Friday, January 21, 2011

Why чи такой?


Монголчууд өөрсдийгөө харийн хэл сурахдаа авьяастай, унтаад сэрэхдээ л нэг хэл сурчихсан байдаг юм шиг бичдэг. Энэ нь ч үнэний хувьтай. Бид хятадууд шиг нутгийн аялга оруулдаггүй, оросууд шиг дүрмийн алдаа гаргалгүй ярихыг хичээдэг.
Ингэж олон жилийн туршид гадны хэлийг шүтэж "хоолоо олж идсээр" ирсэн ард түмэн улиран одох он цагийн хугацаанд төрөлх хэлээ сэмээрхэн хаяж буйгаа анзаарахгүй байна. Тэртээ элэнц хуланцын үед манж, түвд хэл моод болж байсан бол өвөө, эмээгийн үед хятад хэл өргөн хэрэглээнд нэвтэрсэн гэдэг. Одоо гөөгөө, жанжин, банш, цуйван, мужаан гэх мэт үгсийг монгол үг биш гэвэл орчин үеийн хүүхдүүд гайхна даа. Түүнтэй адил аав, ээж, бидний үеийнхэн баахан орос үгнүүдийг нутагшуулсан. Харандаа, хармаа, аржаатар, онигоо, бацаан, пи... мэтийн үгсийг их хэрэглэдэг болсноос  солиод орлуулах үгс байхгүй болтлоо монголжжээ. Дуучин Т.Ариунаа өдөр бүр зурагтаар гарахдаа өшөө гэдэг үгийг өгүүлбэр бүртээ хэрэглэх юм. Энэ нь ещё гэдэг орос үг бөгөөд өөр, дахиад гэдэг монгол үг одоохондоо хэрэглэгдэж байгаа шүү дээ. Цаашилбал өсвөр үеийнхэн маань англи үгээр гоёдог болчихлоо. Дээхнэ нэг дуучин банди нэгэн нэвтрүүлэгт оролцохдоо "Би шоппинг хийхдээ энжой авдаг" хэмээн хээвнэг хариулж уур хүргэж билээ. "Бид дэлгүүр хэсэх дуртай" гээд монголоор бүтнээр нь хэлж яагаад болдоггүй юм бэ. Спортын нэвтрүүлэг хөтөлдөг хэдэн залуу "алж" байна аа. "Ассист, ребаундаараа дабль дабль хийлээ, тасархай сэйв, оо бииг шоот" гэх мэт үг "унаган" англи хэлтэй хүүхдүүдийн амнаас тогтмол цувах юм. Эдгээр үгийг монгол хувилбараар нь хэлчих боломж одоохондоо нээлттэй л байгаа. Та нар "тасархай" англиараа яриад байвал хадмал монгол үгс бас тэгээд алга болох биз. Хамгийн харамсмаар нь эдгээр үгийг ашиглаж буй хүмүүс нь сэтгүүлч гэдэг гуншинтай дөрвөн жил монгол хэлээ судалсан эрхмүүд гэсэн, чааваас гэж. Занабазар гэгээнтэнг орчин үед авчраад "Таны Хархорин дахь апартментад хэдэн турист хулхидаж авчраад үзүүлсэн чинь солиотой энжой аваад баахан шоппинг хийгээд буцсан" гэж хэлбэл ойлгох болов уу. (http://www.medee.mn/content/22979.shtml)

1 comment:

  1. Үнэхээр тантай санал нэг байна. Энэ монголын ирээдүйд хичнээн их хортой билээ дээ.

    ReplyDelete