Wednesday, August 3, 2011

Орхан Памук "Цас" романы хэсгээс орчуулсан Б.Баясгалан


Алуурчин хохирогч хоёрын дунд өрнөсөн
эхний бөгөөд эцсийн яриа


“Шинэ амьдрал” нарийн боовны газарт, Ка, Ипек хоёрын нүдэнд дээр, тэнд байсан багавтар биетэй залуугаар толгой цээжиндээ буудуулж нас барсан Боловсролын Их Сургуулийн захирал биедээ нууц дуу хураагч зүүж явсан байжээ. Тагнуулын Ерөнхий Газар буюу MIT-гийн Карс дахь салбарын чамбай нь аргагүй туршуулууд гадаадаас орж ирсэн Грундиг нэрт тэр багажийг түүний цээжинд цавуутай туузаар тун найдвартай бэхэлж өгсөн юмсанж. Боловсролын Их Сургуулийн захирал тэрбээр алчууртай охидыг хичээлийн танхимд оруулахыг хориглосноосоо хойш тоо томшгүй их сүрдүүлэг, заналхийлэлд өртөх болжээ. Энэ үеэр шашны тулгуур үзэлтнүүдийн үйл ажиллагааг тагнаж байсан Иргэний хамгаалахын туршуулууд дээрх заналхийллүүдийг тун ноцтой хэмээн баталсанаар Карсын салбар албаныхан нь халдлагад өртөж болзошгүй хүмүүсийг хамгаалалтандаа авах шийдвэр гаргасан аж. Гэвч мань захирал хаа явсан газраа баавгай шиг лазагнасан эр ардаа дагуулж явахыг хүсээгүй юм. Хэдийгээр тэр өөрийгөө шашны бус улс төрийн бүлгэмд хамааруулдаг ч шашин шүтдэг бусад хүмүүсийн нэгэн адилаар хувь тавиланд үнэн голоосоо итгэдэг билээ. Тэрээр буруутай нам хүчнийхнийг дараа нь баривчлуулах гэсэндээ амь насанд нь заналхийлэгчдийн дуу хоолойг хальсанд буулгаж авахыг илүүд үзсэн ажээ. Алуулдаг өдрөө мань эр өөрийнхөө хамгийн дуртай, самартай, саран хэлбэрт боовноос авч идэх гэж мөнхүү нарийн боовны газарт орж ирсэн юмсанж. Тэгтэл нэгэн үл таних этгээдийн ирж явааг хараад иймэрхүү нөхцөлд дадсан ёсоороо дуу хураагчийнхаа асаах товчийг дарж амжжээ. Тэр багажинд хоёр ч сум туссан байсан нь захирлын биед сум нэвтэрхээс хамгаалж чадсангүй. Гэвч дотрох бичлэг нь бүрэн бүтэн үлджээ. Олон жилийн дараа мөнхүү бичлэгийнх нь цааснаа буулгасан хувийг зовхи нь хатаж амжаагүй л байсан бэлэвсэн эхнэрээс нь авах завшаан надад олдсон бөгөөд тэр үед тэдний охин алдартай загвар өмсөгч болсон байж билээ.

- Сайн байна уу, эрхэм ээ. Та намайг таньж байна уу?
- Үгүй гэж айж байна.
- Таныг ингэж хэлнэ гэж мэдсэн юмаа, эрхэм ээ. Учир нь бид урьд нь уулзаж байгаагүй л дээ. Би таньтай уулзах гэж өчигдөр орой ч, өнөө өглөө ч их оролдсон. Өчигдөр орой цагдаа намайг сургуулийн хаалгаар хөөж гаргасан. Харин өнөө өглөө би дотогш орж чадсан ч нарийн бичиг тань намайг таньтай уулзуулаагүй. Тэгэхээр нь би хичээл заахаар анги руу орох үед тань таныг барьж авахыг хүссэн юм. Тэр үед та намайг харсан даа. Одоо санаж байна уу, эрхэм ээ?
- Үгүй ээ, санахгүй байна.
- Намайг санахгүй байна гэх гээ юу, эсвэл намайг харсанаа санахгүй байна гэж байгаа юм уу?
- Та надтай уулзаж яах гээв?
- Үнэнийг хэлэхэд би таньтай энэ шар нарны дорх бүхний тухай хэдэн цаг, хэдэн өдрөөр ч хамаагүй ярилцахсан. Та бол нэр хүндтэй, мэдлэг боловсролтой хүн. Харамсалтай нь би өөрөө сургууль соёл дамжиж чадаагүй хүн л дээ. Гэхдээ надад хаанаас нь л бол хаанаас нь ярьчихаж чадах сэдэв бас бий. Түүнийгээ л таньтай хэлэлцьюү гэж санасан юм. Уучлаарай эрхэмээ, цагаас тань хэтэрхий хороогоогүй байгаа гэж найдаж байна?
- Үгүй дээ, тэгээгүй.
- Өршөөгөөрэй эрхэмээ, би суучихвал та дургүйцэхгүй биз? Бидэнд ярилцах зүйл их байна санж.
- Тэг л дээ. Миний зочин болчих.
/Сандал татах чимээ/
- Та самартай боов идэж байгаа байхнээ. Манай Токатад самрын мод элбэг шүү. Та Токатад очиж үзсэн үү?
- Харамсалтай нь би очиж үзээгүй ээ.
- Тоогүй байна, эрхэм ээ. Хэрвээ та Токатад зочлохоор болвол надтай явдаг юм шүү. Би бүхий л амьдралаа Токатад өнгөрөөсөн хүн. Бүхэл бүтэн гучин зургаан жил гээд бод доо. Токат үнэхээр үзэсгэлэнтэй нутаг. Турк ч бас үзэсгэлэнтэй. Бид эх орныхоо талаар тун ч бага мэддэг учраас зүрх сэтгэлдээ өөриймсүүлж хайрлаж чадахгүй байгаа нь үнэхээр ичмээр хэрэг шүү. Оронд нь бид эх орныг маань гутаан доромжилж, хүн ардаас нь урван тэрслэгсэдийг л бишрэх юм даа. Нэг асуулт асуучихвал таныг дургүйцэхгүй гэж найдаж байна, эрхэмээ. Та шашингүй үзэлтэн биш биз дээ, үгүй юу?
- Үгүй ээ, биш.
- Хүмүүс таныг тийм л гэлцэх юм. Гэлээ ч тань шиг ийм боловсролтой хүнийг Бурханыг үл зөвшөөрч, Бурханы оршихуйг үгүйсгэдэг гэдэгт би л хувьдаа итгэж өгөхгүй байсан юм. Гэхдээ та бас Еврей биш биз дээ?
- Үгүй дээ, биш.
- Та Ислам шашинтан уу?
- Тийм ээ. Бурханы алдар бадраг. Би Ислам шашинт хүн.
- Та инээвхийлээд байх юм, эрхэм ээ. Уг нь миний асуултуудад чин үнэнээсээ, зүй зохистой хариулбал сайнсан. Учир нь би энэ хүйтэн өвлөөр хаа байсан Токатаас зөвхөн таны хариултыг сонсох гэж л ирлээ шүү дээ.
- Та Токатад миний тухай яаж дуулаав?
- Шашин нь хориглодог учраас, Ариун Коранд бичигдсэн байдаг учраас толгойгоо алчуураар боодог тэр охидыг сургуулиасаа хөөх таны шийдвэрийн талаар Истанбулийн сонинуудад юу ч гараагүй л дээ. Тэр сонинууд загвар өмсөгчдийн элдэв дуулианаас өөр юм бичих биш. Харин манай үзэсгэлэнт Токатад энэ улсын өнцөг булан бүрт болж буй шударгуу ёсыг уландаа гишгэсэн хэргүүдийн талаар бидэнд мэдээлдэг Туг гэж Исламын радио станц байдаг юм даа.
- Сүсэг бишрэлт хүнд ёс журамгүй хандаж би яахин чадах билээ. Би ч бас Бурханаасаа айж эмээнэ шүү дээ.
- Нааш ирэх гэж би хоёр хоног замд явсан, эрхэмээ. Цасан шуурга эсгэрсэн хоёр хоногийн урт зам. Автобусанд сууж явахад толгойд маань танаас өөр хэн ч бодогдохгүй байлаа. Надад итгээрэй. Таныг Бурханаас айдаг гэж хэлэхийг чинь би эхнээсээ л мэдэж байсан юм. Харин надад энэ хариултыг чинь залгаад асууна даа гэж төсөөлж байсан асуулт байна, эрхэмээ. Хүндэтгэн ёсолж буйг минь хүлээн авна уу, профессор Нури Ейлмаз. Хэрвээ та үнэхээр л Бурханаас айдаг юм бол, Ариун Коран бол Бурханы үг гэдэгт итгэдэг юм бол “Тэнгэр бурханы гэрэл” бүлгийн гучин нэгдүгээр хэсэг дэх гайхамшигт мөртүүдийн утгыг юу гэж болгоодогыг тань сонсоё доо.
- Тийм ээ, таны зөв. Тэр шүлэгт эмэгтэйчүүд толгойгоо боож, нүүрээ хүртэл далдалвал зохино гэж тов тодорхой бичсэн байдаг.
- Баяр хүргэе, эрхэм ээ! Тун тодорхой хариулт байна. Харин одоо таныг зөвшөөрвөл би ахиад нэг зүйл асуумаар байна. Алчуур боосон охидыг хичээлийн танхимаас нь хөөх шийдвэрээ та Бурханы зарлигтай хэрхэн уялдуулах гэж байна даа?
- Бид чинь шашны бус улс оронд амьдарч байна шүү дээ. Алчууртай охидыг анги танхимд бүү хэл сургуульд нь ч явуулахыг хориглосон нь энэ шашны бус чиг баримжааг эрхэмлэдэг төрийн л бодлого шүү дээ.
- Өршөөгөөрэй, эрхэмээ. Танаас нэг асуулт асуучих уу? Төрийн хууль Бурханы лүндэнг хүчингүй болгож чадна гэж үү?
- Сайхан асуулт байна. Гэвч шашны бус улс оронд иймэрхүү зүйлсийг тус тусад нь авч үздэг юм.
- Ахиад л тун тодорхой хариуллаа, эрхэм ээ. Таны гарыг үнсэж болохсон болов уу? Гуйж байна, эрхэм ээ, айх хэрэггүй дээ. Гараа өгөөч. Гараа өгөөд намайг хичнээн их хайр хүндэтгэлтэйгээр үнсэхийг хар л даа. Өө, Бурханы алдарыг магтъя. Баярлалаа. Таныг хичнээн их хүндэлж буйг минь та одоо мэдлээ шүү дээ. Ахиад нэг зүйл асууж болох уу?
- Тэг л дээ. Асуу асуу.
- Тэгэхээр ингэж асуух гэж байна л даа, эрхэм ээ. Шашны бус гэдэг чинь бурхан шүтээнгүй гэдэгтэй утга нэг үг үү?
- Үгүй дээ.
- Засаг төрийн хийж буй бүхэн шашин номынхоо зарлигаас гажаагүй юм бол сүм хийдийг төрөөс тусгаарлах нэрийн дор маш олон охидыг анги танхимаас нь хөөн гаргаж буй энэ үйлдлийг нь та юу гэж тайлбарлах вэ?
- Чин үнэнийг хэлэхэд хүү минь.., иймэрхүү зүйлсийн талаар маргалаа гээд юунд ч хүрэхгүй шүү дээ. Наад асуудлаар чинь Истанбулийн телевизээр өдөр шөнөгүй мэтгэлцэж байна. Тэглээ гээд бид юунд хүрэв? Охид алчуураа авахыг эсэргүүцсэн хэвээр, засгийн зүгээс тэднийг хичээл сургуульд нь суулгахыг хориглосон хэвээр л байна шүү дээ.
- Тэгвэл ахиад нэг асуулт асуучихаж болох уу, эрхэм ээ? Намайг уучилж үзээрэй .., гэхдээ сургууль соёлоосоо гадуурхагдсан, эелдэг даруу, ажилч хичээнгүй, бидний мөрдөх ёстой хичнээн зарлиг байдгийг мэдэх цорын ганц эзэн болох Бурханы өмнө л тэргүүнээ бөхийлгөсөн хөөрхий тэр охидынхоо тухай бодохоор үүнийг асуухгүй байж чадахгүй нь. Энэ бүхэн чинь тэгээд манай үндсэн хуулинд заасан боловсрол эзэмших, шашин шүтэх эрхийн маань хэрэгжилтэнд хэр нийцэж байгаа юм бэ дээ? Хэлж өгнө үү, эрхэм ээ. Ёс жудаг тань таныг зовоохгүй байна уу?
- Тэр охид таны хэлдэг шиг дуулгавартай юм бол толгойн алчуураа авчих л байсан байлгүй дээ. Хүү минь, нэр чинь хэн билээ? Хаана амьдардаг вэ? Ямар ажил хийдэг юм?
- Би Удган эрвээхэйн гэрэл гэдэг Токатын хамгийн алдартай хамамын яг хажууд байдаг Жаргалтай найзууд цайны газарт ажилладаг. Зуухнуудыг галлах, данхнуудыг цай цуугаар сэлбэх зэрэгт л зарагддаг гэхүү дээ. Нэр маань тийм ч чухал биш ээ. Би Туг радиог өдрийн турш сонсдог. Тэгээд сүсэгтэн хүнд шудрага бус хандсан тухай үе үе мэдээлэхийг сонсох бүртээ сэтгэл минь маш их хямардаг юм. Гэхдээ ардчилсан нийгэмд амьдарч буй учраас, юу дуртайгаа хийж болох эрх чөлөөт хүнийхээ хувьд заримдаа би автобусанд суугаад гэм буруутныг мөшгөж олохын тулд Туркийн нөгөө зах хүртэл явсан ч хамаагүй тэр өөдгүй этгээдийг олж очоод нүүр нүүрээрээ тулж ярилцаж байж л хэл амаа олдог юм даа. Тиймээс хичээнгүйлэн гуйя, эрхэм ээ, асуултанд минь хариул. Анкарагаас ирсэн тушаал чухал уу, Бурханы зарлиг чухал уу?
- Иймэрхүү яриа юунд ч хүргэхгүй ээ, хүү минь. Чи ямар буудалд буусан юм?
- Яах гээв? Цагдаад барьж өгөхнүү? Надаас битгий ай л даа, эрхэм ээ. Би шашны ямар ч байгууллагад харъяалагддаггүй. Алан хядах ажиллагааг жигшдэг. Харин Бурханы хайранд, үзэл бодлоо чөлөөтэй солилцох эрх чөлөөнд итгэдэг. Тийм болохоор л өөрөө би их хурц ааштай ч гэсэн үзэл бодлын солилцооноо хэн нэгнийг цохиж гэмтээснээр дуусгадаггүй юм. Миний таниас хүсч байгаа ганц зүйл бол асуултандаа л хариу авах. Тиймээс, намайг өршөөж үзээрэй, эрхэм ээ. Гэхдээ сургуулийн тань өмнө зогсож байсан хөөрхий охидод тийм харгис хандах тухай бодож байхдаа – тэд ердөө л Ариун Кораны Тэнгэр Бурханы гэрэл, Ураг төрлийн холбоо бүлгүүдэд тун тодорхой бичигдсэн Бурханы лүндэнг л дагаж буйг нь тов тодорхой мэдэж байсан байж – ёс жудаг тань таны сэтгэлийг шимшрүүлээгүй юм гэж үү?
- Хүү минь, Коран сударт хулгайчид гараа тасдах ёстой, гэвч засаг төр тэгэх шаардлагагүй гэсэн байдаг шүү дээ. Чи юунд үүнийг сөргүүлэн тавьж бодож үзэхгүй байна вэ?
- Сайхан хариулт байна, эрхэм ээ. Мутрыг тань үнсэхийг зөвшөөрнө үү? Гэхдээ та хулгайчийн гарыг манай охидын нэр төртэй адилтгаж яаж чадав аа? Америкийн хар арьст, Ислам шашинт профессор Марвин Кингийн гаргасан тоо баримтаар бол бүсгүйчүүд нь бие цогцосоо халхалдаг Исламын орнуудад хүчингийн хэргийн тохиолдол бараг байхгүйтэй адил, янз бүрийн хяхалт хавчлага ч дуулддаггүй гэсэн байсан. Тийм ч болохоор ийм хувцас өмсдөг эмэгтэй үгээ хэлж байна. Хувцасных нь сонголтоор “Намайг бүү хяхаж хавч” гэж тэр хэлж байна. Тиймээс эрхэм ээ, би нэг асуулт асууж болох уу? Бид үнэхээр алчуур боосон эмэгтэйчүүдийнхээ боловсрол олох эрхийг үгүйсгэх замаар тэднийг нийгмийн ёроол руу түлхэхийг хүсдэг гэж үү? Хэрвээ бид бүсгүйчүүдийг алчуураа авч шидсэнийх нь төлөө /түүнээс цааших бас бус зүйлсийнх нь төлөө ч бас/ дөгөөж биширдэгээ үргэлжлүүлсээр байх юм бол Европт сэксийн хувьсгалын өдүүлгэнд хичнээн эмэгтэй гутаагдан доромжлогдож байсныг нүдээр үзэж байсан шигээ тэднийгээ ч бас гутамшиг доромжлолын бай болгочих аюултай бус уу? Хэрвээ бид ийм маягаар эмэгтэйчүүдээ доромжлох ажилдаа амжилт олж чадах аваас өөрсдийгөө –ингэж хэлж буйг минь өршөөгөөрэй- эмсийн зууч төдийхөн болгосонтой адил биз дээ?
- Би захиалсаныгаа идээд дуусгачихлаа, хүү минь. Одоо явалгүй болохгүй нь.
- Суудалдаа суу, эрхэм ээ. Суудалдаа суу, тэгвэл би үүнийг далд хийнэ. Үүнийг юу гэдгийг та харж байна уу, эрхэм ээ?
- Харж байнаа. Буу байна.
- Зөв дөө, эрхэм ээ. Таныг үүнийг нэг их тоохгүй гэж найдаж байна. Би таньтай уулзах гэж л нааш ирсэн. Би тэнэг биш ээ. Таныг намайг сонсохоос татгалзана байх гэж мэдсэн юм. Тэгээд л урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан нь энэ.
- Нэрийг чинь хэн гэдэг вэ, хүү минь?
- Вагит Сьюзме. Салим Феөшмекан. Ялгаа юу байнаа, эрхэм ээ? Би бол шашингүй материализмын боол болсон нийгэмд шашны итгэл үнэмшилээ хадгалж үлдэхийн тулд тоо томшгүй шудрага бус явдлын золиос болон тарчилж зовж буй нэргүй баатруудын нэргүй хамгаалагч. Би хүний эрхийг эрхэмлэдэг бас хүч хэрэглэхийн эсрэг байдаг хүн. Тийм ч болохоор буугаа халаасалчихлаа. Асуусан асуултандаа хариулт авах гээд байдаг минь ийм л учиртай юм.
- Сайн л байна.
- Тэгвэл эхлэл рүүгээ буцъя даа, эрхэм ээ. Хүний дайтай болтол нь өсгөж хүмүүжүүлэх гэж өчнөөн олон жилийн хайр халамж орсон тэр охидод таны чухам юу хийснийг санацгаая. Эцэг эх нь тэднийгээ нүдний цөцгий шигээ л хайрлаж өсгөө дөө. Тэд ухаантай, хичээл сурлагадаа зүтгэлтэй, анги танхимдаа ч манлайлагчид нь байсан. Тэгтэл Анкарагаас нэг муу тушаал ирсэн даруй та тэдний оршихуйг шууд үгүйсгэсэн. Хэн нэг нь ирцийн бүртгэлд нэрээ бичих аваас ердөө л толгойдоо алчуур боосных нь төлөө та түүний нэрийг арилгаад хаячихна. Хэрвээ долоон охин багштайгаа сууж байвал та алчуур боосныг нь тэнд огт байхгүй мэт аяглаж зургаан аяга цай захиалж өгнө. Та тэр охидод чухам юу хийснээ мэдэж байна уу? Та тэднийг уйлуулсан. Тэгээд ч зогсоогүй ээ. Удалгүй Анкарагаас ахиад нэг удирдамж ирэхэд та тэднийг хичээлийн танхимаас нь шууд хөөж гаргасан шүү дээ. Эхлээд хонгилд гарган хаяж, дараа нь хонгилд байхыг нь ч хориглоод гудамжинд хөөж гаргасан биз дээ. Баатарлаг тэр охидын цөөхөн нь сургуулийн чинь гадаах үүдэн дээр эсэргүүцлээ илэрхийлмэр болоод чичрэн зогсож байхад та утас шүүрч аваад цагдаа дуудсан.
- Цагдаа дуудсан хүмүүс нь бид биш ээ.
- Таныг халаасан дахь буунаас минь айж буйг би мэдэж байнаа. Гэхдээ эрхэм ээ, бүү худал яригтун. Тэр охидыг чирч гаргаад цагдаад барьж өгсөн шөнөө ёс жудаг чинь таныг тайван унтуулж байх юм уу? Энэ бол миний асуулт.
- Мэдээж, жинхэнэ асуулт бол толгойн алчуурыг бэлгэ тэмдэг болгож, эмэгтэйчүүдээ улс төрийн тоглоомын барьцаа болгож ашигласныхаа төлөө тэдэндээ ямар их зовлон удсан билээ? гэдэг л шүү дээ.
- Та үүнийг яаж тоглоом гэж нэрлэж чадаж байнаа, эрхэм ээ? Тэр эмэгтэйчүүд нэр төрөө сонгох уу, боловсролоо сонгох уу гэсэн ацан шалаанд орсон учраас л –хөөрхий амьтад- сэтгэл гутралд орж өөрсдийгөө хөнөөхөд хүрсэн. Энэ тэгээд тоглоом уу?
- Чи их буримдсан байна, хүү минь. Гэвч энэ бүхний ард гадны улс орнууд бий гэж чамд бодогдож байсангүй юу? Тэд толгойн алчуурын асуудлыг дэвэргэн улс төржүүлж байгаад Туркийг хагарч бутарсан, дорой буурай улс болгочих санаатай ч юм билүү. Ингэж бодож байсангүй юу?
- Хэрвээ та тэр охидыг сургуульд нь буцаагаад авчихсан бол алчуурын асуудал гэж байхгүй байхсан, эрхэм ээ.
- Энэ үнэхээр миний шийдвэр гэж үү? Тэр тушаалууд чинь Анкарагаас ирдэг юм. Түүнээс эхнэр маань ч бас алчуур боодог шүү дээ.
- Надад зусардахаа больж үз. Зүгээр л асуусан асуултанд минь хариулаатах.
- Ямар асуулт байлаа?
- Ёс жудаг тань таныг зовоохгүй байв уу?
- Хүү минь, би ч бас эцэг хүн. Мэдээж би тэр охидын төлөө харамсч байсан.
- Хар л даа. Би биеэ маш сайн барьж байгаа биз. Гэхдээ тэвчээр маань нэг л алдрах юм бол дуусаа гэж мэдээрэй. Шоронд байхдаа би нэг эрийг ердөө л эвшээхдээ амаа таглаагүйнх нь төлөө хэмх нүдэж байсан юмдаг. Би тэндэхийг атгадаг байсан юм. Шоронгийн муусайн юмсын болдоггүй ааш авирыг засдаг ганц хүн нь би л байлаа шүү дээ. Тэднийг бүр залбирал үйлддэг болгосон гээ. Тиймээс асуултаас минь зайлж бултах гэсний хэрэггүй шүү. Миний асуусанд хариу сонсгоод аль даа. Би сая юу гэж хэллээ?
- Юу гэж хэлсэн гэж, хүү минь? Буугаа доош нь.
- Би чамаас охинтой юу гэж асуугаагүй, харамссан уу гэж л асуусан.
- Өршөөгөөрэй хүү минь. Юу гэж асуусан гэнээ?
- Буунаас айсандаа надад долгинох гэсний хэрэггүй дээ. Зүгээр л миний юу гэж асуусныг сана. /Хэсэг чимээгүй болов./
- Чи юу гэж асуулаа?
- Ёс жудаг чинь чамд тийм зүйл хийхийг зөвшөөрч байв уу гэж асуусан шүү дээ, сүсгээ гээсэн сүг минь!
- Мэдээж би шаналж байсан.
- Тэгвэл яагаад түрүүчийн янзаараа зүтгээд байсан юм? Ичих нүүргүй болоод тэр биз?
- Хүү минь, би бол багш хүн. Эцэг чинь байхаар хөгшин ч хүн. Коран сударт өтгөс рүү буу тулгаж, доромжилж бай гэж бичсэн байдаг хэрэг үү?
- Ахиад Коран гэдэг үгийг амнаасаа унагаад үзээрэй. Сонсож байна уу, чи? Тэгээд бас мөрөө давуулж тусламж гуйсан харцаар харахаа боль. Хэрвээ тусламж гуйн орилох аваас би чамайг ямар ч эргэлзээгүй буудаж орхино шүү. Ойлгомжтой юу?
- Тийм ээ, ойлгомжтой.
- Тэгвэл асуултанд минь хариулаатах. Хэрэв эмэгтэйчүүд нь толгойгоо боохоо болих юм бол энэ улсад ямар сайн сайхан зүйлс ирэх вэ? Олигтой ганц л шалтгаан хэлчих. Бүхий л зүрх сэтгэлээсээ итгэдэг зүйлээ хэлээрэй. Жишээ нь хэрвээ тэд алчуураа аваад хаячих юм бол өнөөх бишрээд байдаг Европууд нь тэдэнтэй хүн шиг харьцаж эхлэнэ гэдэг ч юм уу. Тэгэж байж л би таны шалтгааныг ойлгож, буудахаа азнана шүү дээ. Тэгээд зүгээр явуулах болно.
- Үр минь. Би өөрөө охинтой хүн. Тэр маань алчуур боодоггүй. Би түүний шийдвэрт яг л эхийнх нь алчуур боох шийдвэрт оролцдоггүй шигээ хөндлөнгөөс оролцдоггүй.
- Охин чинь яагаад алчуур боохгүй байхаар шийдсэн юм – кино од болохыг хүсээ юу?
- Тэр юу ч тайлбарлаж хэлээгүй ээ. Охин маань Анкарад олон нийттэй харилцах чиглэлээр суралцдаг юм. Гэвч толгойн алчууртай холбоотой энэ асуудлаас болж намайг дайралт заналхийлэлд их өртдөг болоход тэр маань байнга л аавыгаа дэмжиж туслаж байгаа. Хүмүүсийн элдэв ярианаас болж сэтгэлээр унасан үед маань, гүтгэгдэж заналхийлэгдсэн үед маань, уурсаж хорссон дайснуудтайгаа нүүр тулахаас аргагүй болох үед – эсвэл чам шиг л уур бухимдлаа гаргах эрхтэй улстай уулзсан үед – охин маань Анкарагаас над руу залгаад -
- Шүдээ зуугаад тэсээд байгаарай, Ааваа. Охин нь удахгүй кино од болчихно гэдэг биз.
- Үгүй, хүү минь. Тэр тэгэж хэлдэггүй. Аав минь, хэрвээ би алчууртай охидоор дүүрэн ангид орох болвол толгойгоо боохгүйгээр тийш орж зүрхлэхгүй. Хүсэхгүй байлаа ч тэр алчуурыг нь зүүх л болно гэж хэлдэг юм.
- Тэгвэл охин чинь алчуур боохыг хүсээгүйгээсээ болж ямар аюул заналтай учирч болох вэ?
- Үнэндээ би хэлж мэдэхгүй нь. Чи намайг нэг шалтгаан хэлээд аль гэсэн шүү дээ.
- Надад хэл дээ, муу ичгүүргүй мал минь. Чи Бурханы зарлиг ёсоор толгойгоо алчуураар боосон чин сүсэгт охидыг цагдаа нараар айлгаж заналхийлүүлэхийг зөвшөөрч байхдаа ингэж бодож байсан гэж хэлэх гээд байна уу? Охиныхоо сэтгэлд таацуулах гэж л тэднийг амиа хорлолт руу түлхсэн гэх гээ юу?
- Миний охинтой адилхан үзэл бодолтой эмэгтэйчүүд Туркэд хангалттай их бий шүү дээ.
- Энэ улсын охид бүсгүйчүүдийн ерөн хувь нь толгойгоо алчуураар боодог байсан цагт муусайн кино одуудын хэний өмнөөс ярьж байна гэж бодож буйг нь ялгаж салгахад бэрх байсан юм. Магадгүй чи охиныхоо бие хаагаа ил гаргадгаар бахархдаг байж болох юм, муу адгийн харгислагч. Гэвч тогтоож ав! Би профессор биш байж болно. Гэхдээ энэ сэдвээр чамаас ч их зүйл мэднэ шүү.
- Залуу минь, наад буугаа над руу тулгахаа боль л доо. Чи маш их бухимдсан байна. Сум нэг л алдагдвал чи насан туршдаа харамсаж амьдрах болно шүү дээ.
- Яахаараа би харамсдаг юм? Шашин номоо уландаа гишгэсэн шаарыг газрын хөрснөөс тонилгох гээгүй юм бол яах гэж би хөхөө өвлийн хүйтэн, хөр цасны дундуур хоёрын хоёр хоног явж ирсэн байхав? Ариун Коранд заасанчлан сүсэгтнүүдэд ёс бусаар хандсан харгислагчийг алах нь миний үүрэг. Гэвч чамайг ингээд алчих хайран байгаа тул сүүлчийн боломж олгоё. Алчууртай охидыг алчуураа ав гэж зарлигдаж байхдаа өчүүхэн ч сэтгэл өвдөхгүй байсан тэр ёс жудагаа зөвтгөх ганц л шалтгаан хэлчих. Тэгвэл би чамайг буудахгүй, тангараглая.
- Толгойн алчуураа авсан эмэгтэй нийгэмд илүү аятай таатай байр суурь эзэлж, илүү хүндлэл хүлээдэг шүү дээ.
- Наадах чинь чиний кино од охины л боддог бодол байх, гэхдээ шал худал шүү дээ. Толгойн алчуур эмэгтэйчүүдийг хавчлага хяхалт, хүчирхийлэл, гутаан доромжлолтоос хамгаалдаг юм. Эмэгтэйчүүдийг нийгэмд илүү таатай, хүндтэй байр сууринд аваачдаг нь тэдний алчуур шүү дээ. Үүнийг бид амьдралынхаа нилээд хожуу үеэс алчуур зүүж эхлэсэн олон эмэгтэйгээс сонсож байсан. Хуучин цагт бэлхүүс бүжигчин байсан Мелахат Сандра шиг эмэгтэйчүүдээс сонссон шүү. Нүүрний халхавч нь бүсгүйчүүдийг гудамжин дахь эрчүүдийн араатан сэрлээс хамгаалж байдаг юм. Бас гоо сайхны тэмцээн мэтэд оролцож бусад эмэгтэйтэй тэмцэлдэхээс нь хойш татдаг. Тэд сэксийн амьд объект болох албагүй, өдөржин нүүрэндээ оо энгэсэг нялж явах ч шаардлагагүй болдог. Америкийн хар арьст, Ислам шашинт профессор Марвин Кингийн хэдий нь тэмдэглэсэнчлэн алдартай кино од Элизабет Тэйлор амьдралынхаа сүүлийн хорин жилийг Ислам шашинт эмэгтэйчүүдийн нэгэн адилаар биеэ халхалж өнгөрөөсөн бол таргалсан биеэсээ тэгтэлээ санаа зовох хэрэггүй болж сэтгэцийн эмнэлэгт өөд болохгүй л байсан. Харин ч илүү аз жаргалыг мэдрэх байсан байх. Уучилж үзээрэй эрхэмээ, ахиад нэг асуулт асуучихаж болох уу? Та яагаад инээгээд байгаа юм, эрхэм ээ? Намайг алиалах гэж ядаж байна гэж бодоо юу? /Чимээгүй болов./ Алив надад хэлээд өг дөө, муу ичгүүргүй шашингүй үзэлтэн минь. Та яагаад инээгээд байгаа юм бэ?
- Хүү минь дээ, надад итгэ! Би инээгээгүй! Хэрвээ инээсэн бол цухалдсандаа л тэр.
- Үгүй ээ, та тэгээгүй. Та намайг буруушаасандаа инээж буй биз дээ.
- Надад итгэ л дээ, Би энэ улс дахь – чам шиг, тэр алчууртай охид шиг – ийм шалтгаанаас болж зовж шаналж буй бүх хүнийг өвөрдсөнөөс өөр зүйл санаж сэдсэнгүй.
- Надад долгиноод хаа хүрэхэв дээ. Би өчүүхэн ч зовж шаналаагүй байна. Харин та амиа хорлосон тэр хөөрхий охидыг тохуурхаж инээснийхээ төлөө их л зовлон эдлэх болж байна даа. Ингэж тэднийг шоолж инээж буй хүн хийсэн үйлдэлдээ гэмшинэ гэвэл бүр ч худал биз. Тэгэхээр би чамд хэрэг явдал хаанаа явж буйг хэлж өгье. Исламын шудрага ёсны төлөөх эрх чөлөөний тэмцэгчид таньд үхэх ял оноосноос хойш яг энэ мөчийг хүртэл бас ч гэж хугацаа өнгөрчихлөө. Тэд батласан ялын тогтоолоо тав хоногийн өмнө Токатад авчирч, намайг ялыг нь гүйцэтгэ гэж нааш явуулсан юм. Хэрвээ та инээгээгүйсэн бол магадгүй би зөөлөрч, өршөөл үзүүлэх ч байсан юм билүү. Энэ цаасыг ав даа. Ялынхаа тогтоолыг уншихыг чинь сонсоё. /Чимээгүй болов./ Эм хүн шиг гонгинотол уйлахаа болиоч. Наадахаа чангахан шиг уншаад аль. Хурдлаач, муу ичгүүргүй тэнэг. Хурдлахгүй бол чинь буудаж орхино шүү.
- “Профессор Нури Ейлмаз би бол шашингүй үзэлт хүн.” – Хүү минь дээ, Би чинь шашингүй үзэлтэн биш шүү дээ.
- Цааш нь унш аа.
- Хүү минь, намайг уншиж байхад буудчихгүй биз дээ?
- Уншихгүй бол чинь харин буудаж орхино шүү.
- “Би вээр шашны бус Туркийн Бүгд Найрамдах Улс дахь Ислам шашинтнуудыг шашин шүтлэгээс нь ангижруулсанаар Барууныхны боол болгон хувиргах нууц төлөвлөгөөний зараал байсан нүглээ наминчилж байна. Түүнчлэн би вээр Ариун Коранд заасан бүхий л сургаал зарлигийг ёсчлон дагадаг чин сүзэгт, ёс тахимдуу охидод тун харгис хандсаны улмаас тэдний нэг нь мөнхүү харгислалыг дааж чадалгүй амиа хорлоход хүрсэн билээ...” Хүү минь, чамайг зөвшөөрвөл үүнтэй санал нийлэхгүй байгаагаа өчих минь. Чамайг нааш илгээсэн тэр бүлгийнхэндээ энэ үгийг маань уламжилж өгвөл тун их талархахсан. Тэр охин ангиас хөөгдсөнөөсөө болж өөрийгөө дүүжлээгүй шүү дээ. Эцгийнх нь дарамж шахалтаас ч болоогүй хэрэг. MIT-гийнхэн түүнийг бүтэлгүй дурлалаасаа болж гутарч гуньсан байсныг аль хэдий нь тогтоосон шүү дээ.
- Тэр тэгвэл амиа хорлох болсон шалтгаанаа өчсөн тэмдэглэлдээ ингэж бичээгүй л байсан шүү дээ.
- Өршөө намайг, гэвч хүү минь, чамайг энэ тухай мэдэх ёстой гэж би бодож байна – Буугаа доош болгогтун, гуйж байна – Олигтой боловсрол ч олж авч чадаагүй хөөрхий тэр охин хүн хартай суухаасаа ч өмнө өөрөөсөө хорин тав ах цагдаа эрд биеэ тушаачихсан байсан тийм л гэнэн амьтан шүү дээ. Тоогүй нь тэр эр охинтой тийм учир ургуулсаныхаа дараа гэр бүлтэй гэдгээ илчилж өөртэй нь суух ямар ч бодолгүй байгаагаа хэлтэл л –
- Амаа тат, гутамшигт амьтан минь. Чиний янхан охин л тэгдэг юм байгаа биз.
- Битгий ингэ хүү минь, битгий ингэ. Намайг буудчих юм бол чи өөрийнхөө ирээдүйг л харанхуй болгож буй хэрэг шүү дээ.
- Харамсаж байна гэж хэл.
- Би харамсаж байнаа, хүү минь. Битгий буудаарай.
- Амаа ангай. Аманд чинь буугаа чихэмз. Харин одоо хуруугаа энэ дээр тавиад гохыг нь дар. Чи сүсгээ алдсан нүгэлтэн хэвээрээ байх ч эцсийн эцэст нэр төртэй үхэх болно шүү дээ. /Чимээгүй болов./
- Хүү минь, намайг яасныг хар даа. Өдий насан дээрээ би уйлж байна. Чамаас гуйя. Намайг өрөвдөөч дээ. Өөрийгөө ч хайрлаж үз. Чи залуу байна. Тийм атал өөрийгөө алуурчин болгочих юм гэж үү.
- Гохоо өөрөө дар.Тэгвэл амиа хорлохын гашууныг биеэр мэдрэх байлгүй.
- Хүү минь, би Ислам шашинт хүн. Амиа хорлох хориотой шүү дээ.
- Амаа ангай. /Чимээгүй болов./ Битгий ингэж уйлаад бай. Нэг л өдөр хийсэн бүхнийхээ горыг амсана даа гэсэн бодол толгойд чинь орж байсангүй юу? Уйлахаа боль, эсвэл би буудчихна шүү.
/Холоос хөгшин зөөгчийн дуу гарав./
- Таны ширээнд цай аваачиж өгөх үү, эрхэм ээ?
- Хэрэггүй ээ, баярлалаа. Би гарах гэж байна.
- Зөөгч лүү битгий хараад бай. Үхэх ялын тогтоолоо үргэлжлүүлээд унш.
- Хүү минь, намайг өршөө л дөө.
- Би унш гэсэн шүү.
- “Би хийсэн бүхнээсээ ихэд ичиж байна. Би үхэх ялтай гэдгээ мэднэ. Бүхнийг эрхшээгч их Бурхан өчүүхэн намайг өршөөн хэлтрүүлнэ гэж итгэнэм...”
- Үргэлжлүүлээд унш.
- Хүү минь дээ. Хөгшин хүнд хоромхон ч гэсэн өөрийнхөөрөө уйлахыг нь зөвшөөр л дөө. Эхнэр, охиныхоо тухай эцсийн удаа бодохыг минь зөвшөөрөөч.
- Амьдралыг нь бусниулж орхисон охидынхоо тухай бодохгүй юу. Нэг нь сэтгэлийн гүн хямралд орж, дөрөв нь гурав дугаар дамжаа атлаа сургуулиасаа хөөгдсөн. Бас нэг нь амиа хорлосон. Сургуулийн чинь гадаах үүдэн дээр чичирч зогссон хэд нь бүгдээрээ хатгаа тусч, орон дотроо өөд болцгоосон. Тэдний амьдрал сүйрсэн шүү дээ.
- Хүү минь, би үнэхээр харамсаж байна, дэндүү харамсаж байна үр минь. Гэвч намайг буудаж, өөрийгөө алуурчин болголоо гээд юу дээрдэх юм бэ? Үүнийг бодооч.
- Тэгээд яадаг юм. Би буудаж л таарна. /Чимээгүй болов./ Би боддогоо бодчихсон, эрхэм ээ. Миний бодож шийдсэн зүйл энэ байна.
- Юу гэнээ?
- Би Карсын тарчлаант гудмаар хоёр хоног хэсч, бүр мухардалд орчихоод байсан юм. Тэгээд энэ бол хувь тавилан биз гэж бодоод Токат руу буцах тасалбараа хүртэл худалдаад авчихсан байлаа. Сүүлчийн аяга цайгаа ууж байхдаа би –
- Хүү минь, Хэрвээ чи намайг алчихаад, сүүлчийн автобусанд суугаад Карсаас зугатаж одно гэж бодож буй бол чамд анхааруулахыг минь зөвшөөрнө үү. Цаснаас болж бүх зам хаагдсан. Зургаагийн автобус ч замд гарахаа азнасан. Тэгэхээр харамсах зүйл бүү хий.
- Намайг бүх бодлоо өөрчлөх гэж байх яг тэр үед Бурхан чамайг “Шинэ амьдрал” нэрт энэ нарийн боовны газар луу явуулсан. Бурхан хүртэл чамайг өршөөх бодолгүй байхад яагаад би өршөөнө гэж? Одоо сүүлчийн үгээ хэл. “Бурхан агуу,” гэж хэл.
- Суу, хүү минь. Манай энэ засгийнхан чамайг барьж аваад дүүжилчихнэ шүү, би чамд анхааруулж байна.
- “Бурхан агуу” гэж хэл.
- “Тайвшир хүү минь. Битгий. Суу суу. Ахиад жаахан бодоод үз л дээ. Гохоо битгий дарь. Битгий. Болиоч. /Буун дуу. Арагш түлхэгдэх сандалын чимээ./ Битгий, хүү минь! /Буун дуу ахиад хоёронтоо гарав. Чимээгүй боллоо... Ёолох дуу... Зурагтын дуу. Ахиад буун дуу... Чимээ алдрав./


 


No comments:

Post a Comment