Monday, August 22, 2011

Боловсролын салбарын нөлөө

suragchУламжлалт хичээлийн жил эхлэх хугацаа дөхөж сургууль соёлын талаар санаа тавьцгааж байна. Эцэг эхчүүд хичээлийн ном дэвтэр, оюутнууд дотуур байр гээд шугам шугамаараа хөөцөлдөх ажлууд аль эрт эхэлсэн. Харин төрөөс боловсролын талаар баримтлах багц бодлого ид унтаж байна.

Айл өрх төдийгүй нийгэм бүхэлдээ энэ салбарын үйл ажиллагаанд тохируулж ажил амьдралаа зохицуулах боллоо.

Боловсрол гэснээс...гэх сэдвийн дор манай уншигчид янз бүрийн санал бодлоо сонины редакцид ирүүлэх нь идэвхжлээ. Уг сэдвийг ярих ёстой цаг үе нь ч юм байна. "Арын нүүр"-тээ "Есөн сарын нэгэн ерөөсөө бидний баяр биш" гэчихсэн чинь олон хүний сургуулийн тухай бодож явдаг "алиргий"-г хөдөлгөж орхижээ. Олны дунд ялангуяа багш сурган хүмүүжүүлэгчдийн ярианд санаа авахаар зүйлс их байна. Тийм учраас энэ сэдвийг дахин дахин сөхөх биз ээ.
Заавал есдүгээр сарын нэгнээс хичээл эхлэх тийм чухал шаардлага байдаггүй талаар их олон хүн ам нэгтэй байгаа юм. Гэхдээ ихэнх нь хажуудаа хүүхдээ байлгаж зарах гэсэн жижиг эрх ашгийг л голчлон чухалчилжээ. Бүгд л хүүхэд насаа ижил төстэй байдлаар туулан өнгөрүүлсэн байдаг. Мань мэтийн хөдөөд дотуур байраар дамжиж өссөн нэгэнд бол сургуульдаа явах нь хүсмээр юм байгаагүй. Аав ээжийнхээ дэргэд хоолгүй байсан ч аз жаргалтай байдаг сан. Цэцэг навч дэлгэрсэн сайхан зун яах ийхийн зуургүй дуусч хонгиносон салхи үлээсэн уйтгар гунигийн улирал ирэх цагаар гэрээсээ холдох нь балчир насанд арай л ахаддаг сан. Ийм дурьдатгал жил жилийн өдийд дандаа л бодогддог. Гэхдээ одоогийн цаг үе их өөр болсон биз ээ.
Бүх сургалт хүмүүжлийн ажил яагаад заавал намар эхлэх ёстой юм гэж их асууж байна. "2011-2012 оны хичээлийн жил" эхлэх гэж байна. Хоёр он дамнасан ийм төлөвлөгөө , хичээл сургалт жил бүр болж бүр уламжлагдсан. Нийгмийн бүх салбар дотроос зөвхөн сургууль цэцэрлэг л ийм төлөвлөлт, төсөв хийдэг. Бусад нь оны өмнө батлагддаг төсвийн хуулиар зохицуулагдан зургаан сард нэг тодотгол хийхүү үгүй юу он ондоо багтааж ажлаа төлөвлөдөг. Мал, тариалан, уурхай бүгд шинэ оны дараа ажил нь төлөвлөгдөж цагаан сар гэхэд мал төллөөд эхлэх зэргээр бүх амьдрал улс орны онцлогтоо зохицсон байдаг. Боловсролын салбарын хувьд ажил ид дундаа орчихсон тэр нь ноднингийн төлөвлөгөөний үргэлжлэл үү, эсвэл ирэх жилийнхээ ажлыг түрүүлээд хийчихсэн үү тийм нэг алцгар байдалтай.
Бид орчин цагийн соёлын бүх л арга хэмжээгээ Орос л яана тийшээ машины чиргүүл шиг дагаж дууриаж ирсэн. Бодвол Оросууд есдүгээр сарын нэгэн гэнгүүт бүтэн сайн өдөр ч байсан зөвхөн тэр л өдөр бүгдээрээ, жагсаалаараа ирж хичээлээ эхэлдэг болсон юм шиг байгаа юм. Ирэх өвөл зуднаар хамаг малаа алдана уу хамаа алга. Есдүгээр сарын нэгэнд л хичээл эхэлсэн байх нь намын бодлого даалгавар. Уламжлал болчихсон юмыг эвдэх нь бараг хувьсгал хийх хэмжээний үйл явдал болчихоод байдаг. Монгол ардын олон зуун мянган жилээр уламжлагдсан зан үйл баяр цэнгэлийг эрс өөрчлөх бол бүр хэцүү. Харин сургуулийг намар биш хавар эхлүүлж зунжин хичээл ордог расписан зохиох бол гар өргөөд л шийдчих асуудал шүү дээ.
Одоо их олон багш зун хичээл явагддаг болмоор байна гэдэг болжээ. Зун хичээллэхийн сайн талуудыг олон талаас нь ятгаж байна. Сургуулийн нийт төсвийн талаас илүүг нь залгидаг дулаан, цахилгааны зардал хэмнэгдээд явчихна. Тэр хэмнэсэн зардлаараа... гээд захирал, аж ахуйхан нь шүлсээ залгин ярьж өгнө дөө. Өдрийн уртад хичээлийг гурав, дөрвөн ч ээлжээр явуулахад ямар ч хүндрэлгүй, биеийн тамирын зэрэг хичээл гадаа явагдана. Хүйтрэхээр ёс юм шиг болдог элдэв ханиад, амьсгалын замын өвчнүүд дэгдэж хичээл хаагдахгүй.
Улс орны эдийн засгийн хувьд зун амарч, амарсан хойгуур эзгүйчилсэн улс төр эдийн засгийн шийдвэрүүд их гардаг боллоо. Бүгдээрээ зун сурцгааж, зун ажиллацгааж, зуны цагаар бүтээн байгуулалт хийдэг болцгооё. Тэгээд өвөл эхэлмэгц боломжийнхоо хэрээр дулаан орон руу явах нь явж амрах нь амарч өвлийг зун болгож болно ш тээ гэж байна.
Хичээлүүд цагаан сараас эхлэн ачааллаасаа шалтгаалан цувран нээгдэж арванхоёрдугаар сар гэхэд он ч дуусна. Урт амралт эхэлнэ. Угаасаа бид өвлийн хүйтэн улирлаар нийгмийн баялаг үйлдвэрлэх явдал ихэнх салбар дээр зогсдог. Сайхан амраад, нөгөө олон баяруудаа тэмдэглэх нь тэмдэглээд сууж байна биз. Албан байгууллагуудын ихэнх амралт энэ үеэр эрчимжиж түүнд зориулагдсан амралт сувилал, аялал жуулчлалын нөхцөл бололцоо өөрөө аяндаа бий болно.
Хаврын тарчиг цагаар хүүхдийн хичээл төгсөх шалгалтууд явагдаж маш их тамирддаг. Энэ нь хүүхдийн бие бялдар, өсөлт хөгжилтөд сөрөг нөлөөлдөг гэж хүртэл ярих юм билээ. Харин зун хичээл хийдэг болсноор муу юм юу болох вэ гэсэн асуултад нойр их хүрэх байх, хурдны морь унаж чадахаа больчихно, аар саар ажил хийж дэвтэр номныхоо мөнгийг олдог улирал, малчид хүүхдээ сахин сумын төв дээр зусаж хар цай ууна, хэдэн мал оторт гарахгүй сэнсэрнэ гэсэн ахуйн чанартай зовлонг тоочиж байна.
Улс төрийн хувьд манай улс хөгжлөөрөө барууны орныг даруй гүйцэж "бар" болохын тулд одоо байгаагаасаа илүү ажиллах шаардлагатай. Дулааны улиралд л сайн давхиж чадна. Тэр цагаар хүүхдүүдээ сургууль цэцэрлэгт нь хадаж аваад ажлаа хийх хэрэгтэй байна. Хийх ажил их байгаагийн зэрэгцээ хангалттай төсөв зардал олдох тааламжтай эдийн засаг ирж байна. Зарим нэг тогтсон зарчмуудыг эргэж харцгаая гэх болжээ.
Улс орны амьдралд боловсролын салбарын дам нөлөө улам ихсэх боллоо. Хүүхдийг 12 жил сургуульд суулгана. Дараа нь хичнээн ч жил бас л сургуульд явуулна. Орчин үеийн залуус эцэг эхийн гараас бараг гуч дөхөж байж гарах нь энгийн үзэгдэл болчихлоо. Одооны залуус 27, 28 хүрч байж л сая нэг төлөвшиж байна. Тэр болтол тувт боловсрол эзэмших шаардлагатай. Энэ нь тэнэгтээ биш өнөөгийн нийгэм тийм их мэдээлэл мэдэж авахыг тулгаж байна. Урьд бид гарын үсгээ зурж сураад дөрвөн аргын тоо заалгасан бол болоод явчихдаг байж. Одоо бол жолооны үнэмлэх, англи хэл, санхүү, компьютер нь цай хоол лугаа өдөр тутмын хэрэгцээ цаашаа мэргэжлийн нарийн мэдээллүүд гээд барагдашгүй сургалтууд хөвөрнө. Үүнд хувь хүн айл өрх ихээхэн хөрөнгө төсвөө хаяна. Амьдралын ихэнх хугацааг өөрөө сурах, үр хүүхдээ сургах үйлсэд зарцуулсаар таарах нь. Захын малчин ямааны ноолуур ярингуутаа оюутны төлбөр гээд залгаж байгаа биз дээ. Боловсрол нийгэмд ийм их нөлөөлж байсан үе өмнө нь байгаагүй юм. Гэтэл өнөөгийн боловсролын байж байгаа царай малчин айлын хүүхдийн шаардлагыг хангахгүй байна. Хамаг мөнгө түймэрдсэн, цаг нөхцөөсөн энэ олон их дээд сургуулиудын төлөө ард түмэн үр хүүхэдтэйгээ цуг бүхнээ зориулж зүтгэсэн болж таардаг. Төгсөөд баттай ажил олдохгүй бол тэднээс мөнгөө буцааж авмаар байна ш тээ.
Тэгэхээр нийгэм дэх энэ чухал салбарыг өөртөө хэрхэн үр ашигтай байршуулах нь иргэн бүрийн санааг зовоох сэдэв юм. Боловсролыг товчилж болохгүй, зайнаас сургадаггүй, эчнээ оройгоор эзэмшдэггүй, онц дүн боловсролыг төгс илэрхийлэхгүй. Диплом үнэмшил биш. Хүн бүр тасралтгүй сурахаас өөр гарц одоохондоо харагдахгүй байна. Тэглээ гээд боловсролоос цөхрөөд байгаа юм биш.
Ямар эрт үе шиг ихэнх амьдралаа дайн байлдаан хийж өнгөрүүлж байгаа биш. Боловсролыг үндсээр нь өөрчлөх боловсролд зориулсан нийгэм байгуулах шаардлагыг одоогийн энэ Засгийн газар хангаж чадсангүй. Тэд хэл амыг мөнгө тэтгэмжээр аргалж, өнөө маргаашийг аргацаасаар асуудлыг улам тунарааж байна.
Ж.Гангаа

No comments:

Post a Comment