Tuesday, August 16, 2011

Г.Золжаргал:Учиргүй уйлж эсвэл инээдэг невроз өвчин 10 жилийн дараа Улаанбаатарчуудад илэрнэ гэж боддог

Өнөөдөр Монголд телевизээс олон юмгүй болсныг хэн хүнгүй л хэлж байна. Энэ олон замбараагүй мэдээллийн хэрэгслүүд хэдэн тийшээ харж давхиж давхиж хүч нь тамирдаж эсвэл хэн нэгний идэш болсон үедээ зогсох байх гэж сэтгүүлч Г.Золжаргал ярилаа. Хүний эрх, эрх чөлөөний тухай наад захын ойлголтгүй сэтгүүлчдийг тэрбээр хүй нэгдлийнхээ үеэс салаагүй чөмөгний ясны оронд микрофон барьсан сармагчинтай зүйрлэж байна.Аливаа зүйл хэмжээ хязгаартай байдаг. Харин хэмжээ хязгааргүй мэдээллийн террор хүний ухаан санааг самууруулж эцэстээ нөхөж баршгүй сэтгэхүйн гамшиг болохыг амьдралынхаа ихэнхийг телввизтэй холбож яваа эрхэм сэтгүүлч сануулсныг хүргэе.


-Энэ жил их олон ой давхацсан сайхан наадам болж дэнж хотойтол наадлаа. Та хаагуур наадав? 

-Энэ зун ойрын жилүүдэд ороогүй бороо орж газрын өнгө засч дэлгэр сайхан зун болж байна. Би наадмын өмнө хэд хэдэн удаа хөдөө явсан. Газар дэлхий өнгөө засаад ирэхээр хүний сэтгэл уужирч баярладаг ч юм уу энэ жилийн наадам өргөн дэлгэр сайхан боллоо. Хүмүүс баярлаж наадахдаа идэж уух, уралдаж цэнгэх юмтай болсон байна. Гэхдээ улсын сан хөмрөгөөр биш өөрсдөөсөө мөнгө гаргаад наргиж цэнгэж байгаа бол сайхан л байна. Нэг зуны наадмыг өвөл шалгадаг учраас одоо сайхан наадлаа гэж хэлэхэд эрт байна. Ямар наадсаныг өвөл л дүн тавина даа. 

-Шинэ цагийн баячуудын өмсөж зүүх нь ч үлгэр домгийн шинжтэй болж. Сэтгүүлч хүний хувьд та үүнийг ямраар харж байна вэ?
-Хавар бол малд ч хүнд ч хэцүү цаг. Ийм үеэр би голдуу хөдөө явдаг. Баримтат киноны зураг авна. Айл хунараар орно. Ингээд явж байхад өнөөдрийг 1990-ээд оны үетэй харьцуулахад хүмүүсийн амьдрал өнгөц арай дээрдсэн юм уу л гэж хардаг. Хөдөөний нэг айлын гадна нэг машин, мотоцикл, салхин сэнс байна. Гэхдээ тэр айлын амьдрал үнэхээр дээшлэж үү гэвэл бас үгүй юм аа.

Хөдөөнийхөнд мөнгө ч, ажил ч алга. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл үүсч чадсангүй. Өмссөн хувцас жаал жуул ахуй хэрэглээний зүйлээрээ л өөрчлөгдсөн юм шиг харагдавч малаа дагаж амьдарсан хэвээрээ байна. Гэтэл 22-ын товчооноос цааш нэг хүүхэд варений шилтэй жимс, хагас шуудай самар, эсвэл тарваганы боодог зараад зам дагуу зогсож байдаг дүр зураг ерээд оныхоос өөрчлөгдсөнгүй. Аймаг сумын зах дээр малын мах ширхэн л зардаг хэвээр байна. 

Ажилгүй хүмүүс олон, архи их ууж байна. Олонхийн амьдрал ийм ядуу байхад баячууд ийм элбэг дэлбэг баян тансаг харагдах нь хуурамч юм даа. Энэ нь хүний сэтгэл зүйд их муухай нөлөөтэй, соёлгүй явдал. Монголчууд олон мянган жил нүүдэллэж ирсэн нүүдлийн соёл иргэншилтэй ард түмэн. Урьд нь бид хот суурин газар амьдарч үзээгүй, банк ч гэж байсангүй. Тиймээс өөрт байгаа үнэтэй цэнэтэйгээ өөрөө л биедээ авч явдаг байсан юм байна л даа. 

Тиймээс нүүдэлчин амьдралын хотожсон шинэ хэлбэр нь энэ л юм болов уу гэж бодох юм. Герман Швейцарь хүн бол хэзээч ингэж баярхахгүй. Тэд үнэтэй цэнэтэй юм аа банкинд хадгалуулна гэхээс манайхан шиг өөрөө үүрээд явдаггүй. УИХ-ын гишүүд, компаний захирлууд хамгийн үнэтэй цүнх, малгай өмсөөд явж байхыг хараад би “Энэ хүн энийгээ банкинд хадгалуулж болдоггүй юм байхдаа, авч явах ёстой юм болов уу” л гэж боддог. 

Тэгэхээр бид уламжлал ба шинэчлэлийг их сайн хослуулж амьдарч байгаа улс. Бахархмаар ч юм шиг. Гайхмаар ч юм шиг. Тэрийг нь хэвлэлүүд дэвэргээд янз бүрээр гаргаад байхаар ядарч зүдэрсэн хүмүүс бухимдах нь аргагүй. Өөрсдийнх нь сонгосон хүмүүс ёлкны мод шиг явж байдаг, өөрийнх нь амьдрал тогоо тослох ч юм байхгүй байхад бухимдах нь аргагүй шүү дээ. Төрийн томчуудын эхнэр хүүхэд нь дэлхий дааж ядтал гангарч яваа нь ёс суртахууны хувьд хуншгүй л юм. 

Ямар ч оюунлаг сэхээтэн хүнлэг жирийн  төрийн хүн бол ингэж явахгүй л дээ. Хичнээн гоё үнэтэй машин унаж шил толь болсон байшинд амьдарлаа гээд нэг хоёр зуун жилийн өмнөхөөсөө ч долоон дор ёс суртахуунтай амьдрах юм бол ямар олиг байх вэ. Үүнийг хөгжил гэж хэлэхэд  хэцүү. Энэ гаж хөгжил шинэ төрж байгаа хүүхдүүдийн үед ч цэгцрэх юм болов уу гэсэн гунигтай бодол заримдаа төрдөг 

-Бидний урьд гэж муулаад байсан нийгэмд ч ийм дэгжирхэл аархал байгаагүй шүү дээ?

-Энэ жил би Алтанцэцэг сэтгүүлчтэй ярилцаж байгаад төр нийгмийн зүтгэлтэн Ж.Самбуу гуайн тухай нэвтрүүлэг хийсэн юм. Тэр хүний амьдралын хэв маяг үнэхээр энгийн даруу ард олонтойгоо ойр байсан юм билээ. Монгол төрийн хүний биеэ авч явах соёл, ухаан Ж.Самбуу гуайд нэвт шингэсэн. Уг нь би залуу улс төрчдөд зориулж энэ нэвтрүүлгийг хийсэн. Наадам таарсан болоод ч тэр үү хүмүүс нэг их тоож үзээгүй юм шиг байна лээ. 

Одоо морь бөх хоёроос өөрийг хүмүүс үзэхгүй юм билээ. Дараа давтаад нэг үзүүлдэг юм болов уу гэж бодож байгаа. Төрийн жолоо атгалцаж олны нүдэнд ил яваа хүн өөрийгөө юутай болсныг гайхуулах биш ямар улс орныг удирдаж байгаагаа харуулах ёстой. Хэлбэр загвар хоёроосоо салах хэрэгтэй байна. Иддэг уудаг хоёроо цэгцтэй болгомоор байна. Хэлдэг ярьдагаа ч  цэнэмээр байна. Зарим нь наадмаар генералын хувцас өмссөн явж байх юм. Зарим нь манжийн үеийн юм олоод өмсчихсөн явах юм. Зарим нь бүр хэт иргэншээд шоорт таавчигтайгаа явж байх юм. Улс орныг сайнтай ч муутай ч чирээд явж байгаа  хүмүүс  монгол төрийн ёс уламжлалыг бодож алхаж гишгэж байх ёстой юм болов уу. Үүнийг сэтгүүлчид хэлж байх ёстой учраас би ярьж байна. Түүнээс биш бид нарын хэлэх нохой хуцах хоёр бараг адил болсон доо. 

-Сүүлийн үед телевизүүд олширч буй энэ үед танд хэлэх, ярих үг их байгаа байх?
-Сая Ази номхон далайн хэвлэл мэдээллийн хэрэгслийн дарга нарын чуулга уулзалт Монголд болсон. Ийм цөөхөн хүн амтай улс ийм олон телевизээр яадаг байнаа гэж тэд их гайхаж байна лээ. “Юм замбараагүй байхад  ингэдэг юм. Аяндаа цэгцрэх байх” гэж байна лээ. Гэтэл тэр цэгцрэх цагийг хүлээх хооронд залуу оюун ухаан шаардлагагүй боловсруулаагүй мэдээллээр хордоод дууслаа. Түүнийг эргээд засч залруулахад төвөгтэй л болох байх.

90-ээд оны эхээр хийсэн боловсролын салбарын өөрчлөлтөөс болж өнөөдөр гучин настай залуучуудын дунд зөв бичиж чаддаг хүн бараг байхгүй болсон. Үүнтэй адилхан хүний уураг тархи хэмжээ хязгаартай, дэс дараалалтай мэдээллийг аваад хөгжих ёстой байтал ийм замбараагүй мэдээллийн хэрэгслүүдийн цацсан мэдээллээс болоод гэмтэнэ. Энэ гэмтэл сүүлд их төвөг болно. Гэхдээ би одоо үүнийг ярилаа гээд хэн ч сонсохгүй хүлээж авахгүй.

Авдаг цаг нь ч биш байна. Олон тийшээ зүтгэчихсэн улсууд нэг бол хүч нь тамирдахаараа зогсох байх. Эсвэл хүний идэш болсон хойноо ухаарах биз. Аливаа юм хэтрэхээрээ бас дутахаараа дандаа аюул дагуулдаг. Монгол улс дэлхийд байхгүй хэвлэлийн эрх чөлөөтэй гээд хурал болгон дээр ярьдаг. Хүн болгоны амнаас ийм үг гардаг. Үнэндээ хэвлэн нийтлэх эрх чөлөөг иргэн бүрт олгосон улс орон мөн үү гэвэл мөн. 

Гэтэл жинхэнэ утгаараа эрх чөлөөтэй юу гэвэл бас үгүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн үүсгэн байгуулагч нь дандаа л хөрөнгө мөнгөтэй хүн эсвэл нам байдаг. Телевизүүд хэн нэгний хармаанд орж амьдардаг учраас өөрсдийн жинхэнэ хүсэж мөрөөдөж байгаа зүйлийг хийж чаддаггүй. Тэгэхээр жинхэнэ утгаараа иргэдэд үйлчлэх чөлөөт хэвлэл гэж яривал бас үгүй болчихоод байгааюм. Хэвлэлийн орчин эрэмдэг зэрэмдэг байна.

Хэвлэл мэдээллийн хэрэгсэл олон ч явуулж буй материалын чанар нь хангалтгүй. Нэг үйл явдлыг 20 сурвалжлагч сурвалжлаад, бүгдээрээ адилхан юм ярихаар олон байхын хэрэг юу байхав. Too нь олон байхаас ямар ч чанар алга. Угаасаа манайд болж байгаа үйл явдал ч тийм олон биш. Хоёрхон сая хүнтэй, нийслэлдээ ихэнх нь чихэж амьдарч байхад сайндаа л өдөрт арван үйл явдал болно. Ийм байдалтай хорин жил боллоо цаашид хэдий хэр үргэлжлэх юм мэдэхгүй.

Улаанбаатар ядуучуудын баячуудын гээд хоёр хуваагдчихлаа. Дунд нь багш эмч гээд төрийн албан хаагчид байдаг. Малчин малаа маллаж чадахгүй бол хотод ирээд хог дээр гарч хогийн хүн болж хувирч байна. Бүх юмыг муугаар хараад яахав гэхдээ Таван толгойгоос нүүрсээ зөөгөөд ачаад эхлэчихсэн амьдралаа сайжирна л гэж байна. Гэхдээ үр дүн хувь хүнд яаж хүрэх юм, нийгмийн хөгжилд ямраар тусах юм гэдгийг жирийн чавганцад хүртэл тодорхой хэлж өгдөг байх ёстой.

Тэгж байж хүн ирээдүйгээ зөвөөр төсөөлж баримжаа авах ёстой байхгүй юу. Энэ олон ойлгох ойлгохгүй мэдээллийн дунд баримжаа байхгүй болохоор бухимдаж байна. Төөрөлдөж байна. Тэгээд л бөөн утаа шороо манан дунд л машин байшин чихэлдсэн газар уур бухимдалтай амьдарч байна. Эцсийн бүлэгт бид бүгд л хохирно. Бүгдээрээ л невроз гэдэг өвчтэй болох байх даа. Бүх юм хэмжээтэй хүний нерв хүртэл хэмжээтэй.

Ингэж их бухимдаж гаслаж ганхинаж байгаа улсууд сүүлдээ бүгд невроз л болох байх. Невроз хүндрэхээрээ барьсан тавьсанаа мэдэхгүй нэг бол их уйлдаг. Эсвэл учиргүй инээдэг эсвэл санаа алдаад байдаг ийм шинж тэмдэг арван жилийн дараа Улаанбаатарчуудад илрэх байх гэж би боддог. 

-Улс төрчид өөрийн хувийн хэвлэлтэй болж түүгээрээ дамжуулж олон нийтийн тархийг угаах ажлаа маш идэвхтэй хийдэг? 

-Улс төрчид хэвлэл рүү орж ирдэг туйлын зорилго нь ойлгомжтой. Намаа сонгуульд гаргах, эрх мэдэл эдлэх нь тэр хүнд өөрт нь хэрэгтэй байгаа байхгүй юу. Үе дамжсан баячуудын хоёрдахь үе нь гарч ирж байна. Хоёр дахь үе нь бүүр илүү их айхтар идээчин уугаачин гарч ирж байгааг хүмүүс ойлгож байгаа байх. Дээр нь шудрага ярьдаг хүмүүс нь өвчнөөр цаг бусаар яваад өгчихсөн. Зарим нь дуугүй болчихсон. Тэмцэлд уриалан дуудъя гэхээр ад болдогийг мэддэг болсон учир хүн амьдралд хайртай юм хойно дор дороо амьдралаа хөөгөөд явчихсан.Энэ бүхнийг нэгтгээд харвал эмгэнэл гэдэг үг л харагдаж байна. 

-Телевизүүдийн мэдээг харж байхад заримдаа арай ч дээ гэмээр юм их байдаг. Редактор байдаггүй юм уу гэж харагддаг? 

-Юмыг завхруулахаар л ийм балай болж байгаа шүү дээ. Хэвлэл мэдээллийг эрхлэн явуулна гэдэг бол сайн сэтгүүлч редактор мэргэжлийн хүний ажил. Хэн дуртай хүн юу хүссэнээ хийгээд эхлэхээр ийм л балай байдалд хүрч байгаа юм. Үүнийг цэгцэртэл хүлээх юм уу гэвэл тэгмээргүй байгаа юм. Хэвлэлийн хүрээлэн дээр сургалт явуулж байдаг. Хурал зөвөлгөөн дээр ярьж л байдаг. 

Хийж байгаа хүнтэйгээ л ажиллахгүй бол энэ сайжрахгүйээ. Хичнээн хөрөнгө мөнгөтэй техниктэй байлаа гээд нэмэргүй. Редакцид орж ирж байгаа сурвалжлагчийг хүмүүжүүлэх нь ерөнхий редакторуудын үүрэг. Хэрвээ еренхий болон ахлах редакторууд сайжрах юм бол сонин хэвлэл дороо сайжирна. Долоо хоногийн дараа ч сайжирна. Гэвч хэвлэлийн эзэд чадалтай хүнийг тэр болгон авч ажиллуулахгүй байна. Чадалтай хүн чинь өөрийн бодолтой байдаг юм. 

Өөрийн бодолтой хүн эзний бодсоноос өөр юм боддог хүслийг нь биелүүлдэггүй. Тиймээс өөрсдийнх нь арга авир бодол санаанд нийцсэн гарын дор улсуудыг аваад ажиллуулдаг байх. Тэдэнд заавар тушаал өгөөд ажиллуулахад амар байдаг байх. 

-Сэтгүүлчдийн байгууллага дахиад бужигнаад эхэлж байна. Та аль талд нь байна?



-Наранбаатар хоёр жилийн дараа намын дарга ч юм уу нэг намын идэвхтэн болох үгүйг нь би мэдэхгүй. Гэхдээ одоо ярьж байгаа юм нь зөв. Сэтгүүлчдийн байгууллагад тунадас үүсчихсэн байна. Үүнийг сэгсэрч байна. Харин сэгсэрсэний дараа албан тушаалд очоод хариуцлага
үрээд ирэхээрээ анх ярьж байсан зорилго үг үйл хэргээсээ битгий ухраасай гэж л бодож байна. Хэвлэл бол бага улс төр. Их юман дээр очдог хүчтэй буу зэвсэг гэдгийг хүмүүс мэддэг болчихсон байна.

Хэвлэл мэдээллээр дамжуулаад албан тушаал, карьертай болдог юм байна гэдэг нь өнгөрсөн хугацаанд харагдсан үзэгдэл. Олон жишээн дээр хэлж болж байна. Энэ бол завхрал. 

-Хүний эрх гэж ардчиллын суурь зарчмаа ойлгохгүй нь цөөнгүй харагддаг? 

-Би олон улсын байгууллагуудтай нэлээд хамтарч ажилладаг. Тэнд бол их өөр шаардлага тавьдаг. Сурвалжлагч сэтгүүлч хүнтэй эхлээд хүний эрхийн асуудлаар тохирдог. Бага насны хүүхдийг харгалзах хүн нь байхгүй үед хэмжээнээс нь хэтэрсэн асуулт тавихыг хориглоно. Авсан байлаа ч энэ материалд орохгүй. Тухайн хүн өөрөө зөвшөөрөл өгөөгүй байхад тэр хүний үйлдсэн хэрэг, нэр усыг харуулахгүй. Энэ бол дэлхийн улс орнуудад мөрддөг дүрэм. 

Тэгж гаргасан юм их зөв гардаг юм билээ. Хүч түрэмгийлсэн балмад хэтэрхий эрээ цээргүй хийсэн нэвтрүүлэг эцэстээ нэгэнд нь ичгүүр нөгөөд нь доромжлол болдог. Хулгайч худалч биеэ үнэлэтид ч хүний эрх байдаг юм шүү гэдгийг бодож байх ёстой. Үүнийг мэдсэнээр сэтгүүлч би мөн ч их бүдүүлэг байжээ. Хүй нэгдлийнхээ үеэс салаагүй байж дээ. Чөмөгний ясны оронд микрофон барьсан сармагчин байж дээ гэдгийг хэзээ нэгэн цагт ухаарна л даа.

Харамсалтай нь тэр цагт бүх юм урсаад өнгөрчихсөн байх вий л гэж айж байна. 

-Та бухимдалгүй телевиз үзэж чадаж байна уу? 

-Бухимдалгүй яахав. Яагаад гэвэл хичээл заасан шавь нар маань байгаа. NTV дээр Нандиа юу яриад байгаа юм, Ийгл дээр Энхтуяа юу яриад байгаа юм, shuud.mn дээр Алтжин юу яриад байгаа юм, NBS дээр Санги юу үзүүлээд байна гээд бухимдана шүү дээ. Тэгээд тэсэлгүй хэлдэг юм. Мэдээ материалын боловсруулалтыг харахаар үнэхээр түүхий байдаг юм. Манай телевиз чинь 200 гаруй уран бүтээлчидтэй болохоор жижиг телевизүүдийг бодвол алдаа бага гаргадаг. 

Мэргэжлийн байгууллагын нударган дор байсан улсууд чинь өөр газар очихоороо бурхангүй газар бумба галзуурна гэж хэлэх хүнгүй болоод ирэхээр амархан эвдэрдэг юм билээ. Нэг ширээн дээр суухаараа өөрөө өөрийгөө хянахаа болиод ирдэг. Наад зах нь олон телевизүүдийн мэдээг харж байхад дэлхийн бөмбөрцөг дандаа буруу эргээд байх юм. Тэнд одоо бүх эзэд нь газар зүйн хичээл орчлон ертенцийн хууль мэддэггүй юм байх даа гэж гайхдаг. Ийм мэтийн инээдэмтэй юмнууд олон гарна. Өнөөдөр телевизүүд олон байна. Зөвхөн хотод ч биш аймаг орон нутагт бас байгаа. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл бол хувийн эрх ашигт үйлчилдэг эсвэл хүмүүсийн оюун тархийг угаадаг газар биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Мэдээллийн бороо гэдэг чинь атомын бөмбөг дэлбэрсний дараа химийн бороо ордогтой адил хор нөлөөтэй. Манай улс шүхэргүй байна. Мэдээллийн хортой бороонд шүхэргүй явж байна. 

Энд төрийн бодлого буюу шүхэр хэрэгтэй. Гаднаас орж ирж байгаа мэдээлэлд утга учир байдаг. Бүгдийг нь үзүүлэхэд хаалт хязгаар байхгүй боловч ямар нь хүнд тустай юм ямар нь тусгүй юм гэдгийг хэвлэлийн байгууллагын редактор хянагч нар мэдэж байх ёстой. Хүүхдүүд зунжингаа тэр чигээрээ хүчирхийлэл үзэж байгаа. Өсвөр насны хүүхдүүдэд тэр мэдээллийн бороонд шүхэргүй явж байгаа. 

Үүний хорыг одоо бид ерөөсөө ойлгохгүй байна. Хүний уураг тархи руу зөвшөөрөлгүй бөмбөгдөлт хийх нь гэмт хэрэг шүү дээ. Манай монголчууд өлсөж өлсөж нэг цадтал иддэг. Эсвэл архи уувал тасарч унатлаа уудаг. Мэдээллийг залхтал нь жигштэл нь өгвөл өгсөн болдог. Гоёж гоодвол гэвэл бүүр хэтэртэл нь гоёдог ер нь нэг тийм аливаа юмыг эцэст нь тулгаж, хэтрүүлж байж санаа нь амардаг хүмүүс шүү дээ. 

Энэ нь ямар учиртай юм бүү мэд. Их ядуу явсаных юм уу. Эсвэл нүүдэлчдийн араншин юм уу ийм байдаг юмуу. Африкийн орнуудыг бодвол маш өндөр боловсролтой хэл бичгийн соёлтой гэж яриад байгаа мөртлөө тэднээс нэг их ялгарахгүй л харагдах юм. Зүгээр халаглаад харамсаад суухаасаа илүүтэй хүний сэтгэл зүйд илэрхий нөлөөлөх зүйлийг тодорхой хянаж байх ёстой гэсэн зарчмыг хатуу баримаар юм билээ.

Мөрөөдөл байна гэж хэлэхэд дэндүү харамсалтай болчихоод байна. Үүнийг бид 20 жилийн өмнө л ярьж байсан. Харин одоо бүх юм харуусал болж эхлээд байна. Манай нийгэм маш замбараагүй урагшилж байна. Энэ бүхний эцэст нэг хэсэг нь маш их зовно нөгөө хэсэг бас их зовлонд унанана. Улс эх орон маань ч маш их зовлонд унана.

С.Энхзул
Эх сурвалж: “Монголын нэг өдөр”

No comments:

Post a Comment