Thursday, August 4, 2011

Ер бусын баяр наадам

Этгээд, хачин баяр наадам дэлхийн өнцөг булан бүрт болж байдаг. Тэдгээрээс "Форбс" сэтгүүл "Хүссэн хэн ч оролцох боломжтой" гэсэн есийг нь сонгожээ.
Уйлж буй нялхсын баяр Япон, 4.26Тасалбарын үнэ 100 $

Сенсози сүмд 20 дахь удаагаа зохиогдсон энэ баярт ой хүрээгүй хүүхдүүдийн хэн нь илүү чанга уйлах вэ гэдгийг тодруулах тэмцээн юм. Сумо бөхчүүд тэднийг дэвжээнд авч гар дээрээ өргөж аль болох их уйлуулахыг оролдоно. Ээждээ биш сумочид тэврүүлсэн хүүхэд айж уйлах учиртай ч зарим нь түүний гар дээр унтаад өгөх юм уу, эсвэл инээгээд байдаг тул баяр зохион байгуулагчид баг зүүх хэрэгтэй болдог байна. Шүүгч нялхасын хэн нь бусдаас чанга, удаан уйлсныг тогтоох үүрэгтэй. Энэ жилийн баярт 80 эцэг эх нялх хүүхдээ оролцуулжээ.
Лусын дагинасын жагсаал АНУ, 6.19Жагсаалд оролцоход хүүхэд 5 $, насанд хүрэгсэд 10 $, үзэхэд үнэгүйНью-Йорк хотноо зун болдог хамгийн сонирхолтой, уран гоё наадам. Далайн эрэгт болдог энэ баярын жагсаалд усанд амьдардаг амьтдыг дүрсэлсэн багтай оролцох ёстой. Жагсаалд оролцогсод далайн усанд жимсээр дээж өргөдөг. Жагсаалын хаан хатанаар жил бүр алдар нэртэй хүнийг сонгодог учиртай. 2010 онд рок хөгжимчин Лу Рид, түүний эхнэр дуучин Лори Андерсен нар жагсаалыг удирджээ. Харин энэ жилийн хаанаар Аялалын сувгийн "Эрчүүд болон Хоол" телевизийн шоуны хөтлөгч Адам Ричмэн, "Нью-Йорк Эми Авард"-ын шагналт "Кэт Грийнлифтэй өгөөмөр сэтгэлээр ярилцая" телевизын шоуны хөтлөгч Кэт Грийнлиф нар сонгогдсон. Баярын үдэш урлагийн болон гэрлийн шоу болдог байна. Энэ баярыг Дик Зиган гэгч эрхэм 1983 онд санаачилжээ. Тэрбээр бас шивээсний наадам, агаарын шоу зэргийг санаачилсан хүн гэнэ.
Халтар хүмүүсийн наадам Филиппин, 6.24Төлбөргүй Энэ өдрийн өглөө Филиппиний Нуэва Эсиха мужын Алиага хотын Библикат хэмээх дүүрэгт шаварт хутгалдаж, дал модны навчсаар бие чимсэн хүмүүстэй тааралдана. Энэ халтар хүмүүс нь загалмайтны шашинтны Иоан гэгээнд зориулсан баярт оролцогчид. Тэд айлын хаалга тогшингуйлга гуйхын зэрэгцээ сүмд очиж баярт зориулан хурах уншлаганд оролцохыг урьдаг. Баярын энэ өдөр гудамжинд яваа хүмүүсийг усаар цацдаг уламжлалтай. Энэ нь загалмайлагч нэрээр загалмайтны шашны түүхэнд орсон Иоанд үзүүлж байгаа хүндэтгэлийн нэг хэлбэр юм."Шатаж буй хүн" наадам АНУ, наймдугаар сарын сүүлчийн даваа гариг
Тасалбарыг урьдчилан авбал 280$, баярын өдөр 360 $Невада муж дахь Блек-Рок цөлд жил бүр 50 мянга гаруй хүн цуглаж энэ баярыг тэмдэглэдэг. Долоо хоног үргэлжлэх наадмын төгсгөлд асар том модон хүн шатаадаг уламжлалтай. Жил бүрийн баяр өөр өөр сэдэвтэй. Цаг үе, там, сансар огторгуй, америк мөрөөдөл гэх мэт. Наадмын өдрүүдэд оролцогчид өөрсдийн урласан бүтээлүүдээ дэлгэдэг. Энэ баяраар хүн бүр дуртайгаа хийж болно. Гол нь өөрийгөө ямар нэг байдлаар илэрхийлэх учиртай гэдэг зарчим баримталдаг байна.модон хүн шатаадаг энэ баяр 1986 оноос эхэлсэн түүхтэй. Тэр үед хэсэг залуус Сан-Франциско дахь далайн эргийн наран шарлагын газар өөрсдийн хийсэн том модон хүнээ шатаажээ.
Улаан луувангийн шөнө Мексик, 12.23Төлбөргүй Мексикийн Оахака хотын төв талбайд болдог энэ баярын үеэр улаан луувангаар юу урлаж болдгийг харж болох гэнэ. Энэ баярт оролцож "лууван бүтээл"-ээ олонд танилцуулахын тулд аль болох том лууван хэрэгтэй болдог байна. Баярын өдөр луувангаар бүтээл урласан хүмүүс ус шүршиж өнжихөөс өөр аргагүй. Ингэхгүй бол том ургуулсан луувангаараа хичээж урласан бүтээл нь хорчийж үрчийсэн юм болчих гээд байдаг гэмтэй. Хичээж хөдөлмөрлөсөн хүмүүсийн ажил талаар болохгүй. Шүүгчид шилдэг гэж үнэлсэн бүтээлийн эзэн 1000 ам.доллартай буцдаг байна.
Харь гаригийнхны жагсаал АНУ 7.1-5Төлбөргүй Үл мэдэгдэх нисдэг биетийн наадамд оролцогчид "Розуэльд болсон явдлыг" тэмдэглэдэг. 1947 онд энэ газраас сүйрсэн нисдэг тавагны үлдэгдлээр зогсохгүй харь гаригийн нисгэгчийн цогцос олдсон тухай ам дамжсан яриа байдаг. Хэрэгт дурласан хүмүүс Розуэль руу цувж, энэ талаарх судалгааг сонирхогчдын тоо олширчээ. Харь гаригийнхныг дууриасан хүмүүсийн жагсаал, тэдний өмсгөлийн уралдаан, дуу хөгжмөөс гадна 1947 онд чухам юу болсон талаарх эцэс төгсгөлгүй яриа энэ өдрүүдэд болдог аж. Жилдээ энэ баярын үеэр 30 гаруй мянган хүн цуглардаг.
Нялхас дээгүүр харайх наадам Испани 7.11-15ТөлбөргүйМурсий хотод болдог Бурханд зориулсан баярын хүрээнд энэ наадам бүр 1620 оноос эхэлсэн түүхтэй. Тоглолт, жагсаалаас гадна гол арга хэмжээ нь нялх хүүхдүүдийн дээгүүр харайх. Ингэхээсээ өмнө баяр наадмын гол баатар Колачо нэртэй чөтгөр хотоор явж өнгөрөх цувааг тэргүүлдэг. Оршин суугчид цуваанд оролцогчдод зориулж гэрийнхээ гадаа идээ будаа дэлгэж тэднийг дарсаар дайлдаг. Энэ үед газарт гудас дэвсэж түүн дээрээ нялх хүүхдүүд эгнүүлэн хэвтүүлдэг байна. Тэдний дээгүүр Колачо чөтгөр харайн гардаг байна. Ингэснээрээ чөтгөр бүхий л муу муухайг өөртөө авч, нялх үрсийг цэвэр ариун болгодог гэж испаничууд үздэг аж.
Сармагчны найр Тайланд, 11 дүгээр сарын сүүлчийн амралтын өдрүүдТөлбөр 1 $Энэ нь хотын оршин суугчдын сармагчны бурхан Хануманад үзүүлж байгаа хүндэтгэлийн илэрхийлэл болдог. Ингэхдээ жилийн турш сармагчингууд тааваараа амьдарч байдаг Пра Пранг Сам Йот хэмээх сүмд тэднийг дайлдаг байна. Өнгөрсөн жилийн баяраар сүмийн сармагчингууд дөрвөн тонн жимс, ногоо, мөхөөлдөс болон бусад амттан иджээ. Тэднийг бас пепсигээр дайлдаг байна.
Тэнэгүүдийн баяр, Ирланд, дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 4Төлбөргүй Белфаст хотын гудамжинд дөрөвдүгээр сарын сүүлчээр болдог ирландуудын энэ баяр Америк, Испани, Канад зэрэг бусад оронд болдог баяраас илүү сонирхолтой гэнэ. 2010 онд болсон баярыг 40 мянган гаруй хүн үзэж сонирхжээ. Энэ баярын үеэр илбэ, жонглёр, акробат гээд циркийн үзүүлбэр, театрын шоу гээд олон сонирхолтой үзүүлбэрийг сонирхож болно.

No comments:

Post a Comment