Соён гэгээрэл гэдэг бол хүн өөрийгөө
хөнөөгч харанхуй байдлаас чөлөөлөгдөх явдал юм.
хөнөөгч харанхуй байдлаас чөлөөлөгдөх явдал юм.
Иммануиль Кант
Соён гэгээрэл буюу оюун ухааны хөдөлгөөн гэж юу вэ?
Өнөөгийн Монголд хэт газар аваад буй улс төржсөн байдал, эрх мэдэл, эд хөрөнгөнд хязгааргүй тэмүүлсэн шунал, олон түмний үл мэдэхүй дээр тоглодог аугаа сэтгэгчид, бидний өөрсдийн аж төрж буй байдал энэ бүхэн нь “соён гэгээрэл гэж юу вэ” гэсэн асуудлыг сөхөн тавьж, дахин авч үзэхэд хүргэж байна. Энд цэцэрхээд, хэт уран гоё үгээр хөөцөлдөх шаардлагагүй. Энэ нь энгийн бөгөөд тогтчихсон тодорхойлолттой үзэгдэл. Соён гэгээрэл гэдэг бол 17-18-р зууны үед Европт гарсан оюун санааны хөдөлгөөн. Энэ хөдөлгөөн Бурхан, оюун ухаан, хүн гэх мэт уламжлалт сэдвүүдээс гадна урлаг, философи, улс төрийн талаар урьд өмнө байснаас шал өөр, хувьсгалт агуулга бүхий тайлбар хийдэг байж. Товчоор хэлэхэд, мухар сүсэг, хязгааргүй эрх мэдэл, зүй бус байдлыг оюун ухаан, хүлцэн тэвчихүй, тэгш үйлчилдэг хуулиар халж өөрчлөх хөдөлгөөн байсан юм.
Энэ хөдөлгөөний үндсэн утга санааг Монголын хувьд авч үзэх юм бол шашин, мухар сүсэг, түүхийн хоосон бахархал, онгирон сагсуурах явдал, залхуурал, худал цаг болзож, хоосон амлах, өөртөө биш улстөрчдөд хэт итгэдэг байдлаа физик, хими, математик, компьютерийн мэдлэг, нийгэм-хүмүүнлэгийн ухааны шүүмжлэлт сэтгэлгээ, үндэсний өв уламжлал ба түүхэндээ хандах бодит хандлага, хэлсэндээ байх чанар, нам, улс төрийн хүчинд биш өөртөө итгэх итгэлээр сольж, иргэд өөрсдийгөө амаар биш ажлаараа харуулж, хувь хүний бие даасан байдалтай болох хэрэгтэй байна. Энэ бүхэн нь соён гэгээрэл болно.
Энэ хөдөлгөөний төлөөлөгч болж олон томоохон сэтгэгч ном бүтээлээ туурвиж байсны дотор Жон Локкийн Засаглалын тухай хоёр шашдир (монгол хэл дээр орчуулагдаж буй), Монтескьюгийн Персийн захидлууд, Хуулийн амин сүнс (монгол хэл дээр орчуулагдсан), Вольтерын Эрх чөлөөтэй байна гэдэг юу гэсэн үг вэ?, Кандид (мөн орчуулагдсан), Ж.Ж.Руссогийн Урлаг ба шинжлэх ухаан, Эмиль, Дидро, Жан д’ Аламбер нарын удирдаж бүтээсэн 28 боть Нэвтэрхий толь, Адам Смитийн Үндэстний баялаг (орчуулагдсан), И.Кантын Цэвэр оюун ухааны судалгаа, Жэрэми Бэнтамын Ёс суртахуун ба хууль ёсны зарчмуудын удиртгал бүтээлүүд нь хүн төрөлхтний мэлмийг нээсэн юм.
Дээрх бүтээлүүдийн аль нэгнээс ганц хуудсыг ч болов анхааралтай уншихад хэчнээн гүнзгий агуулгатай, бидний хувьд ямар ач холбогдолтой зүйлс болох нь мэдрэгддэг. Эдгээр бүтээлийг өнөөгийн манай “их сэтгэгчдийн” бүтээлтэй харьцуулан үзмээр байгаа юм. Манай “их сэтгэгчид” Монголд ингэж харьцуулдаг хүн байхгүй, харьцуулах гэж оролдсон ч чадахгүй, харин миний хэлж буй зүйл - “Чингис; Хөх тэнгэр; Азийн цээжин дэх аугаа ард түмэн; Дэлхийд байхгүй Монгол үндэстэн; Хосгүй ухаант монгол хүн” гэсэн үгнүүд эдний тархи толгойд илүүтэй бууна (үнэндээ бол илүү таалагдана) гэдгийг мэдчихээд ард түмнээр тоглож байдаг. Шүүмжлэлт, рефлектив сэтгэлгээнээс хол эдгээр хүмүүс цаагуураа Монгол Улс, Монголын иргэдийг хорлогчид мөн. Мэдээж, санаатай хорлоогүй байх. Гэхдээ өөртөө эргэлзэх сэтгэлгээ дутмагийн улмаас бяд муутай зүйлд хэт итгэхээр үл барам бүхэл улс-үндэстнийг тэр зам уруу чирэх гэж оролдож байна. Тэгэхээр энэ талаас нь авч үзэх юм бол соён гэгээрэл гэдэг бол ийм хорлонт үзэгдлийг олж хараад зайлсхийх чадвар болно.
Соён гэгээрэл ба Монгол
Кантын хэлснээр өнөөдөр Монголд “Мөнгө [бас эрх мэдэл. Зох.] байхад бодож сэтгэх хэрэг юун, энэ яршигтай ажлыг бусад хүн л хийнэ биз. Бодоод байх юмгүй, тушаал биелүүл; Бодоод байх юмгүй, татвараа төл; Бодоод байх юмгүй, сүсэглэж бишир” (И.Кант Соён гэгээрэл гэж юу вэ?) гэх хүмүүс маш их болжээ. Монголчууд бид хэдий болтол шашны мухар сүсэг, хэдэн зууны өмнөх байлдан дагуулал, нүүдлийн соёл иргэншил гэсэн ямар ч ач холбогдолгүй зүйлсээр бахархсаар байх юм бэ!
Ярьж буй сэдэвтэй холбогдуулан хэлэхэд, Монголд хуурамч соён гэгээрүүлэгчид олширчээ. Үнэхээр юм мэдэх; Юм мэддэг юм шиг харагдах гэдэг бол тэс өөр үзэгдлүүд. Хоёр дахь төрлийн чанарыг эзэмшсэн хүмүүс захаас аван тааралдах болж. Ийм хүмүүс гудамжинд төдийгүй Монголдоо оюун санааны төв болох ёстой МУИС-д маш олноороо шигж. МУИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны салбарын магистр, докторын ажлын хүрээнд хийгдэж буй судалгааны ажлын сэдвүүдийг хараарай. Энэ сургуульд байгаа тэнхимүүдийг хар. МУИС-д “Нүүдлийн соёл иргэншлийн тэнхим” гэсэн тэнхим байдаг. Гудамжинд чалчиж явдаг “цайны сэхээтнүүдийн” бахархал. Англиар бол “Nomadic Civilization” гэх нь байна. Ядахад “нүүдлийн соёл”, “нүүдлийн аж төрөх ёс”, бүр том үг хэрэглэмээр байгаа бол “нүүдлийн нийгэм” хэмээн томьёолж болоогүй юм байх даа. Civilization (соёл иргэншил) гэдэг бол үгийн этимологиороо ч, цаад үндсэн утгаараа ч суурьшилтай холбоотой гэдгийг университетийн төвшинд л ойлгоогүй байна шүү дээ. Үнэхээр харамсаж, халагламаар.
Бид соён гэгээрэлд тун бага хамрагдсан ард түмэн учраас ямагт нэгнийхээ, тэр тусмаа олны дунд нэр нь түгсэн хүний амаар явж, хэлсэн үгэнд хуурагдаж байдаг. Ялангуяа сургаар алдаршсан улстөрчдийн амыг харах нь нэн их. Гэтэл тэд биднээсээ дээрдэх юмгүй, харин ч муу чанараараа илүү учраас тэгж гудихгүй худал ярьж, худал амлачихаад хэнэг ч үгүй байж чадаж байгаа юм гэсэн бодол хэний маань ч толгойд ордоггүй.
И.Кант Соён гэгээрэл гэж юу вэ? гэсэн асуулт тавьж түүнийхээ хариулт болгон нэгэн эссэ бичсэн байдаг. Түүнийхээр “гэгээрэл гэдэг бол юм мэддэггүй, харанхуй мохоо, бусдын үгээр явдаг байдал (онцлов. Зох.), оюун санааны түгжигдмэл байдлаас гарах гарц” юм. Юм мэддэггүй, ном уншдаггүй, уншихаас залхуурдаг, ээдрээтэй өгүүлбэрээс зайлсхийдэг хүмүүс бол нэг ёсондоо сохор хүмүүс л гэсэн үг. Тэгвэл энэ хүмүүс соён гэгээрэлд хамрагдах хэрээр хараа орж, хүнээр хөтлүүлж явахаа болино.
Соён гэгээрэл ба хувь хүн
Тийм ээ, манай нийгмийг Вольтерын хэлснээр “жамаараа яваа ертөнц” хэмээн тодорхойлж болох л байх. Манайх шиг шилжилтийн ороо бусгаа үедээ яваа улсад аль л болж бүтэхгүй хулгайч, дээрэмчин, залилан мэхлэгч, увайгүй юмнууд хождог нь жам. Гэхдээ яваандаа цэгцэрч таарна. Гэсэн ч “арай хэтэрлээ”, “энэ нь нэг юманд хүргэнэ шүү” гэсэн бодол төрөөд байх юм. Үүнээс үүдээд соён гэгээрлийг улс төртэй холбон хэдэн үг хэлье.
Соён гэгээрсний үндсэн шинж бол хувь хүний бие даасан байдал юм. Давтан хэлэхэд, мэдлэггүй харанхуй хүн ямагт бусдын үгээр явдаг. Олонхыг дагадаг, сүргээсээ салж чаддаггүй хүмүүс бол соён гэгээрээгүй хүмүүсийн үндсэн шинж. Улс төрийн нам гэсэн нэг заваан үзэгдэл байна. Энэ нь сүрэглэгсдийн сэтгэхүй дээр гарч ирдэг зүйл. Нам дагасан “улаан, цэнхэр, ногоон тугнууд” бол хувь хүмүүс биш. Коллективистууд. Тэд бие даан, ганцаар байхаас ямагт айна. Нам гэдэг бүлэглэл түүнийг ямар ч гэмт хэргээс хаацайлна, намтай байхад зүгээр сууж байгаад мөнгө олно хэмээн ойлгодог учраас хувь хүн байхаас татгалзаж байна. Одоо өөрийгөө хамгийн ухаантай, зоригтой гэж боддог хүмүүс хүртэл намаас гарах, намын дэмжлэггүй болохоос үхтэлээ айж байна. Болохгүй болохоороо “нам дотроо нам” байгуулцгаадаг. Нам гэдэг нь ийм олиггүй шинж чанартай байгууллага гэдгийг ойлгодог байсан учраас Томас Жэффэрсон намыг “хуйвалдагсдын үүр” гэж байсан юм.
Ардчилал гэдгийг долоон буудлын Долгор эмээ болон энэ улс төржсөн залуус, ер нь иргэд маань юу гэж ойлгоод ингэтлээ шүтээд байгаа юм, мэдэхгүй. Энэ бол бас л коллективист үзэгдэл. Мэдээж, коммунизм шиг тоталитари үзэгдлээс хамаагүй дээр л дээ, гэхдээ жинхэнэ эрх чөлөөг эрхэмлэдэг хүмүүсийн хувьд ардчилал нь “олонхын дарангуйлал”, өөр юу ч биш. К.Менкений хэлснээр ардчилал бол “хоёр чоно, нэг хонь өглөөний хоолондоо юу идэх талаар санал хурааж байгаагаас өөрцгүй зүйл” (Энд нэг хонио өглөөний хоолонд идэх санал давамгайлах нь тодорхой). Айн Рэнд Магтуу (Anthem) зохиолдоо үзүүлснээр хамгийн үл бүтэх юмнууд “ардчилал”, “тэгш эрх” гэсэн уриа лоозун хашгичиж байна. Энэ хашгичаан дунд хувь хүний эрх байнга зөрчигдсөөр байна.
Соён гэгээрэл гэдэг бол хувь хүн нийгэмд улс төрийн төдийгүй бусад бүх утгаараа оршин байх бололцоо. Соён гэгээрүүлэх хөдөлгөөний оршил нь гуманизмын хөдөлгөөн байсан. Дундад зууны үед “хувь хүн юу ч биш” хэмээдэг байж. Гуманизмын хөдөлгөөн нь хувь хүн бол “юу ч биш нь биш” гэдгийг анх харуулсан юм. Тэр үед Мишель Монтэнийн бичсэн эссэнүүд хувь хүнийг дээдлэх суурийг тавьж өгчээ. Гуманизм нь анхнаасаа л хувь хүнийг шашин, төрөөс хараат бус хэмээн үзэж байлаа. Хувь хүнийг дээдэлсэн гуманизмгүйгээр Дахин сэргэлт, Соён гэгээрүүлэл хоёрын алийг ч төсөөлөх аргагүй.
Монголчууд бид соён гэгээрснээр шашин, түүх-уламжлал, улс төрийн мухар хар сүсэг, “их сартваахиудын” хуурамч суртлын нөлөөнөөс салж, өөрөө өөрийгөө авч явах чадвартай хувь хүн болно гэдгийг либертари үзэл бидэнд байнга сануулж байна.
Философийн ухааны доктор Б.Батчулуун
No comments:
Post a Comment