Monday, January 17, 2011

Өнөөдөр Мартин Лютер Кингийн өдөр

               Өнөөдөр 2011 оны нэгдүгээр сарын  17. Даваа гариг. Амеркчуудын хувьд өнөөдөр албан ёсны амралтын өдөр. Бид бүгдээр амарч байна. Учир хэмээвээс жил бүрийн нэгдүгээр  сарын гурав  дахь долоо хоногийн даваа гаригийг  АНУ-д Мартин Лютер Кингийн өдөр болгон тэмдэглэж улс даяар амардаг. Тэр өдөр өнөөдөр тохиож байгаа нь энэ.
             
Мартин Лютер Кинг 1929 оны 1 сарын 15-нд АНУ-ын Жоржия мужийн Атланта хотод сүмийн номлогчийн гэрт төржээ. 1944 онд дунд сургуулиа төгсөөд Атлантагийн хар арьстнуудын сургуульд сурсан байна.  1947 онд Кинг сахил хүртэж, аавынхаа сүмд ажиллах болов. 1948 онд нийгэм судлалын чиглэлээр бакалаврын зэрэгтэйгээр коллеж төгсжээ. Дараа нь Пенсильвани мужийн Честер хотын Крозер семинарт суужээ. Ингээд 1951 онд шашны чиглэлээр бакалаврын зэрэгтэй болжээ. Тэрээр тэтгэлэгт хамрагдаж,  Бостоны их сургуулийн аспирантурт сурч докторын зэрэг хамгаалжээ.  АНУ-ын Алабама мужийн Монтгомери хотын Гэгээн баптистийн сүмтэй 1954 онд холбоо тогтоож, энэ сүмийн ажил эрхэлсэн хороог хариуцан ажиллаж байлаа. 1955 онд Монтгомери хотод арьс өнгөөр ялгаварлан гадуурхаж байгааг эсэргүүцсэн  хар арьстан хүмүүс  Кингийн удирдлага дор хотын автобусны хөдөлгөөнийг 382 хоног саатуулжээ. 1956 оны 11 сард АНУ-ын дээд шүүх Алабама мужид хар цагаан арьстнууд автобусаар зорчихдоо адил тэгш эрхтэй байх ёстой гэсэн шийдвэр гаргажээ. Энэ бол Кингийн анхны том ялалт байлаа. 1957 онд тэрээр Өмнөд Христийн их хурлын ерөнхийлөгч болжээ. АНУ-д харуудын эрхийг хүчирхийлэлийн бус аргаар хамгаалах тактик нь Кингийг амжилтанд хүргэх гол нөөц, хэрэгслэл  гэдгийг тэр ухаарч байв. 1957 онд тэр 200 гаруй удаа олны өмнө үг хэлж, 1 сая км газар туулжээ. Арьс өнгөөр ялгаварлан гадуурхахгүй байх тухай үзэл санаа нь АНУ-ын хөгжилд түүхэн үүрэг гүйцэтгэж, томоохон өөрчлөлтийг нийгмийн сэтгэхүйд гаргаж чадсан байна. Мартин Лютер Кингийн үйл ажиллагааг дэлхий сая сая хүн талархан хүлээн авч, дэмжиж байгаагаа илэрхийлж байлаа. Тэр 1963 оны 8 сарын 28-нд Вашингтон руу хүрэх энхийн марш зохион байгуулжээ. Энэ үйл ажиллааганд хагас сая хүн хамрагдсан юм. Вашинтонд ирсэн хойноо Кинг "Надад мөрөөдөл бий” гэдэг илтгэл тавьсанаар энэ цуглаан дууссан юм. Мөн Аламба мужийн сонгуулийн эрхтэй хар болон өнгөт арьстануудын бүртгэлийг хийж байлаа. Кингийг хар арьстгуудын төлөө тэмцэл хийж байхад ойролцоогоор 30 удаа баривчилж бас эрх чөлөөнд нь халдаж байжээ. 1950-1960 оны үед Америкт арьс өнгөөр ялгаварлан гадуурхах байдал туйлдаа хүрээд байлаа. Чухам энэ үед л Кинг хүч хэрэглэхгүйгээр асуудлыг шийдэхийн төлөө хүмүүсийг уриалж байлаа. Кингийн тэмцэл үр дүнд хүрч 1964 онд АНУ-ын Конгресс "Эрхийн тухай акт” гаргажээ. 1963 онд Тайм сэтгүүл Мартин Лютер Кингийг онцлох хүнээр тодруулжээ. 1964 онд Кинг 35 настай байхдаа Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшжээ. Энэ нь Нобелийн энх тайвны шагналын түүхэнд  нэр дэвшсэн хамгийн залуу хүн байлаа. Нобелийн энх тайвны шагналыг АНУ-ын түүхэнд хүртсэн хоёр дахь, хар арьст гурав дахь дахь хүн болжээ. Норвегийн Нобелийн хорооны дарга   "Мартин Лютер Кинг олон улсын харилцаанд оролцоогүй ч, түүний хийсэн тэмцэл нь дэлхийн хэмжээний том ажил мөн” гэж онцлон хэлжээ. Тэмцэл гэдэг бол заавал хүч хэрэглэснээр хийдэг зүйл биш гэдгийг барууны ертөнөд харуулсан анхны хүн нь Кинг юм. Кинг амьдралынхаа сүүлийн жилүүдэд арьс өнгөний ялгаанаас гадна ядуурал, өлсгөлөнд нэрвэгдсэн хүмүүсийн амжиргааны түвшинг дээшлүүлэх талаар анхаарч ажилласан байна.1967 оны 11 сард Мартин Лютер Кинг Вашингтоны хар болон цагаан арьст ядууст зориулан хандив цуглуулж эхэлсэн юм. 1968 оны 3 сарын 28-нд тэр АНУ-ын Теннести мужийн Мемфис хотоос 6000 хүн оролцсон жагсаалыг хийжээ. Ажил хаялт зарласан ажилчдыг дэмжих нь түүний гол зорилго байлаа. 1968 оны 4 сарын 4-нд Мартин Лютер Кинг Мемфис хотод үг хэлж байгаад буудуулан амиа насаа алдав. Алуурчин хэргийн газраас оргон зайлсан ч цагдаа нар хэрэгтнийг олж 99 жилийн хорих ял оноожээ. Мартин Лютер Кинг "Эрх чөлөөнд хүрэх алхам" ("Stride Toward Freedom", 1958), "Бид яагаад хүлээж болохгүй вэ? ("Why We can't wait", 1964), " Бид хаашаа явж байна? –эмх замбараагүй байдал руу юу эсвэл нийгэмшил рүү юу? ("Where Do We Go from Here: Chaos or Community?", 1967) зэрэг ном бичжээ. Мартин Лютер Кингийг үхсэнээс хойш 4 өдрийн дараа АНУ-ын Төлөөлөгчдийн танхимийн гишүүн Жон Конйерс "Мартин Лютер Кингийн төрсөн өдрийг үндэсний баяр болгох тухай” хуулийн төсөл өргөн барьжээ. Энэ хуулийг АНУ-ын төлөөлөгчдийн танхим хэлэлцэлгүй нэлээн олон жил болжээ. 1983 онд Конгрессийн аль,  аль танхим нь энэ хуулийг батлаж ерөнхийлөгч Рейган гарын үсэг зурсан байна.

No comments:

Post a Comment