгээр "Ес" гэсэн үг, Есөн Алтай гэж тайлсныг дурдъя.

1990 оны зун, Дарханы Политехниккумын багш, монголын нэртэй явган аялагч Нацагдорж нэгэн сонин түүх ярьж билээ. Тэрбээр 1970-аад оны эхээр Хэнтий ханд аялж яваад төөрч, нэгэн хот айлд өчжээ. Асралт Хайрханы ойролцоо гэсэн. Эрж яваа газраа таамгаар сураглавал хот айлынхан ч бас гайхалзаж, харин хэвтрийн нэг өвгөн "Энэ хүүхдүүд Алтайг л эрээд яваа юм байна " гээд зааж өгсөн гэдэг. Хан Хэнтийн нуруунд Алтай нэртэй уул үнэхээр байжээ. Лу. "Алтан товч"-д Чингис хааныг хэнтий ханы ар, Алтай ханы өвөрт онголов гэсэн нь үүнд хамаатай ч байж магадгүй. Чухамдаа Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулс нэгэн цагт Арван гурван Алтайдаа багтдаг ч байсан юм уу. Бидний үеийнхэн явцуу шинжлэх ухааны ягшмал номлолд хэт дасаж "БНМАУ"-аар сэтгэсээр байгаад газар зүйн ойлголт маань ядуурсны гай энэ. Хилээсээ гарч сэтгэцгээе гэж уриалан дуудахын учир үүнийг тэрлэв.

Сэтгүүлч, түүхч Онход Т.Мандир 2009.IҮ.10.
Дугаар 21/684/
ХӨХ ТОЛБО

No comments:

Post a Comment