Saturday, June 4, 2011

Эмэгтэй, эрэгтэй хүн өдөрт яриандаа хичнээн үг хэрэглэдэг вэ?

Итали хүүхнүүд хамгийн их ярьдаг. Тэд өдөрт 6000-8000 үг хэлж, 2000-3000 авиа гаргаж, 8000-10000 биеийн хөдөлгөөн, нүүрний хувирал үзүүлдэг. Нийтдээ тэд нэг өдөрт 20000 орчим үг, дохио, авиа хэрэглэдэг байх нь.
Ер нь бол дундаж эмэгтэй хүн дээрх үзүүлэлтийн 80 хувийг нэг өдөрт ашигладаг гэсэн судалгаа бий. Тийм ч учраас эмэгтэйчүүд эрүүний элдэв эмгэгээр эрчүүдээс дөрөв дахин их өвддөг болохыг Британийн эрдэмтэд тооцож гаргасан байна. Харин эрчүүд?
Эрчүүдийн нэг өдрийн норм харьцангуй бага. Тэд өдөрт 2000-4000 үг ярьж, 1000-2000 авиа гаргаж, 2000-3000 дохио зангаа ашигладаг. Нийт дүн нь 7000 орчим болно. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн энэ ялгаа өдрийн төгсгөлд бүр ч тод харагдана. Өдрийн 7000-ынхаа нормыг дуусгачихсан харчууд гэртээ ямар ч юм ярих тэнхэлгүй, чадваргүй болчихсон ирнэ. Урьдаас нь өдөржингөө гэртээ бяцхан хүүхэдтэйгээ өнжин өдрийн нормынхоо дөнгөж 30 хувийг ашигласан эхнэрүүд угтана. Нэг нь ярих бөөн хүсэл, нөгөө нь ярья гэсэн ч тархиных нь ачаалал хүрэлцэхгүй дуугаа хураасан хүн. Эндээс зөрчил үүснэ.
-Ажлаар чинь сонин юу байна?
-Юмгүй ээ.
Нөгөө нэг яриад байсан төсөл чинь яасан?
-Зүгээр.
-Амралтын өдрөөр бүгдээрээ юу хийх вэ?
-Харин ээ.
Энэ мэтээр дэлгэрэнгүй асууулт, товчхон хариулт бүхий харилцан яриа өрнөнө. Нөхөр яг л байцаалтад орж байгаа юм шиг өөрийгөө санана. Тайван, чимээгүй байхыг хүснэ. Ёс бодож “Өнөөдөр юу хийв дээ?” гэж асууна. Хариулт харин хачин урт. Юу ч үлдээлгүй нэг бүрчлэн ярина. Дуугүй болоод өгөөсэй гэмээр урт яриа. Анд явсан эрчүүд түүдэг гал ширтэн тойрч суугаад амардаг байсан шиг харчууд буйдан дээрээ зурагтын удирдлага бариад дуугүй суухыг хүснэ. Эхнэрүүд өөрсдийгөө тоохгүй байна гэж бодон гомдоллоно.
Өдрийнхөө нормыг дуусгахаар дуржигнуулж байгаа эхнэрүүдэд ямар сэдвээр юу ярих нь чухал биш. Асуудлыг шийдэх ямар нэг арга замыг олох ч чухал биш. Зүгээр л ярих. Тиймээс тэдний яриаг тэвчээртэйхэн дуугүй сонсож сурах хэрэгтэй. Сэтгэл зүйчид дээр голдуу хүүхнүд очдогийн учир энэ. Тэнд тэдний яриаг огт таслалгүй сонсдог. (News.mn)

No comments:

Post a Comment