Sunday, March 27, 2011

Америкийн нэгдсэн улсын боловсролын тогтолцоо


Энэ дугаараас эхлэн бид америкийн  боловсролын тогтолцоо, бүтэцийн талаар цувралаар уншигчиддаа хүргэхээр шийдэж байна. Эх материал маань гар бичмэлээр байгаа бөгөөд  блогий минь эрхэм уншигч Та нийтлэж байгаа материалын талаар мэргэжлийн болон ажил хэргийн зөвлөгөө өгч цаашид хэвлэн нийтийн хүртээл болгох хэрэгт туслана гэдэгт найдаж байна.
Боловсрол гэдгийг мэдлэг, чадвар, дадал эзэмших замаар  нийгмийн ач холбогдол бүхий хүн төрлөхтөний туршлага эзэмшиж байгаа  орчил гэхээс гадна түүнийг хүн төрлөхтөн, нийгэм, улсын эрх ашгийн төлөөнөө  тухайн улсын үндсэн хуулинд заасан хэмжээ заагт  хүрэх (хүрсэн) сургалт, хүмүүжлийн зорилго, чиглэл бүхий үйл явц гэж ойлгож болно. 
Ийм ч учраас улс, улсын иргэдийн үндсэн хуулиар олгогдож, баталгаажсан үндсэн эрхийн нэг нь боловсрол олж авах эрх байдаг.  АНУ-ын Үндсэн хуулинд боловсролын талаар тусгайлсан заалт байдаггүй  бөгөөд  Холбооны улсын нэгдсэн стандарт гэж  байдаггүй. Муж улс бүр боловсролын талаар   өөрийн хууль, тогтоомж,  стандарттай.  АНУ-д боловсролын үйлчилгээг холбооны, муж улсын, орон нутгийн засаг  захиргаа удирдаж, санхүүжүүлж байдаг.   Америкад боловсролын албан ёсны хэл нь англи хэл байдаг. Харин  Пуэрто-рико-д сургалт  испани хэл дээр явагддаг.
Америкчуудыг  цаг ямагт суралцагч ард  түмэн байсан  бөгөөд сурахуйн хүсэл, эрмэлзэл нь ахиц ,хурдац, чанарт тэмүүлж ирсэн түүхтэй юм. National Geographic (May, 2007, p.29) сэтгүүлд бичсэнээс үзвэл америкийн 25 болон түүнээс дээш насны хүмүүсийн  дор хаяж 85 хувь нь ахлах сургуулийн (манайхаар бол бүрэн дунд) дипломтой. 1964 онд хүн амын 9,1 хувь нь коллежийн боловсролтой байсан гэхэд 2007 онд энэ тоо 27,7 болж өссөн байна. Энэ сэтгүүлд бичиж байгаагаар бол 1950 онд америкийн иргэдийн  34,3 хувь нь бүрэн дунд боловсролтой, 6,2 хувь нь коллежийн дипломтой байсан бол 2000 онд иргэдийн 80,4 хувь нь бүрэн дунд боловсролын, 24,4 хувь нь коллежийн боловсролтой болсон гэж байгаа нь америкийн боловсролын өнөөгийн ерөнхий байдал, хурд, далайцыг харуулах  үзүүлэлт мөн.
             Америкийн боловсрол ойролцоогоор  10 жил тутамд өөрийгөө үнэлж, өөрчлөлт шинэчлэлт хийж байдаг. 1991 оны 4 дүгээр сарын 18-нд ерөнхийлэгч  Ж. Буш  “Америк-2000” боловсролын стратеги,  хөтөлбөрийг дэвшүүлсэн нь боловсролын салбарын  өөрчлөлтийг зоригтой хийх, алсыг харсан,иж бүрэн төлөвлөгөө байсан юм. Энэ хөтөлбөрийн зорилгыг Америк орон дэлхийн манлайлагч,үлгэр орон байх болно гэж  тодорхойлсон. Энэхүү  хөтөлбөрийг 10 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөхдєє  суралцагчдын мэдлэг, чадварын хоорондох зааг, ялгааг  арилгахад гол үйл ажиллагаагаа чиглүүлсэн байна.  Ингэхлээр мэдээж сургалтад хандах байр сууриа өөрчилнө гэсэн үг. Уг  Хөтөлбөр нь дөрвөн  хэсэгтэй , бүгдийг нь нэг зэрэг хэрэгжүүлэхээр  төлөвлөсөн байлаа. Xєтєлбєрийн агуулгыг тухайн үеийн  бичиг, баримтад тулгуурлан тайлбарлая. Xєтєлбєрийн тулгуур ойлголтууд єнєєдєр хэрэгжээд бодит vр дvн болсноор америкийн боловсролын дэлхийд давалгайлах хандлага  улам бүр баталгаажиж байгаа юм.
1.  Хөтөлбөрт  өнөөдөр  суралцаж байгаа хүн суралцах үйл явцаа эрс өөрчлөх шаардлагатай байна гэж үзжээ.  Ингэхдээ  суралцах үйл ажиллагааг  зөвхөн сайжруулах төдийгүй ,  хүн бүр хийсэн  ажлынхаа үр дүнгийн төлөө хариуцлага хүлээдэг байх хэрэгтэй гэж үзсэн  байлаа. Үүнийг хэрэгжүүлэхэд тайлагнал, хяналтын нарийн тогтолцоонд суурилсан дэлхийн төвшинд дүйсэн шинэ стандартуудыг боловсруулах, сурлагын амжилтыг тодорхойлох америкийн сорилуудыг хэрэглэх, шинэ, оновчтой бүтээл, санаачлага бүрийг    урамшуулдаг  нарийн дэг,   журам, бий болгох хэрэгтэй гэж үзжээ.
2. Маргаашийн суралцагч шинэ зууны шаардлагыг бүрэн хангасан сургуульд суралцахаар ирэх учиртай гэж үзсэн байна. Ийм сургууль бол боловсролын үндэстний хэмжээний ололт, амжилтыг баримжаалсан шилдэг боловсролын байгууллага  байна. Боловсролын салбарын үндэсний зорилтыг ярихдаа сургуулийг шинэчлэх гэсэн бодол, санаасаа ангижирч, єнєєгийн төсөөлөлийн хүрээнээс  хальсан, цоо шинэ нэгж  бий болгох хэрэгтэй.  Магадгүй түүнийг  “metaschool’ юм уу “ superschool” ч гэж нэрлэж болох юм.  Ямартай ч  ийм сургуулийн үндэс нь орчин цагийн  электрон технологи байна . Энэ боломж нь суралцагчдад мэдээлэлийн хязгаарлашгүй их эх сурвалжид нэвтэрч, АНУ болон хилийн чанадад байгаа сурагч, багш нартай холбоо тогтоох, тун мөдхөн нийт хүн төрлөхтөний мэдлэгийн ихээхэн хэсгийг өөртөө агуулах мэдээлэлийн электрон сан хөмрөгт  хувийн компьютерээ залгах шинэ бололцоо, нөөцийг нээж өгч байх болно. “Metaschool” бол сурагчдад хичээл заах биш, тэдэнтэй хамтран ажиллах технологи, сургалтын харилцан хамаарал, үйлчлэл дээр суурилсан , энэ оновчтой огтлолцол дээр үүсч бий болох сургалтын цоо шинэ байгууллага мөн. Ийм боловсрол бол бүх  хүүхдийн чадавхийг бүрэн   ашиглаж чадах бөгөөд шинэ зуунд ороход бие хүн тус бүрийн болон үндэстний бүхэлд нь ололт, амжилтыг өсгөнө  гэж  шинжээчид үзэж байгаа юм.
3.Сургуулиа төгсөөд ажиллаж байгаа  хүмүүсийг урамшуулах тогтолцоог бий болгох шаардлага байна.  Энэ нь  Америкийн өрсөлдөх чадварыг зөвхөн сургуулийг өөрчлөн сайжруулснаар хангах боломжгүй гэсэн үг. Америкийн ерөнхийлэгч нийт ард түмэндээ хандаж “сурагчийн ширээний ард дахин сууж”,  “суралцаж байгаа үндэстэн”  болохыг уриалсан.
4. Боловсролыг олгохдоо сургуулийн хананаас хальж хүй элгэн, гэр бүлийн түвшинд ажиллах хэрэгтэй байна. Сургуулийн түвшин хэзээ ч нийгмийн амьдралын түвшингээс дээр байж чадахгүй .  Хүй элгэн бүр жинхэнэ сургалт,   боловсролын  байр байх ёстой. Энэ бол америкийн өөрийнх нь үнэт зүйл болох бат бэх гэр бүл, эцэг эхийн хүүхдийнхээ төлөө хүлээх хариуцлага, хүрээлэн байгаа орчиндоо хандах байдал, сэргэн мандахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэж хөтөлбөрт дурдсан нь биелэлээ олж байна.
”Америк 2000” хөтөлбөр боловсролын тогтолцооны  өмнө дэвшүүлсэн үндэсний хэмжээний зорилго, зорилтыг томьёлосноос гадна энэ  хөтөлбөрийн  агуулга дахь заалт бүрийг  нухацтай бодож тооцоолсон, хяналтыг хангах тогтолцоог  нягт  уялдуулсан баримт бичиг мөн.
1 .Америкийн Нэгдсэн Улсын бүх хүүхэд сургуульд сурахад бэлтгэгдсэн байна. Энэ зорилгыг хэрэгжүүлэхийн тулд сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөрийг  нямбайлан боловсруулж, бэлтгэлийн үйл явцад эцэг эх биечлэн оролцож, хүүхдийнхээ анхны багш байх бөгөөд хүүхэд бүр хоол хүнсээр хангагдаж, бие бялдарын хүмүүжил олж, эмнэлэгийн үйлчилгээ авна.
2. Бүрэн дунд сургуулийн  төгсөлтийн үнэлгээ 90 -ээс доошгүй  хувьд  хүрнэ.  Энэ зорилгыг хангахын тулд сургууль завсардалтыг эрс багасгаж,  ийм магадлалтай хүүхдийн 75% нь бүрэн дунд сургууль болон түүнтэй дүйцэхүйц сургалтын байгууллагыг дүүргэсэн байх явдал юм. Түүнээс гадна бүрэн дунд сургууль төгсөгчдийн дотор үндэсний цөөнх болон  үндсэн хүн амын төлөөлөл дүйхгүй байгааг багасгана.
3. АНУлсын сургуулиудын бүх сурагчид заавал үзэх хичээл ,тухайлбал англи хэл, математик, байгалийн ухаан, иргэний эрх, төрийн удирдлага, эдийн засаг, урлаг, түүх, газар зүйн хичээлээр хангалттай дүн авч 4, 8, 12 дугаар анги төгсөнө. Америкийн сургууль бүр сурагчдыг боловсролоо цааш нь үргэлжлүүлэх , эсвэл үйлдвэрлэлийн идэвхтэй үйл ажиллагаанд орролцох  бэлтгэлийг баталгааажуулахаас гадна  тэднийг иргэн байх, аливаа үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээх үзлээр хүмүүжүүлнэ.
4. Америкийн нэгдсэн улсын багш нар сурагчдыг шинэ зуунд бие даасан амьдралд бэлтгэхэд шаардлагатай мэргэжлийн мэдлэг, чадвараа байнга боловсронгуй болгож, тасралтгүй боловсролд хамрагдах боломж олж байх ёстой. Бүх багш нар сургалтын шинэ арга, хэлбэр эзэмших нэмэлт сургалтад хамрагдана.  Муж улсын засаг захиргаа, сургуулийн тойргууд сурган хүмүүжүүлэх тасралтгүй боловсролыг хөгжүүлэх, дэмжих нэгдсэн  стратегийг  боловсруулах шаардлагатай бөгөөд үүний тулд орон нутгийн боловсролын байгууллага, дээд сургуулиуд, эцэг эх, нутгийн хөдөлмөрийн болон арилжааны, мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагааг бүх талаар дэмжинэ.
5.Математик болон  байгалийн шинжлэлийн салбарын сургалтаар  АНУ дэлхийд тэргүүлэх байранд байх ёстой. Үүний тулд математикийн болон байгалийн шинжлэх ухааны боловсролыг ялангуяа бага ангид  эрчимжүүлж, мэргэжлийн багш нарыг 50 хувиар нэмэгдүүлж, бакалавр, магистр, докторын зэрэгтэй багш нарын  тоог нэмэгдүүлнэ.
6.Насанд хүрсэн америк хүн бүр бичиг үсэгтэн байж, эдийн засгийн ерөнхий мэдлэг эзэмшиж, АНУ-ын иргэнийхээ эрх, үүргийг  мэдэж , эзэмшинэ. Энэ зорилгоор боловсрол, үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлнэ.  Бүх  ажилтан шинэ технологи, ажлын шинэ  арга барил, зах зээлийн өрсөлдөөний үед дасан зохицохын тулд суурь мэдлэгээс гадна технологийн өндөр мэдээлэл-мэдлэг сурах , эзэмших боломжоор хангагдана. Боловсролын бүх түвшинд (дээд боловсролыг оролцуулан) ажилтныг сургах төрөл бүрийн хөтөлбөр боловсруулагдана.
 7. Америкийн сургуулийн сурагчид  хар тамхи, архидан согтуурах, хүчирхийлэл,зөвшөөрөгдөөгүй галт зэвсэг эзэмших явдлаас ангид байж, сургалтын  үр дүнтэй  сахилга батыг хангана. Энэ ажил хуулийн дагуу, хуулийн хүрээнд сургууль, эцэг эх, албан газар, төрийн байгууллагын хамтарсан хүчин чармайлтаар хийгдэх ёстой. Боловсролын орон нутгийн байгууллага хүүхдийн цэцэрлэгээс бүрэн дунд сургуулийн 12 дугаар ангийг хамарсан, эрүүл мэндийн хичээлийн хэсэг болох төрөлжсөн хөтөлбөр боловсруулах үүрэгтэй.
8. Сургууль бүр  хүүхдийн сургалт, нийгэм, сэтгэл зүйн хөгжилд    эцэг эхчүүдтэй  хамтран ажиллах, оролцоог өргөтгөх учиртай.  Боловсролын салбарын өмнө дэвшүүлэн тавьсан эдгээр найман  зорилт бол Америкийн  шинэ зуунд өрсөлдөх чадвараа хадгалахад чиглэсэн найман  алхам мөн.
   Зарим судлаачид  америкийн  боловсрол бол  тэдний  амьдралын  өндөр чанарын үндэс байхаас гадна  эдийн засгийн хүчин чадал, аюулгүй байдал   урлаг, утга зохиолын салбарын хосгүй гайхамшигт   бүтээл, туурвилын авьяас билэг,шинжлэх ухааны ололт, амжилт, соёлын үнэт зүйлийн мөнх дуурсагдахын голт зүрх мөн  гэж үзэж байгаа юм.  Боловсрол бол Америкийн олон улсын түвшинд өрсөлдөх чадварыг хангах оньсон түлхүүр гэж  үзэж байгаа бөгөөд энэ нь  шинэ зуун дахь америк боловсролын ирээдүй болон  харагдаж байгаа юм.
Америкчууд үндэснийхээ аюулгүй байдал, эдийн засгийн хөгжил,  цэцэглэлтийг хадгалах, улс гүрнийхээ  нэр хүндийг олон улсын тавцан дээр дэмжихийн тулд боловсролын өндөр чанарын зарчмыг хэлбэрэлтгүй сахих хэрэгтэйг  төрийн бодлогодоо тусгаж ирсэн юм.  Америкийн боловсролын салбарын  цар хүрээ өргөн , бүс нутаг  тус бүрийн   боловсролын тогтолцоо нь   харилцан адилгүй  байдаг нь боловсролын бодлогыг төлөвлөж, удирдахад зарим талаар   бэрхшээл учруулдаг ч  нийт хүн амд өргөн цар хүрээтэй боловсрол олгох зорилтыг хэрэгжүүлэхэд  төдийлэн саад болдоггүй.
Америкийн боловсролын тогтолцоо  иргэнийхээ суралцах болон ажиллах  янз бүрийн хэрэгцээг хангаж байх  үүрэгтэй болохоор төрөл, хэлбэрийг нь хязгаарлах, эрэмблэх бололцоо багатай байдаг. Ингэснээрээ ч хүн бүрт өөрийн хэрэгцээ, шаардлагад тохирсон боловсролын хэрэгцээг олж авах, эзэмших  бодитой боломж бүрдэж байдаг.  Mанайд хүүхдийг хамгийн ухаантай, эрдэм номд шамдах хэрэгтэй, бусдын хүүхдээс дутахгүй сурах ёстой гэсэн амьдралаас арай л хөндий номлолоор  өсгөж , хүмүүжүүлж сургуульд бэлтгэдэг, манай боловсролын тогтолцоо ч бидний энэ хэрэгцээг хангах (эс хангах)-д чиглэсэн байдаг.  Зарим судалгааны баримтаас харахад америк гэр бүлд  хүүхэд мэндэлснээсээ эхлэн  сурах, боловсрол эзэмших асар их боломж, бололцоог мэдэрч өсдөг байна. Өөрөөр хэлбэл хүүхдийн сурах хэрэгцээ, түүнд дүйсэн орчин гэр бүлээс эхлэнэ гэсэн үг. Хүүхэд бүр төгс  авьяастай байх албагүй, нэртэй хуульч, зураач болохгүй ч гэсэн өөрийгөө нээх олон сонирхолтой хичээл, ажил хүлээж байгаа ,сайн сайхан амьдрах нь гэр  бүлийн  уламжлал, угсаа, нийгэм дэх зэрэглэлээс бус  чиний эрхэлж байгаа ажил, чиний амжилт,  чиний боловсролоос, хэр нийгэмжсэнээс   шалтгаална гэсэн үзэл бодол америк гэр бүлд давамгайлдаг болох нь бидний америк найз нөхдийн яриа, тэдний гэр орноор зочилох үед илт  ажиглагдана. Тухайн хүний хувийн  болон нийгмийн амьдралд аливаа зүйл хүрэлцээтэй, хүртээмжтэй  байх нь америкчуудийн нэг давуу чанар бөлгөө. Чухамхүү  үүн  дээр л америкийн боловсролын тогтолцоо бүрэлдэж, уян хатан өөрчлөгдөж, дэвшиж байдаг.
Америкийн Нэгдсэн Улсын Үндсэн хуулийн 10 дах  оруулгад зааснаар  боловсролын тогтолцоог бүрдүүлэх эрхийг муж улс бүр эдлэх бөгөөд, тэгэхлээр Xолбооны улсын хэмжээний төрийн тогтолцоо байхгүй гэж хэлж болно.Энд дурдахдаа боловсрол бол АНУ-ын эдийн засгийн хүчин чадлын үндэс,америкчуудын амьдралын өндөр чанарын эх сурвалж мөн  бөгөөд  АНУ-ын дэлхийн тавцанд өрсөлдөх чадварыг хангах  зэвсэг гэдгийг хуульчилсан байдаг. Үүнээс үүдэн хэлэхэд Америкад боловсролын тогтолцоо гэж байхгүй гэж өгүүлж, бичиж байгаа судлаач, эрдэмтэд цөөнгүй тааралдана. Боловсролын тогтолцоогоо хуульчлах, хэрэгжүүлэх эрх нь хэдийгээр муж улсуудад байдаг ч, хянах, магадлах, хүний хэрэгцээг хэр хангаж байгааг нь шалгах эрх нь Холбооны боловсролын  асуудал эрхэлсэн байгууллагын хараа , хяналтанд байдаг.
Америкад цэргийн академиудаас өөр xолбооны   мэдлийн улсын  их, дээд  сургууль  байдаггүй.  Гэхдээ америкийн засаг захиргаа  мужийн болон хувийн сургуулиуд багтдаг холбооны боловсролын хөтөлбөрийг  удирдлага, санхүүжилтээр хангаж, АНУ-ын Боловсролын  яам эдгээр хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж байдаг.  Боловсролын асуудлыг муж улсууд дангаар эрхлэх болохоор үүнийг нэг муж улс, тухайлбал Индиана муж улс хэрхэн хэрэгжүүлдгийг авч  үзье. 
Индиана муж улсын  Боловсролын Газар  суралцагчдын сурах чадварыг хөгжүүлэх ажлыг дагнан удирдах, чиглүүлэх  эрхэм зорилготой  бөгөөд  үүний тулд   муж улсын хүүхэд бүрт:
            * боловсролоо цаашид амжилттай үргэлжлүүлэх,
             *глобал эдийн засагт үр дүнтэй оролцох,
             *  орчин, нийгэмдээ эерэгээр нөлөөлөх,
             *америкийн ардчлалын идэвхтэй гишүүн байх мэдлэг, боловсрол, нийгмийн чадвар, нэр хүнд олохуйц боловсрол олгох эрхэм зорилготой   ажээ.
Дээрх зорилгыг  хэрэгжүүлэх үүднээс тус Газар нь Муж улсын боловсролын зорилтыг санаачлан тодорхойлж, бүс нутгийн сургуулиудын сургалтын  стандарт, хөтөлбөрийг  боловсруулж, санал болгох, тухайн зорилгыг биелүүлэх санхүүгийн төлбөр, тооцоог үндэслэх,  бий болгосон зорилт, стандартыг  батлгаажуулах, муж улсын засгийн газар, ерөнхий чуулганд  боловсролын  санхүүгийн болон бусад хэрэгцээний санал боловсруулж оруулах үүрэг хүлээнэ.
АНУ-ын  боловсрол нь сургуулийн өмнөх боловсролын байгууллагаас эхлэн докторын сургалтын үр дүнг хамарсан өргөн хүрээтэй дэлгэмэл бүтэцтэй юм. Үүнийг бүдүүвчээр харуулбал (бүдүүвч1) :
                     



 АНУ-ын боловсролын бүтэц      бүдүүвч1
http://eduabroad.h1.ru/images/tt.gif
тусгай зэрэг олгодоггүй
докторын сургалтын дараах судалгаа
докторын буюу ахисан төвшиний мэргэжлийн зэрэг
мэргэжлийн сургуулиуд (2-4 жил)
докторын  сургалт (2 жил)
  
докторын сургалт (4 жил)
магистрын зэрэг
магистрын сургалт (2 жил)


Бакалаврын зэрэг
их сургуулийн сургалт (4жил)
дээд боловсролын диплом буюу гэрчилгээ
техникийн болон мэргэжлийн сургууль (2 жил)
Олон нийтийн коллеж (2 жил)

18
17
16
15
4 жилийн ахлах сургууль (9-12 анги)
дээд төвшиний ахлах сургууль (10-12 анги)
холимог дунд сургууль(ахлах болон дунд анги)
14
завсрын ангиуд (7-9 анги)
13
12

11
10
  9
  8
  7
  6
Бага сургууль
  5
  4
Цэцэрлэг
  3
нас
Хүүхдийн ясли
  http://eduabroad.h1.ru/images/tt.gif

        Дээрх бүдүүвчээс харвал америкийн  хүүхдүүд 5 нас хүртэлээ  сургуулийн өмнөх байгууллагад  явна. 5 настайдаа бага сургуульд (elementary school) ордог.  Хүүхэд бүр цэцэрлэгт явах албагүй ч бүх хүүхдийн 60  орчим  хувь  нь  хамрагддаг.  Бага сургуулийн сургалт сургуулийн  тойрогоос  хамааран  5-6 жил  үргэлжилдэг. Үүний дараа хүүхдүүд дунд  сургууль  (middle school)-д дэвшиж,  наймдугаар  анги төгстлөө суралцана. Ахлах сургууль (high school)-д 9-12 анги төгстөлөө  суралцаж, голцуу 18 настайдаа төгсдөг.
   Дунд сургууль амжилттай төгсөгчид орон нутгийн колледж  (community college) -д 2 жил суралцаж , дипломын дээд боловсрол  (associate degree) эзэмшиж болдог.  Бас их дээд сургуульд шууд элсэн 4 жил  суралцаж бакалаврын зэрэгтэй төгсөж ч болно. Бакалаврын зэрэг эзэмшсэний дараа магистрын (2-3 жил), философийн  докторын  (3 ба түүнээс дээш жил) сургалтад хамрагдаж болдог. Тусгайлан шалгагдаж, эрх олж авсан факультет, их , дээд сургуулиуд анагаах ухааны доктор, Эрх зүйн докторын зэргийг жич боловсруулсан хөтөлбөрийн дагуу сургалт явуулсаны  үндсэн дээр олгодог. 
(Пүрэвийн Увш  “Америк боловсрол” номын эх бичмэлээс авлаа

No comments:

Post a Comment