Friday, January 14, 2011

Гадаадад суугаа монголчууд ямар эрхтэй вэ?

Өнөөдөр монгол улсад ардчиллын үнэт зүйл баталгаажиж, монгол улсын нэр хүнд олон улсын хэмжээнд өсөж, гадаад харилцааны таатай, найрсаг орчин бүрдэхийн хэрээр монголчуудад гадаад оронд зорчих, оршин суух, ажил хөдөлмөр эрхлэх, сурч боловсрох өргөн боломж нээгдэж,олон мянган хүн гадаадад түр болон удаан хугацаагаар аж төрж байна. Нэгэнт л  иргэд маань  гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхтэй болохоор гадаадад зорчих,  суух иргэдийн тоо өсөн нэмэгдэхийн хэрээр тэдгээр иргэдийн аж төрөхүйн урсгалыг зохицуулах шинэ, шинэ хэрэгцээ, шаардлага гарч, шийдлээ хүлээн байгаа нь ойлгомжтой.

Гадаадад ажиллаж, амьдарч яваа монголчууд хэдийгээр хувиа борлуулж, довоо шарлуулахаар бор зүрхээрээ зүтгэж, эрсдэл,сорил ихтэй ажиллаж яваа ч гэсэн,  монгол гэх нэрээ хадгалан төлөөлж, эх орноо санан, элдэв сураг чимээ чагнан аж төрж явахдаа эх орныхоо зүгээс  иргэнийхээ хувьд  тусламж, дэмжлэгийг ар гэр ахан дүүс, найз нөхөд, мэдээж төр засгаасаа хүсэн хүлээж явдаг билээ. Монголчууд уулзаж ярилцахдаа, интернет, сүлжээгээр харилцахдаа эх орноо дурсан, сайн, саарын талаар санал солилцож, гадаадад байгаа нутаг нэгтэнтэйгээ ямар харилцаа холбоотой байх, тэд (бид) юу хийж болох талаар санал солилцох, маргаж мэтгэх энүүхэнд.  Монголчуудын ийм яриа, уулзалтын гол сэдэв нь ихэвчлэн  манай иргэний эрхийн хэрэгжилт, гадаад, дотоодод байгаа иргэдийн эрхээ эдлэх ялгаа, хийж болох ажил гээд хөврөнө дөө. Гадаадад суугаа монголчуудын аж төрж яваа бодит нөхцлийг сүүлийн хэдэн жил дунд нь байсных, тэдний төлөө манай төр засгаас санаа тавиасай, ийм ажлыг гадаадад суугаа монголчуудынхаа иргэний эрхийг эдлүүлэх ажлаас эхлээсэй гэсэн үүднээс Монгол улсын үндсэн  хуулинд заасан монгол улсын иргэний эдлэх  эрх  гадаадад суугаа монголчуудад хэр хэрэгжиж байгааг тоймлон , нийтлэлийн зорилгоор агуулгын ойролцоог харгалзан хэд хэдэн багцад оруулан бичиж, саналаа хуваалцахыг зорив. Бас та нарын эерэг, оновчтой (хэрүүлийн бус) санал бидэнд цаашид энэ чиглэлээр ажиллах, судалгаа явуулах, бичиж нийтлэхэд үнэтэй хувь нэмэр байх болно. 

            нэг. Бид  амьд явах эрхтэй бөгөөд онцгой тохиолдлоос бусад үед  амь нас бусниулахыг хатуу хориглохоор заажээ. Тэгвэл гадаадад суугаа монголчуудын амьд явах эрх хэр хангагдаж байгаа, түүнийг хангах талаар манай төр,олон нийтийн байгууллага, ер нь санаа тавьдаг уу гэж асуувал хариулт их л мохоо гарах бололтой. Хэвлэлээс харахад  Солонгос улсад аж төрж, хар  ажил хийж, хөлс хөөж яваа монголчуудаас 3 хоног тутамд нэг хүн нас барж байгаа нь эмгэнэлтэй. Гадаадад  амь насаа алдаж байгаа монголчуудын дотор эмэгтэйчүүд цөөнгүй байгаа. Монгол эмэгтэйчүүд  элдэв зар, зуучлалд хууртан   гадаад хүнтэй гэр бүл болох нь элбэгшиж, улмаар амь нас нь хохирох явдлыг Малайз, Солонгос гэхчлэн улсуудад монгол эмэгтэйн амь эрсдсэн явдал гэрчилнэ.
Түүнчлэн хэвлэлийн тохиолдлын хуудас сөхөхөд  “Хонконгод монгол залуусыг шүүнэ”,
“(....) цаазаар авах ялыг  хэвээр баталлаа”. “Хятадын шоронд ял эдэлж буй ...ийн хамсаатан гэгдэх ....нарыг өнөөдөр шүүнэ “…гэхчлэн хар мэдээ сонсогдох
нь манай гадаадад байгаа иргэдийн амь нас, эрх чөлөөтэй холбоотой байна.
Хоёр.  Монголын иргэд эрүүл, аюулгүй орчинд амьдарч, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах, эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй гэж заасан. Гадаадад ажиллаж байгаа зарим монголчууд хортой, тухайн улсынх нь иргэд төдийлэн ажилладаггүй ажлын байранд ажиллаж байгаа нь нууц биш. Энд нөгөө эрүүл мэндээ хамгаалуулах, аюулгүй орчинд амьдрах эрхийн тухай яригдах ёстой байх.  Утаан дундаа байгаа Улаанбаатарчууд, гадаадад ажлын хамгийн таагүй орчинд ажиллаж байгаа  монголчуудын хэнийх  нь эрх  илүүтэй зөрчигдөж байгааг мэдэхэд илүүдэхгүй. 
 Гурав. Бид  хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй болохоор  хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглох бөгөөд энэ эрх зөрчигдвөл төр  нөхөн олговор, үнийг төлдөг гэнэ. Гадаадад байгаа монголчуудад нэлээд хөндий дуулдаж байгаа байх. Гадаадад амьдрагсдаас өрхөд олгосон  хашааны ам газраа авсан, ганц нэг газар талбай “чулуу болгосон” хүн хуруу дарам гэхэд нэг их хялсдахгүй болов уу. Өнөөдөр харьд хөлс хүчээ асган  байж  олж байгаа хэдэн цаасыг мөнхийн мэтэд итгэн махийж зүтгэсээр эх орондоо алга дарам газар, нэг амбаар ч үгүй үлдэж байгаа нь нилээд.
Дөрөв. Монгол улсын иргэн сурч боловсрох эрхээ хангуулахдаа  ерөнхий боловсролыг  төлбөргүй авах эрхтэй.  Гадаадад байгаа монголчуудын шар махтайгаа хатаж байж олсон хэдэн мөнгөний дийлэнх нь гадаад, дотоодод сурах ах дүү, үр хүүхдийн сургалтын төлбөрт явж, энэ нь алсуураа монголын хөгжилд оруулж байгаа хөрөнгө оруулалт болдог. Монголын боловсролын салбарын санхүүжилтийн тодорхой хувийг үүрч яваа гадаадад оршин суугчдын энэ хичээл, зүтгэлийг төр яаж харж, ойлгодог болохыг сайн ухаарахгүй яваа хүн олон. Гадаадад олон авьяаслаг залуучууд шинэ бүтээл туурвиж, тухайн орныхоо жишиг, шаардлагыг ханган ажиллаж байгаа жишээ олон. Харин тэдний   соёл, урлаг, шинжлэх ухааны үйл ажиллагаа явуулах, бүтээл туурвих, үр шимийг нь хүртэх эрх харьд хэр зөрчигдөж байгаа, бусдын мэдэл, хараанд орж байгаа эсэх, монголын хуулиар тэр нь хэр хамгаалагдаж болох талаар шүүн ярилцвал зүгээр санагдана. Хууль ёсоор Монгол улсын иргэн  ажил  мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй.  Гадаадад ажиллаж, суралцаж байгаад эх орондоо буцаж очиж байгаа иргэд ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хангуулах байтугай ажлын байр олохгүй буцаад гадаадад дүрвэх тулгалтанд ордог тухай мэдээ баримт гарч байна. Миний бичиж цахим сүлжээнд нийтлүүлсэн нэгэн өгүүлэлд  нэг уншигч бичихдээ “Би эрxзүйч мэргэжилтэй, нөхөр  зураач. Бид хоёр Чех улсад 3 жил  болоод одоо Монголдоо ирээд xүүгээ нэг настай байxад орxиод явсан, ирээд цэцэрлэгт   оруулчихаад л... Амьхандаа  нутагтаа суурьшихаар шийдэн ажлын эрэлд гарч, 30 гаруй байгууллагад ажилд орох  өргөдлийн маягт бөглөсөн боловч, ажилд авах газар олддоггүй ээ. Нөхөр маань аргаа бараад буцаад явсан.  Би ч бас буцах тийшээгээ хандах болж байна. Төр  засаг гадаадад олон жил болсон биднийгээ иймэрхүү л хүлээж авч байна шүү дээ. Бидний адил монголдоо ажиллаж,  амьдрах орон зайгаа олохгүй, эргээд гадагшаа гарч байгаа гэр бүл олон бий гэж бодож байна. Ганц хүүгээ дахиад л хүлээхийн, ганцаардахын  “өнчрөлд” үлдээгээд явлаа даа . Бид бүгд  эx орон, ээж аав, үр хүүхдээ ямар иx санаж ирлээ. Нийгмийн буруу тогтолцооноос болоод сайхан сэтгэл, итгэл өвөрлөж ирсэн бүхэн бараг буцаж байна даа…” (MGLCZ.com,  2010.05.15) хэмээн сүүрс алдсан бичжээ. Гадаадад амьдарч байгаад ирж байгаа иргэнээ суурьшуулах, тогтвортой ажиллах эрх зүй, эдийн засаг , сэтгэл санааны орчинг бий болгох талаар төрийн ч гэлтгүй, нийтээрээ бодож, сэмэрч ирсэн сэтгэлийг нь хуваалцаж, өөдрөг сайхан ажиллах,  эх орныхоо хөгжилд хувь нэмрээ  оруулах бололцоог бүрдүүлж өгөх талаар хамтран ажиллах бодлого, төлөвлөгөө, зөвлөмж, үйлчилгээ хэрэгтэй байна. Энд  бас төрийн бодлого үгүйлэгдээд байгаа юм биш үү! (Дэлгэрүүлж uvsh-purev.blogspot.com-оос үзнэ үү.)
             Тав. Бидний дараагийн  эрх бол  өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах явдал байна. Манай нийгмийн даатгалын гаж тогтолцоо гадаадад байгаа иргэдийнхээ нийгмийн халамж, үйлчилгээг орхигдуулсаар одоо хүрч байгаа юм. Харин ч гэж одооноос л ганц нэг эхлэлийн төдий ажлын сураг сонсогдож байгаа ч хэрэгжээд, нийтийг хамартал өдий мэт санагдана.
Зургаа. Гадаадад суугаа монголчуудын хамгийн эмзэг хийгээд зайлшгүй эдлэх ёстой эрх бол  шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох, төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрх юм.  Гадаадад суугаа хүмүүсийн хувьд  энэ эрх хамгийн хаагдмал эрх гэж хэлж болно. Монгол улсын сүлдэт улаан паспортыг нь би иргэн нь шүү гэж бахархан хадгалж, улсаа гадаад ертөнцөд биеэр төлөөлөн яваа иргэн нь улс орныхоо хувь заяатай ямар ч холбоогүй байх, эх орноосоо алхам алхамаар холдож байгаагаа заримдаа мэдэрч байдаг байх.  
Долоо.Монгол улсын иргэн  нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн  байгууллага  байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхээ гадаадад байгаа монголчууд арай ойр мэдэрч явдаг байж болно. Ямартай ч америкийн монголчууд аж төрдөг хот болгонд монголчуудын холбоо ажилладаг, бас монголчуудын сонин, ТВ,  вэбсайтүүд гээд хүчээ нэгтгэсэн, хамтарсан нэгж, цэгүүд бий. Харин монголдоо буцаж очсон эх орон нэгтнүүд маань иймэрхүү ажил юу амжуулж байгаа бол. Миний мэдэхээс “Цахим өртөө “сүлжээ гадаад, дотоодыг хамарсан нийтлэг үйл ажиллагаа явуулж,  ажлынх нь хүрээт, далайц өсч байгааг мэднэ. Арай л гадаадад нам байгуулаагүй байх. Гадаадад байгаа монголчуудын хувьд эрэгтэй, эмэгтэй  ялгаагүй   нийгэм соёлын амьдрал, гэр бүлийн харилцаанд  тэгш эрхтэй оролцдог. Гадаадад суугаа монгол гэр бүлийн тухай, тэдэнд тохиох бэрхшээл, асуудал, шийдлийн талаар өмнө нь бичсэн болохоор энд давхардуулан нуршсангүй харин Монгол улсын иргэний гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална гэж Үндсэн хуулинд заасан байгаа шүү гэдгийг дахин сануулаад орхиё.  
            Найм. Монгол улсын иргэний  халдашгүй, чөлөөтэй байх эрх гадаадад нэг бус удаа зөрчигдөж байгааг хэлэх хэрэгтэй. Зарим тохиолдолд нэгжүүлэх, баривчлагдах, хоригдох,  эрх чөлөөгөө  хязгаарллуулах хэрэг гарч л байгаа. Гадаадад байгаа монголчууд тухайн улсынхаа хууль, засаглалыг зөрчих нь байдаг ч бас алагчлалд хавчуулагдах нь элбэг байдгийг олон хүн жишээ баримтаар гаргаж чадна гэж бодож байна.
Ес. Монгол улсын  гадаадад суугаа иргэний  сайтар мэдэж, сахиж явах онцлог эрх бол шүүхэд  гомдол  гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг  мэдүүлэг  өгөхгүй байх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ  шүүх  ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах, уучлал хүсэх эрх юм. Гадаадад суугаа монголчуудын тухайн орныхоо хууль, дэг жаягийг зөрчөөд шүүхийн хаалга татахад хүрэх үед эх орноо үгүйлэх, өмгөөлөл хамгаалал горилох,үгүй ядахдаа орчуулагч , хэлмэрчийн хэрэгцээ гээд эрхээ хамгаалах, бодит байдалыг тогтоох хэрэгцээ гардаг. Ийм ч болохоор манай зарим хуульчид гадаадад өмгөөлөл, эрх зүйн зөвлөгөө өгөх нэгж байгуулан монголчуудынхаа энэ салбарын эрхээ хамгаалахад нь тус болж явааг хэлэх хэрэгтэй. Энд зориуд онцолж хэлэх нэг зүйл бол Монголчуудын гадаадад суух хугацааны хэлний бэрхшээлээс болж гардаг үл ойлголцол, зөрчлийг шийдвэрлэхэд багагүй үүрэг гүйцэтгэдэг монгол орчуулагчдын хөдөлмөр, зүтгэл юм. Хуулийн, шүүхийн өвөрмөц нэр томьёог  зөв нэвтрүүлэх, цаана нь хүний хувь заяа дэнсэн дээр байгааг мэдэрч, хэдэн цагаар (заримдаа утасаар) тэвчээр заан суухыг харахад бас ч амаргүй болох нь харагддаг.   
Монгол улсын иргэний итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал,  цуглаан  хийх эрх чөлөө,  төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрх , төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрх.  шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө нь гадаадад суугаа монголчуудын байнгын үйл ажиллагаанд хэрэглэгдэх давтамж нь өмнөх эрхүүдийг бодвол арай бага мэт санагдсан тул  энэ удаад нэмэлт тайлбар хийсэнгүй.
Харин  дараагийн удаа шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох, төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрх  буюу гадаадад суугаа монголчууд Их хуралын болон Ерөнхийлэгчийн сонгуульд оролцож санал өгөх боломжийн талаар хамтран ярилцахыг урьж байна.
Профессор Пүрэвийн Увш

No comments:

Post a Comment