Thursday, March 31, 2011

АНУ-ын Төрийн Департаментыг Монгол соёлоор “довтлов”.


      Монголчууд хариар тархан сууж, ажил хөдөлмөр эрхлэн, амь зуулгаа залгуулж явахдаа эх орноо гэх сэтгэлээ гээхгүйгээр, харин ч илүүтэй нандигнан хайрлаж, эх орноо зориг бардам төлөөлөх, таниулах,  монгол соёл, зан үйл, уламжлал шинэчлэлийг гадаадынхны хүртээл болгох талаар ирмүүн, эрч хүчтэй ажилладаг олон залуучууд байдаг. Тэдний нэг нь Америкийн Вашингтон D.C. хотод үйл ажиллагаагаа явуулдаг Монгол соёлын төв билээ. Доктор М.Саруул-Эрдэнэ тэргүүнтэй тус төв монгол ахуй, соёл, хөгжил, өөрчлөлтийг америкийн нийтэд таниулах, хоёр соёлын ялгаа заагийг ойртуулах чиглэлээр олон сайхан ажлыг тасралтгүй, үр дүнтэй явуулж байдагт бид талархаж явдаг билээ. 
Жил бүр монгол судлалын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, эрдэмтэд, мэргэжлийн хүмүүсээр цуврал лекц уншуулах, монгол хүүхдийн зуны хэл соёлд суралцах зуслан ажиллуулах гээд олон ажлын анхдагч, санаачлагч нь Монгол соёлын төвийнхэн билээ.

Бид энэ удаад тэдний зохион байгуулсан бас нэг сонирхолтой ажлыг та нарт толилуулж байна.

Үндэсний аюулгүй байдлын тухай өгүүлэх оршил хэсэг
Доктор Мөнх-Очир гэж анд маань АНУ дахь Элчин Сайдын Яамнаа нэгэн сонирхолтой лекц уншсан юм. Үндэсний аюулгүй байдлын шинэ үзэл баримтлалын талаар. Мань эр угаасаа энэ талаар дагнан ажиллаж, нарийвчлан судалдаг хүн л дээ. Мөнх-Очирын лекцээс хоёр зүйл ой тойнд хадгалагдан үлджээ. Юуны өмнө үндэсний аюулгүй байдал гэхээр зөвхөн цэрэг дайн төдий бус бие даасан, тусгаар тогтносон, өөрийн гэсэн өвөрмөц соёл гээч нь мөн аюулгүй байдлын томоохон баталгаа болдог гэнэ. Хоёрт, хөлбөмбөгийн “хамгийн сайн хамгаалалт бол довтолгоо юм” гэсэн ойлголт аюулгүй байдлын соёлтой холбоотой тэр хэсэгт шууд хамаатай аж.
Мөнх-Очирын үзэж буйгаар монгол хэл соёл гээч нь Монголын тусгаар тогтнолын нэг баталгаа юм бол түүнийгээ сайтар хамгаалахын учир нь гадагшаа, гадаад улс оронд “довтлон”, ийм байдаг юм шүү хэмээн үзүүлэх, заах, сурталчлахад бас оршдог юм байна. Судлаач энэхүү үгээ хэлснийхээ дараа жишээ болгон, Монгол Соёлын Төвийг дурдаж, АНУ-д чухам ийм үйл ажиллагаа явуулж байгаа учраас бас л хирэндээ Монгол улсын үндэсний аюулгүй байдалд хувь нэмрээ оруулж байгааг нь онцолсон билээ. Энэ бол Монгол хэл, соёлоороо дахин “довтлох” урам зориг төрүүлсэн үнэлгээ байсан юм.
Ээлжит “довтолгооны” бай
Гадаадад ажиллаж амьдарч буй манай урлаг соёлынхон тоглосон тоглолт бүрээрээ, тайзан дээр гарсан номер бүрээрээ Монголоо таниулж, сурталчилж, бас урлагийн энэ төрөл бол чухам Монголынх юм шүү гэж баталгаажуулж байдаг улс билээ. Ёстой л нөгөө “Монгол соёлоор довтолно” гэдгийг үзүүлдэг, хэрэгжүүлдэг хүмүүс юм. Урлагийн тоглолт дээр монгол зураг, соёлын эд зүйлс, за тэгээд монгол хоол хавсарчихвал мөн ч хүчтэй “цохилт” болно шүү дээ. Энэ удаагийн довтолгоог хамгийн “эмзэг” цэгт нь буюу Төрийн департаментад нь, тэр тусмаа Төрийн департаментийнх нь боловсролын эх нь, өөрөөр хэлбэл толгой нь болсон Гадаад харилцааны дээд сургуульд нь хийлээ. Нийт 100 шахам хэлийг сургадаг 400 гаруй багш, 6000 орчим оюутантай энэхүү сургуульд АНУ-ын дипломатууд бэлтгэгддэг юм. Чухам энд л Монгол соёлыг нэг сайхан таниулаатахвал цаашаа “халдварлан” түгэх магадлал нь тун их билээ.
Монгол Соёлын Баг
Нэгэнт л эхнээсээ үйл ажиллагаагаа хөлбөмбөгтэй зүйрлэсэн, энэ чигээрээ үргэлжлүүлье. Соёл, урлагийн ямар ч үйл ажиллагаа бол багийн тоглолт байдаг билээ. АНУ-ын Төрийн Департаментийн Гадаад Харилцааны Дээд Сургууль дээр болсон “Монгол Соёлын Өдөр”-т оролцон, амжилттай тоглосон багийнхныгаа одоо та бүхэнд танилцуулъя.
Манай баг энэ удаад гурван довтлогчтой оролцлоо. Зүүн захаар хөөмийч О. Лувсандагва, голоор бүжигчин Дээгий, баруун захаар дуучин Э. Саран нар довтолж, сурсан эрдэм, авьяас чадвараа гайхуулав. Хагас хамгаалалтан дээр монгол хэл соёл сурч буй оюутнууд маань болох Давид, Сам, Аллисон нар тоглож, Монгол улсын тухай, Монголын урлаг соёлын тухай монгол хэлээр ярьж таниулав. Хамгийн арын шугам дээр Монгол Соёлын Төвийн гишүүн М. Дэлгэрмөрөн, С.Энхцэцэг, Гадаад харилцааны дээд сургуулийн багш нар болох Г. Бадан, Ц.Наранцэцэг, М. Саруул-Эрдэнэ, Бадан багшийн гэргий, мэргэжлийн тогооч Амраа эгч нар бат зогсож, монгол хоолоор олныг дайлж, монгол соёлын эд зүйлс, ном бүхий ширээ бэлдэн толилуулав. Хаалган дээр UMON TV-ийн Урнаа зогсож, болж буй явдлыг баримтжуулах үүрэг гүйцэтгэлээ. Бас л яггүй баг бүрдсэн байгаа биз?
Нэг. Хөөмий
Монгол соёлын довтолгоон хөөмийгөөр эхлэв. Гадаад харилцааны дээд сургуулийн оюутан, Монгол улс дахь АНУ-ын Элчин Сайдын Яамнаа олон нийттэй харилцах албаны даргаар ажиллах Аллисон гарч ирээд монгол хэлээр ийн өгүүллээ:
Монголын урлагийн олон төрлөөс хамгиин нэртэй нь хөөмий юм. Энэ нь нэг төрлийн дуулах арга юм. 
Хөөмийг дуулахад дор хаяж хоёр ноот гаргахын тулд хоолойнхоо булчинг хянаж сурах хэрэгтэй болдог. Ингэснээр хөөмийчин зөвхөн биеэрээ ховор хөг бүтээдэг. Хөөмийчид бас эдгээр аялгууг удаан хийхийн тулд тусгай аргаар амьсгалдаг.
Хөөмий нь Монголын байгалийн онцлогийг тусгадаг. Хөөмий бас байгалийн чимээг дууриадаг бөгөөд Монголын уудам нутагт дуу чимээ маш хол явж цуурайтдаг юм.
Ер нь уламжлалт ёсоор эрэгтэй хүн хөөмийлдөг, гэвч орчин үед эмэгтэйчүүд бас хөөмий сурч эхэлж байна.
Өнөөдөр ашгүй бид нэг сайхан хөөмийчинтэй байна.  Монголд “Түмэн эх” гэж ардын дуу бүжгийн чуулга байдаг. Тэр чуулгын хөөмийчин Отгоны Лувсандагва энд өнөөдөр хүрэлцэн ирсэн байгаа. Ингээд та бүхний өмнө Лувсандагвыг урьж байна.
Үнэхээр тэр “ашгүй нэг сайхан хөөмийчин” Дагваа маань “ашгүй нэг сайхан” хөөмийлж, бүр гадуур хонгилоор явж байсан хүмүүсийг хүртэл орж ирэхэд хүргэв. Энэ мэтээр үзүүлж чадах газар бүртээ л хөөмийг монгол хэмээн үзүүлж, таниулж байхгүй бол биднээс өмнө Америкт ирсэн тувачууд аль хэдийн тэр орон зайг эзэлчихсэн улс шүү дээ. Харин ч Буш ерөнхийлөгч “Надад Монголын хөөмий, нэрмэл архи хоёр таалагдаж байна” гэж хэлсэн нь маш том сурталчилгаа болсон, тувачууд үүнд бачимдаад Медведев ерөнхийлөгчдөө хов хүргэснийг та сонсоо л биз дээ? Гэхдээ нэг хачирхалтай ялгаа энд харагдаад байгаа юм. Хятад хөөмийг өөрийнхөө гэж бүртгүүлэхэд манай өвөр монголчууд тийм ч таатай хандаагүй, харин ч бидэнтэй хамт байсан, гэтэл тувачууд маань бүр Оросын нэр дор аваач гэж орос ерөнхийлөгчид хандахын учир юу сан билээ? Туваг 1924 онд тоглоомоор Монгол улсаас тусгаар тогтнуулаад, дараа нь 1941 онд жижиг улс оршин тогтнож чадахгүй гэсэн нэрийн дор Монголд нь буцааж нийлүүлэх биш, Орос өөртөө авчихсан түүхийг Тувагийн хамгийн алдартай тэр хөөмийч мэддэггүй юм гэж үү?
Хоёр. Эзэнт гүрний түүх болон Монгол ардын бүжиг
АНУ-ын Элчин сайдын яамнаа Эдийн засгийн хэлтэсийн даргаар ажиллах, одоохондоо бол монгол хэлний оюутан Давид Уайч Чингис хааны тухай монгол хэлээр ярив. Түүний яриаг англи хэлээр нь толилуулбал:
In 1162 Temujin, the first son of Mongol chieftain Yesugei, was born. Yesugei was chief of the Kiyat subclan of the Borjigin Mongols.  In 1175, neighboring Tatars killed Yesugei. At that time, Temujin was twelve years old. The Kiyat did not choose Temujin as their leader. Instead, they chose one of his kin. Temujin and his family were abandoned in the wilderness. 
Temujin did not die, however. In a great struggle, by the age of twenty, Temujin became the leader of the Kiyat subclan.  In 1196, he became the unquestioned chief of the Borjigin Mongols.
After that, Temujin fought for sixteen years in order to consolidate his power. Later, he defeated all the Mongol and Tatar tribes in the region from the Altai Mountains to Manchuria.  He selected Karakorum as the seat of his new empire.
Chinggis Khan died in 1227.  Leadership of the empire passed to his sons. His grandson Kublai Khan conquered China and established the Yuan dynasty (1279-1368 AD).  Kublai Khan gained fame through the writings of Marco Polo. Eventually, the Mongol empire disintegrated but it left an indelible mark on world history. 
Дараа нь Давид бүжигчин Дээгийг урихдаа яриагаа ийн холбов:
Монголын түүх ийм баян учраас Монголын соёл, урлаг бас их баян юм. Монгол олон үндэстэн ястны бүжиг байдаг. Та бүхэнд бүжигчин Дээгий бүжиглэж үзүүлнэ.
Ингээд Дээгий монгол ардын олон ястны бүжиг, бий биелгээнээс бүжиж толилуулав.  
Ямар нэг юм алдаршина гэдэг маш сонин, тохиолдлын гэмээр зүй тогтолтой байдаг аж. Дээгий бүжигчнийг “баяд” бүжиг бүжиглэхийнх нь өмнө миний бие Баруун Монголд олон үндэстэн ястан оршин суудгийг тайлбарлаад Баядын тухай товчхоон ярьж өгсөн юм. Тэгээд Дээгий баяд бүжгийг сэтгэл хөдөлтөл, маш уран бүжиглэж үзүүлэв. Тэгсэн чинь нэгээхэн хэсэг хүний хувьд “баяд” гэдэг үг моод, бранд шахуу болчихдог байгаа. Дараа нь юм хум сонирхож байгаад, хөөмийч Дагваагийн мөнгөн бүсийг “Энэ ямар сонин сайхан эд вэ? Баяд эд үү?” гэж тун өөриймсөг асуух нь хөгжилтэй ч гэмээр.
Гурав. Орчин үеийн Монгол ба дуурийн урлаг
Монголд улс төрийн ажилтан болох Сам Фонтэла орчин үеийн Монгол улсын талаар монгол хэлээр ярингаа, дуучин Саранг танилцуулав. Түүний яриаг монгол-англи хос хэлээр толилуулбал:
Монгол улс маш баян түүх, уламжлалтай улс билээ. Гэвч бас Монгол хурдан хөгжиж байгаа орон юм. Монгол одоо ардчилсан тогтолцоо, чөлөөт сонгууль, улс төрийн олон намтай. Америк шиг Монголын үндсэн хууль үг хэлэх, шашин шүтэх зэрэг эрх чөлөөг бататгадаг. Монголчууд олон улсад дипломат даалгавар гүйцэтгэдэг. Жишээлбэл саяхан Япон руу газар хөдлөлтийн хор уршигт туслуулахаар аврагч анги явуулсан. Түүнчлэн Японд Монгол нэг сая доллар, бас ноолууран хөнжил хандивласан юм.
Despite its rich history and pastoral traditions, Mongolia is a rapidly developing modern state.  It has a democratic political system with multiple parties and free elections.  Mongolia’s constitution, like the US, guarantees freedom of speech, religion, and other fundamental rights.  Mongolia maintains positive relations and has diplomatic missions with many countries.  For instance, a rescue team was recently sent to Japan to help in the aftermath of the earthquake.  Mongolia has also donated one million dollars and relief supplies of cashmere blankets to Japan.
Монгол чадвартай, орчин үеийн цэргийн хүчтэй байна.  Зуун тавин монгол цэрэг Иракт, зуун гучин цэрэг Афганистаны үйл ажиллагаанд оролцож байна.  Мөн монгол цэргүүд энхийг сахиулах үйл ажиллагаанд дэлхий даяар оролцсон.
Mongolia has a skilled professional military force with approximately 150 soldiers participating in operations in Iraq and 130 soldiers deployed in Afghanistan.  Mongolia’s troops have also served in various peace keeping missions spanning the globe.
Монголын эдийн засаг, бас соёл цэцэглэж байна.  Засгийн газар нь гадаадын хөрөнгө оруулалт оруулахыг хүсэж байна.  Монгол их ашигт малтмалын баялагтай. Сүүлийн арван жилд Монгол уул уурхайн үйлдвэрийн салбар сайн хөгжүүлж байна.  Мөн Монгол улс хүн хүчний нөөцөө бодож, хөрөнгө оруулахдаа боловсролдоо мөнгө төсөвлөж, янз бүрийн салбарт мэргэжлийн хүмүүсийг бэлдэн сайжруулсаар байна.
Mongolia is blossoming on the world stage both economically and culturally.  The government has focused a great deal on encouraging foreign investment and trade. Mongolia has great mineral wealth and has focused on developing its mining sector in the last decade or so.  Mongolia has also invested in its human capital, pouring resources into education and developing its professionals in various fields.
Олон улсын түвшинд Монгол олон улсын олон байгуулагын гишүүн болсон байна.
Монгол Дэлхийн Худалдааны Байгууллага, Олон улсын валютын сан, Нэгдсэн Үндэстний байгууллага зэрэгт оролцдог.
In the international realm, Mongolia is a member of various international organizations including the World Trade Organization, International Monetary Fund, and Association of Southeast Asian Nations, and many others.
Түүнээс гадна Монгол их баян олон янзын соёлын уламжлалтай байна.  Агуу эрдэмтэй зохиолч, яруу найрагч, эрдэмтэд, жүжигчид Монголын соёлын хөгжил, түүхэнд их хувь нэмэр оруулсан. 
Furthermore, Mongolia also has a rich and diverse cultural tradition.  Great writers, poets, scholars, and artists have greatly contributed to Mongolia’s cultural development. 
Түүхийн гол амжилт гэснээс Тусгаар тогтнолын 100 жилийн ойгоо энэ онд монгол улс тэмдэглэнэ.  Баярын мэнд хүргэе!
By the way, this year will mark Mongolia’s 100th anniversary of independence.  Congratulations!
Монголд орчин үеийн бүх урлаг маш сайн хөгжсөний зөвхөн нэг нь дуурийн урлаг юм. Ингээд би та бүхний өмнө Монголын дуурийн дуучин Эрдэнэбатын Саранг урьж байна. Саран өмнө Карнеги Холл-д дуулсан, бас Европод дуулсан, дараа жил Итали-д Чио Чио Санд дуулна.
Just one example of Mongolia’s incredible modern artistic transformation is its opera.  Thus I would like to present Saran Erdenebat, a very talented Mongolian opera singer.  Saran has previously sung at Carnegie Hall and throughout Europe.  Next year she will be performing Madam Butterfly in Italy.
За, Эрдэнэбатын Саран.
Please welcome Saran Erdenebat.
Дуучин Саран монгол ардын дуунаас биш дуурийн дуу дуулдаг нь бас цаанаа бодолтой довтолгоо байв. Учир нь Монголыг хүмүүс нэг л их эртний, морьтны, аглаг зэлүүд нутаг гэдгээр ойлгодог боловч орчин үеийн улс гэдэг талаас нь сайн мэддэггүй юм. Гэтэл монгол дуучин гарч ирээд итали хэлээр дуулан үзүүлэх нь сонгодог урлаг Монголд хир өндөр хөгжсөнийг үзүүлэх бэлээхэн сайхан жишээ болоод өглөө. Нүүдэлчин монгол гэдэг чинь адууныхаа нуруун дээр хөөмийгөө исгэрээд давхидаг, үндэс угсаа бүр нь өвөрмөц сайхан бий биелгээгээ хийгээд явдаг, тэр сайхан урлагаа хадгалаад, мэргэжлийн түвшинд хөгжүүлээд ирсэн уламжлалт улс мөн, бас түүнийхээ хажуугаар тайзан дээр гараад, ордонд ороод ирэхээрээ дэлхийн ямар ч сонгодгийг хэнээс ч дутахгүй мэддэг, чаддаг улс юм байна шүү дээ.
Дөрөв. Монгол хоол
Сайхан монгол хоол бэлдэнэ гэдэг бас учиртай стратеги байсан юм. Монгол соёлын өдөрлөг гээд зарлахаар үнэхээр сонирхох нэг нь ирээд цаана нь бас хүмүүс үлдэх магадлалтай. Монгол хоолтой гэж зарлавал харин зарим нэг хүн ходоодондоо хөтлөгдөөд ирнэ, тэгэхээр нь өнөө сайхан юмнуудаа үзүүлэхээр өөрийн эрхгүй зөвхөн ходоод нь биш бас сэтгэл нь давхар татагдаад ирэх болно Үүний тул хоол маш чанартай, сайхан байх ёстой. Амраа эгч гэж Баянгол, Улаанбаатар ресторанд тогооч байсан мэргэжилтнээр ахлуулсан бригад байхад үүнээс ч харин айлтгүй дээ. Зөвхөн соёл бус бас хэлээ давхар сурталчилж байсан болохоор бүх хоолныхоо нэрийг монгол-англи хоёр хэлээр давхар бичиж тавив. Энэ өдрийн хамгийн олон хүн сонирхсон, шилдэг амттанаар бууз ч биш, цуйван ч биш, хайлмаг ч биш, бяслаг ч биш буцалгасан аарц тодров. Ямар өвөрмөц сайхан идээ вэ гээд л нэмүүлээд уугаад байх юм. Маргааш нь тэнд ирсэн улсаас маш олон талархлын захиа ирсэн байснаас нэг хүн бүр аарцыг сургуулийн цайны газар зардаг болгож өгөөч гэсэн хүсэлт ирүүлсэн байж билээ. Сонирхолтой нь тэрхүү захианд “аарц”-ыг “танай тэрхүү yogurt-drink” хэмээн тодорхойлсон байсан нь өөрийнхөөрөө л ойлгосон хэрэг биз ээ. 
Чөлөөт ярилцлага өрнөж дипломатууд маш их зүйлийг сонирхон асууж байлаа. Араб хэл сурч буй хоёр ч эмэгтэй Монголд заавал аялж үзнэ хэмээн амлаж байна. Сургуулийн номын сангийн эрхлэгч ирээд ширээн дээрх эд зүйлсээр бяцхан үзмэр бэлдэж, номын сандаа хэсэг хугацаанд байрлуулъя хэмээн хүслээ.

АНУ-ын Төрийн Департаментийн Гадаад харилцааны дээд сургуулийг монгол соёлоор довтолсон түүх энэ билээ. Яг үүнийг бичиж байхад Арлингтон хотноо “Хамтдаа” хэмээх монгол соёлын тоглолт болж, цам бүжин, бас нэг томоохон арга хэмжээ болж байна. Саяхан Станфордод бол бүр ч даацтай үйл ажиллагаа болж, Монгол соёлоор довтлох төдийгүй “бөмбөгдсөн” гэж хэлж болно. Үндэсний аюулгүй байдлын төлөө зөвхөн цэрэг армийнхан төдийгүй урлаг соёл, хэл зохиолынхон ч бас “Эх орныхоо төлөө зүтгэе” хэмээн ёслон зогсох тэр мөч бас л сайхан ажээ.   
М. Саруул-Эрдэнэ

No comments:

Post a Comment